Нийтлэлч
Нийтлэлч А.Наранболд

“Түргэн”-ий машинаас төрсөн сэтгэгдэл...

8 жилийн өмнө
Фэйсфүүк ухжээ суутал ийм машины зураг таарлаа. Биднийхээр бол түргэн тусламжийн тэрэг, аа харин өвөр Монголчуудынхаар бол "бачим авралын машин". Энэ зурагнаас улбаалаад нэгэн дурсамж сэргэснийг энд хуваалцахыг хүслээ. 2010 он дөнгөж гараад байсан үе. Идэр ес тачигнасан дүн өвлийн цаг. "Тусгал 1" ТВ үүсгэн байгуулагдаад сар орчмын хугацаа өнгөрч байв. Бид анхны "Шөнийн тусгал" шөнийн сурвалжлагандаа аймгийн нэгдсэн эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн "103" руу гарсан юм. Шөнө дүл. Гадаа нам гүм, хөл хөдөлгөөнгүй ч хүлээн авахын тасаг тас эсрэгээрээ.

Ёолсон, уйлсан, зандарсан, уурласан, сандарсан, салгалсан хүмүүс энд тэндгүй. Шинэ жил өнгөрөөд удаагүй, бас хүүхэд бүрт эх орны хувь ч билүү 70 мянган төгрөг дөнгөж олгоод байсан үе болохоор ч тэр үү голдуу согтуугийн холбогдолтой гэмтэл, өвдөлтүүд. Эмч сувилагч нар нь цөөн. Ядаж байхад яаралтай тусламж авах гэсэн үнэн худлаа өвчтөн бишгүй. Худлаа гэсний учраа одоохон тайлбарлая. Нэг эгч учиргүй "-Зүрх, зүрх" орилсоор орж ирэв. Саяхан жаахан халмаг байсан бололтой, одоо харин айсандаа архи байтугай сүнс нь гарчихсан намхан халзан ах дагаастай. Эгч юу юугүй татаж, аахилж, гэрээс сургаалиа айлдаад сүйд боллоо. Сувилагч, жижүүрийн эмч нар ч сандралдаад явчихав. "-Эмчийг авчир, дууд" гэсээр түргэний жолооч нэг эрэгтэй эмчийг /мэдээж гэрээс нь/ авчирлаа.

Шөнийн 12 дөхөж байсан цаг. Ингээд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг явагдав. Эмч ч удалгүй "-Нөхрийг нь гарга" гэснээ "-Та бос доо. Юу болсон юм бэ. Үнэнээ хэл" гэв. Эхлээд эгч өвчин хэлж учиргүй гүрийсэн. Гэвч эмч гэр бүлд чинь ямар асуудал гарсан юм бэ. Та толгой эргүүлээд байлгүй үнэнээ хэлээдэх дээ" гэж дуугаа өндөрсгөв. Гэтэл мань аниа харин "-Нөхөр архи ууж алга болоод. Тэгээд хардаад. Хүүхдүүд бас тоож ирж өгдөггүй" гэж сулхан дуугардаг байгаа. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэйн бусдыг айлгаж туних, анхаарлын төвд орох хүслийн золиосонд эмнэлэг, эмч тэр чигээрээ чирэгдчихсэн гэсэн үг.

Угаас хүрэлцээгүй түргэний машин "баашлагч" руу давхиж, бас эмч авчрах гэж жирийж байх хооронд хүний амь эрсэдсэн бол халуун амьны төлөөсийг хэн хариуцах байв? Эмч, сувилагчдын яриагаар бол иймэрхүү дуудлага өдөр бүр, гэхдээ бас нэг биш гардаг гэж байсан. Ингэж байтал Баянцагаан багаас осгосон нярай байна гэсэн дуудлага ирэв. Бид дагалдлаа. Тэр үед эмнэлгийн ийм сайхан машин байсангүй.

Салж унахаа дөхсөн "69" машин. Муухай дуугараад л, салганаад л. Урагшилдаггүй ээ. Өмнө суугаа жолооч, эмч хоёр урд цонхондоо наалдах шахан цээжээрээ зүтгээстэй. Ацтай шонгийн урд л гэнэ, ардаа овоотой толгойтой л гэнэ. Бүр баруунаар эргээд, зүүнээр ор ч гэж үзэж байх шиг. Шөнийн харанхуйд уулын бэл дэхь хорооллоос айл олно гэдэг эгээ л өвсөн дотроос зүү хайхдаа адил санагдсан. Арай гэж очвол 4-5 сартай нярайг 10-аад насны хүү тэврээстэй, айлын гадаа хэдэн хүн, нэг шар үстэй хүүхнийг тойрон зогсч байв. Хүүхэн хар цагаан дуугүй, цэх зогсч чадахгүй ганхана. Тэнд байгсад ч бүгд багадаа л халамцуу, гэхдээ бас "-Удлаа, оройтлоо. Үүрэг чинь юм байгаа биз дээ.

Хурдлаач" гээстэй. Хүүхдэд үзлэг хийж байгаа эмчид гар хүрэх нь халаг. Ийм үед хөөрхий муу жолооч нь л "бие хамгаалагч" болж, олны эсрэг ганцаар зогсдог юм билээ. Учир шалтгаан тодроод иртэл... Айлынхан нярайн /осгоод буй/ 70 мянгийг авч, архидаж, найрлаж гарчээ. Архидалтын ид үед "ээж" хүүхдээ авч "салхилуулж" яваад яагаад ч юм гадаа "мартсан" байна. Идэр ес тачигнасан шөнийн 01 цагийн орчимд... Хэрвээ хажуу айлын 10 гаруй настай хүүгийн давсаг нойрон дунд нь чинэрч гараагүй бол юу болох байсныг ёстой тэнгэр л мэднэ.

Хүү бие засчихаад буцаж явахдаа нохойн гөлөг өрөвдмөөр гийнах шиг чимээг хөршийнхөө хашаанаас сонсч. Хашаан дээгүүр өнгийгөөд хартал хажуу айлынх нь хаяавч дээр өлгий нь задарсан нялх хүүхэд хэвтэж байсан гэнэ. Хүү сул байсан нохойноос ч айлгүй хашаа даван орж нярайг аваад гэрийнхнээрээ түргэн дуудуулсан нь энэ байлаа. Үйл явц тодорхой болуут хүүхдийг хүлээн авах руу авчирч, хөдөлтийн зэргийг тогтоохын зэрэгцээ цагдаа дуудсан.

Мантгар хөөрхөн хүүг эмч, сувилагч сандран тойрч, уйлаад эхлэхэд нь урт амьсгаа аван баярлаж байсан тэр мөчийг би л хувьдаа насан туршдаа мартахгүй. Энэ сурвалжлагыг тухайн үедээ хүлээн авч үзэж байсан хүмүүс өдгөө санаж ч байж мэднэ. Ямархан нөхцөлд, яаж олныхоо төлөө тэмцдэгийг нь мэддэг болсон болохоор ийм тэмдэгтэй машиныг харах бүртээ би хайр бас харуусал төрдөг юм.

Нано технологийн эрин зуунд өнгөрсөн нийгмийн "нэгдлийн даргын машин" унаад чагнуур, даралтын аппараттай үхэл зовлон, өвчин шаналлыг сөрж яваа эмч хүн. Одоо нөхцөл байдал нь арай дээрдсэн байж болох ч овойж оцойтол өөрчлөгдөөгүй гэдэгт итгэлтэй байна. Эмнэлгийн тэмдэгтэй, түргэн тусламжийн машиныг харах бүр надад яг ийм л дурьдатгал тодордог юм даа...
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна