П.ПҮРЭВЛХАГВА: Бага төсвөөр, Оновчтой ажлуудыг сайн хийх зорилт бидний өмнө тулгараад байна

- Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагватай уулзаж ярилцлаа.

    -2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Орхон аймгийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд бараг жил болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд бодлогын хүрээнд ямар томоохон ажлууд хийв?

    -Бидний бүрэн эрхийг 2016 оны 7-р сарын 18-наас хүлээн зөвшөөрснөөс хойш ИТХ-ын үндсэн үйл ажиллагаа болох Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааныг 6 удаа, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 48 удаа хийсэн. Бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн даруйд Орон нутгийн төсвийн зохицуулалтын арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарсан. Өнгөрсөн зун бороо их орсноос шалтгаалан үер ихсэж тодорхой объектуудад гэмтэл учирсан тул аваарийн зардлаас зайлшгүй зарцуулах арга хэмжээнүүд авсан. Мөн өвөл хаяанд тулсан учраас хойшлуулалгүй хийх ажил их байсан.

    Монгол орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн зохицуулалтын хуулиуд гарсан. Өмнө нь “урт нэртэй богино хууль”-иар орон нутагт үлдэх хувийгтогтоосны дагуу өнгөрсөн 4 жил түүнийг мөрдөж ажилласан. 2016 онд шинэ Засгийн газар байгуулагдаж, төсвийн тодотгол хийхэд эх үүсвэргүй нэлээд санхүүжилт хасагдсан. Өнгөрсөн 4 жилд Орхон аймгийнханд аз тохиосон. Учир нь орон нутгийн хөрөнгө оруулалт 42-70 тэрбум орчим төгрөгт хэлбэлзэж байв. 2017 онд 13 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал ингэж хасагдахаас гадна орон нутгийн хөгжлийн тусгай сангаар хийж гүйцэтгэх ажил өнгөрсөн 4 жилээс үндсэндээ 3 дахин буурч батлагдсан. Тэгшитгэх орлогыг 4 тэрбум төгрөгөөр нэмсэн. Ингээд харахаар Орхон аймгийн 2017 оны төсөв нэлээн хүнд байдалд байна гэсэн үг.

Өнгөрсөн 4 жилд Орхон аймгийнханд аз тохиосон. Учир нь орон нутгийн хөрөнгө оруулалт 42-70 тэрбум орчим төгрөгт хэлбэлзэж байв.

    Өнгөрсөн онд хийсэн ажлуудаас 5 тэрбум орчим төгрөгийн өртэй гарсан.Энэ бүхнийг зохицуулах шаардлага тулгарсан. Мөн шинээр томилогдсон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлах, түүнийг дагалдаж гарах 19 дэд хөтөлбөр, бусад бодлогын бичиг баримтуудыг батлах ажлыг бид юуны түрүүнд хийсэн. Ер нь бидний ажил эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай үед эхэлсэн ч, дээрх арга хэмжээнүүдийг бодлогын хүрээнд авч хэрэгжүүллээ.

    Орхон аймгийн өмнөх ИТХ долоон хороотой ажилласан байна. Энэ удаагийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг хороог цөөлж, 6 хороотой ажиллахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, өргөдөл гомдлын хороог дэд хороо болгосон. Иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах, гүйцэтгэх засаглалд иргэдийн саналыг уламжилж шийдвэрлүүлэх нь аймгийн ИТХ-ын үндсэн үүрэгт ажил байдаг. Тиймээс энэ асуудлаар бүхэл бүтэн хороо ажиллах шаардлагагүй гэж үзсэн.

    Энэ 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-аас хэрэгжүүлэх үйл ажиллагааг дээрх 6 чиглэлд хуваасан. Хурлын үйл ажиллагааны энэхүү чиглэлийг батлаад, мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 6 чиглэлийн дагуу тусгалаа.

    УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцсэнтэй холбогдуулан 2017 оны 5-р сарын 26-нд орон нутагт мөн төсвийн тодотголын асуудал авч хэлэлцэнэ.

 Бага төсвөөр оновчтой ажлуудыг сайн хийх зорилт бидний өмнө тулгараад байна.

    Гүйцэтгэх засгийн ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Тэргүүлэгчдийн санаачлагаар сар бүр аймгийн ИТХ-ын нэрэмжит аян зарлаад ажиллаж байна. Энэ ажил нэлээд үр дүнтэй байгаа. Иргэд тухайн сарын ажлуудын талаар талархалтай байна. Энэ оны нэгдүгээр сард “Үйлчилгээний соёлыг эрхэмлэх” сарын аян зарласан. Аймгийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, нийтийн тээврийн компаниуд, төрийн анхан шатны нэгж болох багууд энэ аяныг сайн зохион байгуулсан. Ийм ажлыг нэг сар хийгээд өнгөрөх биш байнгын сайн жишиг тогтоохыг хичээж байна. Хоёрдугаар сард түүх, соёл, уламжлалаараа бахархах аян, гуравдугаар сард “Эрүүл иргэн” аян, дөрөвдүгээр сард “Ногоон хөгжил” аян зарласан. Харин тавдугаар сарыг төсвийн хяналтын сар болгон ажиллаж байна. Орон нутгийн төсөв хүнд байгаа талаар би дээр өгүүлсэн. Тиймээс бага төсвөөр оновчтой ажлуудыг сайн хийх зорилт бидний өмнө тулгараад байна.

    Орхон аймаг өнөөдөр 101,9 мянган хүн амтай болсон. Гэтэл Орхон аймгаас төрийн үйлчилгээ авдаг гадны аймаг, сумдын иргэдийн тоо 10-аад мянгад хүрсэн. Ингээд үзэхээр Орхон аймаг нийтдээ 110-аад мянган хүн амд төрийн үйлчилгээ хүргэж байна гэсэн үг. Төрийн байгууллагын ажлын ачаалал их байна. 

-Хүүхдийн найрал дууны чуулга байгуулах санаа хаанаас төрөв?

    -Бүрэн эрх хэрэгжсэнээс хойш би ганц удаа гадаад явсан. Улаан-Үүд хотын 350 жилийн ойд уригдаж очсон. Өнгөрсөн жилүүдэд Улаан-Үүд, Эрдэнэт хотын эгч дүүсийн хамтын ажиллагаа нэлээд зогсонги байдалд орсон тул “Өөрөө ирж уг арга хэмжээнд оролцоно уу” гэсэн хүсэлтийг нөгөө талаас тавьсан. Энэ үеэр агропаркийг Жаргалант сум түшиглэн байгуулах, хүүхдийн найрал дууны чуулгыг Эрдэнэт хотод байгуулах гээд олон сайхан санаа тээж ирсэн. Ямар ч насны хүмүүс, хэзээ ч хамгийн дуртай сонсдог зүйл бол хүүхдийн найрал дуу юм байна гэх сайхан сэтгэгдэл Улаан-Үүд хотод ажиллах хугацаанд төрсөн.

Ямар ч насны хүмүүс, хэзээ ч хамгийн дуртай сонсдог зүйл бол хүүхдийн найрал дуу юм байна гэх сайхан сэтгэгдэл Улаан-Үүд хотод ажиллах хугацаанд төрсөн.

Эрдэнэтийн сургууль бүрт найрал дууны жижиг хамтлагууд байдаг учраас Орхон аймгийн Хүүхдийн ордонг түшиглээд Эрдэнэтийн дуулах дуртай, авьяастай хүүхдүүдийг нэгтгэсэн найрал дууны чуулга байгуулах санаачлага гаргасан. Эхний жил тодорхой хэмжээний төсөв баталж, багшийн цалин, дуучин хүүхдүүдийн хувцас оёх зардлыг гаргаад өнөөдөр /5-р сарын 8/ тус чуулга нээлтээ хийх гэж байна. “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн хүүхдүүд рүү хандсан ийм үйл ажиллагаа зохион байгуулах шаардлага байна гэж үзсэн учраас Эрдэнэтэд 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны “Эрдэнэс” чуулга байгууллаа. Энэ чуулга цаашид өргөжих боломжтой.


-Та аймгийн ИТХ-ын даргаар томилогдсоноос хойш Орхон аймгийн иргэдтэй хэр их уулзаж байна. Тэд ямар асуудал голдуу ярьж, юу хүсэж байна вэ?

    -Надад иргэд хүлээж авах тусгай өдөр цаг гэж байдаггүй. Хэдийд ч уулзаж болдог учир өнгөрсөн 10 сар гаруй хугацаанд иргэдтэйгээ нэлээн уулзаж ярилцсан. Тэд ажлын байр, шагнал урамшуулал, орон байр, Эрдэнэтийн анхдагчдын эрх ашгийг хамгаалуулах гэсэн асуудлаар их санал тавьдаг. Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бүхэлдээ хүний хөгжилд чиглэгдсэн. Манай намын мөрийн хөтөлбөр ч ийм чиглэлтэй. Орхон аймаг 28900-аад өрхтэй. Түүнээс өрхийн нэг ч гишүүн огт ажил эрхэлдэггүй 2300-аад өрх байна гэсэн судалгаа гарсан.

Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бүхэлдээ хүний хөгжилд чиглэгдсэн.

Тиймээс “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас дээрх хүмүүст хүүгүй, барьцаагүй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах иргэд өөрсдөө хариуцлагатай байж, энэ санхүүжилтээр өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх дэмжлэг авах боломж бүрдэж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд заавал том үйлдвэрлэл гэхгүйгээр иргэд өөрсдөө хийж чадах зүйлээ сайн хийх л хэрэгтэй байна. Манай аймгийн бизнес эрхлэгчид гурилын үйлдвэрлэлээр Орхон аймгийн иргэдийн хэрэгцээг 200 хувь хангах хэмжээнд хүрсэн мөртлөө гурилан бүтээгдэхүүний 16-хан хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Эрдэнэтийн худалдааны лангуу Улаанбаатар, Дархан-Уул аймгийн талх, нарийн боовоор дүүрээд удаж байгааг бид мэднэ. Эндээс дүгнэхэд Эрдэнэтийнхэн өөрийн зах зээлээ эзэлж чадаагүй нь харагдаж байна.

Түрээсийн орон сууц хөтөлбөр Улаанбаатараас бусад аймгуудад төсөв, санхүүгийн байдлаас болоод 2017 онд хэрэгжих боломжгүй болсон

    Иргэд орон байрны асуудал нэлээд ярьдаг. “Түрээсийн байр” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэхээр төсөв хүндрэлтэй. Өмнө нь Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн Төрийн орон сууцны корпорацийн байрууд Улаанбаатараас бусад аймгуудад төсөв, санхүүгийн байдлаас болоод 2017 онд хэрэгжих боломжгүй болсон. Тиймээс Орхон аймгийн Засаг даргын зүгээс гадны хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд татах үйл ажиллагааг дэмжиж байгаа. Саяхан Чехийн парламентын 8 гишүүн, элчин сайдын бүрэлдэхүүнтэй Эрдэнэт хотод ирж шинэ хорооллынхоо бүтээн байгулалттай танилцаад 7а хорооллыг барьж байгуулах ажлаа үргэлжлүүлэхээр болсон. Хятад улсын компани 1а хороололд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Цаашид дэд бүтцийн асуудлыг концессоор шийдээд өгвөл барилга байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх боломжтой. Энэ хорооллын 5,1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн асуудлыг Ерөнхий сайд манай аймагт айлчлахдаа шийдвэрлэхээр болсон. Тиймээс энэ хорооллын бүтээн байгуулалт хийгдэнэ гэж бид найдаж байна.

    Эрдэнэт хотын анхдагчид аймгийн ИТХ-д санал их тавьдаг. Ажил хэрэгч саналыг бид дэмжээд ажиллана. Ялангуяа шагналын асуудлыг тэд их ярьдаг. Анхдагчдын асуудлыг шийдвэрлэхэд нэг хүндрэл байна. Анхдагчдын байгууллага хэт олон, бие биеэ үгүйсгэх байдал даамжирсан байна. Тиймээс тэдгээр байгууллага нэг дээвэр дор нэгдээд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа зөв тодорхойлоод ороод ирвэл бид асуудлыг шийдвэрлэхэд хялбар болно. Чухам хэдээс хэдэн онд Эрдэнэтэд ирж ажилласан хүнийг анхдагч гэх тухай асуудал ч тодорхойгүй. Орхон аймгийн 6500-аад ахмадын бараг тал хувь нь анхдагч.Тиймээс анхдагчдын асуудлыг сайн нягталж үзэх шаардлага байгаа.


-Аль ч Засгийн үед иргэдийн гол хүсдэг зүйл ажлын байр байдаг. Ажилтай хүн байнгын орлоготой, орлоготой өрхийн амьдрал хэвийн байна. Орхон аймагт ойрын үед ашиглалтанд орох томоохон үйлдвэрийн газар байна уу? Хэдэн жилийн өмнө Бэрэн групп Говил багт ширэмний үйлдвэрийн нээлт хийхдээ “цаашид ган хийц үйлдвэрлэлийн байр ашиглалтанд орохоор нийт 1500 хүний ажлын байр бий болно” гэж хэлснийг санаж байна. Энэ мэт олон хүний ажлын байр бий болгох үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын санал Та бүхэнд орж ирсэн үү?

 Жаргалант сумыг түшиглэн агропарк байгуулах нь илүү үр дүнтэй ажил болно. 

    -Одоогоор тийм том бүтээн байгуулалтын санал орж ирээгүй байна. Харин Бэрэн группийн нөхөд бидэнтэй уулзсан. Дэлхийн зах зээл дээрх металлын ханшийн үнэ, эдийн засгийн хүндрэлээс болоод 2016 онд үйл ажиллагаагаа түр өргөжүүлж чадаагүй, харин 2017 оноос шинэ үйлдвэрлэлийн нэлээн хэдэн дамжлагыг ашиглалтанд оруулах тухайгаа ярьсан. Орон сууцны хороолол барих тухай гадны хөрөнгө оруулалттай компанийн саналыг эс тооцвол бодитой хэрэгжих том ажлын санал орж ирэхгүй байна. Орхон аймгийн засаг дарга, бидний зүгээс ярьж байгаа санал гэвэл Чехийн хөрөнгө оруулалттай махны үйлдвэрийг дэмжвэл нэлээн үр дүнд хүрэх магадлалтай. Герман улсын хөрөнгө оруулалттай Хог дахин боловсруулах үйлдвэр Орхон аймагт баригдвал нэлээд ажлын байр гарах боломжтой гэж үзэж байгаа. Ер нь цаашид дотоодын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Жаргалант сумыг түшиглэн агропарк байгуулах нь илүү үр дүнтэй ажил болно. Энэ саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж байгаа. Энэ чиглэлээр төсөл хэрэгжихээр бол Орхон аймагт илүүтэй анхаарал хандуулахаар болсон.

- Монгол хүний хүнсний гол хэрэглээ бол мах, гурил, сүү. Орхон аймагт юутай ч мал, махны “Таван эрдэнэ” зах байгуулаад, лабораторийн хяналт дор мах, мал худалддаг болсон нь нэг дэвшил. Гурилын үйлдвэрлэл Эрдэнэтэд хангалттай болсныг та дээр хэллээ. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуй шаардлагад нийцэхгүй байх шиг санагддаг. Ямар ч хольцгүй сүү, тараг, цагаан идээгээ монгол хүн худалдан авч хэрэглэх нөхцөл бүрдүүлэхэд цаашид хэрхэн анхаарах вэ?

    -Орхон аймагт байгуулагдсан “Таван эрдэнэ” захад мал, махны эрүүл ахуйн бүрэн шинжилгээ лабораторийн горимын дагуу хийгдэж байгаа. Тиймээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд бэлтгэгдсэн мах зардаг өмнөх байдал нэлээн журамлагдсан. Саяхан бид Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангалтыг нэмэгдүүлэх талаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан. Үүний дагуу сүү, сүүн бүтээгдэхүүний асуудлыг тусад нь авч үзнэ. Ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн ямар ч хольцгүй, цэвэр экологийн шинж чанартай байх, нөгөө талаар хуурай сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн.

-Төрийн байгууллага иргэдийн санаачилсан ажил үйлсийг шалгаж шаардахыг урьтал болголгүй дэмжиж ажиллавал их үр дүнд хүрнэ дээ...

Кувейтийн гудамжны орчинг тохижуулж өгөөд тэнд худалдаа эрхэлж буй хүмүүсийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.  

  -Бид ийм бодлого баримталж байгаа. Тухайлбал, Кувейтийн гудамжны орчинг тохижуулж өгөөд тэнд худалдаа эрхэлж буй хүмүүсийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна. Аймгийн Засаг дарга энэ гудамжны тохижилтын ажилд 100 сая төгрөг батлуулсан. Жирийн иргэдийн ажил хийж орлого олох гэсэн хүсэл эрмэлзлэлийг хөсөрдүүлж хөөж туулгүй, харин ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлээд, МХГ-ынхан хяналтаа тавиад ажиллах нь чухал.

-Эрдэнэтэд олон арван жил амьдарч байгаа бид Орхон аймгийн гэр хороолол сүүлийн жилүүдэд хэт их өргөссөнийг хараад сэтгэл өвддөг боллоо. Одоогоос 10-аад жилийн өмнө Орхон аймгийн ИТХ-аар Орхон, Булган аймгийн хооронд тавигдсан хар зам дагуу шинэ суурьшлын бүс байгуулна гэж төлөвлөөд хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасныг санаж байна. Зам дагаад хөгжил ирнэ гэж үг бий. Шинэ суурьшлын бүс байгуулаад дэд бүтэц бий болгоод өгвөл маш олон айл тийшээ нүүх байх. Энэ талаар ямар нэг шинэчлэл хийх үү?

    -Хоёр аймгийн дунд шинэ суурьшлын бүс байгуулах тухай нэлээн эртээс ярьсан. Энэ асуудал Булган аймгаас шалтгаалан өдий хүртэл шийдэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Булган аймгийн эсэргүүцэлтэй тулаад зогсдог. Шинэ суурьшлын бүсийг Булган аймгийн чиглэлд л гаргахаас өөр аргагүй. Говил, Жаргалант сумын чиглэлд байгуулна гэвэл нөгөө л цагаан тоос, Хангалын голын бохирдлын асуудал яригдана.


-Таныг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр мэдээлэл хийсэн гэж сонссон. Ямар асуудал хөндөж ярив?

    -Саяхан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр би зам тээврийн асуудлаар хоёр асуудал хөндөж тавьсан. Нэгдүгээрт, манай хотын “Город”-ын дэд бүтцийн узель нь яг Кувейтийн гудамжны дор байна. Гэтэл Эрдэнэт хот дундуур хот хоорондын зам тавигдсан. Тиймээс үүнийг хотын гадуур тойрч гарах 14 км-ийн замын асуудлыг хөндсөн. Тэгэхгүй бол хот хоорондын хүнд даацын машинууд явсаар байгаад дээрх узель гэмтвэл Эрдэнэт хотод маш их хохирол учирна гэдгийг тэнд тайлбарласан.

Эрдэнэтийг тойрсон, Булган аймгийн хэдэн сумын Засаг дарга нар асуудлыг шийдэх гэж оролддог болсон байна.

    Хоёрдугаарт, Орхон аймгийн 100 гаруй мянган хүн амд агаарын тээврийн үйлчилгээний хэрэгцээ бий болсон байна. Тиймээс Булган-Эрдэнэтийн дунд Нисэх онгоцны буудал байгуулах санал тавьсан. Үүний зураг төсвийн зардал 600-аад сая төгрөгийг манай аймаг гаргая гэдэг саналаа ч хэлсэн. Зураг төсөв хийж батлуулсны дараа энэ бүтээн байгуулалтын хөрөнгө яригдана шүү дээ. Гэтэл энэ саналыг Булган аймгийнхан эсэргүүцсэн. Монгол улс ойрын жилүүдэд Эрдэнэт шиг томоохон хот барьж байгуулах аргагүй байна. Гэтэл энэ хотын хөгжилтэй холбоотой томоохон асуудал ярихаар Эрдэнэтийг тойрсон, Булган аймгийн хэдэн сумын Засаг дарга нар асуудлыг шийдэх гэж оролддог болсон байна. Ер нь Монгол улсын гурав дахь том хот Эрдэнэтийн цаашдын хөгжлийн асуудлыг арай өөр түвшинд ярьж, хуульчилж шийдвэрлэх цаг нь болсон байна. Тиймээс, үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Эрдэнэтийг хотын статустай болгох заалшгүй шаардлага байна.

-Эрдэнэтийг хотын статустай болгох асуудал мөн ч олон жил яригдлаа, шийдэгдэхгүй л байна. Энэ асуудлыг Та бүхэн одоо хөндөж тавих уу?

    -Бид бүрэн эрхээ эхлүүлсний дараахан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөвт санал авах асуудлаар хийсэн дээрх хуралдаанд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцсон. Энэ хуралдаан дээр бидний эхэлж тавьсан асуудал “Хотын статус” байсан. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир саяхан энэ асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор энэ асуудал нэлээн яригдаж байгаа. Саяхан Улаанбаатарын ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хотын хөгжил, инноваци, хотын эрх зүйн орчны талаар олон улсын форум болсон. Мөн эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ үеэр Засаг дарга Эрдэнэт хотын өнөөгийн статус, эрх зүйн хүндрэлийн талаар илтгэл тавин хэлэлцүүлсэн. Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ асуудлыг зохих шатанд нь ярьж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санаачлагатай ажиллаж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Эрдэнэт хот Улаанбаатараас дутахааргүй утаатай болжээ. Цаг агаар дулаарсан үед бид өвлийн утааг түр мартдаг. Хэдхэн сарын дараа дахиад өвөл болно, утаа сааралтана. Улаанбаатар шиг утааны гамшигт хүрэхгүй гэх ямар боломжууд байна. Утаанаас сэргийлэх ямар ажлууд хийгдэх бол?

    -Эрдэнэтэд үнэхээр утаа ихссэн. Монголд баруун талаасаа салхилдаг. Яг салхины дээд талд гэр хорооллоо байгуулсанд хамаг алдаа байна. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр Орхон аймгийн гэр хороололд 11384 өрх айл оршин амьдарч байна. Дэнж, Эрдэнэ багт 3492 өрх, Говил, Баянцагаан багт 2622 өрх айл амьдарч байна. Харин Городод 9575 өрх бий. Бусад багт 500-аад өрх айл байгаа. Нийт 29000 орчим өрхөөс гуравны нэг орчим нь орон сууцанд бусад нь гэр хороололд амьдарч байна.

Гэр хороололд цахилгааны хүчдэлийг сайжруулаад хоёр тарифт тоолуурыг бүх айлд тавих нь бодит алхам болно

    Өмнөх жилүүдэд утаагүй зуух тараасан. Өнгөрсөн жил хоёр тарифт тоолуур тавьсан хэрнээ, хамгийн их утаа үүсгэдэг гэр хорооллын толгой хэсэгт энэ тоолуурыг тавиагүй. Учир нь, тэнд 2 тарифт тоолуур тавихаар цахилгааны хүчдэл унах магадлалтай тул энэ тоолуурыг тавих боломжгүй гэж үзсэн байна. Ер нь, өнөөгийн гэр хорооллыг дахин төлөвлөөд, орон сууц бариад айл өрхүүдийг оруулаад утаанаас ангижирна гэдэгт би итгэдэггүй. Ойрын 20-30 жилд энэ ажил бодит үр дүнд хүрнэ гэдэг хэцүү. Харин гэр хороололд цахилгааны хүчдэлийг сайжруулаад хоёр тарифт тоолуурыг бүх айлд тавих нь бодит алхам болно. Төвийн эрчим хүчинд холбогдсон төвийн аймгуудын шөнийн эрчим хүчийг тэглэх асуудал яригдаад шийдэгдсэн. Гэтэл тэр аймгуудын жагсаалтад Орхон аймаг ороогүй юм билээ. Энэ асуудлыг бид нэлээн хүчтэй тавьсан. Үүнийг заавал шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Шийдвэрлүүлж чадвал утаанаас ангижрах том алхам болно. Нөгөө талаар Эрдэнэтэд масло, тос, дугуй шатаадаг газар олон болсон байна. Мэргэжлийн хяналтын газар энэ үйлдэлд маш сайн хяналт тавих шаардлагатай болж байна.

    Аймгийн Засаг дарга санаачлан гэр хорооллын айл өрхүүдийг бүрэн шаталттай коксжсон нүүрсээр хангах ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын утааг багасгахын тулд ойрын үед амжилт олох, хамгийн хурдан хэрэгжүүлж болох үр бүтээлтэй ажлаа л хэрэгжүүлэх нь зөв.

    -Та бүхэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруй Эрдэнэт үйлдвэр ХХК-д нэгэн албан тоот хүргүүлж, ажиллагсдадаа түүхий нүүрс олгодог үйл ажиллагааг зогсоох хүсэлт тавьсан. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн өвлөөс ажиллагсдадаа нүүрс биш мөнгийг нь олгосон. Үүний оронд айл өрхүүдийг бүрэн шаталттай коксжсон нүүрсээр хангах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил хэр үр дүнд хүрэв?

Орхон аймгийн айл өрхүүдийг нако түлшээр хангах ажил ирэх өвөл үргэлжилнэ.

   -Багануурын уурхайгаас бүрэн шаталттай нако түлшийг түүхий нүүрснээс хямд үнэтэй байхаар тооцон иргэддээ үнийн хөнгөлөлт үзүүлсэн. Гэтэл Багануурын уурхай нийслэлийн нэг дүүрэг, Дархан-Уул аймгийн тодорхой хэсгийг нүүрсээр хангадаг юм байна. Тэд нүүрс нийлүүлэх хүчин чадлаа бүрэн тооцоогүйн улмаас Орхон аймгийг гэрээ хийсэн хэмжээндээ нако түлшээр хангаж чадаагүй. Үүнээс шалтгаалан тодорхой хэмжээний мөнгө хэмнэгдээд, тэр хэмнэсэн хөрөнгөөр Кувейтийн гудамжны тохижилт хийхээр болсон. Орхон аймгийн айл өрхүүдийг нако түлшээр хангах ажил ирэх өвөл үргэлжилнэ.

-Сонирхсон олон асуултанд дэлгэрэнгүй хариулсан танд баярлалаа. Миний асуугаагүй, таны иргэддээ хүргэх гэсэн өөр санаа бодол үлдсэн байж магадгүй. Сүүлийн хариултыг танд асуултгүй үлдээе.

Иргэний танхимуудад хэлэлцүүлэг хийх зар сонссон л бол заавал ирж оролцож санал бодлоо илэрхийлж байхыг хүсье

   -Хөгжлийн бодлогын тухай хууль шинээр гарсан. Энэ хуулиар бол орон нутгийн төсвийг төлөвлөхдөө иргэдийн саналыг тусгана гэж заасан бий. Энэ мэт асуудлаар Иргэний танхимуудад хэлэлцүүлэг зарлаад хийхээр иргэдийн оролцоо хангалтгүй байх шиг санагддаг. Хэлэлцүүлэг хийх үед иргэд сайн оролцож санаа бодлоо хэлээд асуудлуудыг эрэмбэлэхэд туславал бага мөнгөөр хийх ажлуудаа зөв тодорхойлоход тустай. Тиймээс Иргэний танхимуудад хэлэлцүүлэг хийх зар сонссон л бол заавал ирж оролцож санал бодлоо илэрхийлж байхыг хүсье. Би дээр хэлсэн, 2017 он төсөв санхүүгийн хувьд хүндхэн байх нь. Гэхдээ тодорхой ажлуудыг эрэмбэлээд үр дүнтэй хийх зорилго тавиад ажиллаж байна. Орхон аймгийнхаа иргэдэд сайн сайхан бүхнийг хүсье.


Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

5 cэтгэгдэлтэй


ЗочинJul 8, 2017 103.212.116.12

ene jinhene hudlaa gardaa


зочин May 15, 2017 66.181.164.235

Ийм толгойтой хүн Эрдэнэтийн удирдлагууд дунд ховор шүү. Амжилт хүсэе!


ЗочинMay 15, 2017 162.158.91.235

Фялдага нөхдүүд долоохоо больчихооч


AmartuwshinMay 15, 2017 162.158.126.108

Amjilt


ЗочинMay 15, 2017 162.158.178.107

Aimag oron nutgiin ajliig sain medeh hundee