© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021-02-16-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Буяннэмэх: Царцаамагийн тосыг нүүрэндээ түрхэж болно
Д.Буяннэмэх: Царцаамагийн тосыг нүүрэндээ түрхэж болно

    Малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, алаг царцаамаг, царцаамагийн кальцитай тос зэргээр хэрэглэгчдийг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж байгаа “Од” цехийн эзэмшигч Д.Буяннэмэхтэй ярилцлаа. Монголдоо ганц царцаамагийн тосыг үйлдвэрлэдгээрээ онцлог тэдний бүтээгдэхүүн үс хумсыг бэхжүүлэх, үе мөчний өвчнийг анагаах, эвэршилтийг арилгах зэрэг онцгой ач тустай. Мөн тэрээр малын дайвар бүтээгдэхүүнээр царцаамаг хийхдээ арьсыг хуйхлах аргаас татгалзаж технологийн шинэчлэл хийжээ.

- Анх дайвар бүтээгдэхүүн боловсруулж царцаамаг хийх үйлдвэрлэлээ хэрхэн байгуулж байсан бэ?

- Миний аав ээж хоёр анхны үүсгэн байгуулсан хүмүүс. Миний ээж “Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ-ын хиаман цехэд ажилладаг байсан, хүнсний технологич мэргэжилтэй. Тус цех татан буугдсанаас хойш аав ээж маань хамтраад хувийн цехээ байгуулж, 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

- Анх хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв? Одоо яаж өөрчлөгдсөн бэ?

- Анх ганцхан царцаамаг (стужин) хийдэг байсан. Одоо бүрэн хүчин чадлаараа ажиллавал дөрвөөс долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

- Ямар ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна вэ?

- Махан, алаг, энгийн царцаамаг, гүзээний ороомог, утсан хэл, царцаамагийн тос гэх мэт бий.


- Танай бүтээгдэхүүний ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу тал юу вэ?

- Анхнаасаа л өрхийн бизнес байсан учраас бие биетэйгээ маш сайн ойлголцдог, уялдаа холбоотой ажилладаг байсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тал дээр ижил төстэй бүтээгдэхүүн хийж байгаа зарим газрууд хольж хийж болохгүй хүнсний бүтээгдэхүүнийг хооронд нь холих, химийн гаралтай амтлагчаар амталсан байдаг. Мөн царцаамагийг хийхдээ шийрний арьсыг хуйхалж хийх нь буруу. Арьсыг хуйхлахад арьсанд нь тодорхой хэмжээгээр үс үлдэж байдаг. Тэр үлдсэн үстэй нь хамт чанана гэдэг технологийн хувьд буруу. Бид ямар шинэчлэл хийсэн бэ гэвэл арьсыг нь өвчөөд, хэд хэдэн дамжлагаар угаагаад, яснаас нь салгаад үлдсэн багахан түүхий эдээр царцаамагаа хийдэг. Хүмүүс ашиггүй юм хийлээ гэдэг ч хүний эрүүл мэндтэй холбоотой учраас их ашиг харах нь буруу санагддаг.

- Бүтээгдэхүүний сайжруулалтыг хэрхэн хийдэг вэ?

- Яаж сайжруулах вэ гэдэг өдрийн бодол, шөнийн зүүд болдог. Орос цахим сайтуудаас бүтээгдэхүүний шинэлэг санаа авах, уялдуулж сайжруулах зэргээр ажилладаг.

- Байнгын хэрэглэгчидтэй болж чадсан уу? Өдөрт ямар хэмжээний борлуулалт хийдэг вэ?

- Хамгийн анх байгуулагдахдаа өдөрт ердөө 15 ширхэг царцаамаг хийдэг байсан. Одоо өдөрт 250-300 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


- Одоогоор хэдэн ажилтантай ажиллаж байна вэ?

- Өрхийн бизнес учраас анх аав, ээж, эхнэртэйгээ дөрвүүлээ ажиллуулдаг байсан. Манай аав намайг байхгүй үед багийн ажилтнуудтайгаа холбогдоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цалинжуулаад ажиллуулчихдаг бусдад дэмтэй хүн байлаа. Энэ жил бурхны оронд заларсан. Үүнээс хойш ээж маань нас дээр гарсан учраас ээжийгээ амрааж байна. Эхнэр маань бие давхар, одоогоор ганцаараа л ажиллаж байна. Ажилтан авахаар ажлыг голдог, үг даадаггүй, ачаалал даахгүй, шантрах сэтгэхүйтэй зэрэг тогтвор суурьшилтай ажиллах хүн бараг олддоггүй.

- Ганцаараа ажиллаж байна гэхээр ачаалал их байгаа юм байна, тийм үү?

- Тиймээ. Борлуулалт өөрөө, ажиллагаа өөрөө, цэвэрлэгээ өөрөө, шинжилгээ өөрөө гээд бүх юм нэг хүний гар дээр л байна. Гэхдээ завгүй байна гэдэг нь “Болоод байна аа” л гэсэн үг.


- Зах зээлээ тэлэх боломжийг юу гэж харж байна, бусдад таниулах тал дээр ямар маркетингтай ажилладаг вэ?

- Зах зээл гэвэл Улаанбаатар хотод бол “SHARK TANK’’ нэвтрүүлгээс гарч ирсэн дайвар бүтээгдэхүүний цех, Дундговь аймагт нэг, зүүн аймагт нэг байдаг цехүүд “толгой цохиж” байх шиг санагддаг. Баруун аймагтаа бол манайх нэр хүнд сайтай.

- Баруун аймагтай дайвар бүтээгдэхүүний цех манайх байдаг гэлээ. Ер нь бүтээгдэхүүнээ хэдэн аймагт борлуулдаг вэ?

- Архангай, Булган, Хөвсгөлрүү бүтээгдэхүүнээ явуулдаг. Ер нь хэрэглэгчдэд нэлээд сайн танигдсан.

- Танай бүтээгдэхүүнээс онцлох ямар бүтээгдэхүүн байна вэ?

- Царцаамагийн тос байна. Монгол улсын хэмжээнд хоолондоо хэрэглэдэг мөртлөө нүүрэндээ түрхэж болдог тос гэж байхгүй. Үүгээрээ л онцлог.

- Нүүрэндээ түрхэж болно гэсэн үг үү? Яг ямар үйлчилгээтэй тос вэ?

- Болно. Энэ тос үс, хумсыг бэхжүүлэх, кальцийн дутагдлыг нөхөх, үе мөчний өвчнийг анагаах, чихрийн шижинтэй хүмүүс сахрын хэмжээгээ бууруулах, жирэмсэн эхчүүд язралтаас сэргийлэх зорилгоор гэх мэт хориод төрлөөр хэрэглэж болно.


- Цар тахал гарснаар үйлдвэрлэлд хүндрэл учирч байна уу? Ямар сөрөг нөлөө ажиглагдаж байна вэ?

- Борлуулалт эрс буурсан. Түүнчлэн царцаамагийн гол түүхий эд болох шийрний үнэ огцом өссөн. Анх “Таван Эрдэнэ” малын захаас үнэгүй авдаг байсан. Хоёр гурван жилийн дараа бэлгэдлийн чанартай 100-200 төгрөгний үнэтэй болж эхэлсэн. Хүчин чадлаа сайжруулах, мөн ижил төрлийн үйлдвэрлэгчид нэмэгдсэнээр эрэлт ихсэж үнэ хөөрөгдөж эхэлсэн. Бидний яг нөөцөө цуглуулдаг үе нь идэшний үе. Хөдөөнөөс орж ирж мах борлуулдаг малчид шийрээ бага үнээр, эсвэл үнэгүй өгдөг байсан. Энэ жил тийм үе байгаагүй болохоор үнэ хэтэрхий хөөрөгдөж нэг ширхэг үхрийн шийрийг 1000-1500 төгрөгөөр худалдаж авдаг болоод байна. Бүтээгдэхүүн бий болох өртөг нэмэгдсэн ч нэг ч төгрөг нэмэлгүй үнээ барьж байгаа. Гэхдээ нийлүүлэгчид дунд нь үнээ нэмж борлуулах тохиолдол гарч, иргэдийн гомдол ирэх болсон.

- Эрдэнэтэд нийт хэдэн салбараар борлуулалтаа хийдэг вэ?

- Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж байгаа Есөн Эрдэнэ, Ачит, Цах маркет зэрэг бүх бөөний төвүүд болон, жижиглэнгийн хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан борлуулалтаа хийдэг.

- Залуу хүний хувьд цаашид хийж хэрэгжүүлэх ямар ажил байна вэ?

- Зургаан жилийн өмнө манай байгуулагаас баярын захиалга хиамтай хослуулж тавихаар авч байсан эгч одоо манай бүтээгдэхүүнийг төрөл бүрээс нь авч байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, хүмүүс өөрийнхөө эрүүл мэндэд хэрэгтэй, ач тустай бүтээгдэхүүн авдаг болжээ гэж харж байгаа. Тэр хүмүүст хүрч чадахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх юмсан гэж зорьж байгаа. Мөн 180 метр квадрат бүхий үйлдвэрийн өргөтгөл барих гээд сууриа цутгачихсан байгаа. Цаашид энэ өргөтгөлөө барьж дуусгаад нэмж дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна.

- Ярилцсанд баярлалаа


/ 2021-02-16
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц