Нийтлэлч
Хуульч М.Ганзориг

Гэр бүлийн холбогдолтой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал

8 жилийн өмнө

/ ИРГЭД ХОХИРСООР БАЙХ УУ/

Өнөөгийн Монгол улсад зах зээлийн ороо бусгаа шилжилтийн үе үргэлжилж байгаатай холбогдуулан гэр бүл, хамтран амьдрагчдын хоорондын маргаанаас болж гэр бүлийн гишүүдийн, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх явдал нэлээдгүй гарч байгаагийн дотор шүүх маргааныг шийдвэрлэхдээ анхаарал болгоомжтой хандах нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хэрэгжих нэг үндэс суурь нь болох учиртай.

Монгол улсын Үндсэн хуульд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна [2] гэж заасан ба энэхүү хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгаа нь хууль тогтоогчоос баталсан хуулиудаар дамжин хэрэгжих ба түүнийг зөв тайлбарлан хэрэглэж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүх засаглалын ариун үүрэг билээ. Гэтэл энэхүү хууль тогтоогчоос баталсан хуулийг тайлбарлан хэрэглэх явцад шүүх засаглалыг гардан хэрэгжүүлэгчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй зэргээс хамааран хүний эрх, эрх чөлөө баталгаатай хэрэгжих нөхцөл бололцоо бүрдэхгүй байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зарим талаараа хэрэгжих бололцоогүй болгож байгаа нь харамсалтай хэрэг.

Энэхүү нийтлэлээр аливаа нэг байгууллагын болон албан тушаалтны нэр хүндэд халдах, эсхүл хуулийг гуйвуулан тайлбарлах улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийгээгүй бөгөөд хянан шийдвэрлэгдсэн маргаанд бодитойгоор үүсч байсан асуудалд дүгнэлт хийж хуульчийн нүдээр харсан судалгааны үр дүнг үндэслэсэн эргэцүүлэл, бодрол гэдгийг дурьдахыг хүсч байна.

Ниймгийн бүрдүүлэгч хамгийн анхдагч нэгж болох гэр бүл /онолын хувьд хамтран амьдрагчид хамаарах [3] / нь зах зээлийн энэхүү шилжилтийн үед тогтворгүй байх нь элбэг бөгөөд тоон судалгаа / 2014 оны Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнд дурьдсанаар: “... Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэгт гэрлэлт цуцалсан 3182 хэрэг байгаа нь нийт гэр бүлийн эрх зүйн маргааны 75.6 хувийг эзэлж байгаа [4] / -аас үзвэл энэхүү байдал нь тулгамдсан асуудал мөн гэдэгтэй санал зөрөлдөхгүй болов уу. Гэтэл энэхүү нийгмийн анхдагч нэгжийн гишүүн болох хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэн хангаж, хариуцаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ТӨР хэрхэн хүндэтгэн үзэж байгаа, шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг хэрхэн зөв тайлбарлан хэрэглэхтэй холбон өгүүлж, тулгамдсан асуудал болохыг харуулахыг зорьлоо.

Өнөөгийн нөхцөл байдалд гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргааныг Монгол улсын Гэр бүлийн тухай хууль /1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан/, Иргэний хууль /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/ хуулиудад заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/-д заасан журмыг баримтлан шийдвэрлэж байна. Гэвч нөгөө талаас хууль нь нийгмийн бүхий л харилцааг тэр бүр шууд зохицуулсан зохицуулалт дутмаг, тийм ч боломжгүй байхаас гадна тухайн маргааныг шийдвэрлэгч этгээдийн эрх зүйн мэргэжлийн ур чадвараас хамааран хуулийг тайлбарлан хэрэглэхэд хүндрэл гарч байгааг дурьдах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ талаар Профессор Н.Лүндэндорж (Sc. D., Ph. D.,): “Манай орны тухайд шинэ залуу бүрэлдэн тогтож байгаа үндэсний эрх зүй бусад хөгжингүй улс орнуудтай харьцуулахад хууль нь ерөнхий, нарийвчилсан зохицуулалт бага зэрэг өсөхийн бэрхшээл дунд байгаа нь хууль хэрэглэгчдээс онцгой ур чадвар шаардаж байна. Жишээ нь, эрх зүй өндөр хөгжсөн улс орны Иргэний хууль 2500 гаруй зүйлтэй байхад манай улсын Иргэний хууль 536 зүйлтэй байна. Өөрөөр хэлбэл, таван өөр хэм хэмжээгээр нарийвчлан зохицуулсан зүйлийг бид нэг хэм хэмжээгээр буюу нэлээд <<бүдүүн тойм>> маягаар зохицуулж байна гэсэн үг. Гэтэл харилцаа нь мэдээж хүний амьдрал учраас нэг биш нь ойлгомжтой. Тийм учраас тайлбарлах, тайлбарлан хэрэглэхээс өөр аргагүй [5] ” гэж дүгнэсэн байна.

Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан ихэнх тохиолдолд гэрлэлт цуцлуулахаас гадна, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах, хүүхдийн асрамж, тэтгэвэр тогтоолгох тухай асуудал байнга хамт нэхэмжлэлийн шаардлага байдлаар гардаг бөгөөд хамтран амьдрагч нарын хувьд ч мөн адил хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэврийн асуудал мөн л адил маргааны гол сэдэв болдог. Гэтэл шүүхээс энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл /хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа/-д заасан журмаар нэхэмжлэлийн бүх шаардлагуудыг эвлэрлийн журмаар шийдвэрлэх, эхсүл гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэвэр тогтоолгох шаардлагыг шүүх ердийн журмаар / зохигчид эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлэх бус харин гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрч, дундын эд хөрөнгөөс гадна хүүхдийн асрамжийн талаар мөн хүүхдийн тэтгэвэр авахгүй байх тухай эвлэрлийн гэрээнд заах тухайд ойлгох / буюу шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх хоёр өөр байдлаар хэрэгжиж байгаа нь тухайн шүүгчийн мэргэжлийн ур чадвараас хамаарахаас гадна хуулийн тодорхой бус зохицуулалтаас үүдэлтэйг харж болох юм. Хэдийгээр хуульд тодорхой зохицуулалтыг шууд зааж өгөөгүй боловч хуулийг тайлбарлан хэрэглэх явцад шүүгчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж гэр бүлийн гишүүдийн болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах нь иргэний эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх нэгэн нөхцөл гэлтэй.

Угтаа бол гэр бүлийн холбогдолтой гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэвэр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэл бүхий хэргийг шүүхээр шийдвэрлэхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий журмыг баримтлах нь зүйн хэрэг боловч ийнхүү гэр бүлийн гишүүд, хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх онцгой анхаарч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ зохигчид дундын эд хөрөнгийн асуудлаар эвлэрэн хэлэлцэж болох ч, энэ эвлэрлийн гэрээ, хүүхдийн асрамж, тэтгэвэр, хуваарьт хөрөнгийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар заавал хэлэлцэн шийдвэрлэх нь гэр бүлийн гишүүдийн хуулиар хамгаалагдсан субъектив эрхийг хангах үндэс суурь болох учиртай. Нөгөө талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хэргийн оролцогчдын эрх ашигт нийцсэн эсэх, гуравдагч этгээдийн эрхийг хөндөж байгаа эсэх, хүүхдийн эрх ашигт нийцэж байгаа эсэх зэргийг шалгаж нягтлахын оронд яаруу давчуу байдлаар шийдвэрлэх бус нягтлан шалгасны үндсэн дээр шүүх хуралдаанаар хэлэлцэж ердийн журмаар шийдвэрлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Үүний талаарх Улсын дээд шүүх зөвлөмж [6] , тайлбар [7] [8] гаргасан байх ба үүнийг зарим шүүхүүд хууль хэрэглэхдээ үл хайхран, зохигчдын төдийгүй гэр бүлийн гишүүдийн нэг болох хүүхдийн, гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа нь шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж шударга шүүхийн тухай иргэдийн төсөөллийг хөсөрдүүлэхэд хүргэж байна. Ингэж үзэх учир нь шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах эрхгүй байдаг иргэнд маш “аюултай /Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрх хязгаарлагдаж байгаа/” тул шүүх эвлэрлийг батлахдаа тодорхой хугацаанд эвлэрлийг хууль ёсны эсэхийг шалгах, шаардлагатай бол эвлэрлийн гэрээг батлахаас татгалзах бүрэн эрхийг хуулиар шүүхэд олгосныг мартах учиргүй байна. Энэ асуудлыг зарим хууль тайлбарлан хэрэглэгчдийн зүгээс онцгой анхаарч байхад зарим нь үл тоомсорлож байгаа нь хууль тайлбарлан хэрэглэх мэргэжлийн ур чадвар, уламжлал, эрх зүйн соёлтой салшгүй холбоотой байна.

Хуулийг тайлбарлан хэрэглэх асуудлаар Профессор Н.Лүндэндорж (Sc. D., Ph. D.,): “тайлбарлан хэрэглэж байгаа хэм хэмжээнийхээ улс төрийн бодлогыг ойлгох нь чухал [9] ” гэж үзсэн байх бөгөөд миний ойлгож буйгаар манай улс төрийн бодлого бол “...хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлуулан хөгжүүлэх..., хүний эрх, эрх чөлөөг хангах”-д чиглэгдэж байгаа бөгөөд энэ үүднээс нь авч үзэх “Эрх зүйд захирагдах ёс гэсэн стандарт [10] ” үзэл санаанд тулгуурлан тайлбарлах учиртай. Гэтэл манай зарим хууль хэрэглэгчид хуульд тодорхой заагаагүй учраас иргэн “хохироод” үлдэх ёстой мэтээр хандаж байгаа нь хамрамсалтай.

Нөгөө талаас цаашид энэхүү хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд энэ мэтээр хуулийг нэг мөр хэрэглэдэггүй асуудал дахин давтагдсаар байхыг анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ М.ГАНЗОРИГ



[1] Гэрлэгчид эвлэрээд хамтын амьдралаа үргэлжлүүлэх бус харин гэрлэлтээ цуцалж хамтын амьдралаа дуусгавар болгохоор эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тухайд ойлгох

[2] Монгол улсын Үндсэн хууль. 1992 он, 19 дүгээр зүйл 1 дэх заалт

[3] Д.Саруул, А.Дугармаа., Иргэдийн эрх зүйн хөтөч: Гэр бүлийн эрх зүй, 25, 26-р тал

[4] Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эмхэтгэсэн гаргасан “2014 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ” эмхэтгэл., 22-р тал

[5] Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2015 №1., 8-р тал., Н.Лүндэндорж “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн асуудал” /Лекцийн тэмдэглэл/

[6] Монгол улсын Дээд шүүхийн 2007.12.15-ны өдрийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмж

[7] Монгол улсын Дээд шүүхийн 2010.06.02-ны өдрийн Дугаар 02тоот Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохичгдыг эвлэрүүлэх шүүгчийн ажиллагаа”

[8] Монгол Улсын Дээд Шүүхийн 2010.06.02-ны өдрийн дугаар 02 тоот “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчдыг эвлэрүүлэх шүүгчийн ажиллагаа тухай” тайлбар

[9] Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2015 №1., 8-р тал., Н.Лүндэндорж “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн асуудал” /Лекцийн тэмдэглэл/

[10] Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүх эрх мэдэл сэтгүүл. 2015 №1., 10-р тал., Н.Лүндэндорж “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн асуудал” /Лекцийн тэмдэглэл/

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна