Skip to main content

Ц.Нямдорж: “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банкны асуудал эцсийн шатандаа орчихсон байгаа

Хууль зүйн сайд Ц.Нямдорж
    ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

    -"Эрдэнэт" үйлдвэрийн маргаан ямар шатандаа явж байна вэ. Улсын Дээд шүүхээс 49 хувийнхны нэхэмжлэлийн талд шийдвэр гаргачихлаа шүү дээ?

    -УИХ-ын шийдвэр хэвээрээ байгаа. УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр нь хэвээрээ байгаа. Хамгийн гол хоёр нь хэвээрээ байна. Засгийн газрын өмнөх шийдвэрийг шүүх будлиулсан бол Засгийн газар дахиад авч хэлэлцэх эрх нь нээлттэй байгаа. Сая шүүх дээр болсон гол дургүй хүргээд байгаа юм бол ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар энэ хэргийг шийдсэн. Би олон удаа ярьж байна. М.Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар асуудлыг шийдэх нь хуулиар хориотой. Саяын Дээд шүүхийг тэр Батсуурь л даргалсан юм билээ. Шийдвэр нь урьдчилаад гарчихсан байсан. Төрийн эрх барих байгууллагын шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүчинтэй. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэсэн тогтоол батлагдсан. Энэ бүхнийг зөрчсөн.

    -Засгийн газар давж заалдах уу?

    -Одоо Засгийн газрыг төлөөлж хуралд орсон хүмүүс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид асуудал тавих ганц л арга байгаа. Гэхдээ энэ бол ойлгомжтой асуудал. Би дэндүү ойлгомжтой байсан учраас яриад байсан. Хууль хүртэл оруулж үзсэн. Ийм юм болох гээд байсан учраас хуулийн гарцаар асуудлыг нэг шийдье гэж санал оруулаад АН-ынхан завсарлага аваад хуулийн хэлэлцүүлгийг тасалдуулсан. Энэ хуйвалдаан хэзээ нэг цагт дуусна. Эцсийн шийдвэр гарлаа л гээд сурталчлаад байна. УИХ-ын шийдвэрийг ерөөсөө ярихгүй байгаа. Цэцийн шийдвэрийг ярихгүй байнаа. Наад улсаас гарсан мөнгө гэдэг чинь үнэн шүү дээ. 100 тэрбум төгрөг улсаас гарсан. Монголбанкы Н.Золжаргал 100 тэрбум төгрөгийг Д.Эрдэнэбилэгийн компани руу оруулаад бас нэг садангийнх нь шахуу хүний данс руу ороод гурван өдрийн дараа Ц.Пүрэвтүвшингийн хувийн данс руу орчихсон. Тэгээд л эхний 5 сая ам.долларыг төлчихсөн шүү дээ. Ийм зүйлийг шалгах гэхээр шалгуулахгүй байна. Цагдаа нар хэр чинээгээрээ ажиллаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой зарим хүнийг бариад эхэлсэн. Мөн “Стандарт” банканд мөнгө төлөх асуудал яригдаж байгаа. Ямар зохицуулалт явж байгаа вэ?

    -“Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-ийн Ш.Батхүүд гаргаж өгсөн баталгааны асуудал л яригдаж байгаа. Одоо 51 хувь гэдэг үгээ мартах хэрэгтэй. Албан ёсоор Засгийн газарт Лондонгийн шүүхээс хандаж, шийдвэрийг хэрэгжүүл гэдэг санал ирээгүй. Одоогоор “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэр хоёрын хоорондын асуудал эцсийн шатандаа орчихсон байгаа. Эцсийн дүндээ Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгөөрөө хариуцах асуудал бий. Тэр хүний хөрөнгүүд хаашаа орсныг шалгах хэрэгтэйг би хэлээд байгаа. 2013 оны Ш.Батхүүгийн хөрөнгийг хураасан үе Лондонгийн шүүхтэй давхцаад байдаг. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгах гэж оролдоод л байж байна. Би яагаад хөрөнгийг нь хураасныг шалга гэж байгаа. Цаана нь нарийн зүйлүүд байгаа.“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банк хоёрын хоорондын харилцааны асуудал л байгаа. Засгийн газарт албан ёсоор хүсэлт тавиагүй байхад оролцох оролцоо муутай. Гэхдээ улсын хөрөнгө асуудалд орж байхад Засгийн газар тоохгүй суугаад байж болохгүй. Хүүгийн төлбөрийн асуудал үүсгэлээ гэхэд нь Засгийн газарт танилцуулсан. Тэр үед улсын хөрөнгөөр луйварчны өрийг дарах нь гэж шуугисан. Ер нь АТГ, прокурор Ш.Батхүү гэдэг хүний асуудлыг нэг тийш болгоод алга болсон хөрөнгө нь хааш алга болсоныг тогтоох хэрэгтэй. Тэгсэн цагт Ш.Батхүүгийн хөрөнгөөр өрийг дарах боломж гээд гарц бий. Баахан бензин колонк байсан, банк байсан. Тэр хөрөнгүүд хаана байгааг тогтоох хэрэгтэй.

М.Бүүвэй

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй