© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021-02-09-НД НИЙТЛЭГДСЭН
Б.Оюунбаатар: Гутал үйлдвэрлэнэ гэдэг өөрөө шинжлэх ухаан
Б.Оюунбаатар: Гутал үйлдвэрлэнэ гэдэг өөрөө шинжлэх ухаан

Хонины ноос буюу “цагаан алт”-ыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон эсгий бойтог, гутал үйлдвэрлэдэг “МӨНХ БАЯН АЛТ”ХХК-ын захирал Д.Оюунбаатартай ярилцлаа. Тэрээр эрүүл мэндэд ээлтэй, хөнгөн дулаан гутлуудаа “Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн” болгож, цехээ үйлдвэр болгон өргөжүүлэхийн төлөө зорьж буй.

-Та яагаад эсгий үйлдвэрлэлийг сонирхож энэ салбарт орсон бэ?

-Тухайн үед хонины ноос үнэгүйдэж байсан үе. Эх орны үнэгүйдэж буй цэвэр “алт”-ыг ашиглаж бүтээгдэхүүн болгоё л гэж бодсон. Эсгий гэдэг бол монгол түмний уламжлалт бүтээгдэхүүн. Бид эсгий гэрт бойжиж, эсгий хэрэглэж хүн болсон. Уламжлалаа хадгалж үлдэе гэж бодож л эсгийгээр юм хийж эхэлсэн.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр цехээ эхлүүлж байв?

-Анх найман хүнтэй эхлүүлж байсан. Цар тахалтай холбоотойгоор санхүүгийн байдал хүндэрч хүнээ цөөлөөд одоо тавуулаа ажиллаж байна. 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Одоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Хүүхдийн эсгий бойтог, эсгий дотортой арьсан гутал, цагдаа гутал, хагас болон битүү түрийтэй гэх мэт олон төрөл бий.

-Танай бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-Хамгийн том давуу тал нь цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүнээ хийдэг. Дийлэнх хүмүүс хятадаас ирсэн чийг татдаг гутлуудыг өмсдөг. Хөл нь байнгын чийгтэй байснаар эрчүүд нь түрүү булчирхайны үрэвсэлтэй, эмэгтэйчүүд нь сав бөөрний өвчтэй, үе мөчний үрэвсэл, хоолойны ангинатай болох сөрөг нөлөө их. Манай эхнэр ч ийм байсан. Эсгий гутлыг байнгын хэрэглээ болгож чадсанаар одоо өвдөхөө больсон. Ингээд харахаар эрүүл мэнд, эдийн засаг талаасаа эсгий гутал олон давуу талтай.

-Түүхий эдээ хаанаас татаж авдаг вэ?

-Улаанбаатараас авдаг. Анх “Эрдэнэт хивс” ХХК-аас авдаг байсан боловч худалдахаа больсон.


-Бүтээгдэхүүний сайжруулалтыг яаж хийдэг вэ?

-Анх хонины ноосоороо зөвхөн эсгий шаахай хийдэг байсан бол одоо гадуур нь арьсаар бүрж арьсан гутлууд хийдэг болсон. Нэр төрөл, чанарын хувьд байнга сайжруулалт хийж ажиллаж байгаа.

-Өрхийн үйлдвэрлэл явуулахад тулгарч буй ямар хүндрэл бэрхшээл байна?

-Хөрөнгө санхүү хамгийн хэцүү. Социализмын үед эсгий гуталны үйлдвэр гэж байдаг байсан. Би яг түүн шиг чийг татахгүй, хөнгөн дулаахан, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох эсгий гуталны үйлдвэр байгуулах зорилготой л энэ салбарт орж ирсэн. Цаашлаад цагдаа, цэргийн хүчнийхний салбарын ажилчдын хэрэгцээг хангах зорилготой ажиллаж байгаа хүн.

-Та тулгарч буй гол бэрхшээлээ хөрөнгө оруулалт гэлээ. Үйлдвэрлэл явуулахдаа эргэлтийн хөрөнгө, санхүүжилтээ өөрөөсөө босгосон уу, эсвэл ямар нэг зээл, тусламжид хамрагдсан уу?

-Би Төрийн банкинд орон сууцаа барьцаалаад сарын гурван хувийн хүүтэй зээл авсан. Зээлээрээ л болгож байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээл авах хүсэлтээ гаргаж, төсөл бичиж өгсөн боловч дэмжигдээгүй. Уг нь хөнгөлөлттэй зээлд хамрагдчихвал үйлдвэрлэлийн гар ажиллагааг багасгаж, тоног төхөөрөмжөө сайжруулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зэрэг төлөвлөгөөтэй байсан боловч чадаагүй.

ЭРДЭНЭТИЙН ЭКО ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭНЭ

-Цар тахал гарснаар танай үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн бэ? Борлуулалт хэдэн хувиар буурсан бэ?

-Огцом буурсан. Борлуулалт ойролцоогоор 70 орчим хувь буурсан. Ноднин анх ковид-19 гарч байхад бид өөрсдөө ч цочирдсон. Ажлаа бүрэн зогсоож, хаалгаа барьсан. Одоо харин цаг үе, нөхцөл байдалтайгаа дасан зохицож үйлдвэрлэлээ явуулаад эхэлсэн.

-“Цагдаа” гутал үйлдвэрлэдэг юм байна. Энэ загварын гутлыг яагаад үйлдвэрлэе гэж бодсон бэ? Ийм загварын гутал зах зээлд бэлэн зарагдах нь элбэг байдаг шүү дээ.

-Манай цехийн урд талын замын мөсийг өглөө бүр Хот тохижуулах газрын ажилчид цэвэрлэдэг. Хэсэг мөсөө цохиж, хагалж байснаа чимээгүй болчихдог. Яагаад вэ гэвэл даарч байгаа хэрэг. Би бас хилийн цэргийн анги дээр явж байгаад хилчдийн өмсөж байгаа гутлыг харсан. Нэхий дотортой хэдий ч илчээ амархан алддаг гутлууд байсан. Эндээс л би эдгээр хүмүүст зориулж гутал хийх юм байна. Ийм гутал хийе гэж бодоод олон давхар эсгий дотортой, маш хөнгөн, илчээ удаан барьдаг “цагдаа” гутлууд хийж эхэлсэн.

-Энэ гутлынхаа борлуулалтыг өсгөх зорилгоор Эрдэнэтийнхээ цэрэг, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах санал тавьж үзсэн үү?

-Хот тохижуулах газрынхан их хүнд ажилтай. Хүйтний улиралд ажилладаг. Хүн дороосоо дулаан, эрүүл байж ажлаа хийх ёстой. Тэдний ажилчид эх орны “Дархан нэхий” ХХК-ийн үйлдвэрийн нэхий дотортой гутал өмсдөг. Тэр нь илчээ амархан алддаг. Манайх бол зургаан давхар эсгийгээр доторлодог. Илчээ алдахгүй. Надад тэдний ажилчдыг гутлаар хангах бүрэн дүүрэн бололцоо байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д үзүүлж байсан. “Үнэхээр гоё гутал байна, 300 гутал авна” гээд аваагүй. Хэрвээ эдгээр байгууллагуудтай хамтарч ажиллаад эхэлвэл санхүүжилттэй болно. Санхүүжилтээ дагаад ажлын байраа өргөжүүлэх, тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон давуу талууд бий болно гэж боддог.

-Танай гуталнууд гутлын үйлдвэрлэлд тавигдах ёстой стандарт, шаардлагыг бүрэн хангаж чадаж байна уу?

-Бүрэн хангасан. Гутлын үйлдвэрлэлд тавигдах хамгийн том шаардлага бол хүний биед эрүүл, хор хөнөөлгүй байх ёстой байдаг. Гутлыг үйлдвэрлэнэ гэдэг өөрөө шинжлэх ухаан байдаг. Ул нь гэхэд хальтрахгүй, гулгахгүй, зөөлөн гэх мэт стандартуудтай. Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй л байх ёстой.

-Эрдэнэтэд танайхтай төстэй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа өрхийн үйлдвэрлэгчид хэр их байдаг вэ? Судалж үзсэн үү?

-Байхгүй гэж хэлж болно. Гэрээрээ эсгий шаахай хийж зардаг хувь хүмүүс байдаг. Ихэнх нь хятад эсгийгээр хийдэг. Хятад эсгий гэдэг нь полиестэр гэсэн үг, нийлэг эдлэл учраас шатна. Манай монгол эсгий бол шатахгүй, цэвэр ноосоороо үйлдвэрлэдэг.

-Танай бүтээгдэхүүн үйлчлүүлэгчдэд хэр их танигдаж байна?

-Энэ жилээс сайн танигдаж байгаа. Хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Монголчууд эсгий гэхээр дээр үеийн шар эсгий шиг л төсөөлөөд байдаг. Гэтэл эсгийг маш олон төрлийн өнгөнд оруулж, хүссэн зураг, загвараа хэвлэх бүрэн боломжтой болсон. Эсгий бойтог, шаахай, гутлыг нэг хэрэглээд үзсэн хүн гэр бүлээрээ үнэнч хэрэглэгчид болдог.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Цаашид өөрийн гэсэн үйлдвэрлэлийн барилгатай болж, Эрдэнэтийнхээ нэрийг гаргасан “Эрдэнэтийн эко гутал”-ыг үйлдвэрлэнэ гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа

Сэтгүүлч Г.Оюунтуяа


/ 2021-02-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц