Skip to main content

Манай аймагт “Түр хамгаалах байр”-ны хаягийг нууцлах хуулийн заалт хэрэгжихгүй байна

    Манай аймагт 2014 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг байрлуулах түр хамгаалах байрыг хувийн хэвшлийн эмнэлэг болоод асрамж халамжийн төвтэй хамтран ажиллуулж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон иргэдэд тусламж үзүүлэх болсон. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа ч манай аймгийн хувьд буурч байгаа сайн мэдээ байгаа юм. Жишээлбэл, 2016 онд 640 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч байсан бол 2017 онд 540 болж буурчээ.

    Харин эдгээр хүчирхийлэл үйлдэгчдийн 5 нь эмэгтэй хүн байгааг цагдаагийн газраас мэдээлж байсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар түр хамгаалах байрны хаяг байршлыг нууцалж, цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгах ёстой байдаг. Гэтэл энэ нь манай аймагт төдийлөн хэрэгжиж чадахгүй, хүн бүр хамгаалах байр хаана байдгийг мэддэг гэж хэлэхэд хилсдэхгүй байдалтай байна.

    Манай аймгийн хувьд нэг талаар газар нутгийн хэмжээ багатай, барилга байгууламжийн байршил маш тодорхой байдаг учраас нөгөөтээгүүр хамгаалах байранд байрлаж байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон иргэд бусдад “Би энд байгаа шүү” гээд байршлаа зааж өгдөг асуудал гардаг учраас хамгаалах байрны хаягийг нууцлах тал дээр асуудалтай байдгийг цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Ганчимэг ярьж байсан юм.

    Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалалтад авахдаа тухайн хүний эрх үүрэг, хариуцлагыг маш тодорхой тайлбарладаг боловч иргэд хаяг байршлын нууцлалыг хадгалах тал дээр хариуцлагагүй ханддагаас түр хамгаалах байрны хаяг байршлыг нууцалж чадахгүйд хүрдэг гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй