Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

Баларсан төрийн бадрангуй шагнал

9 жилийн өмнө
“Өнөөдөр бахархах зүйлгүй хүн өнгөрснөөрөө сайрхдаг гэж”. Энэ бяцхан сургаалийг ойлгочих ухааны сүвтэй монгол үлдээгүй ч юм шиг. Цаашдаа олдохгүй ч байж магад. Төрийн шагнал “Үнэ цэнэ”-гүй боллоо гэж цэцэрхэгчид юутай олон. Тэгсэн атлаа түүнийг авахын тулд өөрийгөө тодорхойлж, зусардан бялдуучилж, танил талаараа гуйж, мөнгө төлөн өөрийгөө шагнах хүмүүний тоо түүнээс ч олон. Үхэн хатан байж олж авсан төрийн одон медаль нь хэрэгүй болсон гээд устгаж, хувьсгал хийсэн хэмээн тунхагласан “Социалист төр”-ийн билэгдлийн агуулгатай “Тэмдэг”-үүд юм.

Өнгөрснийг эргэн харъя. Социализмын материал техникийн бааз байгуулж байх үед хувь хүний хөрөнгө гэж байсангүй. Тэд өнөөдрийн бидэн шиг унах машин, үнэт эдлэл, өмсөх хувцас, эд хөрөнгөөрөө бэлтэй бэнчинтэйгээ гайхуулж ялгарах боломж байсангүй. Тэр цагт өөрийн төлөө биш хамт олон, улс, нийгмийнхээ төлөө хөдөлмөрлөн амьдардаг байв.

Сэтгэлгээний чиг хандлага нь “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байсан. МАХН-ын гишүүн болохын тулд “Орлогч гишүүн” хэмээх үүрэг хүлээж хурлаар ордог байв. Гишүүн жинхлэх хурал дээр “Би” гэж хэлж болдоггүй “Хамт олны хүчээр”, “Хайрт нам засгийн буянаар” гэх мэт үгээр дотоод сэтгэлийг нь илэрхийлүүлдэг байсан. “Хамт олны буянаар 5 сайхан хүүхэдтэй болов “ гэж хэлээд онигоонд орсон тохиолдол ч бий. Социалист нийгмийн иргэдийн бие хүний хувьд онцгойрох тоотой хэдэн ялгарал нь дарга, таван жилийн гавшгайч, гавъяат үйлстэн, намын гишүүн, гэх мэт илүү зүтгэлийг нь үнэлсэн энгэрийн тэмдэг, жуух, намын батлах байлаа. Эгоизм буюу өөрийгөө төвчлөх үзэл хүний мөнхийн хүсэл юм.

Бусдаас ялгаатай өөр болохыг нь батлан харуулахад чиглэгдсэн ёс заншил зан үйлийн нэг хэлбэр бол нийгмийн хөгжлийн аль ч үед шагнал, харамж байжээ. Социализмын үед бусдаас илүү, мундаг хүн энгэр дээрхи одон медалиараа ялгардаг байсан. Хэн энгэр дүүрэн тэмдэг зүүнэ тэр мундагт тооцогдоно. Тэд хөдөлмөрч, дайчин, намч, зарчимч чанараараа үлгэр жишээ ч, бусдын хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байсан.

Сонгосон намдаа үнэнчээ баталсан дэмжигч гишүүд, тоотой хэдэн дуутай, цөөн хэдэн үзэгчтэй дуучид жүжигчид, загвар өмсөгчид, энгэртэй тэмдэг зүүхийг хүссэн “Шинэ монгол”-чууд худалдан авч өөрийгөө шагнаж байна

Тийм дээ ч хэн нэгний оршуулганд очихдоо “Подушкан дэрэн дээр хадах ганц гялаах юмгүй байх ямар муухай юм бэ “ хэмээн хоорондоо жиг жуг хийдэг байсныг 70-аад оны хүүхдүүд одоо ч санаж байгаа. Харин одоо цагт хэн “Хөдөлмөрийн хүндэт” медаль , “Алтан гадас”одон , “Гавъяатууд” , “Улсын баатар” БНМАУ гэсэн бичигтэй морь унаад давхиж яваа сүлдтэй , төрийн дээд одон медалийг хэн хүртэж байгаа вэ ?

Юу хийж, ямар гавьяа хэзээ байгуулсныг нь хэн ч үл мэдэх хөгшчүүд, социализмыг буруутгаж унаган хувьсгал хийсэн гэж тунхагласан дөчөөс дээш насны ардчилагчид, сонгосон намдаа үнэнчээ баталсан дэмжигч гишүүд, тоотой хэдэн дуутай, цөөн хэдэн үзэгчтэй дуучид жүжигчид, загвар өмсөгчид, энгэртэй тэмдэг зүүхийг хүссэн “Шинэ монгол”-чууд худалдан авч өөрийгөө шагнаж байна. Шагнал, урамшууллын гажуудал газар авсны хамгийн тод жишээг та хаанаас ч олж харж болно. Гажуудлын гол ач холбогдол , улс төрийн нууцыг тайлбарлах оролдлого хийе.

Хамгийн эхний шалтгаан нь улс төрийн хүчнүүд өөрийн дэмжигчийн тоог нэмэгдүүлэх.

Төрийн шагнал нь монгол хүний хувьд оройн дээд шагнал байсан, одоо ч байгаа сэтгэлгээг дөрөөлөн “Хуучин цагт үнэлүүлж чадаагүй хөдөлмөрийг чинь бид одоо үнэллээ” гэсэн сэтгэлгээг хүмүүнд төрүүлэх. шагнал авагч “Өөрийн бүтээсэн зүйл” нь “Шинэ монгол”-ын хувьд ашигтай, өөрт нь ямар ч ашиггүй гэдгийг ухааран ойлгох боломж олгохгүй. Намын дарга, сайд, эрхэм гишүүний халаасанд явж байдаг энэхүү “Энгэрийн тэмдэг”-үүд хурал цуглаан уулзалтан дээр гэнэт хүмүүсийн энгэр дээр гарч ирэн гялалзана. Төрийн хишгийг хүртэж байгаа этгээдийн амьдралын түүхийг арван хуруу шигээ мэдэх “Хуучин монгол”-ын атаархуу зан хөдлөн хурдан олж авах хүсэлдээ хөтлөгдөн эрх мэдэлтний өмнө өөрийн амьдралын итгэл үнэмшлээ уландаа гишгэнэ. Хүслээ гүйцээж шагнал авсныхаа дараа харин юу гэж боддог нь сонин.

Хоёр дах том шалтгаан “Настны синдром” тэтгэвэрт гарахдаа ядаж “Хөдөлмөрийн хүндэт медаль” авах хүсэл.

Ажил хөдөлмөр хийсэн хүн баян чинээлэг болдог гэдгийг ойлгохын оронд “Хийж байлаа “ гэсэн тодорхойлолтыг өөртөө үлдээж тайвшруулах нэг арга. Учир нь тэтгэвэрт гарч байгаа иргэдийн дийлэнхи нь ядуучуудын тоог нэмэгдүүүлдэг. Энгэр дүүрэн одонтой ч цагаан сар болоход тэтгэврийн зээлэнд дугаарлагчид юутай олон. Тэд би өөрийнхөө төлөө ер ажиллаагүй юм байна гэдгээ сэхээрч амжихгүй төрийг буруутгасаар нарт орчлонгоос буцдаг.

Гуравдах шалтгаан “эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг ”.

Ахмад үеээс өвлөж авсан “Энгэрийн тэмдгээр гоёх” хам шинж хэмээх сэтгэлгээний гажуудал нь өөрийгөө шагнуулах хүслээр илэрнэ. Хүүхдүүд төмрийн хордолгонд ортлоо медаль зүүнэ. Залуучууд намын даргадаа сайн зусардвал шагнуулна. Шагнуулах хүслээ гүйцэлдүүлэхэд чиглэгдсэн ашгийн бус төрийн бус ихээхэн орлоготой байгууллагууд бий болж хамгийн сайхнаар гоёж шүлэглэсэн өргөмжлөл, цом, тэмдэг, баяр ёслол бүрээр гардуулна. Тухайн бйгууллагад “Мөнгөө төл” хэн шагнуулах нь бидэнд хамаагүй гэдэг дүрэм үйлчилнэ. Манлай, мундаг, гайхамшигт нэртэй өргөмжлөл шагнал авч байхдаа худалдаад авлаа гэж бодож чадахгүй учир нь өөрийгөө ялгаруулах хүслээ гүйцээж байгаа учраас.

Гол нь олны өмнө шагнал авч харагдах нь чухал. Миний ард түмэн, залуу үе минь ээ! Өөрийгөө ингэж гутаан доромжлохоо бид хэзээ болих вэ ? Шагнал урамшуулал буюу мотиваци хэмээх зүйл үүрд оршино. Бусдаас ялгаатай байх хүсэл ч мөн адил. Бид амьдарч буй цаг хугацааныхаа мөн чанарыг ухаарч, бодол үйлдэл хоёроо давхцуулж амьдарвал ямар вэ? Аав, ээж , хань ижил, хэмээх хүмүүний оройн дээд алдраа уландаа гишгэн шагналын араас зүтгэхдээ хожмоо гэмшивч барагдахгүй сэтгэлийн шаналалд автуузай! . Аз жаргалтай гэр бүлийг цогцлоох нь амьдралаас авах хамгийн том шагнал биш гэж үү ?

Тэрслэн сэтгэж, егөөдөн бичсэн Сэтгэцийн эмгэг донтолт судлалын ахлах зэргийн эмч Цэнцэнгийн Батаа
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна