Skip to main content

Айргийн гозгорын дурсгал нь аялал жуулчлалын томоохон төсөл болон хэрэгжих боломжтой

  Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор гэх газраас олдсон Хүннүгийн хожуу үе, Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг дурсгалд малтлага хийх ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Малтлага, судалгааны ажлыг Соёлын өв төв, Дүрслэх урлагийн музей, Занабазарын музей, Монголын Үндэсний музей, Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байна. Хүннү, Сяньби улсын 2000 жилийн өмнөх энэ олдвор нь дэлхийн судлаачдын анхаарлыг ихээр татаж эхэлжээ.

  Тухайлбал, АНУ-ын эрдэмтэд тухайн хэсгээс олдсон хүний ясыг, Япон улсын эрдэмтэд эд, зүйлийг судлах, сэргээн засах санал тавьснаар хамтран ажиллаж байгаа юм. Мэргэжилтнүүд тухайн хэсэгт 105 гаруй булшийг илрүүлж, 2 шатлалт судалгааны ажлыг эхлүүлсэн төдийгүй,том, жижиг хоёр булшинд судалгаа хийхээр төлөвлөжээ.

  Орхон аймгийн удирдлагуудын зүгээс малтлага, судалгааны ажилтай танилцан, баг хамт олныг бүхий л талаар дэмжин хамтран ажиллаж, судалгаа бүрэн хийгдсэний дараа аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж үзэж, анхаарлаа хандуулан, малтлагад шаардлагатай 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвөөс суулгаад байна.

  Түүхийн үнэт олдворуудад нарийн стандартын хадгалалт, сэргээн засварлалт чухал юм

“Нара-ийн Их Сургууль”-ийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн, доктор М.Оюунтулга хэлэхдээ:

- Монгол оронд түүхийн үнэт олдворуудын хувьд эрс тэс уур амьсгал, нарийн стандарт шаардлагын дор хадгалж хамгаалж чадаагүйгээс шалтгаалан, олдворуудын 70-80 хувь нь гэмтэж, сүйддэг. Тиймээс бид анх удаа тухайн малтлагын газраас лабораторийн шинжилгээнд хүрэх хугацааны хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах бүрэн процессыг Монголын мэргэжилтнүүддээ нутагшуулахыг зорьж байна. Энэ жилийн хувьд судалгаа шинжилгээ, хадгалалт хамгаалалтад шаардлагатай багаж хэрэгсэл, тусгай зориулалтын бодис зэргийг 10 гаруй сая төгрөгөөр, өөрсдийн хувийн зардлаар гаргаж байгаа.

  Яам агентлаг бодлогоор малтлагад хөрөнгө санхүүг нь шийддэг. Түүнтэй мөн адил хадгалалт, сэргээн засварлалтыг ч дэмжих хэрэгтэй байгаа. Ингэснээр бүрэн утгаараа, түүхийн үнэт өв соёлыг хойч үедээ үлдээх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Бидний ажлыг Орхон аймгийн орон нутгийн удирдлагууд бүхий л талаар туслан дэмжиж, нэг санаа зорилготойгоор хамтран ажиллаж байгаад талархаж байна. Энэ бүлэг дурсгалын малтлага, судалгаа шинжилгээний ажил бүрэн дуусахад Монгол улс, Орхон аймаг Гадаад дотоодын жуулчдын их хөлийн газар болох нь дамжиггүй юм.

  Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ц.Одбаатар хэлэхдээ “Олон улсын эрдэмтдийн дунд Сяньбичууд нь Өвөр Монголын газар нутагт амьдарч байсан. Монголын газар нутагт Сяньбигийн үед хамаарах олдвор байх боломжгүй гэх хандлага байдаг. Түүхийн зарим эх сурвалжид ч тэгж бичсэн байдаг. Гэхдээ Айргийн гозгорын дурсгалууд нь эдгээр түүхийн эх сурвалжийг үгүйсгэх магадлалтай” гэсэн юм.

  Мөн Япон улсын Соёлын өвийн, эмчийн салбарын мэргэжилтэн Akira Kobayashi "Гадны улсад анх удаа мэргэжлээрээ судалгаа шинжилгээ хийж, оролцож байгаадаа баяртай байна. Монголын Айрагийн гозгорт малтлагаар илэрч байгаа олдворууд нь, Японд төдийгүй, дэлхийд ховор, хосгүй үнэт олдворууд байгаа нь гайхалтай. Гэвч аргазүйн технологи байхгүйгээс, газар доорх чийглэг нөхцөлд байсан олдворууд нь, эрс тэс уур амьсгалтай, хуурай нөхцөлд гаргаад ирэхээр маш түргэн хугацаанд хаталт өгөх, муудах аюултай байгаа. Яг энэ чиглэлийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан, заавар зөвлөгөөг Монголын мэргэжилтнүүдэд өгч, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ ажил маань цаг уурын нөхцөл байдалд таарч, үр дүнгээ өгч байгаад сэтгэл хангалуун байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинAug 18, 2017 172.68.254.158

heden yas olchihoor aylal juulchlala hugjuud bdg sonin l yum daa ..