Онцлох | 5 сарын өмнө

Бэлэн амлалт, мянган хүлээлт...

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Сургуулийн хомсдолоос үүдэн нэг ангид 40-50 хүүхэд суралцаж байна

            Г.Саруул охин долоон настай. Орхон аймгийн БУГС-тай 14 - р сургуульд сурдаг. Хөлс нь бурзайчихсан, ширээнээсээ түлхэгдээд унах вий гэмээр эвгүй сууж байгаа нь нүдэнд тусна. Учир нь Саруулын анги 44 хүүхэдтэй. Ангидаа багталцдаггүй учир багш нь долоо хоног бүр салаагаар нь ээлжлэн суулгадаг. Саруул, Ширээ хоорондын зай хэтэрхий ойрхон учир хөдлөхөд хүндрэлтэй, бие нь чилдэг талаар ярьж байлаа. Мөн хичээлийн цагаар агаар сэлгэлт муу учраас толгой өвдөх, халууцах, дотор муухайрдаг гэнэ. Тус сургуулийн өргөтгөлийн ажил 20 гаруй жил яригдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ.

2001 онд ашиглалтад орсон тус сургуульд стандартын дагуу 1176 хүүхэд сурах ёстой ч орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэх тусам сургуулийн ачаалал нэмэгдэж өнөөдрийн байдлаар 2533 хүүхэд суралцаж, нэг ангид 40-50 хүүхэд чихэлдэж буй нь энэ. Баригдаад 10 орчим жилийн нүүрийг үзэж буй Надежда, Хөүптаун зэрэг хорооллын хүүхдүүд амьдарч буй суурьшлын бүсэд нь ЕБС байхгүй учир бүгчим анги, танхимд чихэлдэн хичээлээ хийхээс өөр аргагүй байдалд хүржээ. Гурван жилийн 260 айлын “Аз хотхон”, энэ онд шинээр баригдсан   “Амарсу – 2” хотхоны хүүхдүүд ч мөн адил сургуульгүй.

Охины анги даасан багш тус сургуульд 20 гаруй жил ажилласан.

Сургууль ашиглалтад орсон цагаас эхлэн нэг ангид 46 хүүхэд суралцаж ирсэн. Цаашлаад 50-51 хүүхэд нэг ангид хичээллэж байгаа нь багш нарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ажиллахад хүндрэл үүсгэж байна. Жил бүр бид сургуулийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, барьж өгөхийг хүлээсээр олон даргын нүүр үзсэн. Анх сургууль ашиглалтад орохтой зэрэгцэн сургуулийн дэргэд бассейнтай өргөтгөл барина гэж  20 жил хүлээлээ. Одоо ашиглах боломжгүй карказыг буулгана гэж байна. Гэвч буулгах төсөв байхгүй. Ерөнхий сайдын амлалт үнэн байгаасай. 35 хүүхэд суух ёстой танхимд нэг дахин их хүүхэд сурч байгаа нь сурагчид болоод багш нарт үнэхээр хүндрэлтэй байна

 

Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Эрдэнэтийн иргэдтэй уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх амлалт өгсөн. Ингэхдээ тэрээр Эрдэнэт хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр шинэ сургууль, 14-р сургуулийн өргөтгөлийг асуудлыг ирэх оны төсөвт суулгахыг БШУЯ-ны сайд, Сангийн сайдад үүрэг болгож заал дүүрэн иргэдийн өмнө амлалт өгч иргэдэд мянган хүлээлт үлдээсэн юм.

     Ерөнхий сайдын амлалт удаашрах эрсдэлтэйг эдийн засагчид онцлов

Орхон аймгийн Боловсролын газарт бүртгэлтэй долоо, ЗДТГ нэр дээр бүртгэлтэй хоёр газар бий. Дээрх газруудыг Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг нь авсан байна.

Зураг төсөв, мөнгө санхүүтэй холбоотойгоор сургууль барих ажил удааширдаг. Төсөв санхүү нь шийдэгдсэн ч гүйцэтгэх тал дээр учир дутагдалтай зүйлс гарсаар байна.  Өнөөдөр бодит байдал дээр 960 хүүхдийн сургуульд 2400 гаруй хүүхэд хичээллэж байна. Боловсролын санхүүжилт хөгжингүй орны түвшинд хүрч чадсан уу гэвэл үгүй. Ерөнхий сайдыг ирэхэд сургууль барих газартай байсан тулдаа гурван сургууль барих төсвийг ирэх онд суулгахаар болсон талаар Орхон аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт хэлж байна.

Түүх сөхвөл өнгөрсөн онд Орхон аймгийн Нэгдүгээр сургуулийн өргөтгөл дөрвөн жил хүлээлгэсний эцэст ашиглалтад оржээ. 1-6 ангийн 1500 орчим хүүхэд сурдаг тус сургуулийн өргөтгөлийг улсын төсвийн 5,6 тэрбум төгрөгийн төсөв өртгөөр барьсан юм. Эндээс харвал шинээр ашиглалтад орох хоёр сургуульд хамгийн багадаа улсын төсвөөс 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно. Төсвийн зардал 27 их наяд төгрөг хүртлээ өссөн нь түүхэнд байгаагүй өндөр төсөв болсон гэдгийг эдийн засагчид шүүмжилж байна. Тооцоо судалгаагүй, татвар төлөгчдийн нуруун дээр эдийн засгийн хүнд ачааг үрүүлнэ гэж тэд харж байна. Мөн асар их зарлага нэмэгдсэн төсвийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд батлуулсанг тэд онцлов. Хөрөнгө оруулалт, бүтээн ихэнх нь удаашрах эрсдэлтэй гэв.

   Орхон аймгийн хэмжээнд хүлээгдэж буй гурван сургуулийн бүтээн байгуулалтын ажил бий.  Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулатаар шинээр барих сургуулийн талаар аймгийн ХОХБТ-ын хэлтсийн дарга С.Даваадаорж ийнхүү ярьж байна: Барилга барих асуудлыг иргэд амархан мэт боддог. Гүйцэтгэлийн ажил хийхэд хугацаа шаардлагатай. 7-р хороололд ирэх онд 960 хүүхдийн сургуулийн ажил эхэлнэ. Шаардлагатай төсөв нь 15 гаруй тэрбум төгрөг, ирэх онд дээрх төсвийн 4,7 тэрбум төгрөгийг улсын төсөвт санхүүжилтад суусан гэв.

 Орхон аймаг дахь АН-ын дарга Ц.Батхуягаас Орхон аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажилд сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Тэрээр:

Төсвийн хулгай Эрдэнэтэд замаа алдаж байна. 2023 онд Орхон аймгийн төсөв 253 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. МАН төр барьж буй хугацаанд төсөв жил бүр их хэмжээгээр нэмэгдэж, хараа хяналтгүй байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удаашрах тендерийн хулгай. Сөрөг хүчин дийлэхгүй байна” гэв.

  

2024 оны төсөвт 1050 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 140 сургууль барихаар тусгажээ. Боловсрол шинжлэх ухааны сайдад 4,3 их наяд төгрөгийг тусгасан. Үүний 3,5  их наяд нь урсгал, 709 тэрбум нь хөрөнгийн зардал аж. Гэвч энэ төсөвт ердөө 960 хүүхдийн ганц сургуулийн барилгын өртөг болох 4,7 тэрбум төгрөг тусгагджээ. Үлдсэн амлалт хэрхэх нь тодорхой бус.

“Нөхөр бид хоёр үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй байгаасай гэж хүсдэг залуу гэр бүлүүдийн төлөөлөл. Үнэнчээр хөдөлмөрлөж, үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшээсэй гэж хүсдэг. Улсдаа татвараа төлж хичээнгүй ажилласан ч яагаад бидний хүүхдүүд бүгчим өрөөнд чихэлдэж суух ёстой юм бэ” хэмээн Г.Саруул охины ээж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.  

       Улсын төсөв бол иргэдийн мөнгө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн сонгогдсон албан тушаал дээрээ амлалт өгч байна гэж иргэд харж байна. Энэ бол сонгогчийн саналыг худалдан авч буй байдал болохыг улс төр судлаач Б.Эрдэнэдалай онцлов. Тэрээр үргэлжлүүлэн:

Иргэдийн сонгогчийн боловсрол дутмаг байна. Улсын төсөв бол Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний хувийн  биш. Эрдэнэтчүүдийн эцэг эхчүүдийн хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс хүүхдүүдэд нь сургууль барьж өгч байна гэсэн үг. Амлалт өгч байгаа нь иргэдэд хүлээлт үүсгэж, итгэл найдвар төрүүлж, хүлээлт үүсгэдэг. Иргэд тэрхүү амлалтад итгэж тухайн намыг бүлгээр нь дэмжих тохиолдол их байна. Энэ хүн амлаж байна хэзээ нэгэн цаг болчих байх, бүтчих байх гэж боддог. Үүнд хууртаж болохгүй. Биелэлт нэхдэг, өөрсдийн халааснаас гарч буй мөнгөөр юу хийж байгаад хяналт тавих эрх хүн бүрт нээлттэй байдаг. Тиймээс өгсөн амлалтаа биелүүлээгүй хүмүүсийг дахин сонгох уу, үгүй юу гэдгээ мэддэг байх нь чухал” гэдгийг хэлж байна.

Багш нарын амжиргаа хүнд байна  

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайдыг Эрдэнэтэд ирэх үед Г.Саруул охин IV цэцэрлэгийн ахлах бүлэгт сурч байв. Тухайн үед цэцэрлэг хоёр ээлжээр хичээллэхэд шаардлагатай тэрбум төгрөгийг шийдвэрлэнэ гэж амлалт өгч байжээ. Амлалтын хүрээнд 800 сая төгрөгийг шийдвэрлэсэн ч асуудлууд байсаар байна.  Г.Саруул охины сурч байсан цэцэрлэг өнөөдрийг хүртэл хоёр ээлжээр хичээллэж эхлээгүй. Өнгөрсөн хавар эцэг эхчүүдээс судалгаа авсан ч одоог хүртэл шийдэлд хүрээгүй байгаа аж. Энэ асуудлын талаар бид үргэлжлүүлэн Г.Саруул охины аавтай ярилцлаа. Тэрээр “Би илүү цагаар л ажиллахгүй бол гэр бүлийнхээ хэрэглээг дийлэхгүй байна. Илүү цагийн мөнгөөрөө амьдралаа залгуулж байна гэсэн үг л дээ. Гар дээр авч буй цалингийн тал нь нийгмийн даатгал, татварт явчихдаг. Үлдсэн хэдэн төгрөгөөрөө  зээлээ ч төлж хүрэхгүй ийм л амьдралын циклээр олон жил амьдарч байна. Хэзээ сүүлд шинэ хувцас авснаа мартчихсан. Чадалтай бол охиноо хувийн сургуульд өгч, чөлөөтэй ширээнд суулгах сан. Чанартай өдрийн хоол идүүлж, боловсролд нь анхаарах юм сан. Үнэхээр дийлэхгүй байна. Эхнэр бид хоёрын амьдрал сургуулиас сургууль, цэцэрлэгээс цэцэрлэгийн хооронд цагтай уралдсаар дуусаж байна. Юун нэгэндээ зав гаргах, болзох ч цаг алга. 4-р цэцэрлэгт бага охин маань сурдаг. Хоёр ээлжээр хичээллэнэ гэж яригдаад хоёр жил боллоо. Одоо хүртэл хичээллэж эхлээгүй. Дарга нараа иргэдэд худлаа ярьж, өнгөт постер хийж тайлан тавьдаг шигээ хөрсөн дээрээ бууж тогтолцооны алдаагаа дахин эргэж хараачээ. 14-р сургуулийн өргөтгөл баригдана гэж итгэхгүй байна. Намайг хүүхэд байхад баригдана гэсэн нь одоо балгас болчихсон 20 жил болж байна. Мянган хүлээлт үүсгэж, хүүхдүүдэд сонгуулийн амлалт өгөхөө болиоч ээ”   гэсэн юм.

Ерөнхий сайдын иргэдэд өгсөн амлалт иргэдэд мянган хүлээлтийг үлдээсээр. Үнэхээр биелэх болов уу?

 

Таалагдаж байна 3
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

2024-04-26

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24

Хулгайчыг хамгаалдаг цагдаа

2024-04-24

Монгол улс цахим аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр Фейсбүүк компанитай хамтран ажиллана

2024-04-23

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?

2024-04-23

УИХ-ын гишүүн Д.Батлут Чуулганы хуралдааныг 15 удаа тасалжээ

2024-04-22

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

2024-04-18