Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Эхийн хайрыг гар утас ОРЛОХГҮЙ

9 жилийн өмнө
Ээжүүд хааяа уулзахаараа хүссэн ч хүсээгүй ярианы сэдэв нь хүүхдийн хүмүүжил рүү шилждэг. Хүүхэд маань анги ахих тусам үг сонсохгүй, утаснаас салахаа байлаа, утасгүй интернэт тавиулсан байснаа саяхнаас “Юнивишн”-ээр солилоо.Ухаалаг утас авч өгөхгүй бол хичээлд явахгүй,сургууль дээр хуучин утсаа гаргахаас ичдэг л гэнэ.Сонсоод байвал асуудал улам нарийсах төлөвтэй.

Өсвөр насныхны хүсэлт гуйлт бүрийн өмнө эцэг эхчүүд бөхөлзөж,биелүүлээд байх нь зөв үү? Эсвэл хориглоод байх уу? Асуултын хариуг олох гэж аминдаа хичээж хэд хэдэн гарц хайж найзуудтайгаа ярилцлаа. Үеийхэн дотроо “Nokia” барихаас ичдэг хүүтэйгээ ярилцаад шалтгааныг олох л хэрэгтэйг найздаа зөвлөлөө. Үнэтэй утас авах боломж одоогоор байхгүй ч хүү минь хичээл номоо сайн хийж бай,утсыг чинь сольж өгөхийг бодъё, харин интернэтээс мэдээлэл авч сургалтандаа ашиглахын ач тусыг ойлгуулж болох юм гэсэн санаагаа нэмэрлэв. Хүүхдийг тас хориглоод ямар ч үр дүн гарахгүй гэж багш найз минь хэлж байна. Саяхан нэг найзын маань хүүгийн төрсөн өдөр болж, ээж нь ширээ засаж сайхан хоол зууш, ундаа ус тавиад дотно яриа өрнүүлэх санаатай суусан чинь хүүхдүүд гар утсаараа оролдоод хоорондоо ч бараг ярихгүй байхаар нь өөрийн дүрмээ танилцуулжээ. “Миний хүү хоолоо ид” гэж дуудахад сонсоогүй юм шиг компьютерээс салж чадахгүй тоглож,эсвэл утасныхаа чихэвчээр хөгжим сонсож,утсаараа интернэтэд ороод таг болдог хүүхдүүд олон.

Нэгэнт та нар найзынхаа баярыг хуваалцахаар манай гэрт ирсэн тул бие биенээ хүндэтгээд утсаа түр ашиглахгүй,хоорондоо амьд харьцаа үүсгэж чөлөөтэй яриа хөөрөө өрнүүлэхийг хүсч байна гэж нэг ёсондоо захиргаадаж байж утсы нь түр болиулж чаджээ. Маргааш нь хүүгийнх нь найзууд, -Танай ээж биднийг сайн чангалсан шүү,гэхдээ амьд яриа, буу халах сайхан байсан шүү гээд инээлджээ. Оройн хоол болж, хамтдаа ширээ тойрон суух үед нэгэн нийтлэг дүр зураг харагддаг болсон.

“Миний хүү хоолоо ид” гэж дуудахад сонсоогүй юм шиг компьютерээс салж чадахгүй тоглож,эсвэл утасныхаа чихэвчээр хөгжим сонсож,утсаараа интернэтэд ороод таг болдог хүүхдүүд олон. 

Бидний багад монгол айл гэрийн хүмүүжил,амьдрах хэв маяг одоотой харьцуулахад их өөр байсан санагдана. Аав ээж,ах эгчээ харж ажил хөдөлмөрийн дөртэй болдог. Дүүгээ авна,ус түлээгээ хөрөөдөж хагалж бэлдэнэ. Боов боорцгоо хайрна. Хичээлээ давтана. 6 хоног хичээлдээ явж,сургуулиас зохиосон бүхий л ажилд амжиж оролцоно. Маш эвсэг,хамтач үзэлтэй болж төлөвшиж байсан. Ангиа угаахаар шуудай дүүрэн үртэс үүрч авчраад цэвэрлэгээ хийнэ. Сурлагаар хоцорсон нэгнийгээ дааж авч хичээлд нь тусална. За тэгээд секц дугуйланд суралцаж,тэмцээн уралдаанд оролцоно.

Хамаг амь амьдралаа цахим ертөнцтэй холбож буй хүүхэд залууст тохирсон аргаар харьцах хэрэгтэй болж байна.

Нийгмийн тустай хөдөлмөрийн тусгай цаг хичээлийн хуваарьт ордог байсан. Тэр цагийг сургуулийнхаа хичээлийн болон дотуур байрны түлээ хөрөөдөх, хаягдал цуглуулах ,орчноо цэвэрлэх гээд маш бүтээлчээр өнгөрүүлдэг байсныг товч боловч дурдмаар санагдав. Мэдээллийн технологийн хурдтай монголчууд бид хөл нийлүүлэлгүй яахав.Гэхдээ ахуй амьдралын уламжлалт ёс заншил,аж төрөх ёсны хэв маягаа умартаж, хэт барууны чөлөөт амьдралыг шүтэх нь тийм ч тохиромжтой бус санагддаг. Хэт хүнийрхүү зантай болж, хүнийг хайрлах, ялангуяа аав ээж,ахмад настан, дүү нараа хүндлэх уламжлал уусан алга болж байна. Хамаг амь амьдралаа цахим ертөнцтэй холбож буй хүүхэд залууст тохирсон аргаар харьцах хэрэгтэй болж байна.

Ямар сайндаа гадаадын олон улсад “Гараар бичдэг өдөр”, “Интернэт ашиглахгүй өдөр” зэргийг тэмдэглэж , Wi Fi ,компьютер,гар утасны эерэг сөрөг нөлөөг хэвлэлээр сурталчилж байхав. Нэг өдөр интернэт тасарсан,гэмтэлтэй байгаа гээд огт ашиглахгүй өнжих гээд үз дээ. Та чадах уу? Тэгээд ч гар утас эхийн хайрыг ч, хүүгийн сэтгэлийг ч орлохгүй. 
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна