Skip to main content

О.Энх-Эрдэнэ: Өөрийгөө нээх эхний алхам маань “Авьяаслаг Монголчууд” шоу байлаа

Монгол телевизийн бүтээл “Авьяаслаг Монголчууд” шоу долоо хоног бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж”, олон сайхан авьяастныг ард түмэнд танилцуулсаар байна. Энэ жилийн шоу алтан баззертай болж байгаагаараа онцлогтой бөгөөд шоуны эрхийг эзэмшигчид 2-3 жил тус нэвтрүүлгийг хийсэн орнуудад энэ эрхээ өгдөг. Харин Монгол телевиз эхний жилдээ тус чансаанд хүрч чадсан тул алтан баззерын эрх авч чадсан билээ. Одоогоор дөрвөн алтан баззер дарагдаж Чука шүүгч хэнийг нь онцлон “шилдэг 32”-луу шууд илгээх вэ гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүсээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн дугаарт хоёр хөтлөгч өөрсдийн давуу эрхийг эдлэн алтан баззераа О.Батнасан, Г.Атарбат нарын гитар, морин хуурын хослолын үзүүлбэрт дарав. Хоёр оролцогчийн үзүүлбэрийг шүүгчид төдийлөн хангалттай биш гэж үзсэн. Гэвч үзэгчдийн таашаалд нийцсэн тул хоёр хөтлөгч тэдний хүсэлтийг уламжилснаар хасагдах аюулаас аварагдаж, шилдэг 32-т багтсан юм.

Тэднээс гадна үзэгчдийн анхаарлын төвд шууд орсон бас нэгэн оролцогч бол авьяаслаг залуу О.Энх-Эрдэнэ юм. Эрдэнэт хотын харьяат тэрээр “Amarillo by morning” нэртэй коунтри стилийн дуу дуулж, дөрвөн “тийм” гэсэн үнэлгээ авснаар дараагийн шатанд орох боломжтой болсон билээ.

Одоо шүүгчдийн сонгон шалгаруулалтад тэнцэж чадвал тэр ч мөн адил шилдэг 32-т багтана. Дараагийн шатныхаа хариуг Эрдэнэт хотод сэтгэл догдлон хүлээж суугаа О.Энх-Эрдэнэтэй бид утсаар холбогдон, цөөн хором ярилцлаа.

-ЗОРЬСОНДОО ХҮРЭХ АЛХАМ МААНЬ НЭЭГДЭЖ БАЙГАА
ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА-

-Та “Авьяаслаг Монголчууд” шоунд орох шийдвэрээ хэрхэн гаргаж байв? Таныг энэ шоунд ороход хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Манай аавын дүү анх “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцоод үзээч гэсэн санал тавьсан юм. Тухайн үед үзээд алдъя л гэж бодсон. Ер нь өөртөө итгэлтэй байсан учраас нэг их сандраагүй. Олны нүдэн дээр гарч дуулна гэхээс айгаагүй шүү.

-Тайзан дээр гараад дуугаа дуулахад таныг маш олон хүн дэмжиж, цахим ертөнцөд ч мөн маш их шуугиан тарилаа. Ингэж төсөөлж байв уу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Тайзан дээр гарч дуулахад эхлээд жаахан эвгүй байсан ч хүмүүсийн алга ташилт сонсоод тайвширч, зориг ороод, нүдээ аниад дуулмаар санагдсан. Нэвтрүүлэг гарснаас хойш олон хүн намайг дэмжиж байгаад маш их баярлаж байна. Өөрийнхөө зорьсондоо хүрэх алхам маань нээгдэж байгаа юм шиг санагдаж байна.

-Шүүгчид таныг дуугаа их зөв сонгосон гэж байсан. Дууныхаа сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-“Amarillo by morning” дууг анх 2-3 жилийн өмнө сонсож байсан. Анх сонсоход л надад маш их таалагдсан. Тэр цагаас дуулж эхэлсэн дээ. Миний хамгийн дуртай дуунуудын нэг гэж хэлж болно.

-Одоо Энх-Эрдэнэ Орхон аймагт ямар ажил эрхэлж байна вэ?

-Би Эрдэнэт хотынхоо ТИС-д уул уурхайн цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа. Одоо гуравдугаар курсын оюутан.

-Гэртээ хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би аав, ээж, эгч, хүргэн ахынхаа хамт амьдарч байна. Аав маань одоогоор Солонгост ажиллаж амьдарч байгаа.

-Аав, ээж хоёр нь таны мэргэжил сонголтод нөлөөлсөн гэж байсан. Нэвтрүүлгийн дараа танд урмын үг хэлэв үү?

-Өмнө нь урлагийн хүн болно гэхэд аав, ээж маань дэмжээгүй. Энийг би нэвтрүүлгийн үеэр ч хэлж байсан. Урлагийн амьдрал хатуу шүү гэж надад хэлдэг байсан. Харин “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байгааг маань үзээд аав, ээжийн маань бодол өөрчлөгдсөн байх гэж бодож байна (инээв. сурв). Миний хүү сайхан дуулж байна, нийт монголчуудынхаа итгэлийг дааж яваарай л гэж хэлсэн дээ.

-ХАГАС ШИГШЭЭД ТЭНЦВЭЛ МИНИЙ АМЬДРАЛД ТОХИОХ
ХАМГИЙН САЙХАН ЗҮЙЛСИЙН НЭГ БОЛНО-

-Таны гэр бүлд дуулах авьяастай хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагаар явсан хүн байхгүй ч миний аав, аавын маань талынхан сайхан дуулдаг хүмүүс байдаг.

-Дуучин болохыг хүсдэг үү? Хэрвээ мэргэжлийн сургуульд суралцах боломж гарвал та суралцах уу?

-Дуучин болохыг мэдээж хүсэлгүй яах вэ. Тийм боломж олдвол суралцъя гэж боддог. Гэхдээ жазз стилийн дуу дуулах дуртай, энэ чиглэлээрээ суралцаад, мэргэшээд явбал их сайхан санагддаг. Би дуулах дуртай, дуу дуулахаар их сайхан мэдрэмж төрдөг учраас зүгээр л дуулмаар санагддаг.

-Урлагийн сургуульд сурдаггүй юм чинь өөрийн авьяасаа тордох, авч үлдэх ямар нэгэн зүйл хийдэг байсан болов уу?

- Өмнө нь янз бүрийн дугуйлан дамжаанд хамрагдах ч юм уу, мэргэжлийн сургуульд сурч байгаагүй. Бас энэ төрлийн тэмцээн уралдаанд ч орж байгаагүй. Өөрийн авьяасаа нээх, таних эхний алхам гэвэл “Авьяаслаг Монголчууд” шоу л юм даа. Энэ шоунд оролцож л би өөрийгөө олсон гэж хэлж болно.

-“Би хайртай” дууг коверлож дуулсан тань “ Y outube” сувагт их хандалт авсан байдаг. Өөр ковер бий юу?

-Дуучин Болдын “Би түүнийг харсанаас хойш”, Дандийгийн “Инээд” гэдэг дууг дуулж байсан. Хааяа чөлөөт цагаараа өөрийнхөө дуртай дуучдын дууг коверлож дуулах дуртай. Түүнээс биш бичлэг хийгээд, сошиалд тавиад байх дургүй.

-Тэмцээнд оролцсоны дараа таны ойр дотныхон, нутаг усныхан хэрхэн хүлээж авсан бэ?

-Ойр дотныхон маш сайхан хүлээж авсан. Надад урмын үг хайрлаж, их дэмжиж байна. Эрдэнэт хотынхон маань ч их сайхан хүлээж авсан. Нутаг усныхныхаа итгэлийг алдахгүйг хичээх болно. Би төрсөн цагаасаа л хойш энэ хотод амьдарсан даа.

-Дуугаа англи хэл дээр дуулсан. Англи хэлийг та хэрхэн сурсан бэ?

-Өөрийнхөө хэмжээнд англи хэл мэднэ. Бие дааж англи хэлээ сайжруулахыг хичээдэг. Гадаад дуу дуулахдаа “youtube”-ээс үгийг нь хараад цээжлээд дуулдаг.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоо хамгийн эхний зорилго маань шоундаа амжилттай оролцох. Шүүгчдийн сонгон шалгаруулалт гэж том даваа миний өмнө байна. Хэрвээ шүүгч нар маань намайг дэмжээд, дуучин болж чадах хүн байна гэж үнэлвэл тэнцүүлэх байх. Хэрвээ хагас шигшээ шатанд тэнцэх юм бол миний амьдралд тохиох хамгийн сайхан зүйлсийн нэг болно. Хагас шигшээд үлдэж, шилдэг 32-т багтвал чадах бүхнээ хийнэ л гэж бодож байна даа.

Эх сурвалж Medee.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй