Нийтлэлч
Нийтлэлч М.Батчимэг

Хот

8 жилийн өмнө

(М.Батчимэг, “Шатрын өрөг дэх Монгол”

номын хэсгээс. 2012 он)

Америкт хийж яваа аяллынхаа дундуур энэ орны төдийгүй дэлхийн хамгийн алдартай хотуудын нэг Нью-Йоркт хэд хонохоор аяны дөрөө мулталлаа. Нью-Йоркт өмнө нь хоёр ч удаа ирж байсан боловч ердөө нэг хоёр өдрөөр, тэгээд шахуу цагтай хурал уулзалт таарах тул хотын амьдралтай тухлан танилцах боломж төдийлөн гардаггүй байсан нь энэ удаа амралтын өдрүүдийг тааруулан арай тайван ирэх сэдлийг нөхөр бид хоёрт өгөв.

Хоёр өдрийн хугацаанд Америкийн Гадаад бодлогын зөвлөл (Foreign Policy Council), Нью-Йорк Таймс сонины газруудад зочилсноос гадна Монголчуудын эртний танил Ж.Сорос өвгөнтэй тухлан уулзаж хуучилснаар зорьж ирсэн ажлууд маань үндсэндээ биелж, хагас бүтэн сайны хоёр өдрийг Нью-Йоркт, бас өөрсөддөө зориулах боломжтой боллоо. Нью-Йоркийн Төв парк, алдарт Манхэттэн, Бродвэйн театр, уран зургийн галлерей гээд чамгүй олон газраар зочилсан хоёр өдрийн аялал маань үзсэнээс ч ихийг бодогдуулж, цаасан дээр буулгахгүй үлдвэл хайран санагдав.

Нью-Йоркийн нийт газар нутгийн хэмжээ нь 790 хавтгай дөрвөлжин км, 8 сая гаруй хүн амтай. Гэтэл Америкийн нийслэл Вашингтон 176 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 600 гаруй мянган хүн амтай. Нью-Йоркийн газар нутаг манай хамгийн жижиг аймаг Орхон аймгаас (850 км2) ялимгүй бага, харин манай хамгийн том аймаг Өмнөговь аймгаас (165 мян. км2) 200 дахин жижиг. Орхон аймаг 80 мянга гаруй, Өмнөговь аймаг ердөө 50 мянга гаруй хүн амтай. Ингээд бодохоор хотын тухай, газар нутгийн тухай, том жижиг, олон цөөний тухай ойлголт их харьцангуй юм.

Атлантын далайгаас Америкт газардах хамгийн гол боомтуудын нэг болж ирсэн газарзүйн чухал байрлалыг нь эс тооцвол Нью-Йоркт өөр байгалийн баялаг гэх зүйл байхгүй. Байгалийн баялаг гэдэг нь гол нь эдийн засгийн эргэлтэд оруулж болох уул уурхайн баялгийг хэлж байна. Харин хүний оюун санаанаас юу бүтэж болдгийн гайхамшиг бүхэн энд цэцэглэж байдаг.

Дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж, банк санхүүгийн төвүүд энд байдаг. Урлаг, уран зураг, кино, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд гээд хүний оюун ухаанаар бүтээгдэж болох олон гайхамшиг Нью-Йоркт төрдөг, эсвэл ирдэг, бас хадгалагддаг. Тиймээс Нью-Йоркийн театр, музейнүүд үнэхээр гайхалтай. Дэлхийн гангачуудын гоёо, загварын чиг хандлагыг Нью-Йорк тодорхойлдог. Америкт хамгийн алдартайд тооцогдох уран барилгын цогцолборууд энд бий. Энэ бүхэн Нью-Йорк жилдээ Америк болон дэлхийн өнцөг булан бүрээс 50 сая шахам жуулчин татах шалтгаан болдог. Мөн НҮБ-ын төв оффис энд байрлах тул Нью-Йорк дэлхийн улс орнуудын дипломат харилцааны хамгийн чухал цэг болдог.

Нью-Йоркийн энэ бүх сонирхолтой жишээ баримтуудтай танилцаад ирэхээр Монголчууд бидэнд хамаатай, бодууштай олон асуултууд ар араасаа хөвөрнө.

Юуны өмнө бодох ёстой зүйл бол Нью-Йорк Вашингтоноос хавьгүй том хот атал яагаад Америкийн нийслэл биш байгаа юм бэ? Эсвэл Нью-Йоркийг Нью-Йорк болгож байгаа хөрөнгийн бирж, банк санхүү, судалгаа шинжилгээний байгууллагуудаа яагаад нийслэл Вашингтондоо төвлөрүүлсэнгүй вэ?

Энэ асуултын хариултыг зөвхөн Америкаас биш, өөр олон орны жишээн дээрээс харж болно. Олон орны хувьд, жишээ нь бидний сайн мэдэх Орост Ленинград, Хятадад Шанхай, эсвэл Тайваньд Гаосюнь гээд нийслэлээсээ өөр суурьшлын, эдийн засгийн хөгжлийн төвүүд заавал байдаг. Тэдгээр төвүүд, том хотууд үүссэн нь өөр өөрийн түүхэн шалтгаан, нөхцөлтэй боловч ийм хотуудыг бодлоготойгоор хөгжүүлж, дэмжиж өргөжүүлэхийн цаана нэгэн чухал далд бодол байдаг. Тэрхүү далд бодлыг “бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй” гэдэг шууд утгаараа аюулгүй байдалтай холбоотой богино өгүүлбэрээр тайлбарлаж болно. Улс орноо авч явах улс төр, эдийн засаг, оюун санааны дийлэнх нөөцөө ганц нийслэл хотдоо төвлөрүүлчихсэн улс аливаа байгалийн гамшиг, гадны түрэмгийлэл, довтолгооны өмнө маш эмзэг болж хувирдаг. Нийслэлд нь аливаа ноцтой зүйл тохиолдоход л тэр улс орон бүхэлдээ хүнд байдалд орно гэсэн үг.

Энэ бол үнэхээр өнөөдрийн Монголчууд бидний хувьд хамгийн бодууштай асуудлын нэг. Уг нь бид бодлогын хомсдолд орчихоогүй л дээ. Жишээ нь, саяхан батлагдсан Үндэсний аюулгүй байдлын шинэ бодлогод Нийслэлийн хүн амын тархаан суурьшуулах, суурьшлын шинэ төв, бусад хотуудыг хөгжүүлэх асуудал туссан. Гол нь өнөөдөр улс төрийн шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийн хэд нь энэ асуудалд нухацтай хандаж, хэрэгжүүлэхийг хүсч байгааг хэлэхэд хэцүү.

Бид яагаад Эрдэнэт, Дархан гээд Улаанбаатарын дараа орох том хотуудаа өөд татаж хөгжүүлж болдоггүй юм бэ? Нью-Йорктой газар нутгийнхаа хэмжээгээр бараг тэнцүү Эрдэнэтийг яагаад Монголын эдийн засгийн хөгжлийн хоёр дахь төв болгож болохгүй гэж? Монголын хөрөнгийн бирж, Худалдаа аж үйлдвэрийн танхим яагаад заавал Улаанбаатарт байх ёстой вэ? Улаанбаатарт багтаж ядсан их, дээд сургуулиудын заримыг бэлэн дэд бүтэцтэй залуу хот Эрдэнэтэд суурьшуулж болохгүй юу. Улаанбаатарыг тойрсон барилгын материалын үйлдвэрүүд, хөнгөн үйлдвэрүүдийг бодлогоор Дарханд байгуулбал тэнд аяндаа шинэ төвлөрөл бүрдэж эхлэх биш үү?

Хот үүсч хөгжихөд газар зүйн байрлал, дэд бүтэц онцгой үүрэгтэй. Далайтай орнуудын боомт хотууд илүү хөгжсөн байдаг бол далайд гарцгүй манай улсын хувьд Евро-Азийн төмөр замын нэгэн чухал корридор болох Орос-Хятадыг холбосон гол төмөр замын дагуух том хотууд хөгжих боломжоор илүү. Иймээс ч Улаанбаатарын араас Эрдэнэт, Дархан, Сайншанд хотууд Монголын хөгжлийн шинэ чухал төвүүд болох боломж бүрэн бий. Цаашид харин хуучирч хоцрогдсон төмөр замаа шинэчлэх, хуучин төмөр замтайгаа зэрэгцээ олон улсын шаардлага хангасан орчин үеийн хурдан галт тэрэгний зам тавих тухай бид нухацтай бодох ёстой. Ийм зам байгуулж чадвал төмөр замын дагуух Монголын хотууд олон улсын хот болох гарц нээгдэнэ.

Монгол Улс хөгжих, Монголдоо өөрийн гэсэн Нью-Йорк шиг хоттой болохын тулд бид байгалийн бэлэн баялгаа зарж амьдрахаас илүүгээр сэтгэж чадахгүй болчихоод байгаа оюуны залхуурлаасаа л гарах ёстой. Төр засаг нь хүртэл олборлоогүй байгаа баялгаа барьцаалж гаднаас зээл авч, зүгээр тараачихаад байхаар манай улс яаж хөгжих билээ? Үүнээс илүү бодол, бодлого монголчуудын оюунаас, Монголын төрөөс гарахгүй гэж үү? Нэг л өдөр гадагшаа гаргадаг зүйлийг маань хүн авахаа байчихвал бид яаж амьдрах вэ? Уурхайн баялгаа ухаад дуусчихаар цаашаа яах вэ? Эрдэнэтийн уурхай хаагдахаар Эрдэнэтээ хотоо хаах уу?

Байгалийн баялаггүй Нью-Йоркчуудын бүтээсэн хүн татах урлагийн гайхамшиг, оюуны гайхамшгийг бид өөрсдийнхөөрөө бүтээх бүрэн боломж бий. Наад зах нь дэлхий дээр хэн ч байгуулж байгаагүй хамгийн том эзэнт гүрний түүхийг бид дэлхий нийтэд үзүүлж, сонирхуулж гайхашруулж чаддаг болчиход л Монголчууд хэдэн үеэрээ дэлхий нийтэд зарж дуусашгүй баялагтай болно. Дэлхий дээр хаана ч давтагдахгүй нүүдэлчин соёлынхоо өвийг хүний сэтгэл таттал харуулж чаддаг болоход л хэдэн уурхайн нүүрс ухаж зарахаас хамаагүй илүү үнэ хүндтэй, дуусахгүй баялгийг өөрсдөдөө буй болгож болно. Чухам энэ бүхэн л ямар ч хөгжилтэй улс үндэстэн бидэнтэй өрсөлдөж бүтээж чадахгүй жинхэнэ үндэсний баялаг.

Монгол хүн оюуны чадавхиар ямар ч үндэстнээс дутахгүй. Монголын жижигхэн хотод амьдраад улс орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх нээлт хийх оюуны чадавх нь Монгол хүнд байгаа. Хамгийн гол тэр нөхцлийг бүрдүүлсэн хот нь алга. Ийм хотыг байгуулах нь мөрөөдлийн ирээдүй биш. Бид байгалийн баялгаа зарж, өр тавьж, салхинд хийсгэн цацах биш, харин баялгаа зарж олсон мөнгөөрөө хүн амьдарч, хөгжиж, хийж бүтээж болдог хотуудыг байгуулахад санаа тавих цаг үнэхээр болжээ. Монгол мөнгөөр дутдаг цаг ард хоцорч байна. Харин одоо оюуны ухаарал, зөв сэтгэл, хөдөлмөрлөх эрч хүч л хэрэгтэй байна…

Нью-Йорк хот

2010 оны 10 дугаар сар.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна