Ярилцлага

Б.Бат-Эрдэнэ: Миний хүсэл бол “Эрдэнэт хотод маань нэг ч гэсэн бүтээн байгуулалт хийгдээсэй”

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хүнийг өөр ажилд шилжүүлсэн. Орных нь хүнийг хэзээ томилох вэ, даргагүй байх хугацаанд ажил цалгардах зүйл гарч байна уу?

-ЗГХЭГ тэргүүн дэд даргаас гадна хоёр дэд даргатай. Одоогоор тэргүүн дэд даргын ажлыг У.Бямбасүрэн дарга түр орлон гүйцэтгэж байна. Тийм учраас ажил цалгардах тохиолдол гэж гарахгүй.

- Цахим бодлогын түр хороо байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Хэзээнээс ажил хэрэг болох вэ, бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?

-Энэ талаар УИХ-аас шийдвэр гаргасан ч одоогоор Түр хороо хуралдаагүй байна. Анхны яриагаар Түр хороо байгуулсаны дараа Засгийн газрын дэргэд Тусгай хороо байгуулах ёстой. Дунджаар 616 орчим зөвшөөрөл иргэдэд олгогддог. Эдгээрийн 80-85 хувийг нь анхан болон дунд шатанд олгодог. Тодорхой зөвшөөрлүүдийг цахимжуулах ажил хийнэ.

-Төрийн үйлчилгээг цахимжуулах нь мэдээж олон талын ач холбогдолтой байж таарна?

-Үүний ач холбогдол нь маш өндөр бөгөөд олон талтай. Тухайлбал, наад зах нь замын түгжрэл буурна. Төрийн байгууллагыг зорьж буй иргэдийн цуваа багасч,хүнтэй биш цахим хэлбэрээр харилцана. Үүний цаана авлига, албан тушаалын хүнд суртал цэгцэрнэ. Эхний ээлжинд ОӨУБЕГ, Гааль, татвараас эхлээд төрийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.Наад зах нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд дугаар авдаг, дараа нь эмчийнхээ үүдэнд очоод бас л дугаарладаг. Тэгвэл гэртээ байхдаа цахимаар цаг аваад шууд очоод үйлчилүүлдэг баймаар байна шүү дээ. Засгийн газрын хуралдаанаар Тусгай хороо байгуулах асуудлыг эцэслэсний дараа энэ бүх ажлыг хийж эхэлнэ.

- Төрийн байгууллагуудыг ажлын цагаар фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээнд орохыг хориглосон. Энэ шийдвэр хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?

-Энэ бол интернэт биш сошиал гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк, твиттер, инстаграм зэргийг ашиглахыг хориглож байгаа юм. Энэ нь нэг талаас ажлын бүтээмжийг сайжруулах зорилготой. Төрийн албан хаагчид ажлын цагаар ажлаа л хийх ёстой биз дээ.

Олон нийтийн сүлжээгээр тархсан нэг зураг бий шүү дээ. Хүмүүс цаана нь дугаарлачихсан байхад наана нь төрийн албан хаагч фэйсбүүк ухаад сууж байх жишээний. Энэ байдлыг л халах зорилготой. Хоёрдугаарт, энэ шийдвэрийг манайхан “сошиал хаалаа” гэж яриад байгаа юм. Гэтэл үүний цаана кибер аюулгүй байдлаас хамгаалахтай холбоотой том асуудал бий. Олон нийтийн цахим сүлжээгээр дамжаад гадаадын цахим халдлага маш ихээр орж ирдэг. Ядангуяа Монголын төр мэдээллийн сангаа хакердуулах, мэдээллээ алдах, устгуулах хэмжээнд хүртэлх гаднынхны халдлага гарч байгаа шүү дээ. Энэ бүхнийг л цэгцлэх зорилготой юм.

- Хяналтыг ямар байдлаар тавьж байна вэ, мэдээж хүн бүрийн компьютерийг шалгаад явахгүй байх?

-Төрийн байгууллага бүрт, шат шатандаа албан бичиг хүргүүлсэн. Албан байгууллага бүр цахим хэлтэстэй, IT хариуцсан мэргэжилтэнтэй. Тиймээс төрийн албан хаагчдын сошиал хэрэглээг хязгаарлаж, шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж байна гэж ойлгож болно.

-“Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргын хувьд ойрын үед ямар ажил хийж байна вэ? Ажил авснаасаа хойш тухайлбал ямар ажил амжуулав?

-“ЭрдэнэсТавантолгой”компанийн хувьд ойрын үед нэн тэргүүнд 1072 ширхэг хувьцаа гаргахтай холбоотой ажил ид өрнөж байна. Хөрөнгийн биржээр хувьцаа арилжина. 900 гаруй мянган иргэн өөрийн гэсэн хувьцааны данс үүсгээгүй байна. Тиймээс эдгээр хүмүүс данс үүсгэх шаардлагатай байгаа. Нийт хувьцааг гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахболон гадаадад IPO гаргахтай холбоотой ажил ч мөн ид өрнөж байна. “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс ч хувьцаа гаргах ажилд нэлээд анхаарч ажиллаж байгааг хэлье. Үүний хүрээнд нийт 13 алхам ажлыг хийж гүйцэтгэхээр байгаагаас гурвыг нь хийж дуусгаад байна.

-“Оюутолгой” компанид татвараас багагүй хэмжээний акт тогтоосон ч “Рио тинто” гийн зүгээс дийлэнхийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрвээ сарын хугацаанд ойлголцож чадахгүй бол олон улсын Арбитрын шүүхэд очиж мэдэх юм билээ. Энэ тухайд Засгийн газар ямар ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ. Хугацаандаа багтаад ойлголцож чадах болов уу?

-Хоёр талаас ажлын хэсэг гарсан, одоо ч ажиллаж байна. Эцсийн байдлаар дүгнэлтээ нэгтгээгүй байгаа учраас үр дүнтэй эсэх тухайд ярих нь эрт байна. Бид аль аль талдаа л үр дүнтэй байлгахаар хичээж байгааг хэлье. Хоёр тал бол аль болох Арбитрын шүүхэд очих хэмжээнд хүрэхгүй байх зарчим баримталж байна. “Рио тинто” компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээнээс гадна Монгол Улс өөрөө хууль, дүрэмтэй, тусгаар тогтносон улс шүү дээ. Тэгэхээр энэ хуулийнхаа хүрээнд бид нөгөө талд тавих ёстой акт, шаардлагаа тавиад л явна.

-Одоогоор хичнээн ажил хэсэг ажиллаж байна вэ. Гэрээнд өөрчлөлт оруулах тухайд ахиц байна уу?

-Үнэнийг хэлэхэд, бид энэ тухайд буюу гэрээнд өөрчлөлт оруулах эсэх гэх мэт ажлын хэсгийн төвшинд хийж буй яриа хэлэлцээртэй холбоотой асуудлаар нууцын гэрээнд гарын үсэг зурсан. Тэгэхээр таны асуусан болон бусад мэдээллийг өгөх боломжгүй байна.

-ЗГХЭГ-ын дэд дарга Эрдэнэтийн цэнгэлдэх хүрээлэнгийн газраас хумслаад орон сууц барих гэж байна гэх маргаан дэгджээ. Энэ тухайд та албан ёсны тайлбар өгнө үү. Яагаад заавал наадмын талбайн газарт барилга барих гээд байгаа юм бэ, өөр газар олдоогүй юм уу гэх мэт олон асуулт байна?

-Албан тушаалаа ашиглан, газар авсан зүйл байхгүй гэдгийг юуны өмнө албан ёсоор хэлье. Мөн энэ талаар уншигчдад бүрэн дүүрэн мэдээлэл өгөхийн тулд дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Энэ бол 2017 оны нэгдүгээр сараас эхлэн яригдсан асуудал. Эрдэнэт хот болон Солонгосын Шихэн хотын найрамдалт харилцааны хүрээнд хийж буй ажил байгаа юм. 2016 оны есдүгээр сарын 25-нд анхны уулзалт Шихэн хотод болж, хоёр хотын найрамдалт харилцааны хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарт болон багш, оюутан солилцоо зэрэг олон хөтөлбөр боловсруулж, хамтран ажиллахаар болсон. Хамгийн анх өнгөрсөн оны нэгдүгээр сард БНСУ-ын талынхан Эрдэнэт хотод ирсэн л дээ. Тухайн үед миний бие ямар нэгэн албан тушаал хашдаггүй байсан. 2017 оны дөрөвдүгээр сарын 6-нд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нэр дээр тухайн газрыг орон сууцны зориулалттай барилга барих гэсэн зөвшөөрөл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, миний юмуу БНСУ-ын талын нэр дээр газрын зөвшөөрөл гаргасан эсвэл шилжүүлсэн зүйл байхгүй. Тухайн газар одоо ч аймгийн ЗДТГ-ын нэр дээр бий. Орхон аймгийн ЗДТГ-ын зүгээс наадмын талбайн төлөвлөлттэй холбоотойгоор орон сууцны хотхон барих асуудлыг тусгасан байдаг. Орон сууцны хотхон бариулах саналыг бидэнд тавьсны дагуу миний бие БНСУ-ын талтай ярилцаад 24 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Гарааштайгаа нийлээд таван давхар, зургаан блок,288 айлын орон сууцны ажил барьж байгуулахаар Солонгосын талтай ярилцаж шийдсэн.


-Өөр газар олдоогүй эсэх тухайд?

-Наадмын талбайн хашаан дотор ч гэлээ талбайгаасаа бараг 600 гаруй метрийн зайтай газар л даа. Түүнчлэн энэ газарт наадмын үеэр л иргэд машинаа байршуулдаг, бусад үед хэрэглэдэггүй. Цаашлаад тухайн хэсэгт байсан модыг тайрсан гэж яриад байгаа юм, гэтэл наадмын үеэр олон машин оруулж зогсооход ялгаагүй л мод бутыг нь талхалчихдаг. Олон хүний хөлөөр талхалсан газрыг ногоон төгөлтэй, хүүхдийн тоглоомын талбайтай, ая тухтай орчин л болгох гэж хүссэнээс өөргүй.Өнөөдөр ч очоод хайсан, орон сууцны хотхон барих хэмжээний газар Эрдэнэтэд байхгүй. 2012-2016 оны хооронд тухайн үеийн аймгийн удирдлагууд боломжит бүхий л газраа зарж, хувьчилсан гэсэн. 2017 оны дөрөвдүгээр сар гэдэг нь тухайн үед би ямар нэгэн албан тушаалгүй байсан учраас хэн нэгэнд нөлөөлөх байдлаар газар авах ямар ч боломж байхгүй байсан гэдгийг тодотгоё. Аймгийн удирдлагууд төлөвлөлтийнхөө хүрээнд энд ийм хотхон байгуулъя гэдэг шийдвэр гаргасан юм шүү дээ. Миний хувьд зөвхөн газар дээр нь бүтээн байгуулалт хийхийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь л олж өгсөн гэсэн үг. Цаашдаа өнөөдрийн байдлаар наадмын талбайн төлөвлөлтөд багтсан битүү ордны ажлыг хөөцөлдөөд л явж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй адилхан амарч зугаалах газар байгуулах ажлыг ч хөөцөлдөж байна. Мөн хот тохижилттой холбоотой буюу хогийн дөрвөн машинтай болох ажлыг ч ярилцаж эхэлсэн. Энэ бүгдийг Орхон аймгийнхан маань тосоод авна уу түлхээд хаяна уу өөрсдөө л шийднэ шүү дээ.

- Тэгэхээр та цаашид ч Эрдэнэтэд бүтээн байгуулалтын ажилд гар,бие оролцоод явна гэсэн үг үү?

-Миний хувьд 2010 оноос хойш Эрдэнэт хотод маш олон ажил хийсэн. Үүнд сайн санааны ажил ч бий. Олон ч бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн. Энэ хугацаанд элдэв хэл ам гарч байгаагүй. Гэтэл ЗГХЭГ-т ажиллаж эхэлсэн цагаас хойш, цаашлаад магадгүй 2020 оны сонгуульд нэр дэвших нөлөө бүхий хүмүүсийн нэг гэдэг утгаар асуудалд хандаж байхыг үгүйсгэхгүй. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудал эргээд л газартай холбоотой яригдаж таарна. Энд ганцхан жишээ татахад, Орхон аймгийн улс төр хийгчид наадмын талбайд барьж байгуулах гэж буй хотхоныг л яриад байдаг. Гэтэл хажууханд нь байрлах хүүхдийн паркыг хувьчилчихсан шүү дээ. Хэн гэдэг хүн авсан нь одоо ч тодорхойгүй. Ингэснээр паркын хашаанд аймгаас юмуу захиргаанаас ганц ч хөрөнгө оруулалт хийж чадахгүй болсон. Ядаж л зүлгийг нь ч услах эрхгүй болсон байна шүү дээ. Үнэхээр зарчим ярих гэж байгаа бол яагаад энэ асуудлыг ярихгүй байгаа юм бэ.


-Нөгөөтэйгүүр гаднаас татаж ирсэн хөрөнгө оруулалтыг хаана ч ашиглаж болох байсан болов уу. Энэ мэтээр эерэг талаас нь харалгүйгээр улс төр хийгээд байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна гэж та харж байна вэ?

-2020 оны сонгууль л байх даа. Энэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг харлуулж, улс төржүүлж байгаа хүмүүс нь дандаа АН-ынхан байна лээ. Миний хувьд 2010 оноос хойш Орхон аймгийн Цагаанчулуут багийн МАН-ын үүрийн гишүүнээр ажиллаж байна. Аймгийн намын хорооны Бага хурлаас МАН-д Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Би хэрвээ бизнес эрхлэх сонирхолтой байсан бол солонгосчуудтай хамтарсан компани байгуулаад Улаанбаатар хотод орон сууц барьж болох байсан. Өртөг арай өндөр, барилга барих зардал арай хямд тусна шүү дээ. Гэтэл би бизнес өнцгөөс асуудалд огт хандаагүй. Миний хүсэл бол “Эрдэнэт хотод маань нэг ч гэсэн бүтээн байгуулалт хийгдээсэй”. Тиймээс хувийн эрх ашгийн үүднээс хандаагүй. Ингэснээр нэг ч гэсэн айл орон сууцтай болох, цаашлаад агаар, хөрсний бохирдол бага ч гэсэн арилаасай л гэж хүссэн. Ер нь аливаа бүтээн байгуулалтыг улстөржүүлмээргүй байгаа юм. Ард түмний төлөө хийж буй нэг ч гэсэн ажлыг улстөржүүлэлгүйгээр явуулчихвал тухайн орон нутагтаа л үлдэнэ шүү дээ. Гэтэл аль нэг нам, хүчнээ нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил хийчихвий гэдэг үүднээс асуудалд хандмааргүй байна. Ийм хандлагаасаа салсан цагт л бид хөгжил дэвшил, сайн сайхан орчинд амьдрах боломж бүрдэнэ шүү дээ.

-Тэгэхээр таны өнөөдрийн ажил, албан тушаалтай огт холбоогүй ажил юм байна гэж ойлголоо?

-Тэгэлгүй яахав, ямар ч хамааралгүй гэдэг нь цаг хугацааны дарааллаас шууд харагдана. Жишээлбэл, БНСУ-ын Шихэн хотынхон 2017 оны нэгдүгээр сарын 8-нд Монголд ирж уулзаж байсан. 2017 оны дөрөвдүгээр сарын 6-нд Орхон аймгийн ЗДТГ-аас газрын зөвшөөрлийг нь гаргаж байсан. 2017 оны аравдугаар сарын 24-нд хоёр хотын хоорондын найрамдалт харилцааны хүрээнд санамж бичиг үйлдсэн. Харин би 2018 оны нэгдүгээр сарын 31-нд ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон хүн. Ингээд харахаар энэ хоёр үйл явдал хоорондоо огт холбоогүй юм.

-АН-ынхны хардаад байгаачлан та ирэх сонгуульд МАН-аас Орхон аймагт нэр дэвших үү?

-Тэр бол цаг хугацааны л асуудал. Тэгээд ч би өнөөдөр төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч шүү дээ. Энэ нь улс төрөөс ангид гэсэн үг. Ер нь улстөржилт, талцал хуваагдал Монголын хөгжлийн гол гацаа нь болчихоод байгааг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Тэгэхээр сонгуулийн үеэр сонгуулиа явуулах нь зөв ч хэн нэгний нэрийг сэвтээх, хар толбо үлдээхийн төлөө биш асуудалд илүү бүтээлчээр, ард түмнээ сайн сайхан амьдруулахад та бидний оролцоо ямар байх вэ гэдэг үүднээс өрсөлддөг байгаасай гэж хэлье. Сонгууль бодож амьдрахаа болих хэрэгтэй.

Ярилцсан М.Өнөржаргал

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

11 cэтгэгдэлтэй


ЗочинJun 16, 2018 66.181.186.10

Энэ нөхөр сүүлийн үед Эрдэнэтэд хайр зарлаад байгаа.


ZochinJun 12, 2018 202.131.243.190

Erdeneted todorhoi tomoohon buteen bosgolt haana hiigdeed bgaa yum. Zun taldaa orloo. Harin sayahan Darhanaar dairsan tend bol yum hiigdej bnaa. 1-r 10-n jiliin orgotgoliin barilga gej neg ajil ehelsen. Toiruulj barisan hashaa, ovoolson shoroo, suuri tsutgahad ashiglah gej bgaa baahan modon hairtsag l ovoolood l hiij bgaa yum bagatai odor ongorooson, hur boroo orvol bayarlasan iim l dur torhtei bna shuu dee. Ingej l ajil yavagdahaar yaj ch hogjil yarih bilee. Amaaraa bol 10-n heden horoolol ene zun bariad namar ashiglaltand ogchih uhaanii l yum yarina. Am ajliin negdel gej daanch alga daa. Deer ni Bat-erdene geh zaluu darga erdeneted yu hiij buteej giiguulsen yum be. Hiisen zuilee too barimttai ni haruulaach. Hudlaa neg ih erdeneted hairtai dur esgeh hereggui


ЗочинJun 10, 2018 172.68.254.237

naadmiin talbaig teneg hunch hangalttai tom talbai baihad


ЗочинJun 10, 2018 182.55.55.147

Ene odoo yu be? 2020 ond et devshin gej bodoj bga yum bh da??? Tegeed l teneg khun khuurch bga yum shig bhiimda


ЗочинJun 9, 2018 112.72.14.236

Ажил хийж байгаа хүнийг ад үзээд байх юм энэ улс төрчид болмоор юмаа


ЗочинJun 8, 2018 112.72.8.243

Өөрийнхөө ажлийг мөрөөрөө л хий. Дэд дарга байж яасан нь ч их мөнгөтэй болчихсон юм. Төрийн ажил хийхээр өөрийн эрхгүй л мөнгөтэй болоод байгаа бололтой.


ЗочинJun 9, 2018 112.72.14.236

Чи атаараад яахав бүтээн босголд хийж байна нэгч иргэн байртай болог ямар атаархуу новш бэ


ЗочинJun 8, 2018 27.123.212.136

Сэтгэл сайхан маш оюунлаг залуу номыг нь уншсан гайхалтай


ЗочинJun 8, 2018 27.123.212.136

Бүтээн босголт хийж байгаа залууг дэмжих ёстой эрдэнэтчүүдээ ийм бидны төлөө гэсэн сэтгэлтэй залуу ажилд чинь амжилт хүсэе


ЗочинJun 8, 2018 150.129.143.94

siihgui hudlaa yarinashdee basl


Zol Jun 8, 2018 122.201.26.172

Uhaantai hunii uildel ni unen baih ym daa.


ЗочинJun 8, 2018 27.123.214.108

Зөв шүү