Нийтлэлч
Сэтгүүлч Э.Одсүрэн

Халдвартын тасгийн эмч нар “АВРАЛЫН ОД” гэлтэй

3 жилийн өмнө


    Будаг нь халцарч тоос шороо болсон цонхны гадна тавцан, харагдах орчин хязгаарлагдмал гуниг төрүүлэм гадаах байдал, газраар нэг хөглөрөх навчис. Яг энэ дүр зургийг Халдвартын тасгийн өвчтөнүүд өдөр бүр хардаг. Энэ агшинд навчгүй нүцгэн модноос өөр ханьгүй мэт санагдана. Корона вирусын халдвартай нь батлагдсан иргэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ингэхдээ тухайн хүний биеийн байдал ямар байгаагаас хамааран хэвтэн эмчлүүлэх хугацаа нь харилцан адилгүй. Цар тахлын халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа нь эмч, эмнэлгийн ажилчдын ачааллыг улам бүр нэмэгдүүлсээр байна.


    Халдвартай гэдгээ мэдсэн иргэд эхний үед сэтгэл зүйн хүнд цохилтод ордог. Тэд хэт айдаст автсанаас шалтгаалан өөрийгөө буруутгах хандлага их гаргана. Тиймээс халдвартын тасгийн эмч, ажилтнууд өвчтөн бүрийн зан авир, үйл хөдлөлд анхаарал хандуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тайвшрахад нь эхлээд туслана. Тэд сэтгэл зүйн эмчилгээг үнэхээр мэргэжлийн түвшинд гарамгай сайн хийж сурчээ. Халдвар авсан тухай аймшигт мэдээг сонсонгуут айдаст “хүлэгдсэн” хүмүүс тус эмнэлгийн босгыг алхан орж ирснээ хэсэг хором, нэг өдрийн дараа тайвшралыг олж, сэтгэл “эмчилсэн” эмч, сувилагч нараа хараад “Эд нар л авралын од юм даа” хэмээн сэтгэлдээ шивнэн, хэлсэн үгийг даган эмчилгээгээ дуулгавартай хийлгэнэ. Хэвтэн эмчлүүлэгч иргэдээс сонин ааш авир гаргах, үг хэлээр доромжлох нь ч цөөнгүй тохиолдоно. Энэ эмнэлэгт хэвтэхэд нэн түрүүнд биелүүлэх хэдхэн шаардлага бий. Үүнийг биелүүлэхээс татгалзан уцаарлах иргэд ч цөөнгүй. Халдвартын тасгийн эмч нар сэтгэл зүйн зөвлөгөө өгсний дараа тэдэнд эмчилгээ хийнэ. Энд сэтгэл санаагаар унасан өвчтөн хүүхэд ч олон бий. Өндөр настай хүмүүс “Би ингээд л үхэх байх даа” гэсэн битүү айдастай байгаа нь мэдрэгдвэл өвчний шинж тэмдгийг тайлбарлан ойлгуулж, энэ өвчнөөр үхэхгүй, эдгэрээд гарна гэсэн итгэл төрүүлэхийг хичээнэ.


Халдвартын тасаг дотор өдөр бүр анир чимээгүй ноёрхож эм тарианы үнэрээс илүүтэй халдваргүйжүүлэлтийн бодисны үнэр нэвт ханхална. Түрдэг төмөр тэрэгний чимээ гарах үед л “Хоолоо аваарай” гэх дуу зөвхөн сонсогддог. Цонхоор дамжуулан хоол хүнсээ авч, орж гарах эрхгүй болно гэдэг хүсэх юм биш гэдгийг ковидын халдвар аваад эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүс л ойлгоно. Монголын нийгэмд хариуцлагаар дүүрэн өдрүүд үргэлжилж байгаа ч цар тахлын халдварын тоо буурахгүй, харин ч бүр нэмэгдсээр 4-р сарын 14-нд улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 1220 тохиолдол бүртгэгдлээ. Хүн бүр цочирдон айж, дотроо түгшиж эхэллээ. Харин халдвартын тасгийн эмч, ажилтнууд өдөр бүр хийдэг ажлаа хийсээр...Өнөөдөр тэд хэнээс ч мөнгө нэхээгүй, юунд ч гомдож туниагүй, зурагтаар гарч од болоогүй, хэцүү байна хэмээн уйлж урт өргөдөл барьж гүйгээгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж үүрэгт ажлаа ялархалгүй биелүүлсээр л байна. Гагцхүү халдвар гэнэт ихсэж эмнэлэг маань ачааллаа даахгүй болох вий, энэ аймшигт өвчний улмаас хүний алтан амь эрсдэх вий гэж тодроо битүүхэн түгшинэ.


“Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж,

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө

Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа Тангараглая”


    Эмч хүн энэ тангараг өргөхдөө эрүүл мэнд, гэр бүл, хайртай бүхнээрээ дэнчин тавин цагаан халаадаа өмсөж үүрэгт ажлаа хийдэг. Цар тахалтай тэмцсээр хоёр жилийн нүүр үзэх нь. Халдвартын тасгийн эмч, ажилчид 14 хоног тасралтгүй ажиллаад 7 хоног тусгаарлалтад байдаг. Дараа нь шинжилгээнд хамрагдаад 21 хоногийн дараа гэртээ харьдаг ажээ. Тэд 24 цагийн турш халдвар хамгааллын цагаан хувцас өмсөж ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажилладаг. Тус тасаг 18 ажилтантай бөгөөд нэг багт эмч, сувилагч,ариутгагч үйлчлэгчийн бүрэлдэхүүнээр хуваарилагдан ажиллана. Заримдаа улиран ажиллах ч шаардлага гарна.


Халдвартын тасагт эгнүүлэн тавьсан эмнэлгийн орнууд хэтэрхий ойр учраас хүүхэд гүйж тоглоход давчуу. Эмнэлгийн өрөө хэт хуучин, тав тухгүй байдаг ч маш цэвэрхэн.

“Ээжээ, ээжээ аавдаа очмоор байна” хэмээн уйлах гурван настай бяцхан хүүг харсан эмч “Эвий эвий эмнэлэгт ирээд эвгүй байгаа байх, миний хоёр хүүхэд бас ээжийгээ санаж байгаа даа” гэж хэлээд хүүг удаан харж зогслоо. Эмчийн тангараг эх хүнийг үрээс нь хол байлгах хүчтэй нь эндээс харагдана. Эмнэлгийн өрөө цаанаа жиндүүхэн, тав тух муутай ч өвчтэй хүн бүр эдгээд гардаг нь сайхан. Тэд эмнэлгээс гарахдаа “Халдвартын тасгийн эмч сувилагч, ажилчдын зан харилцаа, эмчилгээ, хоолны чанар ярих юмгүй сайн” гээд тэдэнд ажлын амжилт хүснэ. Ковид хөнгөн туссан хүмүүс өдрийн 3 хоолтой, завсарт нь боорцог, печенье, дархлаа дэмжих жүүс идэж, ууна. Тэд өөрсдийгөө азтайд тооцно.


Олон давхар амны хаалт, халдвар хамгааллын хувцастай эмч нарыг гаднаас нь ажиглахад тун бэрх санагдана. Энэ хувцсаа тэд тайлдаг болов уу гэж бодмоор. Тэднийг харах төдийд амьсгал нь давхцаж, цээж дүүртэл агаар амьсгалмаар байгаа мэт давчидсан мэдрэмж төрнө. Тэд хүчил төрөгчтэй амны хаалттай бол арай тухтай, чөлөөтэй амьсгалах байх гэж бодогдоно.

Халдвартын тасгийн цонхоор харахад гадаа л гармаар санагддаг. Тэнгэрт одод түгсэн шөнийн тэнгэрийг удаан харалтгүй, учир нь уйтгар гунигийг улам лавшруулна. “Маргааш хэдэн хүн нэмэгдэж ирэх бол, тэдний хайртай хүмүүс, ялангуяа хүүхдээс нь халдвар битгий илрээсэй билээ” гэж залбираад өвчтөнүүд унтана. Харин эмч нар нөгөө л битүү хувцастайгаа ажлаа үргэлжлүүлэн хийж, зав гарвал суугаагаараа “нүдний хор” гаргана.

Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй цар тахлын энэ хүнд үеийн хамгийн хүнд ачааг “үүрсээр” яваа тангарагтаа үнэнч Орхон аймгийн Халдвартын тасгийн эмч, ажилчдаар бахархахгүй байхын аргагүй. Эдгэрээд гарсан хүн бүрийн тоогоор, тэдний хүүхэд бүхний инээдээр та нарын өргөсөн тангараг, хичээл зүтгэл ивээгдэх болтугай.


Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна