Skip to main content

Хэрвээ би оюутан байсан бол...

835 төгрөг 71 мөнгө... Хэрвээ би Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400 төгрөгийг цагт шилжүүлэн хөдөлмөрлөвөл ийм мөнгө авна. Харин би оюутан байсан бол 2012 оны нэгдүгээр сараас олгож эхэлсэн 70 мянган төгрөгийг сар бүр авахаас гадна хаа сайгүй зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн аль нэгэнд нь хамрагдчихад л ажил хийснээс дутахгүй орлого олох боломж дүүрэн байна.Сургалтын төлбөр хэдийгээр хүнд дарамт хэмээн нэрлэгддэг ч оюутан таныг тэтгэе гэсэн төрийн болон хувийн хэвшлийнхний дэмжлэг хангалттай болсон энэ үед нэг газраас авсан тэтгэлгээр сургалтын төлбөрөө, нөгөө газраас авсан тэтгэлгээр хэрэглээний мөнгөө хангаад явдаг сүйхээтэй оюутнууд цөөн биш болсон нь сайшаалтай. Энэ нь эцэг эхээсээ эдийн засгийн хувьд хараат бус болох боломж их дээд сургуулийн босго алхан орох тэр цагаас эхэлдэг болсныг эрхэм оюутан танд сануулж буй нэг дохио. Нөгөө талаар оюунаа тэтгэж, ухаанаа тэлэхийн үр шимийг сургуулиа төгсөж ажил, орлоготой болсноор хүртэж эхэлдэг цаг ард хоцорсны илэрхийлэл.Тэтгэлэгт хөтөлбөр гэдэг үгийг чихнийхээ хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихдөг хэнэггүй оюутнууд, чихэнд нь сонсогдох энэ үгийн давтамж жил ирэх тусам нэмэгдэх болсныг эрхбиш анзаарсан биз. Энэ хирээр эрхэм оюутан таны үнэлэмж, эрдэм мэдлэгтэй нэгнийг булаацалдан авах хөдөлмөрийн зах зээл хүрээгээ тэлж буй нь хэнд ч ойлгомжтой. Оюутнуудыг хэн, яах гэж тэтгэдэг вэ? Scholar буюу эрдэмтэн гэдэг үгнээс гаралтай scholarship гэдэг үгийг бид тэтгэлэгт хөтөлбөр хэмээн эх хэл рүүгээ хөрвүүлсэн. Өөрөөр хэлбэл оюун ухааныхаа цар хүрээг тэлж, шинэ зүйлс сурч мэдэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тэтгэлэгт хөтөлбөр гэдэг.Тэтгэлэгт хөтөлбөрийн Монгол хөрсөнд суусан анхны ойлголт нь ядуу, эмзэг бүлгийг сурч боловсроход дэмжих байсан ч яваандаа нийгмийн оюунлаг бүлгийг дэмжих гэсэн үндсэн агуулгадаа шилжсэн.Тэтгэлэгт хөтөлбөр оюутан залуус болон эрдэмтэн судлаачид гэсэн 2 бүлэгт чиглэдэг ч манайд хамгийн түгээмэл нь оюутны тэтгэлэгт хөтөлбөр. Тэгвэл оюутнуудыг хэн, яах гэж тэтгээд байгаа юм бэ? Бизнес эрхэлж ашиг олох үйл ажиллагааны бүхий л үйл явцад хүн хэрэгтэй. Хэдий чинээ оюунлаг иргэдийг бэлтгэнэ тэр хирээр нийгэм хөгжиж бизнесийн үйл ажиллагаа ч мөн өргөжинө. Тиймээс Компанийн Нийгмийн Хариуцлага хэмээх харьцангуй шинэ ойлголт өнөөдөр дэлхий дээр бизнес эрхэлж байгаа үйл ажиллагаа нь тогворжсон компани бүрийн онцгой анхаарал хандуулдаг зүйлсийн нэг болсон. Өөрөөр хэлбэл ирээдүйн чадварлаг хүний нөөц, ирээдүйн тогтвортой харилцагчаа бэлтгэх удаан хугацааны харилцаа нь тэднийг Компанийн Нийгмийн Хариуцлага руу татаж байгаа юм.Магадгүй зарим нэг нь зөвхөн чадварлаг хүний нөөц бүрдүүлэх зорилгоор суралцаж буй чиглэл зааж явцуурдаг нь ч бий. Голомт банк анхны тэтгэлгийг олгожээ Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын нийгмийн хариуцлагаа ухамсарлах түвшин өндөрсөж, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг компаниудын тоо нэмэгдсээр байна. Оюу Толгой, Петровис, Энержи Ресурс, Голомт банк гээд тэтгэлэг олгогч байгууллагуудаас гадна төр, нийгмийн зүтгэлтнүүд ч төрсөн нутаг усныхаа оюутнуудын дунд тэтгэлэг зарлах хүртлээ уг хөтөлбөрийн хамрах цар хүрээ өргөжиж байна. Гэхдээ оюутнуудыг тэтгэх нь зүйтэй гэдэг санал санаачлагыг 2003 онд Монголын бизнесийн байгууллагуудаас Голомт банк анх удаа гаргасан нь өдгөө оюутнуудын хүсэн хүлээдэг, тэдний сурлага, амжилтад чухал түлхэц болж ирсэн томоохон хөтөлбөрүүдийн нэг болоод байна. Хамгийн гол нь Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудын суралцаж буй чиглэл, амьжиргааны түвшин, өөр газраас тэтгэлэг авсан эсэх зэрэг зүйлд хязгаарлалт тавьж явцуурдаггүй нь бусад байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрөөс ялгарч, өргөн цар хүрээг хамарч, оюутнуудын дунд нэр хүндтэй болоход нь нөлөөлжээ. Тэтгэлэгт хамрагдах хэцүү юу? Тэтгэлгийг зөвхөн тусгай гойд авьяастай оюутнууд авдаг мэтээр өөрөөсөөө холдуулж ойлгох нь өрөөсгөл. Яг одоогоор зарлагдаад буй Оюу Толгой компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур нь Монгол Улсын иргэн байх, сурлагын голч нь оноо нь 3.2-оос дээш, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ба Монгол Улсын магадлан итгэмжлэгдсан их дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт, байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр 3,4-р ангид суралцаж буй өдрийн ангийн оюутнууд хамрагдах боломжтой.Харин Голомт банкны 9-р сарын 15-наас 30-ны хооронд зарласан тэтгэлэгт хөтөлбөр энэ жил 10 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд жил бүр 100 оюутанд тэтгэлэг олгосоор энэ жил 1000 дахь оюутнаа тэтгэх гэж байна. Тус банкны тэтгэлэгт хөтөлбөр дээр дурьдсанчлан суралцаж буй чиглэл, өөр тэтгэлэгт хамрагдсан эсэхийг үл харгалздагаараа давуу талтай.Уг хөтөлбөрт хамрагдах оюутнуудын сурлагын голч дүн 3.5 буюу түүнээс дээш байх шаардлагатай ба өөрийн эзэмшсэн аль нэг хэл дээр “Миний зорилго-Миний ирээдүй” сэдэвт эссе бичихээс бусад нь нийтлэг шалгуур байна. Өөрөөр хэлбэл дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүдийн үндсэн шалгуур нь хичээлээ сайн хийж, онц дүн авдаг байх. Онцгой гойд, ховор авьяас, ур чадвар шаардаагүй. Тэтгэлэгт оюутан гэдэг нэр чухал Тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь оюутан залуусыг сургалтын төлбөр, хэрэглээний мөнгө зэрэгт санаа зоволгүйгээр, зөвхөн сурч мэдэхэд хамаг анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслахад чиглэгддэг.Нөгөө талаар тэтгэлэгт оюутан гэсэн нэр тухайн оюутныг аль нэг газар ажилд ороход нь босго оноо, бат суурь нь болдог талаар хэд хэдэн оюутны ярьж байсныг санаж байна. Хэрвээ би оюутан байсан бол... Хэрвээ би оюутан байсан бол хичээлээ сайн хийж, хавь ойрд зарлагдах бүхий л тэтгэлгийг судлан, хамрагдах байсан. Сургалтын төлбөр, хэрэглээний зардлаа сайн сурсныхаа төлөө хариуцлага өндөртэй компаниар төлүүлж, дээр нь төрөөс өгөх 70 мянгаа төгрөгөө хуримтлуулж өөрт хэрэгтэй зөөврийн компьютер, гар утас зэргээ авчихдаг “баян” оюутан байх байсан.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй