Skip to main content

Хүүхдийнхээ хоолны мөнгийг өөрсдөө төлье

Төр 2009 оны нэгдүгээр сараас эхлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь даахаар болсон. Уг нь өмнө төрөөс 329 төгрөг, эцэг, эхчүүд 480-ыг нь төлдөг байсан. Үндсэндээ төр 41 хувийг нь л даадаг байсан гэсэн үг. Гэтэл гэнэт л бүх хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь төр даахаар болсон. Тэгэхдээ тухайн үед 658 төгрөгөөр тогтоож, өмнөхөөсөө 151 төгрөгөөр бууруулж байлаа.

Нэг хүүхэд өдөрт гурван удаа ундална гэж бодвол нэг удаадаа 216 төгрөгийн хоол иднэ гэсэн үг. Арай дэндүү байгаа биз дээ. Харин сүүлдээ 1100 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Одоо ч тэр хэвээрээ л байгаа. 2009 онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр даахаар болоход улсын хэмжээнд төрийн өмчийн 696, хувийн өмчийн 87 цэцэрлэгт 130 гаруй мянган хүүхэд хүмүүжиж байсан гэх албан ёсны тоо баримт гарч байсан. Энэ нь нийт цэцэрлэгийн насныхны 50 гаруй хувь нь л байсан.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх чадваргүй учраас гэртээ байлгаад байсан хэрэг биш. Яах вэ, хоолны мөнгийг нь төлж чадахгүй хэсэг хүн байсан л байх. Гэхдээ нийтээрээ тийм биш шүү дээ. Ердөө цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүйгээс үүдэж олон эцэг, эх хүүхдээ гэртээ байлгах, хүнээр харуулах дээрээ тулдаг байсан. Нэг ангид 25 хүүхэд байх ёстой атал Улаанбаатар хотын цэцэрлэгүүд 40-50 хүүхэдтэй байгаа гэдгийг тухайн үеийн удирдлагууд ойлгоогүй бололтой юм.

Тэгээд эцэг, эхийнхээ нуруун дээрээс ачааг нь хөнгөлнө хэмээн сэтгэж, төр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг даахаар болсон. Үндсэндээ цэцэрлэгийн тоо нэмэх биш хүүхдийн хоолны мөнгийг төр дааснаар асуудлыг шийднэ гэж буруу сэтгэж. Тэгвэл энэ алдаа одоо ч давтагдах дээрээ тулчихаад байна.

2009 онд хүүхдийн хоолны мөнгө 1100 төгрөг байсан. Түүнээс хойш үндсэндээ дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Лав л буурсан гэж хэлэхгүй. Тэр дундаа махны үнэ тэнгэрт хадчихсан шүү дээ. Яаж ч бодсон таван настай хүүхэд өдрийн 1100 төгрөгийн хоолонд цадахгүй гэдэг нь ойлгомжтой. Үндсэндээ хоёр хуушуураар өглөө 8-17 цаг хүртэл тэснэ гэсэн үг.

Олон хүүхэд цэцэрлэг дээрээ өлсч, цангаж байгаа гэдгийг ч эцэг, эхчүүд хэлж байгаа. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг зайлшгүй нэмэх шаардлага гарч ирээд байгаа юм. Үүнийг ч төр засгийнхан ойлгож, 2100 төгрөг болгохоор болоод байгаа. Энэ нэмэгдлийг архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар олохоор болсон. Бас л санадаг санаа. Гэхдээ заавал төр нуруун дээрээ том ачаа үүрч, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг даах хэрэг байгаа юм уу. Нэмэгдэл 1000 төгрөгийг эцэг, эхчүүд нь төлбөл яасан юм. Сардаа сайндаа л 25 мянган төгрөг төлнө гэсэн үг. Энэ хэмжээний мөнгийг сард хүүхдийнхээ төлөө өгөөд байж чадахгүй эцэг, эх тун цөөн. Үнэхээр нэн ядуу, тарчиг айлын хүүхдийн мөнгийг төрөөс даагаад, үлдсэнийг нь эцэг, эхэд нь хариуцуулж өгөх хэрэгтэй.

Tөp ингэж хоолны асуудалд хүртэл оролцож байгаа нь дэндүү хямдхан санагдаад байх юм. Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэл эхэлж байхад хэд хэдэн эрхлэгчтэй уулзсан юм. Тэд "Ангийнхаа багтаамжаар, хүүхдийнхээ ирэх, ирэхгүйг тооцоод 25 хүүхэд авах ёстой. Тэгээд нэг ангид сайндаа л 30 гаруй хүүхэд авч байна. Илүү авах гэхээр төрөөс өгч байгаа хоолны мөнгөнд шахагдаад байх юм. Хэрвээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг өөрсдөө өгдөг бол илүү хэдэн хүүхэд авахад болохгүй юм юу байх вэ дээ. Залууст нэмэртэй аятай юу" хэмээн ярьж байсан.

Үүнээс үзэхэд төр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг даасан нь нэг талдаа сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа юм. Өнөөх л халамжийн хавтгайрсан бодлоготой ялгаагүй болчихсон гэсэн үг. Тэгэхээр одоо цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөн дээр нэмэх гээд байгаа 1000 төгрөгөөр цэцэрлэг баривал яасан юм бэ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэхийн тулд улсын төсөвт 13 орчим тэрбум төгрөг нэмж суулгах шаардлагатай байгаа юм билээ. Архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар 11 тэрбум төгрөгийг нь олно гэж тооцсон талаар албаныхан хэлж байгаа. Бодвол үлдсэн хоёр тэрбум орчим төгрөгийг ямар нэг аргаар олох л байлгүй.

Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр хэдэн цэцэрлэг барьж болох вэ гэдэг нь сонирхолтой. Дээр дурьдсан, эцэг, эхчүүд хоолны мөнгийг нь төлж чадахгүй учраас хүүхдээ цэцэрлэгт явуулж чадахгүй байгаа юм биш. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг үнэхээр дутагдалтай болохоор гэртээ өнжиж байгаа хүүхдийн тоо буурахгүй байна шүү дээ. Гэтэл одоогийн засаг, төр хоолны асуудал яриад л байж байна. Хоолны мөнгийг нэмэх нь зөв. Хүүхэд цэцэрлэг дээрээ цадтал хооллодог байвал өсөлт, хөгжилтөд нь ч хэрэгтэй. Гэхдээ эцэг, эхчүүд тийм хэмжээний мөнгө төлж чадах учраас 13 тэрбумаараа цэцэрлэг барья.

Одоо нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүд норм хэтрүүлж аваад л 400 гаруй хүүхэд багтааж байгаа. Тэгвэл 400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихад гурван тэрбум төгрөг хүрэх юм билээ. Ингээд бодохоор 13 тэрбумаар ядахын мууд дөрвөн цэцэрлэг нэмчихнэ шүү дээ. Гэртээ сууж байгаа 2000 хүүхэд цэцэрлэгт явж, хичээл сурч, үе тэнгийнхэнтэйгээ бужигнана гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд минь хүүхдийнхээ хоолны мөнгийг өөрсдөө даая. Үр хүүхдийнхээ төлөө сардаа 30 мянган төгрөг илүүчилж чадахгүй байна гэж юу байх вэ дээ. Ядаж үр хүүхдүүд минь орой өлсч ирэхгүй, ядарч уйлахгүй шүү дээ. Тэгээд цэцэрлэгийн хүрэлцээ их байвал намрын намарт хонон өнжин дугаарладаг байдал алга болж, хүрэлцээ дагасан авлига ч хумигдах учиртай.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй