Эрдэнэт

М.Түмэнжаргал: “Эрдэнэт хот өвөлд бэлэн”

Эрдэнэт хотын Хотын захирагчийн албаны дарга, ерөнхий менежер М.Түмэнжаргалтай ээлжит ярилцлагаа эхлүүлж байна. Өвлийн улирал хаяанд ирсэн энэ цагт бид цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Өнгөрсөн өдрүүдэд Орхон аймагт их хэмжээний цас орсон. Нэг ёсондоо хотын өвөлжилтийн бэлтгэлийг шалгах эхний шалгуур боллоо. Орхон аймаг, эрдэнэт хотын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна. Хэдэн нэр төрлийн ажил төлөвлөгдсөн, гүйцэтгэл ямар байна вэ?

- Энэ жилийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилд 59 нэр төрлийн ажил багтсан, ажлын гүйцэтгэл 92.8% байна. Төлөвлөгдсөн ажлаас 41 нь бүрэн дууссан бол 14 ажил 70-90%-ийн гүйцэтгэлтэй, дөрвөн ажил нь удаашралтай байна. Байгууллагуудаар ангилан үзвэл, ЭДЦС ТӨХК, “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК, ЭБЦТС ТӨХК зэрэг дулаан, эрчим хүчний гурван гол байгууллага өвөлжилтийн бэлтгэлээ базаасан. Ажлын гүйцэтгэл 95%-аас дээш байна. Тэгэхээр Эрдэнэт хот үндсэндээ өвөлд бэлэн гэсэн үг юм.

2018 онд инженерийн шугам, сүлжээг солих, шинэчилэхэд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан

- Өнгөрсөн жил өвлийн ид хүйтэнд дулааны шугам цоорсноос болж зарим айл өрх хэрэглээний усгүй болсон. Энэ жилийн тухайд инженерийн шугам сүлжээ, дулааны хоолойд ямар, ямар засварын ажил хийгдсэн. Болзошгүй осол аваарын үед ажиллах бэлтгэлээ хангасан уу?

- Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээ 40 гаруй жилийн насжилттай болчихсон учраас жил бүр тодорхой хэмжээний осол, аваар гардаг. Хаана, хэзээ ямар гэмтэл гарахыг тааж хэлэхэд хэцүү. Өнгөрсөн жил л гэхэд 10 гаруй гэмтэл гарснаас хамгийн ноцтой нь кувейтийн тойргийн /зургадугаар хорооллын аюулгүйн тойрог/ шугаманд гарсан цоорол. Энэ арван гэмтлээс Хотын захирагчийн алба найман ажилд 44.6 сая төгрөгийг болзошгүй аваарын зардлаас гаргаж засварласан.

Хаана, хэзээ ямар гэмтэл гарахыг тааж хэлэхэд хэцүү.

  Харин энэ жилийн тухайд инженерийн шугам сүлжээг солих, засварлахад улсын төсвөөс 2.6 тэрбум, орон нутгийн төсвөөс 723.9 сая, Засаг даргын аваарын зардлаас 47.2 сая, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-иас 61.8 сая, Баян-өндөр сумаас 15 сая, Жаргалант сумаас 15.4 сая төгрөг нийтдээ 3.5 тэрбум төгрөгийг зарцуулсан. Боломжийн хэмжээнд засварлаж өвөлдөө бэлдсэн. Ер нь газар доогуур явж байгаа шугам, хоолойг солих ажил нь төсөвт өртөг өндөртэй, нүдэнд ил биш ажил. Тэгэхээр одоо ч, цаашдаа ч тодорхой хэмжээний хөрөнгийг тавих нь зүйтэй юм.

- Дээр дурдсан кувейтийн тойргийн газар доогуурх шугамыг шинэчилээд удаагүй байсан юм байна. Засварлаад удаагүй хэрнээ, шугам, хоолой, труба цоорох тохиолдол гарч байна уу?

- Гарч байна. Ер нь инженерийн шугам сүлжээг 30 жил болоод солих ёстой. Гүйцэтгэгч байгууллагын ажлын баталгаат хугацаа гурван жил ч хөрсөн доор байгаа учраас хөрсний цэвдэг, хөлдөлт, гэсэлт, гулсалтаас хамаарч гэмтэл үүсч байна. Мөн барилга, засварын ажлын явцад инженерийн шугам сүлжээний ойролцоо, утас, кабель, төмөр үлдэж, соронзон орны үйлчлэлээр цооролт үүсч байна. Кувейтын гудамжны гэмтлийн тухайд “хуруу” чинээ газар л цоорсон. Мөн труба, ган хоолойны материалын чанараас шалтгаалж газар доорх шугам сүлжээ гэмтэх тохиолдол байдаг. Бид зураг, төсөв боловсруулахдаа стандартын шаардлага хангасан хоолойгоор сольж шинэчлэхийг шаарддаг. Гэсэн ч гүйцэтгэгч байгууллагууд Хятад улсад үйлдвэрлэгдсэн чанаргүй хоолой суурилуулах тохиолдол гардаг. Тухайлбал, Х цэцэрлэгийн шугамын засварын ажилд Хятад хоолой суурилуулж байсныг манай хяналтын инженер, шалгаж солиулж орос трубагаар хийлгэсэн.

- Ямар тохиолдолд Хотын захирагчийн албаны мэргэжилтнүүд хяналт тавьдаг юм вэ? Хяналт сайн тавиагүйгээс эргээд эвдрэх тохиолдол гардаг уу?

Ер нь бол Хотын захирагчийн албанаас зураг төсвийг нь гаргасан ажил дээр бид зохиогчийн хяналт тавьдаг. 

- Ер нь бол Хотын захирагчийн албанаас зураг төсвийг нь гаргасан ажил дээр бид зохиогчийн хяналт тавьдаг. Тэгэхээр миний жишээ авч дурдаад байгаа газрууд нь манай байгууллагаас зураг төсөв нь хийгдсэн, хяналт тавьсан ажлууд. Мөн хотын хэмжээнд гэнэтийн осол аваар гарсан тохиолдолд гэмтлийг засварлах ажилд бид хяналт тавьдаг.

- Хотын Захирагчийн албаны үндсэн чиг үүрэг нь юу вэ? Осол аваар гарсан шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах байгууллага гэж ойлгож болох уу?

- Хотын захирагчийн алба нь Орхон аймаг, Эрдэнэт хотын дэд бүтцийг хөгжүүлж, хотын иргэдийн амгалан, тайван орчинд амьдруулах чиг үүрэг бүхий байгууллага. Чиг үүргийнхээ хувьд Хот тохижуулах газар, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, Сууц өмчлөгчдийн холбоог нэгтгэж хамтран ажилладаг. Мөн ЭБЦТС, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нэмэгддэг. Ер нь бол хотын бүхий л дэд бүтэцтэй холбоотой байгууллагуудтай хамтран ажилладаг.

Авто замыг асфальтаар хучих, эвдэрсэн хэсгийг нөхөхөд шинэ технологи ашиглана

- Хотын дэд бүтцийн бүхий л асуудал танайд хамааралтай болохоор ярих зүйл маань өргөн цар хүрээг хамрах нь. Энэ жил Орхон аймагт зам засвар, нөхөөсний ажил хийгдээд дууссан. Үүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын чанартай 1001 замыг дөрвөн эгнээ болж өргөтгөх ажил байсан. Энэ юу болсон бэ?

- Дөмөг захын уулзвараас зургадугаар хороолол хүртэлх замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх ажил хойшлогдсон. Замын зураг төсвийг “Ростов” ХХК боловсруулж, тендер сонгон шалгаруулалт төрийн өмчийн хороон дээр явж байна. Шалгарсан компани ирэх хавраас ажлаа эхлүүлэх байх. Бидний хувьд өнгөрсөн жил Баян худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх зам засварын ажлыг шинэ шийдэл оруулж, хучиж дуусгасан. Тодруулбал, замын бордьюрийг борооны ус зайлуулах сувагтайгаар хийсэн. Ус зайлуулах системийг шийдээгүйгээс авто замын эвдрэл үүсдэг гэж хэлж болно. Явган зам ч ялгаагүй. Нэг зүйлийг хэлэхэд үерийн далан, борооны ус зайлуулах шугам хоёр, хоёр өөр зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 5, 6 дугаар хороололд хийсэн замын болон ус зайлуулах байгууламжийн ажлын үр дүнд зургаадугаар хорооллын зам дээр тунадаг ус багассан. Ус зайлуулах системийн ажил бүрэн дуусаагүй болохоор ус тогтоод байгаа асуудал гарч байгаа. Энэ ажил нийтдээ 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй Баянбулагийн багийн уулзвараас далд шугам явж зургаадугаар хорооллын нэгдсэн системтэй нийлэх юм. Ирэх жил үлдсэн ажил хийгдэнэ

- Зам засвар, нөхөөсний ажлын тухайд?

- 2018 онд Орхон аймагт авто замын 2210м2 нөхөөсний ажил хийсэн. 2019 онд хийгдэх замын нөхөөсний хэмжилтийг бид одоо хийж байна. Энэ хийсэн тоо хэмжээ дээрээ ажил гүйцэтгэх хүртэл гарах эвдрэлийг нэмж тооцдог. Яагаад гэвэл цаг хугацаа өнгөрөх тусам замын нүх тэлж, шинэ газар нүх үүсдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд энэ жил бид шинэ технологи туршсан. Өнгөрсөн жил Монголд ашиглалтанд орсон “Битумина Монголиа” үйлдвэрийн Улаанбаатар хотын авто замыг нөхсөн нөхөлтийг очиж үзээд туршилтаар аймгийнхаа 130м2 талбайд нөхөөс хийсэн. Энэ шинэ технологи нь -25 хүртэлх градуст нөхөлт хийх боломжтой. Эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлттэй.

Тэгэхээр бид заавал дулаарах буюу тавдугаар сарын 15-нийг хүлээлгүйгээр замаа нөхөх боломжтой.

 Дээрээс нь зам хаах шаардлагагүй, нөхсөн даруйд л машин зорчиж болдог. Энэ технологиор мөн ирэх жил бид замаа нөхнө. Тэгэхээр бид заавал дулаарах буюу тавдугаар сарын 15-нийг хүлээлгүйгээр замаа нөхөх боломжтой. Энэ жилийн тухайд нөхөлт дууссан, төсөв байхгүй байсан учраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар таван сая төгрөгийнтөсөв батлуулж, туршилтын журмаар эрэмбэ гаргаж, зайлшгүй шаардлагатай 130м2 талбайг нөхсөн. Ирэх жилээс энэ асуудлыг бүрэн шийдэх болно.

- Халуун, хүйтэн асфальт үнэ өртгийн хувьд ялгаатай юу?

- Хүйтэн асфальт арай өндөр үнэтэй. 10 см-ийн зузаантай 1м2 хэмжээтэй замыг нөхөхөд 2 шуудай материал орж байгаа. 1 шуудай нь 25.000 төгрөг. Энэ бол зөвхөн түүхий эдийн зардал. Үүн дээр давтах, хөрөөдөх машины шатахуун, ажиллах хүчний цалин гэх мэт зардал орно. Ингээд тооцохоор халуун асфальттай харьцуулахад үнэ нь өндөр. Гэхдээ үүнээс гарах үр өгөөж, чанарыг аваад үзвэл үр дүн нь илүү байгаа юм. Цаг алдалгүй хурдан замаа нөхсөнөөр нүх томрохгүй байхаас гадна иргэдийн автомашины эвдрэл гэмтэл багасч, аваар ослоос урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна.

- Чанарын хувьд?

- Сая туршилтаар нөхсөн 130м2 замд одоогоор бол ямар нэгэн алдаа дутагдал гараагүй байна. Орхон аймаг жилдээ 3000м2 орчим замын нөхөөс гардаг. Ирэх жил бид 1000м2 замыг хүйтэн асфальтаар, үлдсэнийг нь уламжлалт аргаар нөхнө гэж төлөвлөж байна. Тэгэхээр одоо үлдсэн байгаа нүхийг заавал цаг агаар дулаарахыг хүлээлгүйгээр нөхчхөж болно. Он гарлаа, төсөв батлагдаад, сонгон шалгаруулалтын ажил хийгдээд л шууд нөхнө гэж төлөвлөж байна. Ер нь аливаа зүйлийг туршиж байж л сайжирна. Юу ч хийхгүй байснаар гэнэт сайжирна гэж байхгүй. Тэгэхээр үр дүнг нь харьцуулаад харж болно. Мөн туршилтын нөхөөсний ажлыг хийж гүйцэтгэж байх үед иргэдээс зарим асуултыг тавьж байсан. Тодруулбал, Холбооны газраас Барилгачдын талбай хүртэлх төв замыг нөхсөнгүй гэдэг шүүмжлэл гарсан. Энэ замын нүхийг бид зөвхөн томчилж хүйтэн асфальтаар нөхсөн. Учир нь 2019 онд өргөтгөж шинээр хучиж, бордьюрийг солино. Тиймээс замын засварын ажлыг түр орхисон. Энэ замыг засах хөрөнгөө хэрэгтэй газар нь зарцуулаад ирэх жил бүтэн зассан нь дээр шүү дээ.

2019 онд 18 байршилд 7885м2 явган зам шинэчилнэ

- Нэгэнт замын талаар ярьж байгаа болоор явган замын асуудлыг орхигдуулж болохгүй байх. Хот байгуулагдаад 44 жил болох гэж байна. Үүнтэй зэрэгцээд нэг ч удаа засвар ороогүй явган хүний зам байна. Тодруулбал, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлж хүүхэд багачуудаа салхилуулдаг гэрэлт гудамж, гендрекцийн урд талын хэсэг хүүхэд байтугай том хүн явсан ч шургаж уначих гээд байдаг хэсэг. Хот доторх явган замыг шинэчлэх ажил 2019 онд хийгдэх үү. Танайх засварлах шаардлагатай газруудын судалгаа гаргаж байсан?

- Аймгийн хэмжээнд 90,000м2 гаруй явган зам байна. Үүнээс дийлэнх нь буюу 70.000м2 орчим нь хуучин зам. Эрдэнэт хотын 30 жилийн ойн хүрээнд 24,000м2 явган зам засч, шинэчилсэн байдаг. Жил бүр бага багаар буюу 200-700м2 явган замыг засч байгаа. 2019 онд явган зам дээр илүү их анхаарал хандуулахаар төлөвлөж, бүх судалгааг гаргасан. Ирэх жил 7885м2 зам засварын ажил хийхээр зураг, төсөв гаргаад байна. Тухайлбал, та бидний сайн мэдэх, гэрэлт гудамж, усан оргилуурын хэсэг.

Ер нь эвдрэлтэй газраа харж байгаад л солих шаардлагатай хэсэг 18 байршилд 7885м2 явган зам хийхээр зураг төсөв боловсруулсан.

Энэ хэсгийн явган замыг бүрэн засварлана. Мөн Холбооны газрын дагуу авто замын өргөтгөлийн ажлыг хийхдээ явган хүний замыг засварлана. Ирэх жилийн явган замын засварын төлөвлөгөөнд Эврикагаас гурван замын уулзвар хүртэл, урт цагааны төгсгөлөөс худалдаа хөгжлийн банк хүртэл, барилгачдын талбай, Хаан банкны уулзвараас урагшаа аюулгүйн тойрог хүртэл, Мэнд амар худалдааны төвөөс тавдугаар сургуулийн уулзвар хүртэл гэх мэт газруудад хийнэ. Ер нь эвдрэлтэй газраа харж байгаад л солих шаардлагатай хэсэг 18 байршилд 7885м2 явган зам хийхээр зураг төсөв боловсруулсан. Үүнийг АИТХ-ын төлөөлөгчид дэмжиж төсөв, хөрөнгийг нь баталж өгөөсэй гэж хүсч байна.

Будагдаагүй үлдсэн орон сууцны таван байрны фассадыг ирэх хавар будна

- Үргэлжлүүлээд орон сууцны хороолол руу оръё. Будагдаагүй байрны фассадыг хэзээ будаж дуусгах вэ?

- “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймаг хамтын ажиллагааны хүрээнд урд жилүүдээс хийгдэж ирсэн ажил. Аймгаас фассадны будагны үнийг гаргаад гүйцэтгэлийг “Эрдэнэт” үйлдвэрийн РСЦ ХХК тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж будсан. Одоо Бүрэнбүст багийн таван байр үлдээд байна. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн. Хөрөнгө мөнгө нь саяхан шийдэгдэж худалдан авах ажиллагаа зарлагдаж компаниуд шалгарсан. Гэхдээ цаг агаар хүйтэрсэн хийх боломжгүй учраас холбогдох албаныхан хуралдаж хавар энэ ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

- Зарим байрны фассад эхнээсээ халцарч эхэлсэн байсан?

- Энэ тохиолдолд тендер сонгон шалгаруулалтыг орон нутаг хариуцаж явуулаагүй учраас учир дутагдал байна. РСЦ компанид “Барилгын баталгаат хугацаандаа байгаа учраас засварлаач” гэдэг албан бичиг явуулдаг ч хариу ирэхгүй л байна. Ер нь бол орон нутаг л хийх ажил байсан. Учир нь хяналт тавихад илүү хялбар болох байсан. Өмнө нь ингэж шийдэгдсэн учраас өөрчлөх боломжгүй байсан. Үлдсэн таван байрны тендерийг орон нутгаас зохион байгуулж байгаа учраас бид 100 хувь хариуцаад явна.

Хот тохижуулах газар парк шинэчлэл хийхгүйгээр хог хаягдлын менежментийг сайжруулах боломжгүй

- Хотын захирагчийн албаны даргатай ярилцаж байгаагийн хувьд хот тохижуулах газрын менежментийн асуудлыг ярихгүй байж болохгүй нь. Хот тохижуулахынхан улиралд нэг удаа хог ачиж байгаа шалтгаанаа техник тоног төхөөрөмжийн хүчин чадалтай холбодог. Энэ газарт парк шинэчлэл хийхэд 2 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг. Одоогийн нөхцөлд энэ мөнгийг төсвөөс гаргах бололцоогүй. Хэзээнээс иргэд энэ асуудалд бухимдахаа болих вэ?

- Хот тохижуулах газар нь 200 гаруй ажилтантай. Орхон аймаг, Эрдэнэт хотын газар нутаг, хүн амын тоотой харьцуулахад 200 орон тоо маш чамлалттай, бага тоо. Нэг ажилтан норм хэмжээнээсээ давсан их ажил хийж байгаа. Дээр нь Хот тохижуулах газрын техник тоног төхөөрөмжийн асуудал тун хүндрэлтэй. Одоо 70,80-аад онд ашиглаж байсан ЗИЛ-130 машинууд хог ачилтанд явж байна. Ашиглалтын зардал өндөр, 100 километрт 30, 40 литр бензин зарцуулдаг. Гэтэл бид хэддүгээр зуунд амьдарч байна, техник технологи хэр хөгжсөн билээ. Ингэхээр техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Одоо байгаа нөөц, бололцоогоороо гэр хорооллын айл өрхийн хогийг улиралд 1 удаа ачиж байна. Бид энэ давтамжийг нь ойртуулахын тулд Хот тохижуулах газарт хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжинд хоёр хово, нэг ачигч авч өгсөн. Ингээд 10 хоногт ачдаг байсан хогийг 5 хоногт ачиж, нэг хово гурван самасволийн ачих хогийг 1 удаа ачиж байна. Шатахууны зардлаас гадна цаг хугацаа хэмнэж байгаа юм. Бид парк шинэчлэлийнхээ ажлыг үргэлжлүүлж ирэх жилийн төсөвт дахин хоёр хово машин авах санал оруулж байгаа. Мөн манай аймгийн хог ачилтын үнэ хямд. Бидний ойролцоо Булган, Дархан-Уул аймагт хогны хураамж сардаа 1500-2500 төгрөг байхад бид сардаа 1000 төгрөг л авдаг. Энэ нь ачилтын зардлынхаа хаана ч хүрэлцдэггүй.

- Иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд хураамжаараа өөрсдийгөө санхүүжүүлээд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийх ёстой. Үнийн хувьд тооцоо судалгаа гаргасан зүйл байдаг уу? Хогны төлбөр хэд болоход үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэх, парк шинэчлэлийг хийх боломжтой вэ? Орон нутгаас техник тоног төхөөрөмжүүдийг нь үе шаттайгаар шинэчлэх боломж хэр байгаа вэ? Хог боловсруулах үйлдвэр барих асуудал юу болсон бэ?

- Сарын төлбөрийг 2500 төгрөг болговол Хот тохижуулах газар өөрсдийн нөөц бололцоогоор парк шинэчлэлээ хийгээд, үйл ажиллагаагаа сайжруулаад явах боломжтой болно гэж үзэж байгаа. Үүнийг мөн илүү тодруулж судлах байх. Парк шинэчлэлийг бол бид бага багаар шийдээд явж байгаа. Хог боловсруулах үйлдвэрийг Польш улсын хөрөнгө оруулалтаар барихаар болж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандсан байгаа.

Орон нутгаас сууц өмчлөгчдийг холбоог бүхий л талаар дэмжин ажилладаг

- Иргэдийн хамгийн их бухимдалтай байдаг асуудал бол гэр хороололд хог ачилт, орон сууцанд СӨХ-ны асуудал. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? Мөн сууц өмчлөгчдийн холбоо танай харьяанд очсоноос хойш гарсан өөрчлөлт бий юу?

- 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн Сууц өмчлөгчдийн холбоод манай харьяанд шилжсэн. Энэ нь бид 100% СӨХ-ын ажлыг хянан, үйл ажиллагаанд нь оролцоно гэсэн үг биш. Сууц өмчлөгчдийн холбоо өөрөө “Сууц, өмчлөгчдийн холбоодын эрхзүйн байдлын тухай” хуулийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагдаг. Хуулиараа бол иргэд СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж, СӨХ-ны даргыг томилж чөлөөлөх асуудлыг шийдэх эрхтэй гэж заасан байгаа. СӨХ нь Хотын захирагчийн албаны харьяанд ирснээс хойш олон дэвшил гарсан. Тодруулбал, СӨХ-ны дарга нар орон нутгийн Засаг захиргааны шуурхайд сууж цаг үеийн мэдээллүүдийг түргэн шуурхай авдаг болсон. Хоёрдугаарт, СӨХ хамтран ажиллах шаардлагатай Хот тохижуулах газар, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ зэрэг газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, уг байгууллага зөв салбартаа орж ирсэн гэсэн үг юм. Иргэд СӨХ-ны талаар хураасан мөнгөнийхөө хэрээр үйлчилгээ үзүүлдэггүй гэдэг асуудлыг тавьдаг. Тэгэхээр СӨХ-ны дарга нарыг тайлан тэр дундаа санхүүгийн тайлангаа иргэддээ сайн танилцуул гэдгийг хэлж, сануулж байна. Эхнээсээ олон нийтийн цахим сүлжээгээр мэдээллүүдээ тавьж эхэлсэн. СӨХ-ны үйл ажиллагааг мэдээлдэг facebook групп, олон нийтийн сүлжээ болон 7035-3511 ирсэн санал гомдлыг манай албаны СӨХ хариуцсан мэргэжилтэн хянаж, асуудал гарангуут арга хэмжээ аваад явдаг.

- Сууц өмчлөгчдийн холбоодод төр захиргааны байгууллагын зүгээс хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

- “Сууц өмчлөгчдийн холбоодын эрхзүйн байдлын тухай” хуулинд орон нутаг, засаг даргын хүлээх үүрэгт төрөөс нэг удаадаа дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу бид 2017 онд орон нутгийн зүгээс 73 блок дээврийг 1.5 тэрбум төгрөгөөр, 2018 онд 44 блок дээврийг 970 сая төгрөгөөр засварласан. Орхон аймаг 112 байрны 363 блок дээвэртэй. 2010 оноос хойш 317 блокыг засварласан байна. Мөн дээрээс нь гадна талын фассад будах, соронзон кодтой хаалга суурилуулах зэрэг төсөв өндөртэй ажлуудыг хийсэн.

Орхон аймаг 112 байрны 363 блок дээвэртэй. 2010 оноос хойш 317 блокыг засварласан байна.

  Орхон аймгийн хэмжээнд өнөөдөр 35 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд мөн өөрсдийн хөрөнгө 260 сая төгрөгөөр орц, хаалга, цонх, сантехникийн засвар, ариутгалыг энэ онд хийсэн гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.

- Орон нутгаас сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дэмждэг учраас зарим зүйл дээр ялангуяа санхүүгийн тал дээр хяналт тавих боломж байдаггүй юм уу. Хуулиараа болохоор зөвхөн иргэд хяналт тавих боломжтой гэж заасан байгаа нь эргээд олон хардлагыг төрүүлээд байдаг?

- Бид тодорхой хэмжээний хяналт тавьдаг. Үүнд санхүүгийн хяналт ч багтана. Хамгийн сүүлд буюу 2016 онд Орхон аймагт байгаа сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулсан баг аудитын шалгалт хийсэн. Тайланг нь би үзэж танилцаж байсан. Энэ бол хяналтын хэлбэр. СӨХ-ны асуудал бол иргэддээ ажлаа ойлгуулж чадахгүйд байгаа юм. СӨХ хурлаа хийхдээ иргэдийнхээ оролцоог хангах, дор хаяж иргэдийн 50-иас дээш хувийг оролцуулах хэрэгтэй. Мөн иргэд өөрсдөө хуралдаа оролцдог байх шаардлагатай. Тэгэхээр хоёр талын хоорондын ойлголцлын асуудал л байгаа.

Өргөтгөл ашиглалтанд орсны дараа цэвэрлэх байгууламжийн ашиглагч хэн байх нь тодорхойгүй байна

- Ярилцах зүйлсийнхээ төгсгөлд цэвэрлэх байгууламжийн талаар асуумаар байна. Миний санаж байгаагаар энэ оны 8 сард хүлээн авах байсан. Энэ ажил юу болсон бэ?

- Барилгын ажил төлөвлөгөөний дагуу энэ жил дуусах ёстой. Анх 2013 оны долоон сард барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ барилга цэвэрлэх байгууламжийн өргөтгөл учраас одоо байгаа өмнөх байгууламжтайгаа нэгэн цогц болох ёстой. Энэ байгууламж 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтэж байгаа. Үүний 9,2 тэрбум төгрөгийг нь Монгол улсын Засгийн газраас, үлдсэн 16,8 тэрбум төгрөгийг нь Франц улсын Засгийн газраас тус тус санхүүжүүлж байна. Энэ байгууламж дээр улсын комисс есөн сарын 26-ны өдөр ажилласан. Комиссоос тодорхой хэмжээний үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компанид өгсөн. Үүрэг даалгаврын биелэлтийн дараа улсын комисс ажлаа хүлээж авбал ашиглалтанд орно гэсэн үг.

- Цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтанд орох гэж байна. Ашиглагч байгууллага нь тодорхой болсон уу?

- Одоо ашиглагдаж байгаа цэвэрлэх байгууламж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяанд байдаг. Баригдаж байгаа өргөтгөл нь энэ байгууламжтайгаа уялдах ёстой учраас нэг бол орон нутаг, нэг бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК хариуцна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай аймаг орон нутгийн удирдлагууд ярилцаж байна. Орон нутаг үйл ажиллагааг нь даагаад аваад явах шийдвэр гарвал одоо байгаа цэвэрлэх байгууламжийн ажилтан албан хаагчид нь орон нутаг руу шилжих болно. Энэ бол хэцүү, зарим талаараа ярвигтай асуудал. Тиймээс аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хоёр гэхээсээ илүүтэй Засгийн газар, Төрийн өмчийн хороо, яамдын асуудал тул бид хүсэлт гаргаж байгаа.

- Орон нутаг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг авч явах нөөц боломж бий юу?

- Одоо шууд аваад явна гэвэл боломжгүй

- Хотын захирагчийн албаны үйл ажиллагаа өргөн цар хүрээг хамардаг ч бид энэ удаад дээрх зүйлсийг онцолж ярилцлаа. Үүнээс гадна өргөтөл, нийтийн эзэмшлийн зам талбайтай холбоотой асуудлууд олон байдаг ч цаг тухай бүртээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэл нь иргэдэд хүрдэг учраас энэ удаад орхиё. Цаг үеийн асуудлаар бидэнтэй ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.

- Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

3 cэтгэгдэлтэй


loawl4 days ago 43.245.140.194

Команда Сопряжение в Автокад. Как сделать, построить Сопряжение в Автокад, смотрите, читайте на сайте.


ЗочинNov 2, 2018 66.181.184.79

ajlaa meddeg tsoon humuusiin neg dee


ЗочинNov 1, 2018 64.119.17.175

ХЗА БОЛОН ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА СӨХ НД МАШ их тусалж иргэдээс ирсэн санал хүсэлтийг газар дээр нь оршин суугчдын сэтгэлд нийцэхээр ажилласан та бүхэнд ажлын амжилт хүсье эрүүл энхийг хүсэн ерөөе