© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021-01-06-НД НИЙТЛЭГДСЭН
Ц.Номинчимэг: Аливаа асуудал хурцадмал шатандаа хүрсэн бол засаж өөрчлөхөд хугацаа их шаардагдана
Ц.Номинчимэг: Аливаа асуудал хурцадмал шатандаа хүрсэн бол засаж өөрчлөхөд хугацаа их шаардагдана

Орхон аймгийн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас хөл хорионы үед иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “Сэтгэлийн дархлаа” аяныг 2020 оны 11-р сараас эхлэн нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ аянд Эрдэнэт хотын 12 сэтгэл судлаач, 3 гэр бүл судлаач нэгдэн хөл хорионы үеийн сэтгэл зүйн судалгааг иргэдийн дунд явуулжээ. Энэ талаар сэтгэл зүйч Ц.Номинчимэгтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-“Сэтгэлийн дархлаа” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх аянд Эрдэнэт хотын иргэд хэр идэвхтэй оролцсон бэ? Голчлон хэдэн насны хүмүүс, ямар асуудлаар их хандаж байна?

-Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Сэтгэлийн дархлаа” аяныг зохион байгуулсанаас хойш зөвлөгөө, мэдээлэл авах хүмүүсийн тоо ердийн үеийнхээс эрчимтэй нэмэгдсэн. Ерөнхийдөө залуу хүмүүс гэр бүлийн асуудлаар их холбогддог. Ихэвчлэн ээжүүд ханддаг, эрэгтэйчүүдийн хувьд харьцангуй бага ханддаг. Хамгийн харамсалтай нь хүмүүс аливаа асуудлыг хурцадмал шатанд хүрсэн хойно сэтгэл зүйчид ханддаг.Үүнд гэр бүл салах хэмжээнд хүрсэн, үр хүүхэд нь гэр орондоо ирэхгүй хэд хоног явах болсон гэх мэт. Энэ нь эргээд сэтгэл зүйн засал, эмчилгээ хийж зөвлөгөө өгөхөд их хугацаа шаардагдахаар болсон байдаг.

-Бид бие өвдсөн үедээ эмч дээр очдог хэрнээ сэтгэл зүйн эмгэг, сэтгэл гутралд орохоороо найз нөхөд эсвэл дуртай зүйлээ хийгээд тэрхэн зуур зүгээр болоод өнгөрдөг. Гэтэл сэтгэл зүйгээ эмчлүүлэх нь яагаад чухал байдаг вэ?

-Хамгийн чухал нь асуудал хурцадмал байдалд хүрэхээс урьдчилсан сэргийлэх боломжтой. Эмч дээр хүмүүс өвчин нь хүндэрсэн үед очвол маш удаан эдгэдэгтэй адил иргэд маань аливаа сэтгэл зүйн асуудалд урьдчилан сэргийлэх маягаар сэтгэл зүйчид хандаад сурчихвал сэтгэл санааны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой байдаг. Хэдийгээр тухайн асуудлыг өөрийн хүрээнд өнгөц шийдээд өнгөрч болох ч дараа нь гарах үр дагавар нь эмчлэгдэхэд хэцүү, тухайн асуудлаа хүлээн зөвшөөрөхөд хүртэл хэцүү болсон байдаг.

-Асуудлыг шийдвэрлэн, сэтгэл зүйн засал хийж хэвийн байдалд орох хүртэл хэдий хугацаа шаардагдах вэ?

Аливаа асуудал хурцадмал шатандаа хүрсэн бол засаж өөрчлөхөд хугацаа их шаардана. Асуудал их болох тусам сэтгэл зүйн заслын хугацаа их шаардах учраас тухайн хүн өөрийн алдаатай байдлаа хүлээн зөвшөөрөх, өөрийгөө засах алхам хийхэд хойрго хандаж, сэтгэл зүйчид итгэх итгэлгүй болж эхэлдэг. Тиймээс асуудлыг бага дээр нь мэргэжлийн хүнд хандаж тухайн асуудлаа шийдвэрлэх юм бол илүү үр дүнд хүрч өөрийгөө хөгжүүлэх, өөртөө итгэлтэй болох бүх үйл явц явагдах боломжтой.

-Танай байгууллага саяхан аяныхаа хүрээнд хөл хорионы үеийн сэтгэл зүйн судалгааг иргэдийн дунд явуулсан байсан. Энэ талаар?

-Энэхүү аяны хүрээнд бид нар олон нийтээс болон хөл хорионы үед дотуур байранд тусгаарлагдсан оюутнуудаас гэсэн хоёр төрлийн судалгаа авсан. Судалгааны үр дүнд, иргэдээс авсан судалгаанд хамрагдсан хүмүүсээс 10 хүн тутмын 6 нь сэтгэл санаа тогтворгүй, үлдсэн 3 нь сэтгэл санаа хэвийн тогтвортой байна. Үүнээс харахад сэтгэл санаа нь тогтворгүй, ажилдаа болон санхүүдээ санаа зовсон, цаашлаад гэр бүлийн уур амьсгал, цар тахал зэрэгт санаа зовсон байдалтай байгааг судалгааны үр дүнгээс харж болох юм.

-Хөл хорио гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байна?

-Гэр бүлийн харилцааны хүрээнд 67 хувь нь гэр бүлийн зөрчилтэй, 33 хувь нь хэвийн, өмнөх шигээ байна. Энгийн үед хүмүүс өглөө гараад орой орж ирдэг. Хөл хорионы энэ үед байнгын цуг байх нь мэдээж үл ойлголцолоос эхлүүлээд асуудлууд тулгарна. Үүнд яаж гэр бүлийнхээ хүмүүстэй эв зүйтэй харилцах ёстой вэ гэсэн аргаа олохгүй байгаагийн улмаас гэр бүлийн зөрчил нэмэгдсээр байна. Эдгээр зөрчил, дутагдлыг багасгах зорилготойгоор Эрдэнэт хотын сэтгэл зүйчид нэгдэн ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосон цар тахалтай энэ хэцүү үед гэр бүлийн гишүүд бие биедээ яаж сэтгэл зүйн дэмжлэг өгвөл зүгээр вэ?

-Гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах хамгийн чухал зүйл бол ярилцах. Мөн өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч сурах нь асуудлыг хүндрүүлэхгүй байх нэг үндэс болж өгдөг. Мэдээж хамтдаа хийх дуртай зүйлсээ хийх нь сэтгэл зүйн маш сайн дэмжлэг болно. Түүнээс гадна хэрвээ сэтгэл зүйчээс гэр бүлийн зөвлөгөө авахаар бол хамтдаа ирэх нь илүү үр дүнтэй бөгөөд асуудлыг хурдан шийдвэрлэхээр байдаг.

-“Сэтгэлийн дархлаа” аян цаашид үргэлжлэх үү? Танай байгууллагын зүгээс цаашид хэрэгжүүлэх аян болон төсөл хөтөлбөрүүд байгаа юу?

-Хэдийгээр аян маань нэг сарын хугацаанд явагдаад дууссан ч бид фэйсбүүк хуудсаараа дамжуулан сэтгэл зүйн анхан шатны мэдээллүүдийг тогтмол хүргэх зорилготойгоор энэхүү хуудсыг 15 сэтгэл судлаач хамтран хөтлөөд явуулж байна. Тухайн мэргэжилтэн болгоны танилцуулга болон холбогдох утасны дугаарыг фэйсбүүк хуудсан дээр байршуулсан учраас иргэд маань тухайн хуудсаар дамжуулаад дуртай хүнээсээ сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.

Сэтгүүлч Г.Халиунаа
Сэтгүүлч Г.Халиунаа
/ 2021-01-06
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц