Эрдэнэт

Д.Батлут: Төр иргэн хоёрын сонирхол, итгэл үнэмшил нэг цэг дээр огтлолцож байж хөгжинө

“Аливаа бүтээн байгуулалтаас “Хүний хөгжил” хоцрох ёсгүй. Иймд ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн гол цөмөө “Хүний хөгжил”-д чиглүүлж байна гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ярилаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Таны хэвлэлд өгсөн ярилцлагуудыг уншлаа. Дийлэнх нь орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, ажлынхаа талаар ярьсан байна лээ. Харин Д.Батлут хэмээх улс төрчийн бодлого, зарчим, үзэл баримтлал, нийгэмд ямар жишиг тогтоохоор ажиллаж байгаа нь сонин байна. Магадгүй энэ ярилцлага Засаг даргын тамгыг гардаж авах тэр үеэс эхлэх байсан болов уу? Гэхдээ хожимдоогүй байх гэж бодож байна?

- Үгүй байх аа.

-Сүүлийн үеийн мэдээллээс эхэлье. Та ер нь ажлаа “гадаадад” хийгээд байгаа юм биш үү? Таныг гадаад руу байнга явдаг гэж шүүмжлэх юм?

-Эрдэнэт бол Монгол Улсын том хот. Тэр хэрээр асуудал нь том. Иймээс бид явж, уулзаж байж хөрөнгө, санхүү, мэдээлэл, шинэ технологи олж авна. Жишээ нь Японоос цас цэвэрлэх машин, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 1200 айлын орон сууц, үерийн далан, Польш улсын санхүүжилтээр хог боловсруулах үйлдвэр барих гээд олон асуудлыг хөөцөлдөж, хэлэлцэж байна. Энэ хавраас эхний үр дүнгүүд гарна.

- Орхон аймгийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, засаглал өнгөрсөн онд зарим дэлгүүр, баар, лоунжийг 03:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл олгосон нь архидалтыг албан ёсоор дэмжсэн бодлого боллоо гэж иргэд шүүмжилсэн.

-Магадгүй жаахан эртэдсэн шийдвэр болжээ гэж бодож байна. Эртэдсэн гэдэг нь манайхан одоогоор ийм соёлд сураагүй, дасаагүйд учир байгаа юм. Соёлтой хэрэглээ, сэтгэлгээ бүрдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Бид ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, шагчид, биеэ үнэлэгчдийн асуудлыг шийдвэрлэх нэг гарц гэж тооцсон. Гэхдээ энэ асуудлыг эргэж харна.

Харин 24 цагийн дэлгүүрийг ажиллуулах зөвшөөрлийг хэвээр нь үлдээнэ. Дэлгүүрт зөвхөн архи зардаггүй. Хүний хэрэгцээт бүх зүйл бий. Баруун аймаг руу зорчиж буй иргэд Орхон аймгаар заавал дамжин өнгөрнө. Тэдэнд өдөр, шөнө ямар ч үед дэлгүүр орох хэрэгцээ, шаардлага гардаг.

- Таныг “поп” Засаг дарга гэж сошиалд бичсэн байна лээ. Та асуудал болгоныг шоу болгодог арга барилтай хүн үү ?

- Ямар ч дарга асуудлыг шийдэх гэж томилогддог. Энэ утгаараа “поп” гэдэг үгэнд эмзэглэхгүй байна. Харин жижиг асуудлаас том асуудал ургадаг учир жижиг гэлтгүй анхаарлаа хандуулдаг. Үүний төлөө хийж байгаа ажлаа өөрийн цахим хуудсанд байнга мэдээлдэг. Иргэдийг мэдээллээр хангахад дэм болж, иргэдэд хэрэгтэй нэг ч гэсэн ажил бүтэж байвал миний “поп” гэж хэлүүлэх ч өнөө цагт байдаг л үзэгдэл. Түүнээс Батлут гэдэг хүн байнга яриад, өөрийгөө дөвийлгөөд олон нийтийн анхаарлын төвд байх гээд байгаадаа биш юм. Үүнийг ямар өнцгөөс харах нь тухайн хүний л хэрэг. Тэр ч бүү хэл, би Засаг даргын тамгыг гардаж авахдаа ард иргэд, журмын нөхдийнхөө энэ их итгэлийг хэрхэн авч явна даа гэж бодсон.

-Нээрээ баярлаагүй гэж үү? Хүн чинь эрх мэдэлтэй, албан тушаалд очихдоо баярладаг биз дээ. Энэ таны мөрөөдөлдөө хүрэх нэг том алхам байсан юм биш үү?

- Би маш том мөрөөдөлтэй. Орхон аймгийн иргэдийг сайн сайхан амьдруулахын тулд хэрхэн яаж ажиллах вэ, миний, бидний оролцоо юу байх вэ, би, бид хийхгүй бол өөр хэн хийх вэ гэж л бодож, тунгаах нь миний мөрөөдлийн гол агуулга. Тамгаа гардаж авсаны дараа Засаг даргын баг бүрэлдэхүүнийг “машин” гэвэл эрэг, шураг бүр ажиллах ёстой гэсэн зарчмын хүрээнд ажиллаж эхэлсэн. Уул, уурхайд түшиглэсэн хотын ирээдүйн хөгжил юу вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж дэргэдээ “Эрдэмтдийн баг” байгуулж, дараа нь “Эрдэнэт-ШУТП” байгуулсан. Энэ шинжлэх ухаан, технологийн паркаас Орхон аймгийн ирээдүйн хүний нөөц, үйлдвэрлэл, шинэ шийдэл, дэвшилтэт технологи, эдийн засгийн потенциал бий болох ёстой.

 “Эрдэнэт-ШУТП” –аас Орхон аймгийн ирээдүйн хүний нөөц, үйлдвэрлэл, шинэ шийдэл, дэвшилтэт технологи, эдийн засгийн потенциал бий болох ёстой.

-Та саяхан төрийн албан хаагчдаас орон нутгийн бодлого, шийдвэрийн талаар шалгалт авчээ. Энэ шийдвэр хүн бүхэнд таалагдаагүй юм шиг санагдсан?

- Би үүрэг өгдөг. Эргээд өөрөө заавал шалгадаг. Ажлаа шалгахдаа урьдчилж бэлдсэн үзэгдэл дээр очих дургүй болохоор гэнэт, шууд очдог. Очихдоо сэтгүүлч, хэвлэлийнхнийг дагуулж явдаггүй. Ганцаараа очиж шалгаад эргээд үүрэг өгдөг. Үүнд зарим хүн, төрийн албан хаагчид дурамжхан хандаж байж болно.

Мөн төрийн байгууллагатай хийсэн 2017 оны үр дүнгийн гэрээгээ дүгнэхдээ төрийн албан хаагчдаас орон нутгийн бодлого чухам юунд чиглэж байгааг асуухад хариулах хүн ховор байлаа. Энэ нь төрд ажиллаж байгаа хүн зорилго, бодлогоо мэдэхгүй байна гэсэн үг. Иймд 2018 оны эхэнд шууд шалгалт авч эхэлсэн. Цаашид ч авна. Бид Засаг даргын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг “Хүний хөгжил”-д чиглүүлж байна. Үүнд хүрэх 18 дэд хөтөлбөр баталж хэрэгжүүлж байна.

- Төрийн албаныхан у лс төрчдийг “нүүдлийн шувуу” гэдэг. Энэ ноён яаж харьцана тэгж л харьцана гэсэн бодол, үйл ажиллагааны зарчимтай болчихсон юм биш үү?

-Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, амьдарч байгаа. Иймд ажилдаа мэдлэг, ур чадвараасаа гадна сэтгэл гаргах хэрэгтэй. Сэтгэл бас дахин сэтгэл. Хөгжлийг, мэдлэгийг, мэдээллийг, боловсролыг зөвхөн хэсэг бүлэг хүн хүртдэг байж болохгүй. Бид нийгмээрээ цогцоороо хөгжих ёстой. Төрөөс олгодог тусламжийг хэдхэн хүн хүртэж байх жишээтэй. Энэ нь бүр сүлжээ болчихсон. Тиймээс би төрийн албан хаагчдын ажлыг дүгнэхдээ төрийн үйлчилгээний хүрээг хэрхэн нэмсэн, иргэдэд ямар хүрээнд яаж хүргэснээр нь дүгнэнэ гэдгээ шууд хэлсэн. Хэрэв Эрдэнэтийн төлөө санаа зовж л байгаа бол иргэн бүрийг бодох ёстой. Хүн бүрийн нийгмийн оролцоог хангаж нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахад төрийн албан хаагчийн үүрэг маш чухал гэдгийг л хэлж байна.

- Та улс төрчийн хувьд дараагийн сонгуулийн үр дүнгээ тооцож байгаа нь мэдээж байх. Иргэдээс танд өгөх дүн, бодит боломж хоёрын зөрөө гарна. Эрх барьж байгаа намын рейтинг сонгуульд ялсан үетэйгээ харьцуулахад үргэлж унадаг зүй тогтолтой холбож асууж байна. Ер нь улс төрч хүн их хийх гэж чармайхаасаа илүү зөв жишиг л тогтоох нь илүүтэй ухаалаг гэж би боддог.

- Таны санааг ойлгож байна. Би зөв жишиг тогтоохын төлөө л явж байна. Төрийн албан хаагчдыг өрөөнөөсөө гарч ажиллах, амьдралтай илүү ойр харилцах, өөрөө мэдээллийн нэг суваг учраас ажлаа сайн мэддэг, гарц, гаргалгааг байнга эрэлхийлдэг, боломжийг дандаа танилцуулдаг, асуудлыг хурдан шийддэг, ажилдаа чин сэтгэлтэй ханддаг байхыг би төрийн албан хаагч, ажиллаж буй баг, иргэдээсээ байнга хүсдэг. Үүний төлөө шийдвэр гаргадаг. Энэ бол миний иргэдэд ойлгуулах гээд байгаа жишиг гэж бодож байна.

Өнөөдөр гар утасгүй, сонин уншдаггүй ч хүн олон байна. Гэтэл тэд бидний уриалгыг хэрхэн хаанаас олж мэдэх вэ. Зөв жишиг тогтоож байна гээд л зөвхөн уриалаад сууж байж болохгүй. Түүнийг олон хүн мэдэж байна гэж өөрийгөө хуураад сууж ч болохгүй. Гол нь иргэдийн сэтгэлгээ, хандлага үүний үр дүнд өөрчлөгдөх нь маш чухал. Тиймээс нэг байрандаа дэвхцээд байгаа хүнийг жаахан түлхэж өгөх хэрэгтэй. Ингэж байж тухайн хүн хаана байгаагаа бага ч гэсэн мэднэ. Ойлгоно. Урам зориг орно.

-Ардчилал бол хүн болгоны оролцоог хангах, санал бодлыг тусгах зарчимтай нийгэм. Гэхдээ заримдаа хүчээр шийдчихмээр зүйл олон харагдах юм. Төр албадлага хийх эрхтэй субьект шүү дээ.

Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой хүн хатуу үг, үйлдэлд хад хайрга мэт хөдөлгөөнгүй байх ёстой.

- Тийм. Төр зарим өөрчлөлтийг хүчээр хийх хэрэгтэй. Ганцхан жишээ дурдъя. Манай аймагт шар усны үер болоод 50, 60 айл үерт автах эрсдэлтэй нөхцөл үүссэн. Тэр хэсэгт далан босгоод, шуудуу татах гэхээр нэг айл саад болоод байв. Тухайн айл газрын зөвшөөрөлгүй байсан. Бид нүүх хэрэгтэй гэж хэлсэн боловч дургүйцэхээр нь холбогдох байгууллагатай нь хамтраад шууд хүчээр нүүлгэсэн. Өөр арга алга байна шүү дээ.

Нэг хэсэг хүний эрх ашгийн төлөө нийтийн эрх ашиг хохирч болохгүй. Тэр утгаараа хэд, хэдэн шийдвэр гаргасан. Ил задгай худалдаа эрхлэгчдийг “Худалдааны гудамж” руу шилжүүлэх шийдвэр гаргахад над руу дайрч, давшилж л байсан. Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой хүн хатуу үг, үйлдэлд хад хайрга мэт хөдөлгөөнгүй байх ёстой.

ЭНЭ ДӨРВӨН ЖИЛИЙН БОДЛОГЫГ БИД “ХҮНИЙ ХӨГЖИЛ” РУУ ЧИГЛҮҮЛСЭН


-Оноороо тооцвол та бүхэнд ажлаа дүгнүүлэхэд хоёрхон жил л үлдлээ. Арифметик талаас нь авч үзвэл, амласан амлалтынхаа тал хувийг хийсэн байх ёстой хугацаа. Гэхдээ та бүхний хийсэн ажил, тухайн хүний амьдралд нь гарсан өөрчлөлт хоёрын зөрүү эрх баригчдад ашиггүй байдлаар зөрдөг зовлон бий?

-Тийм ээ. Зовлон бий. Гэхдээ бид бодлогоо иргэдийнхээ амьдралд нийцүүлэх гэж ажилладаг. Түүний төлөө ч шийдвэр гаргадаг. Би аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдсон. Баян-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байлаа. Одоо аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Яах, ийхийн зуургүй хоёр жил боллоо. Бидэнд хийх ажил маш их байна. Энэ дөрвөн жилийг бид “Хүний хөгжил” рүү чиглүүлсэн. Эрдэнэтэд тулгамдаж байгаа олон асуудал байгаа. Үүнийг дөрвөн жилийн хугацаанд 100 хувь шийдэх боломжгүй. Гол нь суурь асуудлынхаа шийдэл, гаргалгааг томъёолчих юмсан, хөгжлийн зөв замыг эхлүүлчих юмсан, жигдлэх юмсан гэж ажиллаж байна.

Доорх зурган дээр дарж 2017 оны онцлох үйл явдлыг харна уу 

- Та “Хүний хөгжил” гэж ярилаа. Энэ бол маш чухал асуудал гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ бол үндэсний, философи, социологчдын хэмжээний том ерөнхий асуудал болохоос дөрвөн жилийн “мөчлөгтэй” улс төрийн, намын мөрийн хөтөлбөр биш байх. Тэр тусмаа орон нутгийн түвшинд их хол, үл гүйцэлдэх шинжтэй санагдаж байна?

-Болохгүй зүйл байхгүй. Улс төрийн намууд хөгжлийнхөө стратегиараа өрсөлддөг. Улс орны хөгжлийн асуудлыг ярихад л “Хүний хөгжил”-ийн тухай яригдана. Мэдээж улс төрийн намууд нийгмийг хөгжүүлэхийн төлөө явдаг учраас бид аливаа бүтээн байгуулалтаас илүү “Хүний хөгжил”-ийг л ярих нь зүйтэй. “Хүний хөгжил” -ийн суурь асуудлыг мөн дөрвөн жилд ганц амьсгаагаар шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ хэн нэгэн энэ асуудлыг гаргаж гол суурийг нь цутгах ёстой. Тулгамдаж байгаа асуудлыг нь хуримтлуулахгүй эхлэх, шийдэх хэрэгтэй. Үр дүн нь аажмаар гарна.

“Хүний хөгжил” -ийн асуудлыг 4 жилийн хугацаанд бүрэн шийдчих боломжгүй. Гэхдээ хэн нэгэн үүний гол “суурийг нь цутгах” ёстой.

-Гэтэл иргэд танаас дөрвөн жилийн хугацаанд хэдэн км зам тавив, хэдэн сургууль, цэцэрлэг барив, хэдэн ажлын байр бий болгов гээд дандаа нүдэнд харагдах, гарт баригдах зүйл л нэхнэ?

- Бид богино хугацаанд суурь асуудлаа хөдөлгөж чадна. Одоо хийж хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл бүхэн үүнд чиглэсэн. Жишээ нь 18 дэд хөтөлбөр байна. Эмч, Багш, Ахмад настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний мэдлэг, боловсрол, ёс зүй, ур чадварт анхаарах, үүнийг хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүг нь шийдсэн. Гадаадад мэдлэг дээшлүүлэх хүсэлтэй эмч, багш нарын төлбөрийг төлөөд явуулж байна. Ажилдаа чин сэтгэлтэй ч орон байрны асуудалтай мэргэжилтнүүдэд тусалж, дэмжиж байна. Нэг ч гэсэн эмч, багш ажлаа сайн хийж чадвал цаана нь олон хүн сэтгэл хангалуун бас эрүүл, мэдлэг боловсролтой болно. Мөн “Хүний хөгжил”-ийн асуудлыг ямар ч цаг хугацаа, улс төрийн сонголтын хүрээнд авч явах ёстой гэж бодож байна. Хэрэв бид иргэдийнхээ суурь асуудлыг шийдэж чадвал байшин барих, зам тавих асуудал аяндаа шийдэгдэнэ.

Тэгэхээр бидний бодлого, шийдвэр бүр алсыг харсан, хүний хөгжил рүү чиглэсэн юм.

Өнгөрсөн онд бид гагнуурын электродын үйлдвэр, хоёр цэцэрлэг, нэг сургууль барьсан. Эрдэнэт бол уурхайн хот. Хүрээлэн буй орчин болон хүний биед агуулагдах химийн хүнд металл илрүүлэх “Хүний экологийн төв” лаборатори байгууллаа. Уул уурхай дагасан Эрдэнэт хотын хүн амын эрүүл мэндэд ямар төрлийн химийн элемент давамгай байна, тэр нь бие организмд хэрхэн нөлөөлж байна, Орхон аймаг яагаад элэг, ходоодны өвчлөлөөр улсад тэргүүлээд байгааг судлана. Үүнийг бид эхлүүлсэн. Энэ өөрөө хүний хөгжлийн суурь үзүүлэлт болох эрүүл мэндийн гол асуудлыг хөндөж байгаа юм. Тэгэхээр бидний бодлого, шийдвэр бүр алсыг харсан, хүний хөгжил рүү чиглэсэн юм. Ирэх оноос бид хүний бие дэх химийн хүнд металлыг саармагжуулах бүтээгдэхүүн гаргана. Энэ мэтчилэн бид хийж буй ажлынхаа цаад зорилго, мөн чанарыг яривал олон зүйл бий.

- Та бүхэн “Хүний хөгжил”-ийн асуудлыг гаргаж тавьснаар улс орон өрийн дарамтад орсон, аймаг, орон нутгийн төсөв, санхүүжилт нь урсгал зардлын хэмжээнд л аргацаахаас өөр аргагүй учраас “амиа тээх” бодлого гэдэг утгаар нь явж байна гэвэл гөрдсөн болчих уу?

-Та намайг боломжгүй зүйлийн төлөө яваад байна гэж хэлээд байх шиг байна. Тэр утгаараа ч асуугаад байна. “Хүний хөгжил” -ийн асуудлыг бид ярихгүй бол өөр хэн ярина гэж. Бид засаг барьж байх үедээ эхлүүлэхгүй бол өөр хэн гэж? Хүний хөгжлийн асуудлыг дөрвөн жилийн дараа дүгнэхэд хэцүү. Гэхдээ чухам бид засаг барьж байхад эхэлсэн гэдэг нь өөрөө том амжилт. ЕР НЬ “ХҮНИЙ ХӨГЖИЛ” АЛИВАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС ХОЦРОХ ЁСГҮЙ. Хүнээ хөгжүүлэхгүйгээр цаашид хөгжлийн тухай ярих боломжгүй. Барилгын суурь цутгахгүйгээр байшин барьдаггүйтэй л адил.

ТӨРИЙН АЖЛЫГ 100 ХУВЬ ГЭЖ ҮЗВЭЛ 50 ХУВЬ НЬ МЭДЭЭЛЛЭХ


-Магадгүй та манай намын мөрийн хөтөлбөрийн биелэлт төдөн хувьтай гарна гэж дотроо бодож байгаа. Тэгвэл энэ тоо миний амьдралд яаж нөлөөлөв гэж би хувьдаа бодох жишээтэй.

-Зөв. Хүн болгон л тэгж харах ёстой. Тоо болон хувийг гаргаад ирж болно. Энэ тоо бодит үр дүнг харуулж байсан ч өнгөрсөн цаг хугацаанд миний амьдралд ямар эерэг өөрчлөлт гарав гэж өөрөөсөө болон эрх баригчдаас асуух нь зүйтэй. Жишээ нь орон нутгийн удирдлагууд 2017 онд хийсэн ажлаа 24 багийн 3000 гаруй иргэдэд тайлагнах үеэр иргэд төрөөс олгодог олон төрлийн үйлчилгээг мэддэггүй байсан нь харагдсан. Хорт хавдартай иргэдэд Орхон аймаг нэг удаагийн буцалтгүй тусламж өгдөг. Үүнийг олгоод олон жил болж байна. Үүнийг асуухад л иргэд мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр иргэдийг мэдээллээр хангана гэдэг маш чухал зүйл. Мэдээлэлтэй хүн л сонголт хийнэ. Үнэндээ төрийн ажлыг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь мэдээллэх гэж би хувьдаа боддог. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг асар их. Иргэдийг үнэн бодит мэдээллээр байнга хангаж байх, төрөөс гаргаж байгаа шийдвэр бүрийг мэдээллэх, тэдэнд ойлгуулахад чиглэж байх хэрэгтэй.

- Хүмүүс аймгийн Засаг даргыг ихэд эрх мэдэлтэй гэж боддог. Хуулиараа оролцохгүй ч юм байхгүй. Чухам яг энэ өнцгөөс харвал та урсгал ажилдаа автаад үндсэн, бодлогын шинжтэй асуудлуудаа орхиод байна уу гэж харах юм. Улс төрч хүн бодлого л ярих ёстой байх. Үүнийг цахим ертөнцөд ч мэр сэр “тоншоод” авсан байна лээ.

- Би тэгж бодохгүй байна. Жижиг гэлтгүй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байх ёстой. Орхигдуулж болохгүй. Бид хөгжлийн томоохон бодлогыг зорилгоо болгож авсан. Түүнд хүрэхийн тулд доор нь байгаа олон жижиг асуудлыг шийдэх ёстой.

-Та гайгүй сайн “намчирхаж” кинонд гардаг шиг ёстой баруун, зүүнгүй эсрэг намыхныгаа ажлаас халах тушаалд гарын үсэг зурсан аятай юм өнөөх л сошиалаар шуугих юм.

-Би аливаа асуудлыг аль болох улс төржүүлэхгүй байхыг хичээдэг. Хүмүүс намайг шүүмжилж байгаа. Жишээ нь та үүнийг юу гэж бодож байна?

-Хамтын удирдлагын зарчмаа хэрэгжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэж бодож байна.

-Яг зөв. Би намаас хэрэгжүүлж байгаа ажлыг хийхийн тулд, үр дүнг бий болгохын тулд сайн баг бүрдүүлэх хэрэгтэй. Сэтгэл санаагаа ойлгодог, ажиллаж чаддаг гээд.

-Гэхдээ энэ хандлагыг нийгэм ойлгохгүй, улс төрчид бол бүүр ч ойлгохыг хүсэхгүй.

- Тийм ээ. Гэхдээ би үүнийг хаана ч хэн ч асуусан хэлдэг. Эрдэнэтийн иргэдийн төлөө энэ дөрвөн жил ажиллах багаа бүрдүүлж байгаа. Сэтгэл, гар нийлээд ажиллах хүн Эрдэнэтчүүдэд хэрэгтэй. Дашрамд дурдахад, төрийн зүгээс тодорхой шийдвэр гаргаад явахад, иргэд харин идэвхтэй байх ёстой. ТӨР ИРГЭН ХОЁРЫН СОНИРХОЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ НЭГ ЦЭГ ДЭЭР ОГТЛОЛЦОЖ БАЙЖ ХӨГЖИНӨ. Тиймээс иргэд мэдээлэлтэй байх хэрэгтэй. Төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, арга хэмжээ, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, халамж, үйлчилгээ гээд. Мэдээллийн хомсдлоос болоод иргэд сонголт, шийдвэрээ гаргаж чаддаггүй. Мэдээлэл дутуу байна гэдэг нь сэтгэлгээний хоцрогдлыг үүсгэнэ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ингээд иргэдээ мэдээллээр хангах зорилгоор өөрийн цахим хуудсандаа мэдээлэл тавихаар намайг “поп” засаг даргаар тодруулаад байх шиг байна. /инээв/

ТӨР ИРГЭН ХОЁРЫН СОНИРХОЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ НЭГ ЦЭГ ДЭЭР ОГТЛОЛЦОЖ БАЙЖ ХӨГЖИНӨ

Иргэд сэтгэлгээ зөв, бодит мэдээлэлтэй, боловсролтой, ёс суртахуунтай байж гэмээ нь нийгэм цэвэршинэ. Улс төр болон нийгмийн түвшинд цэвэршинэ. Үүний тулд л Орхон аймаг бодлогоо “Хүний хөгжил”-д чиглүүлсэн.

-Та Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг, дэд бүтэц, хүний хөгжлийн индексээрээ дандаа тэргүүлдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг том аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Гэхдээ та нэг өдөр л энэ хариуцлагатай албан тушаалд томилогдчихоогүй байх?

    Тэгсэн нөгөө залуу ажил олдохгүй байна, амьдрал хэцүү байна гэснээ шууд сүх аваад хашааныхаа банзыг цавчиж эхэлсэн. Яг ийм сэтгэлгээтэй хүн нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа учраас манай улсын хөгжил удаан байна гэдгийг ойлгосон.

- Тиймээ. Ажлын гараагаа бүр “Эрдэнэт хивс” ХХК-д машинистаар эхэлсэн. Хажуугаар нь сурна. Гэр бүлээ тэжээнэ. Шөнө гурван цагт ажлаасаа буугаад өглөө 7 цагт сургуульдаа явдаг байлаа. Дараа нь “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагад гурван жил ажилласан. Тэндээс нийгмийн өнгө төрхийг олж харсан. Нэг түүх ярихад, ажлын шаардлагаар гэр хорооллын нэгэн айлд очсон юм. Эхнэр нь төрөх дөхчихсөн, нөхөр нь ажилгүй, гал түлэх модгүй, бас хоёр хүүхэдтэй. Гэр орон нь нэг л зэврүүн. Тэгэхээр нь би, ямар ч хамаагүй ажил олдохгүй байна уу, ойрхон уулаас унасан бургас, мод чирээд ирж болохгүй байна уу гээд нөхрөөс нь асуулаа. Тэгсэн нөгөө залуу ажил олдохгүй байна, амьдрал хэцүү байна гэснээ шууд сүх аваад хашааныхаа банзыг цавчиж эхэлсэн. Яг ийм сэтгэлгээтэй хүн нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа учраас манай улсын хөгжил удаан байна гэдгийг ойлгосон. Иймд “Хүний хөгжил”-ийн асуудлыг, тэдний боловсролыг, эрүүл мэндийг, орон байрны асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэж л бодож эхэлсэн. Хөгжил эхлээд Монгол хүний тархин дотор цогцлох ёстой.

- Нэг сүрхий зохиолч хэлсэн байдаг юм. “Ганцаараа аз жаргалтай байх нь яаж ч бодсон ичгэвтэр” гэж.

-Тийм ээ. Би нийгмийн чиглэлээр олон жил ажиллаж байсан болохоор зовлон, бэрхшээл тохиолдсон хэн нэгэнд заавал туслах ёстой гэж боддог. Нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйл нийгмийн тэр хэсгээс гарч байгаа учраас л хүн бүрийг хөгжүүлэх л зорилт тавьж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан П.Батням

Гэрэл зургийг: Найманжингийн Батсүх

Батжаргалын Баярбат

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 4
  • 1
  • 2
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

8 cэтгэгдэлтэй


ЗочинApr 16, 2018 202.5.198.53

Өнөө маргаашаа биш, алсыг харсан бодлого боловсруулж, хэрэгжүүлж яваа учир иргэд үнэлэх л учиртай. Бид дандаа буруу ишлэсэн сүх шиг байдгаа л болимоор байна. Зөв зүйлийг дэмжиж сурцгаая л даа


ЗочинApr 16, 2018 172.68.253.253

Хотын ногоон байгууламжид анхаарна уу. Үхэр мал бэлчиж явдаг бэлчээр болж дууслаа. 2017 оны зун бас л үхэр мал бэлчээд идэж устгаад байсан. Хот тохижуулах газар, Хотын захирагчийн албаны аль нь ногоон байгууламжийг хариуцахыг яг хариуцуулаад өгчих хэрэгтэй. Мал бүхий өрхүүдийг хотоос гадагш нүүлгэх, хот дотор бэлчсэн малыг хашиж, торгууль ноогдуул. Тэгж хашраахгүй бол малтай айлууд зориудаар хот руу үхэр малаа тууж байна.


ЗочинApr 13, 2018 103.57.94.220

Ингэж хүний хөгжил гэж ярьсан засаг даргыг монголдоо мэдэхгүй юм байна. Иргэн хөгжихгүй бол бид утсан хүүхэлдэй гээрээ л байна. Ерөнхийлөгч маань өрийг тэглэнэ гэлээ? Худлаа л байлаа. За яахав дээ гэх үү


монголApr 13, 2018 202.131.243.190

Батлутын идсэн уусан л ил болчихгүй бол УИХ-д нэр дэвшиж болох л юм.


ЗочинApr 13, 2018 66.181.164.235

Ер нь бол бодлого нь зөв л дөө. Сүүлийн жилүүдэд хүмүүс их материаллаг амьдардаг болсон. Нийгэмд ёс суртахуун төлөвшиж байж л хөгжлийн тухай ярих боломжтой болно. Мянган сайхан байшин барьсныгаа хөгжиж байна гэвэл эндүүрэл. Хөгжил эхлээд хүний тархин дотор цогцлох ёстой.


ЗочинApr 12, 2018 103.26.195.2

Шал тэнэг юм ярих юм Хүний хөгжил ч гэх шиг юугаа яаж хөгжүүлэх юм бол доо. Боловсрол нимгэн ярилцлага. Ийм хүнээр Эрдэнэт хотыг удирдуулахад яаж хөгжихөв дээ


ЗочинApr 12, 2018 103.229.123.45

Чам шиг ийм хүн их байх тусмаа л нийгмийн бясаанууд их байгаа нь мэдэгдэж байна


hfhApr 12, 2018 202.179.27.54

ooroo asuultaa zohiogood hariulaad ybchihsan bna shdeee xaxaxaxaxa


МАНApr 12, 2018 202.131.243.190

Мангарууд ирэх 4 жил гэхэд арчигдана штэй


ЗочинApr 12, 2018 103.229.123.45

Монгол хүний зан юмуу , юм хийж ажиллаж байгаа сэтгэлтэй нэгнийгээ доош нь хийгээл , хүнд урам өгөх чадваргүй . Зөв л сэдэвээр ярилцсан байна. 1000 өндөр байшин гое сайхан барилга байгаад ард иргэдийн сэтгэхүй дор байх юм бол ямарч хэрэггүй ш дээ .