Skip to main content

Эрдэнэт хотын Шороон нохой жилийн "Онцлох хүн" шагналыг гардууллаа

      "Засгийн газрын мэдээ" сонин, Орхон аймгийн NBTV телевизтэй хамтран шороон нохой жилийн Эрдэнэтийн бахархал болсон 10 шилдэг эрхмийг тодрууллаа.Алтан гарт эмч нараас эхлээд бидний ирээдүй хойч болсон чадварлаг, оюунлаг залуус, гал усны аюулаас хүний амь аварсан онцгой байдлын ажилтан гээд энэ цагийн энгийн атлаа эгэлгүй бахархалт хүндэт эрхмүүд энэхүү жагсаалтад багтжээ. Орхон аймгийн Шороон нохой жилийн "Онцлох хүн"ий шагналыг 1 сая төгрөг, цом, дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

                                                                                               

  Д.Батбаяр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

                Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсанаас хойших 40 жилийн хугацаанд энэ үйлдвэрээр овоглосон зургаан хүн Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Хөдөлмөрийн баатруудын хамгийн отгон нь хүдрийн  ил уурхайн өрмийн машинист Б.Батбаяр байв. Тэрбээр өрмийн машинистаар 31 жил ажиллахдаа 9300 метрийн урттай тэсэлгээний цооног өрөмдөж, дээд амжилт тогтоож байв. Гэхдээ Б.Батбаяр энэ амжилтаа баг хамт олны хүч хэмээн даруухан өгүүлдэг. “Энэ их ажлыг би ганцаараа хийсэн юм биш. Бид хийсэн гэвэл үнэнд нийцнэ. Бригад ахлан ажилладаг хүний хувьд амжилт нь яах аргагүй надтай холбогддог. Ажлаа цаг хугацаанд нь хийгээд явж байхад амжилт бүтээл гардаг юм байна. Ажлын арвин туршлагатай, өндөр чадвартай, нэр төртэй хүний бригадад, сайн багшийн шавь болж, сайхан хүмүүсийн дунд ажилласан учраас ажил хөдөлмөрт хандах хандлага эхнээсээ зөв тогтсон болов уу. Багадаа тарчигдуухан амьдрал үзсэний хувьд сайн ажиллая, сайхан амьдаръя л гэж бодсоноос биш шагналын төлөө зүтгэж явсангүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

                                                                                             

        Н.Сандуй Гэмтэл согог заслын их эмч

                Н.Сандуй эмч 2004 оноос хойш Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд гэмтэл согогийн мэс заслын их эмч, тархи мэдрэлийн мэс заслын эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, гэмтлийн үеийн яаралтай болон төлөвлөгөөт хагалгаануудыг амжилттай хийсээр ирсэн. Мөн Швейцар, Германы эмч нартай хамтран ард иргэдэд мэс заслын тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж байв. Тэрбээр 2018 онд орон нутагт анх удаа гэмтлийн 2-3 төрлийн нарийн хагалгааг амжилттай хийж, эмчийн ур чадвараа харуулсан. Мөн бусад аймагт хийж чадаагүй гэмтлийн хагалгааг амжилттай хийж, иргэдийн амь насыг авран хамгаалсан ачтан юм.

                                                                                                    

 Э.Доржболд    Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

             “Эрдэнэт” үйлдвэрийг нэгэн айл гэж үзвэл энэ айлын тавилга, эд хогшил бүрэн бүтэн байх эсэх нь засварчдаас шалтгаална. Тэгвэл чадварлаг засварчин Э.Доржболд энэ үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Тэрбээр үйлдвэрийн томоохон гэмтэл саатлыг оношилж, засварын чиглэлийн нарийн ажилбаруудыг гардан хийдэг нэгэн. Э.Доржболдын ажил үйлсийг төр засаг өндрөөр үнэлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойгоор Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн юм.

                                                                             

   Б.Гангаамаа    Гавьяат тамирчин

                    Шавилхан биендээ баймгүй их тэсвэр хатуужилтай энэ бүсгүй дэлхийн долоон тивийн ноён оргилд бүгдэд нь авирсан анхны монгол уулчин болж, түүхэнд нэрээ данслуулсан нь 2016 он. Гэхдээ тэрбээр энэ амжилтдаа сэтгэл ханасангүй. Түүний дараагийн зорилго дэлхийн хоёр дахь өндөр оргил болох К2 уул байв. Далайн түвшнээс дээш 8611 метрт сүндэрлэх энэхүү уулыг “Алуурчин уул” хэмээн нэрлэдэг нь санамсаргүй тохиолдол биш. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд дэлхийн зулай Эверест ууланд 3000 гаруй хүн авирсан бол К2 уулын оргилд 300 хүн л гарч чаджээ. Авиралт хийхээр зориглосон дөрвөн уулчин тутмын нэг нь амиа алддаг байна. Мэргэжлийн уулчдаас эр зориг, тэсвэр тэвчээр, өндөр ур чадвар шаарддаг энэхүү уулыг гавьяат тамирчин Б.Гангаамаа эзэгнэж чадсан нь Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал байв.

                                                                                      

  Ч.Алтанбагана    Онцгой байдлын газрын аврагч

                   Энэхүү зоригт эр Онцгой байдлын албанд аврагч хийгээд 21 жил болжээ. Сүүлийн 15 жил гал сөнөөгчөөр ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 35 удаагийн үйлдлээр галын аюулыг таслан зогсоосон байна. 2014 онд Орхон аймгийн Рашаант багийн 40 дүгээр гудамжны 12 тоотод гал гарах үед тэрбээр аюулыг хамгийн түрүүнд мэдэж, яаралтай арга хэмжээ авсны үр дүнд гурван хүний эрдэнэт амийг аварч байв. Ч.Алтанбагана тухайн үеийн баатарлаг үйлдлийнхээ талаар “Гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ ирж хоолоо идээд сууж байлаа. Тэгтэл хажуу талын айл шатаж эхэлсэн. Ажил руугаа дуудлага өгчихөөд хашааг нь даваад байшин руу гүйгээд ортол орон дээр жаахан хүүхэд уйлаад сууж байсан. Хүүхдийг тэврээд гарах гэтэл цаана нь настай эмэгтэй байх шиг харагдсан. Хүүхдийг гадаа байсан хүмүүст өгчихөөд буцаж ороод тэр хүнийг гаргасан. Тэгтэл дахиад нэг хүн үлдсэн байсан юм. Тэр хүнийг бас аварсан. Хоёр том хүн нь утаанд угаартаад унтчихсан шинжтэй байсан” хэмээн ярьжээ. Түүний эрэлхэг үйлдлийг төр засгаас үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байв.

                                                                                       

  Н.Мишигсүрэн   Монголын хоккейн шигшээ багийн ахлагч

                          Түүний үндсэн мэргэжил ил уурхайн маркшейдер. 2004 онд Шинжлэх ухаан технологийн сургуулийг уулын инженер маркшейдер мэргэжлээр төгссөн бөгөөд 2006 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа юм. Үндсэн ажлынхаа хажуугаар хоккейн спортоор хичээллэж, өндөр амжилт үзүүлжээ. Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ багийн ахлагчаар олон тэмцээнд хүч сорьж, 2017 онд В зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Харин 2018 он түүний хувьд одтой жил байлаа. Монголын шайбтай хоккейн шигшээ Азийн Challenge Cup тэмцээнд түүхэндээ анх удаа түрүүлж, багийн ахлагч Н.Мишигсүрэн тэмцээний шилдэг мэргэн буучаар тодорсон юм. Улмаар Монголын шайбтай хоккейн шигшээ баг 2018 оны “Бөртэ чоно” наадмын шилдгээр шалгарсан юм.

                                                                                                

 Б.Эрдэнэбулган   Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Б.Эрдэнэбулган эмч 1993 онд АУИС-ийг төгссөнөөс хойш Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 25 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 118,220 үйлчлүүлэгчийг үзэж эмчлэн зөвлөгөө өгснөөс гадна 9500 төрөлт удирдан төрүүлж, 5354 хагалгаанд орсны 2892 нь ксерево огтлол, 69 нь умай тайрах хагалгаа, 328 нь умайн хүзүүгээр тайрах хагалгаа, 383 нь умайн гадуурх жирэмслэлтийн хагалгаа, 59 нь өндгөвчийн цус алдалтын хагалгаа байв. Нийт хагалгааны 98.5 хувь нь хүндрэлгүй бүрэн эдгэрч, олон зуун айлд баяр баясал бэлэглэсэн юм. Б.Эрдэнэбулган эмч 2011-2018 онд эх барихын шалтгаант эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан байна. Түүнийг ажиллах хугацаанд эх болон нярайн эндэгдэл, төрөхийн хүндрэлүүд багассан дүнтэй гарчээ.

                                                                                       
                                      

 Б.Ариунбилэг  Цээж бодолтын дэлхийн аварга

               Монголын оюун ухааны академийн Орхон аймаг дахь салбарын дэргэдэх Geniusmind клубийн тамирчин Б.Ариунбилэг 2015 оноос хойш цээж бодолт, ой тогтоолтын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож иржээ. Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн 8е ангийн сурагч тэрбээр бага насны ангилалд дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин юм. Мөн насныхаа ангилалд хамгийн өндөр буюу нийлбэрээр 4176 оноо цуглуулсан амжилтаар дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байна. Б.Ариунбилэг 2017 онд Орхон аймгийн шилдэг хүүхэд, 2018 онд аймгийн Засаг даргын нэрэмжит шагналын эзэн болж байв.

                                                                                        

 М.Мөнхбаатар     Монголын зэс корпорацийн ТУЗ - ийн дарга

              2016 онд “Эрдэнэт” үйлдвэрт “Монголын зэс” корпорацийн оролцоо бий болсноос хойш менежментийг өөрчилж, шинэ зорилт тавин ажилласан. Энэ хүрээнд “Монголын зэс” корпораци үйлдвэрийн ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлж, худалдан авалтын бодлогыг сайжруулан, цэвэр бизнесийн зарчмаар удирдаж эхэлсэн. Түүнчлэн худалдан авалтын ерөнхий журам, үйл ажиллагааны журмуудаа Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлэн шинэчлэн баталж, нээлттэй, шилэн дансны худалдан авалтын бодлого баримталсан юм. Үр дүнд нь үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт огцом сайжирч, үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь 101.7-152.1 хувиар даван биелсэн байна. Мөн үйлдвэрийн цэвэр ашиг сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшин буюу 318 тэрбум төгрөгт хүрсэн нь М.Мөнхбаатар ТУЗ-ийн даргатай “Монголын зэс” корпораци гэх хувийн хэвшлийн оролцоо бий болсны үр дүн байв.

                                                                                 

Х.Бадамсүрэн "Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал

               Байгуулагдсан цагаасаа хойш 40 жил ажилласан “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц барагдаж, үүдээ барих цаг хэзээ ирэх бол гэж олон хүн түгшиж байсан. Тэгвэл улсын төсөвт жилдээ хагас их наяд төгрөг оруулж ирдэг тус үйлдвэр дахин 60 жил ажиллах нөөц бий гэсэн таатай мэдээ сонсогдсон. Энэ нь Х.Бадамсүрэн захиралтай үйлдвэрийн одоогийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хайгуул, судалгааны ажлыг өргөн хүрээтэй явуулсны үр дүн юм.

“Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2018 оны эхний хагаст л гэхэд цэвэр ашгийн хэмжээ 303 тэрбум төгрөг болоод байв. Энэ хэрээр улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн жил бүр нэмэгдсээр байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардлыг бууруулж, хэмнэлтийг зөв хийж чадсанаар дээрх үр дүнд хүрчээ. 2017 онд тус үйлдвэр 26.3 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан бол 2018 оны эхний найман сарын байдлаар 18,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. “Эрдэнэт” үйлдвэр 2017 онд ажилтнуудынхаа үндсэн цалинг 10 хувь, 2018 оны дөрөвдүгээр сард дахин 15 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт ажилчдын дундаж цалин 2.3 сая төгрөгт хүрснийг Х.Бадамсүрэн захирал онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 5
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

5 cэтгэгдэлтэй


Зочин2 days ago 103.10.23.139

Эрдэнэбулган эмчдээ ажлын өндөр амжилт хүсье


Зочин2 days ago 64.119.23.126

Энэ Мөнхбаатар гэгч хулгайч арай л бишээ Бусадад нь баяр хүргье


Зочин2 days ago 139.5.219.116

За Мѳнхбаатар гэдэг хулгайч бол арай л биш шүү.


Зочин4 days ago 66.181.187.18

Erdenebulgan emchdee ulam IH amjiltiig hvsen eroor.mundag Emch shvv mash olon get bvld az jargaliig beleglesen sain emch


Зочин4 days ago 202.179.31.47

Мөнхбаатар гэгч үү арай биш үү