© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023-10-19-НД НИЙТЛЭГДСЭН
А.Түвшинжаргал: Эрүүл, боловсролтой эрдэнэт хүн бол-Эрдэнэт хотын хамгийн том баялаг
А.Түвшинжаргал: Эрүүл, боловсролтой эрдэнэт хүн бол-Эрдэнэт хотын хамгийн том баялаг

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал манай асуултад хариулж байна....  

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр хэрэгжиж байна. Шилжин ирэгсэд  боловсрол, эрүүл мэнддээ илүү анхаарч,шилжин ирэхдээ сонголт хийж байна. Орхон аймаг сүүлийн жилүүдэд дээрх салбаруудад чиглэсэн ямархуу томоохон хөрөнгө оруулалүт эхлүүлснээс яриагаа эхэлье.  

- “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг аймгийн  ИТХ-ын хуралдаанаар оруулж батлуулсан. Нилээн хэл ам таталж, төлөөлөгчид олон зүйл асуусан. Эрдэнэтийн  иргэд, аж ахуйн нэгж байгууллагынхаа ажил амьдралын асуудлыг  бүрэн  шийдэж чадахгүй байж бас ийм хөтөлбөр батлуулахаар оруулж ирлээ гэж шүүмжлэлтэй  хандаж байсан. Тухайн үед ИТХ-ын Төлөөлөгч нарт  асуудлыг тайлбарлаж ойлгуулах талаас хичээсний дүнд хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн гол онцлох зорилго нь бол Орхон аймагт шилжин ирэгсдэд  таатай орчин бүрдүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын “Хөдөөгийн хөгжлийн сэргэлт” гэдэг зүйл дээр гол анхаарлаа хандуулж байгаа. Сая бид зургаадугаар сард  Архангай аймгийн Багшийн сургууль, Улаанбаатар хотын Технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, хувийн сургуулиудаас “Этүгэн” их сургууль төгсөгчидтэй  аймаг орон нутгийн удирдлагын баг очиж уулзалт хийж Эрдэнэтэд хотод урьсан. Энэ ажлын үр шимээр 100 гаран багш  шилжин  ирж ажиллах болсноор  багшлах боловсон хүчний дутагдлаас гарах хамгийн том арга хэмжээ болсон. Сая бид 100 гаран багштайгаа уулзахад Эрдэнэт хотод ирж, ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.

Шилжин ирэх иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөнө. Төвийн сургуулиудын ачаалал их байна, энэ талаар дэлэгрүүлье?

- Эрдэнэт хот 20.000 иргэн хүлээж авах ёстой. Энэ нь  5000 өрх гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэт хотод 5000 орон сууц, бас ажлын байр хэрэгтэй. 20,000 иргэнийг дагаад нэг нэг хүүхэдтэй өрх ирлээ гэж бодоход 5000 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх ёстой. Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлагууд хамтраад тодорхой асуудлуудыг хэлэлцэж байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт айлчлахдаа 960 хүүхдийн хоёр  сургууль, 150 хүүхдийн нэг цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. 960 хүүхдийн хоёр сургууль гэхээр 1800 гаруй хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн. Дараагийн ээлжинд 5000 орон сууцыг яаж бэлдэх вэ? 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Орхон аймагт 5000 айлын орон сууц барихаар тусгагдсан. Өнөөдрийн байдлаар 2738 айлын орон сууц ашиглалтанд орсон. Гэхдээ энэ бүгдийг төр бариагүй, хувийн хэвшил тодорхой хэмжээний дэмжлэгтэйгээр барьж байгаа. Эрдэнэт хотод орон сууцны хүрэлцээ 2024 онд 5000 руу нилээн дөхнө.

Шилжиж ирж байгаа хүмүүст Засгийн газрын хөнгөлөлтүүд нилээдгүй бий. Гэр бүлээрээ тайван амьдрахын тулд орон нутагт шилжин ирсэн ч ажлын байрны асуудал хамгийн тулгамдаж буй асуудлын нэг. Ажлын байр нэмэгдүүлэхэд  ямар бодлого хэрэгжиж байна вэ?

- Тэгэхээр 5000 хүний ажлын байрны асуудал яригдана. Ер нь бол залуу гэр бүл ирж байна. Яагаад Эрдэнэтийг сонгож байгаа вэ? гэсэн асуултанд  Эрдэнэт хот “Утаагүй”, “Түгжрэлгүй” “Стресс багатай” гэж ярьж байгаа. Гэхдээ залуучууд маань Улаанбаатарын араас битгий ороосой, шинээр ирж байгаа хүмүүсийг гэр хороолол биш, байшин хороололд амьдруулах талаас нь анхаараасай гэдэг зүйлийг хэлж байгаа нь саашаалтай. Мэдээж гэр хороололд дахиад хашаа байшин нэмээд, яндан нэмчих юм бол агаарын бохирдол, хөрсний бохирдол нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй иргэн Эрдэнэт хотод шилжиж ирээд байна.

Шилжиж ирж байгаа хүмүүст үзүүлэх  Засгийн газрын хөнгөлөлтүүдийн тухайд:

  • 3 хувийн орон сууцны зээл
  • Орон нутагт амьдарсны 5 жилийн тэтгэмж
  • Аж ахуйн нэгж байгууллагаа шилжүүлж ирэх юм бол эхний гурван  жилд  татварын хөнгөлөлт бий.  Энэ  хөтөлбөр гайгүй явчих байх гэж бодож байгаа.

Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр бид хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон байгууллагуудын салбарыг Эрдэнэтдээ байгуулъя. Яагаад гэвэл орон нутагт салбар байгуулвал эхний 5жил татвар тэглэгдэнэ. Зээл авбал 500 хүртлэх сая  төгрөгний зээлийг аж ахуй нэгж байгууллагад 3 хувийн хүүтэй өгнө. Эрдэнэт хотод зах зээл байна. 120,000 хүн байна. Зэргэлдээ Булган аймгийн  Бугат, Хангал,Сэлэнгэ, Орхон сумдын хүмүүс байна. Зах зээл байгаа учраас өрсөлдөөн бий болно. Дараагийн Засгийн газрын том хөтөлбөр Эрдэнэтийн Технологийн парк болно. Зэс,молибденийн эцсийн бүтээгдэхүүн гаргах, хайлуулах үйлдвэр байгуулна. Түүнийг дагаад олон жижиг дунд үйлдвэрүүд орж ирнэ. Тэнд 5000 ажлын байр шаардлагатай. Яг тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүст ажлын байр шинээр бий болно гэсэнг үг. Эрдэнэт хотдоо чөлөөт зах зээлийн энэ үед хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлд аймгийн хэмжээнд 50 хүртэлх сая төгрөгийг 10-12хувийн хүүтэйгээр зургаан жилийн хугацаатайгаар олгож байна. Сум, хоршооллыг дэмжих сангийн зээл олгож байна. “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн хүрээнд 5-10 сая хүртлэх зээлийг 3 жилийн хугацаатай зээлийн хүүгүй барьцаагүй олгож,ер нь блд  зээлийн үйл ажиллагааг сайжруулж байгаа. Тэгэхээр ажлын байр аандаа нэмэгдэнэ.

Эрүүл мэндийн салбарт нилээн ахиц, дэвшилт гарлаа. Улаанбаатар хот руу очиж хагалгаа, эмчилгээ, оношилгоонд орох санхүүгийн хүндрэлийг Орхончууд дахиж мэдрэхгүй байх нөхцөл бүрдэж байна. Энэ талаар?

 - Бүсийн оношилгоо, эмжилгээний төв  нь төвийн бүсийн зургаан аймгийг хамарч ажиллах ёстой. БОЭТ нь нийт 650 ажилчдын орон тоотой боловч  өнөөдөр 530 орчим орон тоотой ажиллаж байна. Эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтэнд орсноор эмнэлгийн ажилчдын тодорхой хэмжээний нийгмийн асуудал, цалингийн асуудал өссөн. Ийм учраас манай БОЭТ-ийн  удирдлагууд тодорхой хэмжээнд сайн ажиллаж байна.  Саяхан Олон Улсын байгууллагын шугамаар зөвхөн хүүхдэд зориулсан хагалгааны өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийг бэлдлээ. Хүндрэлтэй болон янз бүрийн үед хагалгааны дараалал хүлээгдэж, тэр хэмжээгээр иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирохоос  урьдчилан сэргийлж  хагалгааны иж бүрэн хүүхдийн тасгийг нээсэн. Орчин үеийн бүх тоног төхөөрөмжүүд энд бий. Бид үений хагалгааг дурангийн хэлбэр лүү оруулах асуудлыг үе шаттай ярьж байна. Солонгос улсаас зайны оношилгоо хийж байна. Энэ нь өөрөө тухайн үеийн эмч нарын зөвлөгөөний хурал гэдэг шиг Монгол, Солонгос эмч нар хамтран хуралдаад слайд дээр юмуу, видеогоор юмуу тухайн өвчтөний биеийн байдал, амин чухал үзүүлэлтүүдийг ярилцаад шийдвэр гаргадаг болсон. Сүүлийн үед Ангографын аппаратаар хагалгааг нилээдгүй хийж гаршиж байна. Энэ аппарат нь хүний биед байгаа бүх  судсыг бүгдийг нь тодруулж хардаг. Сая бид ангографынхаа аппарат дээр ажилладаг  эмч, сувилагч хоёроо Солонгос улсад 45 хоног тэндхийн эмнэлэг дээр дадлага хийлгээд ирсэн. Энэ нь ач холбогдлоо өгнө гэдэгт итгэж байна. Мөн эрэгтэйчүүдийн эмч буюу урологийн хагалгаа сайн хийж байна.Хийгдэж болохгүй хагалгаа гэж бараг байхгүй болсон. Эмч нарыг  “Эмч” дэд хөтөлбөрөөс тодорхой хөрөнгө гаргаад сургаж байна.Ер нь эрүүл мэндийн салбараа бүхлээр нь харах юм бол Эрдэнэтийн Эрүүл мэндийн салбарт хүмүүс итгэж найдаж, шилжин  ирэхэд эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ баталгаатай байх гэдэг зүйлийг онцгойлон анхаарч байгаа.

Мэдээж байшин барилга барих, зам талбай хийх, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Ер нь бол Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны гол хөтөлбөр хүний хөгжлийн төлөө бодлогод чиглэж байна. Эрүүл, боловсролтой эрдэнэт хүн бол-Эрдэнэт хотын хамгийн том баялаг, хамгийн том капитал юм гэж харж байна. Тийм учраас бид сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн байгууллагад зөвхөн орон нутгаас 3,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт тавьж, мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  тоног төхөөрөмжөөр хангаж, тодорхой ажиллах нөхцөлөөр хангаад явж  байна.Магадгүй Монгол улсад жишиг болохуйц манай аймаг шиг өрхийн эрүүл мэндийн төв хэлбэртэй эмнэлэг ховор юм байна лээ. Бид хийж байгаа ажлаа сайн байна, хүрч байна гэж бодож байна. Эрдэнэтэд тавтай морил...

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2023-10-19
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц