Skip to main content

Б.Энхгэрэл: Тайваньд 100 инженер тэтгэлгээр сургах хөтөлбөр зарлагдлаа

Монгол – Тайваний Бизнес эрхлэгчдийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл:

Манай сан Тайваний Жанхуа хотын Чиенкүю Технологийн Их сургуультай хамтран 2017 онд Монгол улсаас 100 хүүхэд, залуучуудыг тэтгэлгээр инженерийн чиглэлээр бакалаврын зэргийн сургалтад хамруулахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

- Сайн байна уу? Та сангийнхаа үйл ажиллагааны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

Монгол – Тайваний Бизнес эрхлэгчдийг дэмжих сан нь хоёр талын хооронд бизнес, соёлын солилцоо, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай сангаар дамжин Монгол – Тайваний хоорон дахь бизнесийн болон соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбарын хамтын ажиллагааны уулзалт, аялалууд зохион байгуулагдаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг.

- Тайваний талаар товч мэдээлэл өгвөл...?

Тайвань бол техник технологи, шинжлэх ухааны салбар нь өндөр хөгжсөн газар. Японы колонид 50 гаруй жил байсан. Хүйтэн дайны жилүүдэд Япон, Америк, Барууны технологийн мэдлэгийг олон тооны залуучуудаа тэдгээр оронд сургах замаар, нягт хамтран ажиллаж нутагшуулж чадсан юм. Дэлхийд худалдааны орлогоороо 19-д ордог. 20-д нефтийн хаант улс Саудын Араб, 21-д тив улс Австрали ордог. Байгалийн баялаггүй жижиг арал технологийн өндөр хөгжил, үйлдвэрүүдийг үйлдвэрлэдэг чадвараараа дээрх аварга улсуудын урд алхаж чаддагаас нь бид ч бас суралцах л хэрэгтэй.

- Яагаад заавал Монгол инженерүүд Тайваньд боловсрол эзэмших ёстой гэж, тэтгэлгийг хэрэгжүүлэх болсон үндсэн шалтгаан юу вэ?

Би Тайваньд суралцсан. Одоогоор Тайваньд 1200 орчим Монгол оюутнууд бакалавар, мастер, докторын түвшний сургалтанд хамрагдаж байна. Манай Монгол оюутнуудын 90 гаруй хувь нь зөвхөн Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг гэсэн судалгаа бий. Энэ үзүүлэлт надад маш харамсалтай санагдсан. Тайвань Азидаа инженерийн чанартай боловсрол олгодгоороо Японы дараа хоёрт ордог. Нэг давуу тал нь тэтгэлгээр сурах боломжтой байхад мэдээлэл дутуугаас ихэнх хүүхэд залуучууд дэлхийн хаана ч сурч болох, тодорхойгүй мэргэжлээр сураад байгаад нь харамсах сэтгэл төрсөн. Тайваниас бид хэрэгтэй мэдлэгээ авч чадахгүй байна.

Тэгээд судалсны эцэст Чиенкүо Технологийн Их сургуультай 2016 оноос хамтран ажиллаж Монгол улсаас эхний 10 оюутнаа тэтгэлгээр сургаж эхэлсэн. Өнгөрсөн жил очсон оюутнууд маань их сайн суралцаж, Г.Анхзаяа, н.Баярсайхан нар Азийн зохион бүтээгч оюутны наадмаас өөрсдийн зохион бүтээсэн “Монгол бүжигчин” роботоороо дэд байрын шагнал авсан. Эрдэнэт хотоос очсон М.Отгонбаатар сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглох болсон зэрэг амжилтууд нь сургуульд үнэлэгдсэн. Сургуулийн удирдлагын зүгээс бидний хүсэлтийг хүлээн авч Монголоос нэмж тэтгэлгээр 100 оюутан авах болсонд бид баяртай байгаа. Манай Монгол хүүхдүүд зөв чиглүүлээд өгвөл их мундаг шүү дээ. Би 2016 онд Чиенкүод очсон дүү нараараа их бахархдаг.

- Чиенкүо Технологийн Их сургуулийн талаар мэдээлэл өгнө үү. Инженерийн яг ямар мэргэжлүүдээр элсэлт авах вэ?

Тус сургууль Тайваний төв хэсэгт орших Жанхуа хотод байрладаг. Тайваний Боловсролын яамнаас итгэмжлэгдсэн. Тайваний үйлдвэрлэлийн бүсэд байрладаг, төрөөс дэмжлэгтэй их сургууль. АНУ, Чех, Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Турк гээд 13 орны 140 гаруй их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай, одоогоор 1100 гаруй гадаад оюутантай, 278 оюутнаа хамтрагч сургуулиуд руугаа солилцооны хөтөлбөрөөр явуулан сургаж буй давуу талтай. Энэ нь Чиенкүод очоод Америк руу ч оюутан солилцоогоор очиж суралцах боломжтой гэсэн үг.

Энэ жил Барилга, Цахилгаан, Механик,Хүрээлэн буй орчин, Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер, IT hardware, software инженер, график дизайн, бараа бүтээгдэхүүний виртуал дизайнер, мэдээлэл mехнологийн инженер гэсэн мэргэжлүүдээр элсэлт авна.

- Тэтгэлгийн нөхцөл, онцлог, давуу тал болон ямар шалгуураар суралцах оюутнуудаа сонгон шалгаруулах вэ?

Тэтгэлгийн хүрээнд эхний жил сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хоёр дахь жилээс сурлагын амжилтаас хамааран тэтгэлэг 30-100% олгогдох, бүүр хангалтгүй бол тэтгэлэг цуцлагдах хүртэл нөхцөлтэй. Сурлагын амжилт 75-аас дээш бол сар бүр 160 ам.долларын стипент авах боломжтой.

Тэтгэлгийн нэг онцлог нь элсэлтийн шалгалт, IELTS TOEFL-н шалгалтын оноо шаардахгүй, хамгийн чухал нь тухайн хүний сурах хүсэл эрмэлзэл, тэмүүлэл, хувь хүний төлөвшлийг ярилцлага, суралцах төлөвлөгөөг харгалзан сонгон шалгаруулна.

Хамгийн давуу тал нь хэлний бэлтгэл, нэгдүгээр курс нь хамт эхний жилдээ багтах юм. Тэгэхээр 4 жил сураад сургуулиа төгсөнө гэсэн үг. Нэгдүгээр курсдээ Хятад, Англи хэл үзнэ.

- Тайваньд энэхүү тэтгэлгээр сурах хүүхдүүдээс ямар төрлийн зардлууд гарах бол...?

Тайваньд хэлний бэлтгэлд сурахад тэтгэлэг олгодоггүй. Бакалаврын нэгдүгээр курсээс хэлээ сайн сурсан оюутан л тэтгэлэг авах боломж үүсдэг. Хэлний бэлтгэлд сурахад нэг оюутнаас байр, хоол, сургалтын төлбөр, амьжиргааны бусад зардлууд гээд багаар тооцоход Монгол мөнгөөр 20 гаран сая төгрөгийн зардал гардгийн дээр хэлний бэлтгэлд суралцах хугацаанд ажиллах эрх олгодоггүй.

Манай тэтгэлгийн нэг гол давуу тал нь хэлний бэлтгэл, нэгдүгээр курс нь хамт нэг жилдээ багтаж байгаа тул оюутнууд очоод харилцааны хэлээ сайжруулаад шууд ажил хийх боломжтой, эрхтэй. Оюутан долоо хоногт 20 цаг ажиллахыг зөвшөөрдөг, цагийн хөлс 4,5 ам.доллараас эхэлдэг. Гарах зардлуудыг нарийн задаргаатай нь манай мэдээллийн ажилтнуудаас авах боломжтой.

- Баярлалаа. Та бүхэнтэй хэрхэн холбогдож мэдээл авах вэ?

Таньд ч бас баярлалаа. Тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Улаанбаатар хотод 70110299, 88871110, 99284183, Эрдэнэт хотод 99081625 утсуудаар манай мэдээллийн ажилтнуудтай холбогдон мэдээлэл авч, тэтгэлэгт хамрагдаарай.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 34
  • 19
  • 0
  • 7
  • 2
  • 1
  • 0
  • 9
  • 4

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.