Skip to main content

Хүний эрхийн луйвар-1

Хүний эрхийн луйвар-1

“Эрx чөлөөний үнэ төлөөс нь байнгын сонор сэрэмж” Томас Жефферсон

Хүн төрөлхтөн үндсэн хуульт ёсны онолыг бий болгож даруй 200 гаруй жилийн түүхийг ардаа орхижээ. Манай улсын хувьд зарим судлаачид “Их засаг” хуулийг Үндсэн хууль байсан гэх боловч үнэн хэрэгтээ хүн төрөлхтний эрх зүйн соёл ухамсар, хүний эрх, эрх чөлөөнд суурилсан, төрийг эрх мэдлийг хуваарилсан, эрх зүйт ёсны үзэл санаа шингэхэд дөхсөн “Үндсэн хууль”-ийг анх 1992 онд баталсан гэж үздэг нь бий. Өөрөөр хэлбэл БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны “Үндсэн хууль”-иуд нь хүний эрх, эрх чөлөөнд үндэслээгүй, эрх зүйт болон үндсэн хуульт ёсны үзэл санааг тусгаагүй хууль байсан нь тухайн үеийн улс төрийн үзэл баримтал, нийгмийн зорилго болж байсан ангийн номлолоос шууд хамаарсан хэрэг бизээ.

Харин 1992 онд Монгол улсын анхны гэж болох Үндсэн хуульт ёсны үзэл санааг тусгасан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Үндсэн хууль”-иа баталсан ч үүний алдаа оноог 20 гаран жил улс төрчид болон мэргэжилтнүүдийн дунд шүүмжилж ярьж ирсэн боловч ҮНДСЭН ХУУЛЬ-ийг өөрчлөх сана-ачлагыг хэн гаргаж байгаа, хэн өөрчлөхийг хүсч байгаа, хэний эрх ашиг сонирхлыг хөндөж байгаад хамгийн их анхаарах учиртай. Ард иргэд санаачилсан уу, хүссэн үү, ойлгож байгаа юу?...

ҮНДСЭН ХУУЛЬ НЬ АРД ИРГЭДИЙН ХАМГААЛАЛТ БОЛОХ ТУХАЙД

Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийг хязгаарласнаар хүний эрх, эрх чөлөөг хангах хамгийн чухал ганцхан зорилготой байдаг. Тэгэхээр Үндсэн хууль нь иргэн бүрийн эрх чөлөөтэй холбогддог ба төрийн аливаа эрх мэдлийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх угтвар нөхцөл, хамгаалалтын хана, хэрэм нь болохыг харж болно. Тэгвэл энэхүү хана хэрмийг хэрхэн батжуулж, хэрхэн нураах иргэн хүн бүрээс шууд хамаарах асуудал болохыг хэн хүнгүй ойлгох цаг иржээ. 1789 оны Францын “Хүний ба Иргэний эрхийн тунхаг”-т “төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд угтаа үндсэн хууль оршдоггүй” гэж заасан байх ба энэ нь төрийн эрх мэдэл нэг хүний, эсвэл хэсэг бүлгийн гарт төвлөчихсөн, хэмжээгүй эрхтэй, хүний эрх, эрх чөлөө гэхээсээ илүү төрийн нэрээр түрий барьж дур зоргоороо иргэдийн асуудлыг шийддэг, юугаар ч хязгаарлагдахгүй ийм засгийг, ардчиллын үнэт зүйлсэд суурилсан эрх зүйт ёсны үзэл санаа нэвт шингэсэн төрийн тухай төсөөллөөр солиход Үндсэн хуулийн чухлыг онцолсон гэлтэй.

“Үндсэн хууль нь иргэн бүрийн эрх чөлөөтэй холбогддог ба төрийн аливаа эрх мэдлийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх угтвар нөхцөл, хамгаалалтын хана хэрэм нь болохыг харж болно”

Өөрөөр хэлбэл төр хэмээх том эрх мэдэлтэй “мангас”-ын эрх мэдлийг нь хязгаарлах, хуваарилах ганцхан боломж нь Үндсэн хууль гэдгийг хүн төрөлхтөн олсноор улмаар 1787 анхлан АНУ Үндсэн хуулиа баталж байжээ. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангасан өнөөгийн ардчилсан нийгэм байгуулах үндэс сууриа тавьжээ. Харин энэхүү Үндсэн хуулинд 200 гаран жил мөрдөж ирсэн атлаа одоогийн байдлаар шинээр батлаагүй харин 26-хан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан байх юм. Үүнээс үзвэл Үндсэн хууль нь ард түмэн, иргэний эрхийн тухай хууль гэлтэй.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХЭН ХАМГИЙН ИХЭЭР, НОЦТОЙГООР ЗӨРЧДӨГ ВЭ?

Иргэн хүн хүний амь насыг хүндрүүлэх нөхцөл байлдалгүйгээр хөнөөсөн бол Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд 91.1-д зааснаар “...10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба харин хүндрүүлэх нөхцөл байдалтай /үүнд: шунахайн сэдэлтээр, өс хонзонгийн сэдэлтээр, танхайн сэдэлтээр...гэх мэт/-гаар хөнөөсөн бол 15-аас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр заасан байна. Гэтэл төр ийнхүү хүний амь насыг хөнөөсөн бол, бүр олноор нь хүйс тэмтэрсэн бол ямар хариуцлага хүлээх вэ?... Хариулт нь их энгийн. Ямар ч хариуцлага хүлээхгүй.

“Манай төр засаг 1922 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлт 1939 он хүртэл үргэлжлэхдээ дунджаар 45000-55000 орчим хүний амь насыг хөнөөсөн гэсэн тооцоо байдаг”

Учир нь төр бол бидний өөрсдөө зохион олсон байгууламж, буруутан нь эцсийн бүлэгтээ бид. Манай төр засаг 1922 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлт 1939 он хүртэл үргэлжлэхдээ дунджаар 45000-55000 орчим хүний амь насыг хөнөөсөн гэсэн тоо байдаг. Үүний төлөө хариуцлага хүлээсэн үү?... Эцэст нь ардчиллын нөлөөгөөр эмгэнэл илэрхийлж, ар гэр, үр хүүхдүүдэд нь 500 000-1 000 000 төгрөг өгсөн. Энэ бол хариуцлага биш. Фашистуудын өдөөсөн дайн ЗХУ-ийн 27 сая хүний амийг авч одсон. Энэ нь мөн л төрд гарсан дарангуйлагчийн хүсэл зоригоос үүдэлтэй. Энэ мэтээр төр хүний эрхийг зөрчиж арилж, устахгүй ул мөр үлдээсэн ч хариуцлага хүлээгээгүй. Үүнийг хүн төрөлхтний бодит үнэн түүх гэрчилнэ.

Тэгвэл төр маань үүнд хариуцлага хүлээдэггүй учраас хүний эрхийг зөрчиж чаддаг цорын ганцхан субъект ажээ. Тиймээс иргэн бүр төрийн гаргаж буй үйлдлийг цаг ямагт хянаж байх нь хүний эрх, эрх чөлөөг хангах гол амин сүнс нь гэлтэй. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсон: “эрх чөлөөний үнэ төлөөс нь байнгын сонор сэрэмж” гэж нэгэнтээ хэлсэн бололтой.

ХҮНИЙ ЭРХИЙГ ЛУЙВАРДАХ УУ?

Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Монгол улсын Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Монголд Улсын Их Хуралд өргөн барьсан байх бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтөөрөө төрийн эрх мэдэл хуваарилах онолын зарчмыг ноцтой зөрчиж иргэд, иргэний нийгмийн байгууллагын саналыг тусгаагүй, саналаа илэрхийлэх боломж олгоогүй “АРД ТҮМНИЙ ЭРХ”-ийн тухай хуулийг өөрчлөх тухай санал сана ачлага гаргаж байгаа нь зарчмын хувьд МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭЛЧ нар маань “нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх” бус, харин “парламент-ийн засаглалыг сонгодог утгаар нь хөгжүүлэх” нэрээр шүүхийг намнах, өөрийн дур зоргоороо захирах эрх зүйт ёс, шударга ёсны үзэл санаанд “ноцтой” гэж болох хуулийн төслийг өргөн барилаа. Ард түмний эрхийн тухай хуулийг өөрчлөхдөө эхлээд ард түмнээс асуух учиртай боловч хэсэг гишүүд санаачлаад санал асуулга нэрээр дэмжүүлэх нь хэр зохимжтой бол?...

Хуульчийн нүдээр харахад энэхүү нэмэлт, өөрчлөлтүүдээр хүний эрх, эрх чөлөөг илт дордуулж, засаглал хуваах зарчмыг ноцтойгоор зөрчиж, Ш.Л.Монтескьегийн “хяналт-тэнцвэр”-ийн зарчмыг алдагдуулсан гэж дүгнэж болохоор байна. Ингэж үзэх хамгийн том нотолгоо бол “давхар дээлээ”-ийг засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь тайлж, харин үлдсэн гуравны нэг нь “давхар дээлтэй”-гээ үлдэхээр санаачилсан нь өнөөгийн Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтын нэгийг нь нүүр царайг нь будаад хэвээр нь үлдээх заалт болжээ. Мөн шударга ёсны “манаач” болсон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг УИХ-ийн зөвшөөрлөөр Ерөнхийлөгч басамжлахаар заасан нь “сонгодог парламент”-ийн эрх мэдлийг мэдрүүлж, шүүхийг улс төрийн дур зоргоор ажиллуулах хүсэл нь тодрон харагдаж байна. Энэ өөрчлөлтөөрөө “сонгодог парламент” маань шүүх эрх мэдлийг намнах, шударга ёсны манаачийг ажиллах зөвшөөрлөөр нь удирдах ээлжит “бай”-гаа онилсон бололтой.

Үүнийг Ш.Л.Монтескье:

Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч аргагүй...Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх мөн оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал,эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой" хэмээн бичсэн байна.

Үүнээс үзвэл манай “сонгодог парламент” өөрөө санаачлан эрх мэдлээ нэмсээр, гүйцэтгэх эрх мэдлээ хууль тогтоох эрх мэдэлдээ харьяалуулсаар, шударга ёсны “манаач”-аа хууль тогтоох эрх мэдлээсээ хараат байдалд оруулсаар “сонгодог парламент”-аа хөгжүүлсээр ард түмний эрх, эрх чөлөөгөө луйвардах мэргэн арга болсон гэлтэй.

Үргэлжлэл бий...

АРД ТҮМЭН МИНЬ СОНОР СЭРЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ, ЭРХЭЭ ЛУЙВАРДУУЛАХААС БОЛГООМЖИЛЦГООЁ!!!


Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

7 cэтгэгдэлтэй


ЗочинNov 13, 2015 122.254.126.2

Jiriin irgeded erh gej bsidag yumuu hvnii erhiig zubhun mungutei erh medeltei luibarchin abilga ch hulgachid l edeldeg baih jiriin irgend erh gej baihgvi alban tushaltanguud hvnii erh ih zurchij bna tedniig shvvj yalladag huuli shvvh ni hvrtel tednii tald shiidber gargaj jiriin irgediinhee erhiig dabhar zurchij bna shvv


ЗочинNov 13, 2015 202.21.120.62

Элбэгдорж байсан бол өөрийгөө ингэж доор оруулна гэж байх уу, Ерөнхийлөгч зүгээр л хүүхэлдэй болохоор заасан байсан


ЗочинNov 13, 2015 112.72.15.242

elbegdorjiin luibar yawj bna


ЗочинNov 12, 2015 27.123.214.94

Manai 76 bur davarch guitslee dee. Eserguutsej bna ard tumen chin


ЗочинNov 12, 2015 202.70.46.207

Ard tvmen bid chin tegeed yah estoig heleed ogoh hvn bnau yaj ene huulid chin oorchlolt oruulj chadah ium be sonin setgvvleer televizeer tcahim ertontcoor hvn bvr durgvitclee ilerhiileed bhad iu ch oorchlogdohgvi harin ch ulam bidnii amidraliin onoodor ireedvigees humslaad bga ter 76-gishvvnd bid yaj oilguulah estoi ium be


ЗочинNov 11, 2015 59.153.112.14

ard tumen undsen huuliig oorchloh asuudliig bodoh baitugai populistuudaasaa yaj salah talaar sanaa zovj suuhad zovlon nemeh huuliin oorchlolt batlah gej baigaa ne dawarsan yum bolood baina daa


ЗочинNov 11, 2015 150.129.143.116

Иргэд энэ санал асуулгын талаар ямарч ойлголтгүй байна энэ бол луйвар шүү