Гэр бүл, хүүхэд, залуучуудын оролцоог тэгш хангаж, тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилготой ГБХЗХГ-ын 2022 оны онцлох ажил, үйл ажиллагааны талаар тус газрын дарга А.Наранболдтой ярилцлаа.
-Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас хөл хорио тогтоож хүндхэн өдрүүдийг үдсэн. Олон нийтийн арга хэмжээг хязгаарласан үед Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байв?
-Цар тахал, хөл хориотой үед манай байгууллагын хувьд товлосон ажлаа хойшлуулах гэсэн асуудал гардаггүй. Гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн ажил тогтмол үргэлжилсээр байдаг. Тухайн үед хүүхэд хамгааллын үйл ажиллагаагаа бүлгийн болон цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэ жилийн тухайд цахимаас шилжиж, хүүхэд хөгжлийн хөтөлбөр, хүүхдийн хөгжил, оролцооны сургалтууд танхимаар хичээллэж эхэлж байна. Эрдэнэтийн хүүхдүүд хөгжлийн хөтөлбөрөөр цангасан байсан нь дугуйлан секцэд хамрагдалт эрс нэмэгдснээр анзаарагдлаа. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн ордонд 17 хөгжлийн хөтөлбөрт 500 гаруй хүүхэд хичээллэж байна.
- Хүүхдийн ордонд 500 гаруй хүүхэд хичээллэж байна гэлээ. Дугуйлан секцийн заал танхим хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Хүүхдийн ордныг том барилга байгууламж бүхий олон өрөөтэй, байр сав хангалттай гэж харцгаадаг юм шиг... Орхон аймагт амьдарч буй 30 гаруй мянган хүүхэд багачуудад хүрэлцэхэд хүчин чадлын хувьд маш бага. Тийм ч учраас бид ажилчдын өрөөг суллаж, хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн өрөөг нэмэлтээр гаргасан. Өмнө нь дасгалжуулагч, багш нарын өрөө байсныг хөгжлийн хөтөлбөрийн өрөө болгон өөрчиллөө.
-Хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хамрагдалт өндөр байгааг хэллээ. Харин хүүхэд хамгааллын онцлог ажлууд юу байв?
-Бид Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагыг өндөржүүлэхээр ажиллаж байна. Энэ утсанд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл бүхнийг урьдчилан сэргийлэхээр хүлээн авч байх ёстой. Эрх нь зөрчигдөж болзошгүй тохиолдол бүрийг мэдээлж байх утас юм. Мэдээлэл ирж, урьдчилан сэргийлж чадвал хүүхдийн эрхийн зөрчлийг тодорхой түвшинд таслан зогсоох боломжтой болно.
Хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхэд хамгааллын багтай хамтран ажилладаг албан хаагчид, иргэдийг чадавхжуулдаг. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчимд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдэд энэ талын мэдлэг олгоход анхаарч байна. Сургуулиудын анги удирдсан багш нараа сургалтад хамрууллаа. Салбар дундын уялдаа холбоог сайжруулахаар эрүүл мэнд, боловсролын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн жил болж өндөрлөж байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд эхний 10 сарын байдлаар 213 дуудлага хүлээн авсан. Хүүхэд хамгааллын хамтарсан баг, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд 95 хувьтай өндөр үзүүлэлт, гүйцэтгэлтэйгээр ажлаа үргэлжлүүлж байна.
-Гэр бүлийн чиглэлээр хийж байгаа ажлаа танилцуулвал?
-Гэр бүлийн тухайд гэр бүлтэй холбоотой асуудлууд юунаас болж гарч байгааг судалгааны түвшинд суурилан асуудлыг дэвшүүлдэг байхад анхаарч ажиллалаа. Тулгамдаж байгаа асуудлаа гаргаж ирснээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарцаа олж, гал унтрааж аргацааж орхилгүй шат шатанд нь дэвшүүлэн тавихад зорьж байна.
Ирэх жилд гэр бүлийн хүчирхийлэл, салалтын тулгуур шалтгаануудад анхаарна. Энэ жилийн бас нэгэн онцлог нь ГБХЗХГ бүтцээ өргөтгөн, хүний нөөцийн хувьд илүү мэргэжлийн байхад төвлөрсөн. Анх удаагаа албадад хуваагдах боломжтой болж, Хүүхэд хамгааллын алба, Гэр бүлийн албатай болохоор төлөвлөж, Залуучуудын ордноо түшиглэн Залуучуудын хөгжлийн төв ахлах мэргэжилтэнтэй алба болж өргөжин тэллээ. Ингэснээр мэргэшсэн түвшинд хүүхэд залуучууд, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Ерөнхийдөө хүүхдийн хөгжил, оролцоог хүүхэд хамгаалалтай тэнцвэржүүлсэн жил болж байна ."Хүүхдээ сонсох өдөр"-ийг тогтмолжуулан сар бүр тодорхой сэдвээр холбогдох байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллалаа. Хүүхдийн чуулганыг зохион байгуулж, хүүхдийн зөвлөлийн тэргүүнээ сонгон, оролцоогоо хангаж, хөгжлийн асуудалд хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж чадлаа. Оролцоо сайжирч, улмаар хүүхдийн хөгжил, хамгаалал зэрэгцэн ирснээр хүчирхийлэл болоод аливаа осол гэмтлийн эрсдэл буурах ач холбогдолтой байдаг.
- Тэгвэл гэр бүл, хүүхэд, залуучуудын оролцоог тэгш хангаж ажиллахад тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-ГБХЗХГ-т тулгамдаж байгаа асуудал гэвэл норматив зардлыг зөвхөн хүүхэд хамгааллын чиглэлд оруулчихдаг. Хүүхэд хамгааллын зардал гэж батлаад гаргачихдаг. Зөвхөн “хамгаалал”-д зориулахаар гэсэн үг. Гэтэл нөгөө талдаа хүүхдийн хөгжил, оролцооны зардал бүрэн хаягдчихдаг. Өнөөдрийн нөхцөлд зардалгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй болчихсон шүү дээ. Урлагийн наадам болон хүүхдийн оролцоо, хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаанд зардал мөнгөний асуудал шийдэхэд хүндрэлтэй байдаг. Жишээлбэл, зардал нь хүүхэд хамгааллын зардал учраас хүүхдийн шинэ жил зохион байгуулах боломжгүй болчихдог. Гэр бүлийн чиглэлийн зардал хязгаартай, хүүхэд хамгаалал руу төвлөрчихсөн. Залуучуудын зардал мөн адил хязгаартай байдаг.
Үүнээс гадна эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хамгаалалтай холбоотой мэдлэг дутмаг байдаг нь тулгамдсан асуудлын нэг мөн. Хүүхэд хамгаалал, боловсролын байгууллага болон орон нутгийн удирдлагууд хүүхдийн өмнө ямар үүрэг хүлээдэг, эцэг эх, асран хамгаалагчид ямар үүрэгтэйгээ бодож, төвлөрч хардаггүй.
Томчуудын хариуцлагагүй байдлаас хамаарч, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарах шаардлагатай. Бие махбодын хүчирхийлэл үйлдэгдэхээс өмнө буюу сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрт байхад нь мэдээлэх, мэдэгдэх, таслан зогсоох боломжтой байдаг. Хүүхдийн эргэн тойронд байгаа хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болж, бие махбодын хүчирхийллийн эрсдэл өндөрссөн хойно нь илрүүлсэн харамсалтай кейсүүд бий. Тийм учраас насанд хүрсэн хэн бүхэн хүүхдийн өмнө үүрэг хүлээгч гэдгээ ухамсарлаасай гэж хүсч байна.
-Удахгүй Түр хамгаалах байртай болох гэж байна, хамгааллын үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа вэ?
-Хамгаалах байрны барилгын ажил үргэлжилж байна. Түр хамгаалах байр ашиглалтад ороогүй ч хамгааллын үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа. ГБХЗХГ, аймгийн ЗДТГ, Хууль эрх зүйн хэлтэс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран түрээсийн хэлбэрээр хамгаалах байр ажиллуулж байна. Өнгөрсөн 2020 оноос хойш түр хамгаалах байранд ирсэн хүмүүст эргэж хяналт тавьж, нөхцөл байдлын үнэлгээ хийж нийгмийн ажилтнууд дэмжлэг үзүүлж үйл ажиллагааггаа илүү сайжруулахад анхаарлаа. Богино хугацааны хамгааллын үйлчилгээг аймагтаа, урт хугацааны хамгааллын үйлчилгээг Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хамтран үзүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа.