Нийтлэлч
Ч.Энхчулуун

“Бэрэн металл” ХХК-ийн үйлдвэр байгаль орчин ХОРДУУЛСАН, ХОРДУУЛААГҮЙ?

8 жилийн өмнө

Өнгөрсөн 2014 онд манай аймагт “Бэрэн групп”-ын охин компани “Бэрэн металл” ХХК төмрийн баяжмал, ангижруулсан төмөр, ширэм, ган бэлдэц, бөмбөлөг, барилгын арматур зэрэг бүтээгдэхүүн гаргах үйлдвэрээ нээсэн.

Импортыг орлох, улсад татвар төлөх, ажлын байр нэмэгдүүлэх гээд эдийн засгийн болон нийгмийн олон талт ач холбогдолтой уг үйлдвэр гурван сар туршилтын журмаар ажиллаад тодорхой шалтгааны улмаас зогссон. Туршилтын хугацаанд ажиллах явцад байгаль орчинд нөлөө үзүүлж байгаа талаар иргэдээс гомдол гарч холбогдох байгууллагууд дүгнэлтээ гаргаад байна. Тус үйлдвэр нь хэсэг хугацааны дараа ажиллаж эхлэх нь тодорхой гэхэд хилсдэхгүй тул уншигч танд талуудын байр суурийг тэгш хүргэе.

Иргэд гомдол гаргасан шалтгаан

Тус үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж буй Баян-Өндөр сумын Булагтын “В” хэсэгт 134 өрх суурьшсан. Тэдний дийлэнх нь хашааны газраа өмчилж авсан. Дээрх иргэдийн төлөөлөл болох 39 хүний гарын үсэгтэй гомдол анх 2014 оны 12-р сарын 18-нд Байгаль орчин, аялал жуулчлалын газарт иржээ. Үүний дараа Голил багийн Иргэдийн нийтийн хурлын даргын гарын үсэгтэй албан бичиг тус газарт очсон байна. Дээрх хоёр гомдолд тус үйлдвэрийн ойр орчимд эвгүй үнэр, утаа ялгарах болон дуу чимээ их байгаа талаар дурдсан байна. Энэ талаар Говил багийн ИНХ-ын дарга Ч.Энх-Амгалангаас тодруулахад “Үйлдвэрийн утаа нь маш эвгүй үнэртэй. Бидэнд нүд, хоолой, цээж хорсох шинж тэмдэг хүртэл илэрдэг. Мөн үйлдвэр ажиллаж байхад дуу чимээ их байдаг” гэсэн юм.

Ч.Энх-Амгалан: “Үйлдвэрийн утаа нь маш эвгүй үнэртэй. Бидэнд нүд, хоолой, цээж хорсох шинж тэмдэг хүртэл илэрдэг. Мөн үйлдвэр ажиллаж байхад дуу чимээ их байдаг” 

Энэ талаар “Бэрэн металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбазараас тодруулахад “Үйлдвэрийн агаар халаах систем болон компрессорын илүүдлээс тодорхой хэмжээгээр дуу чимээ гарч байсан. Дээрх илүүдлийг бид үндсэн яндан руу хуваарилж зохион байгуулсан тул дуу чимээний асуудал шийдэгдсэн. Үнэрийн хувьд үйлдвэрийн технологиос шалтгаалаад нүүрс хүчлийн хий болоод бусад исэлдсэн хий ялгарч байсан. Одоо ажиллаж эхлэхдээ бид үүнийг “Хөх ган” үйлдвэрийн хийн зууханд нийлүүлдэг болох учир асуудал шийдэгдсэн” гэсэн тайлбарыг өглөө.

Асуудалд шийдэгдсэн эсэх нь ажиллаж эхлэхээр тодорхой болох биз.

Мэргэжлийн байгууллагууд юу гэж дүгнэв?

Иргэдээс гарсан гомдлын дагуу уг асуудлыг судлах, дүгнэлт гаргах, шийдвэрлэх зорилгоор холбогдох бүх байгууллагуудыг багтаасан ажлын хэсэг өнгөрсөн 9-р сард байгуулагдсан. Тус ажлын хэсэг “Бэрэн металл” ХХК-ийн үйлдвэрийн домен зуух агаарт хамгийн их бохирдол үүсгэж байна гэж дүгнэсэн байна. “Дээрх үйлдвэрийн домен зуух 1 м.кв талбайд 124.3 гр төмрийн үртэс цацаж байгаа нь тогтоогдсон. Үүнийг соронзон аргаар шалгахад төмөр болох нь тодорхой болсон” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Машбат ярьсан юм. Харин тухайн үйлдвэр орчмын хөрснөөс 300 мл цасны ус авч Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны “Байгаль орчны шинжилгээний лаборатори”-д шинжилгээ хийсэн байна. Дээрх шинжилгээний дүнд 300 мл цасанд 7.69 гр төмрийн хүдэр агуулагдаж байсан нь тодорхой болсон гэнэ. Энэ талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга С.Отгонбаатар ярихдаа “Энэ үйлдвэр бол маш бохир, байгаль орчныг хамгаалах чиглэлээр гүйцэтгэх ажлаа хийгээгүй, технологийн хувьд дутагдалтай байгаа нь харагдсан” гэсэн юм.

С.Отгонбаатар:“Энэ үйлдвэр бол маш бохир, байгаль орчныг хамгаалах чиглэлээр гүйцэтгэх ажлаа хийгээгүй, технологийн хувьд дутагдалтай байгаа нь харагдсан”

Уг асуудалд “Бэрэн металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбазар тайлбар өгөхдөө “Манай домен зуухнаас төмрийн үртэс хаягдсан гэдэг бол ямар ч үндэслэлгүй зүйл. Манай зуух 9 фильтр буюу шүүгчтэй. Харин манай хашаанд байгаа төмрийн хүдрийн овоолгоос салхинд хийссэн нь шинжилгээний дүнд нөлөөлсөн байж болох юм” гэлээ.

Ийнхүү үүссэн асуудалд талууд өөрсдийн байр сууриа хамгаалсан тайлбарыг хийж байгаа юм. Гэхдээ БОАЖГ, УЦОША-ыг мэргэжлийн байгууллага гэж үзвэл тэдний дүгнэлтээр “Бэрэн металл” ХХК үйлдвэр байгаль орчин бохирдуулсан гэсэн дүгнэлт хийх бүрэн боломжтой юм.

“Бэрэн металл” ХХК байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ батлуулаагүй

“Бэрэн металл” ХХК-ийн ажиллаж байгаа газарт буюу “Үйлдвэрлэл технологийн паркийн төлөвлөлт”-д төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар тусаагүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ярьсан. Мөн УЦУОША-ы дарга С.Отгонбаатар “Аливаа үйлдвэр төслийн шатанд байхдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ батлуулсан байх ёстой. Тухайн үнэлгээг мэргэжлийн байгууллагууд үзэж, судлаад үйл ажиллагааг нь эхлүүлэх эсэх шийдвэрээ гаргадаг. Гэтэл “Бэрэн металл” компани эхлээд үйлдвэрээ байгуулчихсан. Үнэлгээгээ батлуулаагүй байна” гэлээ. Тэгвэл “Бэрэн металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал “Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг бид “SEC” компаниар хийлгэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлсэн. Холбогдох журамд өөрчлөлт орсноос болоод батлагдалгүй хүлээгдэж байна” гэсэн хариулт өгсөн.

 “Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг бид “SEC” компаниар хийлгэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлсэн.

Цаашид манай хот “Үйлдвэр технологийн парк” түшиглэж хөгжих алсын харааг дэвшүүлсэн. Тиймээс үйлдвэрлэлийн болон суурьшлын бүсээ одооноос ялгаж салгахгүй бол энэ мэт асуудал үүссээр байх болов уу. Энэ талаар Говил багийн ИНХ-ын дарга Ч.Энх-Амгалан ярихдаа “Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн энэ үйлдвэрийг өгөх ашиг тус их. Тийм болохоор хаах талаар ярьдаг иргэн байдаггүй. Гол нь Булагтын “В” хэсгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг холбогдох газруудаас нь хүсэж байна” гэж ярьлаа. Харин Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга ярих даа “Тухайн хэсэгт үйлдвэр ажиллаж байхад байгаль орчин, иргэдэд үзүүлэх нөлөөлөл байсаар байна. Тиймээс суурьшлын болон үйлдвэрлэлийн бүс нутгаа одооноос ялгах хэрэгтэй” гэлээ.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна