Нийтлэлч
Эдийн засагч Н.Энхтайван

Охиныхоо бэлэглэсэн номноос авсан миний ухаарал

9 жилийн өмнө
Миний охин энэ жил 9 настай. Өнгөрсөн шинэ жилийн баяраар охин минь аавдаа нэг номыг бэлэглээд “Та энэ номыг заавал унших ёстой шүү” гэсэн юм. Ажил гэсээр охиныхоо өгсөн номыг уншиж амжаагүй л байлаа. Охин минь надаас: “Миний өгсөн номыг уншсана уу? гэж нэг биш удаа асуусны дараа би сая уншсан юм. Үнэхээр сургамжтай ном байлаа. Хэдийгээр хүүхдийн ном байсан боловч томчууд биднийг нэгийг ухааруулсан бүтээл байлаа. Ингээд энэ номноос авсан зарим ухаарлаа өөрийн үгээр буулгаж та нартайгаа хуваалцъя.

Зөгий шиг ажиллаж амжилтад хүрэхийн төлөө хүн бүр л ажилладаг. Гэхдээ хүн нас эцэслэхийн өмнө хэзээ ч ажилдаа илүү цаг зарцуулахгүй яав даа гэж харамсдаггүй гэнэ. Харин гэр бүл, үр хүүхдүүдийхээ төлөө юу хийсэн юм бол гэж санаа зовдог. Цаг хугацаа хурдан өнгөрч хүүхдүүд маань нэг л мэдэхэд том болцгоосон байдаг. Хүүхдүүдтэй тоглох, хамт байж ном унших хугацаа маш богино.

Та хүүхдээсээ их мөнгөтэй аавтай болмоор байна уу?, эсвэл чамтай хамт байж, чөлөө цагаа чамд зориулдаг аавтай байхыг хүсдэг үү? гэж асуугаарай.

Нэгэн цагдаа айлын гэрээс хэдэн сарын өмнө хулгай хийсэн залууг бариад хулгайд эд зүйлсээ алдсан айлын эзэгтэйг дууджээ. Айлын эзэгтэй ямар ч гомдол байхгүй, залууг тавьж явуулахыг цагдаагаас хүсчээ. Тэр айл зурагтаа хулгайд алдсан байж. Эзэгтэй “гэрт хулгай орохоос өмнө нөхөр хүүхдүүд бид зурагтын өмнө хэрэгтэй хэрэггүй зүйл үзэж бидний харилцаа их хүйтэн байсан. Ашгүй гэрт хулгай орсноос хойш бидний амьдрал их сайхан болж илүү аз жаргалтай болсон” гэсэн тайлбар өгчээ.

Гэр бүлийн аз жаргал, харилцааг багасгадаг зүйлсийг бид өөрсдөө ч мэддэггүй.

Нэгэн загасчин том загас барихаар маш хол аялжээ. Эцэст нь том загасаа барив. Буцах замд далайн шуурга болов. Завь усанд автаж эхэллээ. Тэр живэхгүйн тулд завин дээрх бүх зүйлээ мөн барьсан том загасаа далайд хаяж, ариа л гэж амьд мэнд эрэг дээр буужээ. Түүнд юу ч үлдсэнгүй.

Чи хэтэрхий шунаж том загас барихаар хол явж болох юм. Далайн шуурга гарна гэдгийг тооцох ёстой.

Нэгэн хүн ингэж зүүдэлжээ. Бурхантай хамт далайн эргээр алхаж байв. Элсэн дээр хоёр хос мөр гарч байлаа. Бурхан би чамтай ямагт хамт байх болно гэж хэлж байв. Хүн нэг сэрээд харсан чинь далайн эргээр нэг л хүний мөр байв. Бурханд хандаж: “намайг хүнд байхад та яагаад хаяад явсан юм бэ?” гэж хүн асуужээ. Бурхан хариуд нь: “үгүй ээ, чамайг хүнд хэцүү байхад би үүрээд явсан юм” гэжээ.

Найз нөхдийгөө хүнд хэцүү үед хэзээ ч битгий орхиж яваарай.

Дайнаас нэг залуу буцахын өмнө аав ээждээ захидал бичээд очих тухайгаа мэдэгджээ. Захидалдаа нэг найзыгаа аваад хамт очих тухайгаа бичжээ. Тэр найз нь дайнд нэг гар, нэг хөлөө алдсан, өөр очих газар байхгүй тухай дурджээ. Ээж, аав нь дургүйцэж найзыгаа асрамжийн газар хүргэхийг зөвлөжээ. Хүү холбоо барихгүй сураг тасрав. Хэдэн өдрийн дараа хүү нь амиа хорлосон мэдээ авч аав, ээж нь очжээ. Хүүгийн нэг гар, нэг хөл байхгүй байлаа.

Мэдээгүй, судлаагүй зүйлдээ яаран шийдвэр гаргах хэрэггүй.

Маш их алт эрдэнэстэй нэгэн хаан өөрийнхөө эд баялагаар бусдад байнга гайхуулдаг байжээ. Нэгэн удаа хаан нутгийнхаа хамгийн нэр хүндтэй эрдэмтэнг дуудаж эрдэнэс, их баялагын талаар юу гэж боддогыг нь асуужээ. Мэргэн эрдэмтэн үүнд: “Та элсэн цөлд ганцаар ангаж үхэхийн даваан дээр байна гэж бод доо. Та цангаж үхэхгүйн тулд эрдэнэсийнхээ талаар аяга ус авч уух уу?” гэж асуужээ. Хаан шууд л “авч ууна” гэжээ. “Дахиад ус уух хэрэг гарвал үлдсэн эрдэнэсээ аяга усны төлөө өгөх үү?” гэж ээ. Хаан бодож бодож “өгнө” гэж хариулжээ.

Өөрт байгаа бүх баялагаа эрдэм ном сурахад зарцуул, тэгвэл чи илүү аз жаргалтай амьдралд хүрнэ.

Амьтны хүрээлэнд 5 сармагчин нэг доор хийгээд гадил жимс зүүжээ. Авирч ирснийг нь усаар шүршиж унагааж байв. Нэг сармагчинг торноос гаргаад шинэ сармагчин оруулж ирэв. Түүнийг жимс авахаар авирахад бусад 4 сармагчин түүнийг зодож хөөж болиулав. Дахин нэг сармагчинг солив. Гэтэл түүнийг бусад нь шууд л хөөж зодож эхлэв. Хамгийн их зодсон нь өмнө зодуулсан сармагчин байв. Дараагийн сармагчинг солив. Өмнөх байдал давтагдав. Эцэст нь нэг ч сармагчин гадил жимс идэж чадсангүй.

Сэтгэл нь зөв бол үйлдэл нь зөв. Үйлдэл нь зөв бол үр дүн нь зөв гарна.

Эцэг нь үхэхээсээ өмнө “хуучин оймс өмсүүлээд оршуулаарай” гэж хүүхдүүддээ захижээ. Үхсэний дараа нь хүүхдүүд ёсоор хийх гэсэн боловч санваартан, лам нар огт зөвшөөрсөнгүй. Оршуулга өнгөрсний дараа хөршүүдийн нэг нь хүүхдүүдэд үлдээсэн эцгийн захиаг өгчээ. Захианд: “Хүн үхэхдээ юу ч авч явж чадахгүй байгааг та нар олж харав уу?” гэж бичжээ. “Эд хөрөнгөнд битгий шунаарай” гэсэн байжээ.

Хийх сайн үйлээ одооноос л эхэл. Нөгөө ертөнцөд очсоны дараа юу ч хийж чадахгүй гэдгээ яг одоо л ухаар.


Нэгэн хааны шадар туслах хаанаас дайлах газрыг асуухад, хаан нь: “Чи нууц хадгалж чадах уу?” гэж асуужээ. “Тийм ээ” гэж хариулахад хаан: “Би ч бас нууц хадгалж чадна. Тийм учраас бид хамтдаа байгаа юм” гэж хаан хэлжээ.


Итгэл дааж нууц хадгалж чадвал та ямагт бусдын дэмжлэгийг авна.





Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна