Skip to main content

Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний том хэрэглэгчээс цахилгаан үйлдвэрлэгч рүү шилжинэ

  Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвд 48 мегаваттын хүчин чадал бүхий дөрвөн ширхэг турбингенератор суурилуулах өргөтгөлийн ажил ид өрнөж байна. Ингэснээр тус үйлдвэр манай улсын эрчим хүчний том хэрэглэгч байсан бол өөрсдөө дулаан цахилгаанаа үйлдвэрлэгч болох юм. Өөрөөр хэлбэл, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй улс орны эрчим хүчний салбарт ихээхэн хувь нэмэр үзүүлэх боломж бүрдэж байна. Өргөтгөл хийгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төв нь нийт суурилагдсан 53 мегаваттын бүрэн хүчин чадалтайгаар ажиллана.

  Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр цахилгаан станцуудын өргөтгөлөөс хойш хийгдэж байгаа анхны иж бүрэн өргөтгөх ажил болж байгааг мэргэжилтнүүд тодотгож байна. Мөн уг төслийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс эдийн засаг, санхүүжилтийн асуудлыг цаг хугацаанд нь шийдэж байгааг өргөтгөлийн ажлын явцад сайнаар нөлөөлснийг онцлов. Өргөтгөлийн төслийн хэмжээнд суурилагдсан дөрвөн турбингенераторын хоёр нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бол нөгөө хоер нь үйлдвэр дулаацуулгын авлагатай буюу цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэх ажээ. Энэ нь үйлдвэрлэж байгаа нэгж цахилгаан, дулааны эрчим хүчний өөрийн өртгийг бууруулах, улмаар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

  Мөн Дулаан цахилгааны төв цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг үйлдвэрлэснээр төвийн эрчим хүчний нэгдсэн системээс худалдан авах цахилгаан эрчим хүчний зардал буурна. Тодруулбал, 167 төгрөгийн өртөгтэй байгаа нэг киловатт цахилгаан эрчим хүч өргөтгөлийн үр дүнд 104 төгрөг болж буурах юм. Мэргэжилтнүүдийн тодорхойлж байгаагаар улсын эрчим хүчний хангамжид эерэг нөлөө үзүүлэх өргөтгөлийн ажил энэ оны сүүлээр ашиглалтанд орно. Өргөтгөлийн төслийн гүйцэтгэгчээр Хятад улсын Харбин электрик интернэшл компани ажиллаж байна. Тус компани нь цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж угсралт, суурилуултын чиглэлээр ажилладаг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компанийн нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй