Skip to main content

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шороон нохой жилийн хөдөлмөрийн аваргаар тодорсон эрхмүүдэд шагнал гардуулах ёслол Уурхайчин соёлын ордонд боллоо. Тус үйлдвэрийн захиргаа Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр улиран одож буй жилийн хөдөлмөрийн сайчуудаа тодруулж, аваргын соёмбо тэмдэг, мөнгөн шагнал хүртээдэг уламжлалтай. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчиддаа баяр хүргэн, мэндчилэв. Харин шороон нохой жилийн хөдөлмөрийн алдартан 33 эрхэмд Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хөгжил, их барилга эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нар шагналыг нь гардуулан, баяр хүргэлээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн хамт олныг төлөвшүүлэхэд онцгой идэвх санаачилга гаргасан Авто тээврийн байгууллагын Төрөл бүрийн маркийн авто машины засварын хэсгийн мастер Д. Тугбадрах, Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга А.Баярсайхан, Тээвэр ложистикийн албаны дарга С.Мөнхтэгш нарын нэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хүндэт дэвтэр”-т бичиж, мөнхжүүллээ.Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, тухайн жилийн амжилтаараа үйлдвэрийн хөдөлмөрийн аваргын болзол хангасан эрхэм бүрийн ажил амьдралын замнал, гавьяа шагналыг үзэсгэлэн хэлбэрээр дэлгэн үзүүлж, хэлэх дуртай ишлэл үгс, гарын үсгийг гэрэл зургийн дор тодотгож бичсэн нь өвөрмөц шинэлэг байв. Ийнхүү 40 жилийн бахархам түүхтэй уурхайчдын бүл шинэ хөдөлмөрийн аваргуудаа өлгийдөж, цаашдынх нь ажилд улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.


Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй