Skip to main content

Орхон аймгийн музей шинэ үзвэрүүдийн нээлтээ хийлээ

Орхон аймгийн музей шинэ үзвэрүүдийн нээлтээ хийлээ
    Өнөөдөр манай аймгийн музейд Сяньбийн үеийн анхны олдвор болох Айрагийн гозгорын булшнаас олдсон олдворууд болоод тэдгээрийн сэргээсэн хувилбаруудын нээлт боллоо. Энэхүү булшийг анх 2008 онд нээн илрүүлж байсан бол 2014 оноос эхлэн Монголын Үндэсний музейн судлаачид малтлага, судалгааны ажил хийж эхэлсэн юм. Энэхүү олдворууд нь цаг хугацааны хувьд Сяньбийн үед харьяалагдаж байгаа бөгөөд энэ нь тухайн үеийн анхны олдворт тооцогдож байгааг албаны хүн хэлж байсан юм.

    Мөн анх 97 булш байна гэсэн судалгаа гарч байсан бол одоогийн байдлаар 112 булш илрүүлээд байгаа гэнэ. Эдгээрийн дийлэнх нь дөрвөлжин хэлбэрийн өндөр чулуун өрлөг бүхий том булшнууд бөгөөд оршуулгын хэсгийг нууцлан хөмөглөж ухсан нүхтэй байснаараа онцлог гэнэ. Энэ нь ерөнхийдөө тонуулчдаас хамгаалах зорилготой зүйл боловч ийм хэлбэр нь тодорхой цаг үе, угсаатны оршуулгын зан үйл болтол хэлбэршин тогтсон байх нь бий. Малтан судалсан булшнууд эрт цагт тоногдож, оршуулгын зан үйлийг тодруулахад хүндрэлтэй байсан ч нас барсан хүнийг тэнэгэр байдлаар, гэдрэг харуулан, толгойгоор нь голдуу баруун, баруун хойт зүгт хандуулан тавьсныг төсөөлж болохоор байжээ.

    Судалгаа хийсэн булшнуудын нүх 2-6 метр гүнтэй бөгөөд голчлон өмнө талдаа үүдэвчтэй байжээ. Түүнчлэн Айрагийн гозгорын хөмөгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагдсан байна. Оршуулгаас гарсан зарим банзан авсны хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй зарим авсны торгон доторлогоо хадгалагдан үлдсэн байжээ.

     Илэрч олдсон олдворууд нь Хүннүгийн үеийн булшнаас илэрдэг зүйлстэй төстэй ажээ. Тухайлбал, нумын ясан гичир, шавар ваар, үсний ясан шор, үйсэн сав суулга, шилэн сувс, сумны төмөр зэв, хазаарын амгай зэрэг нь Хүннүгийн олдворуудаас онцын ялгагдах зүйлгүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй