Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Дайвар бүтээгдэхүүн нохойн хоол биш байлтай

9 жилийн өмнө
“Эдийн засгийн хямралын үед ард иргэд өлсөж зах дээрээс нохойн хоол авч идэж байна” гэсэн мэдээллийг нөлөө бүхий телевизээр ярихыг хэд хэд сонслоо. Нохойн хоол гэж чухам юуг хэлээд байгааг анзаарч харвал малын гэдэс дотор , дайвар бүтээгдэхүүн,шулсан яс байх юм. ?

Энэхүү гэдэс дотор,малын цус, өвдөл цөвдөл зэргийг нохойн хоол хэмээн нэрлэсэн бололтой. Уг нь монголчууд нохойндоо мөлжсөн яс, тогооны угаадас, хоолны үлдэгдлээ өгдөг. Харин гадаадын үүлдэр угсаа сайтай өндөр үнэтэй нохдын хэрэглээ бол өөр л дөө. Өнөөдөр зах дээр богийн шулсан яс нэг тор нь 1000 төгрөг. Уг нь малын мах,гэдэснээс хаях зүйл бараг алга болжээ.

Малын элэг цус төлжүүлэхэд сайн, гүзээ нь төрсөн ээжүүдийн хөхөнд сүү оруулна, харин дэлүү нойр булчирхайд хэрэгтэй,толгой шийр тэр чигээрээ коллаген гэж ам дамжуулан ярьж , бас хэрэглэдэг болж байгаа нь сайшаалтай. Хүнсний төрөлжсөн том дэлгүүрийн хөлдөөгчинд дотор махыг угааж цэвэрлэж, ангилсан хэлбэрээр борлуулж байгаа нь үйлчилгээ хэрэглэгчдэд ойртож байгаа бас нэгэн хэлбэр юм.

Монгол ахуйгаас холдож хөндийрч байгаа залуу үедээ малын дайвар бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж хүнсэндээ хэрэглэхийг хэлж зааж өгвөл болохгүй юмгүй.

Зурагтаар үзүүлдэг хоолны нэвтрүүлгүүд голдуу үнэтэй олдоц муутай материалаар хоол,зууш хийхийг заах юм. Тэр бүр дэлгүүрт байдаггүй далайн амьтад,үнэтэй мах,амтлагчаар хоол хийхийг зааж байгаа нь үзэгчдийн цөөн хувьд зориулагдаж байх шиг. Харин монгол малынхаа дайвар бүтээдэхүүн, толгой шийрийг боловсруулах аргыг зааж сургавал болмоор санагдана. Малын тоо толгой жилээс жилд өсч 45.0 саяд хүрсэн нь хүн амынхаа тооноос 15 дахин их гэсэн үг. Эдийн засгийн гол баялаг болсон махаа монголчууд хүнсэндээ чамгүй их хэрэглэдэг.

Өвлийн улиралд идшээ бэлтгэхдээ бог малынхаа гэдсийг сайхан цэвэрлээд ходоод нарийн гэдсэнд нь цус цутгаж, гүзээнд нь таван цулын хамт хийж хадгалдаг. Өвөл хавар хярамцагтай шөлөндөө будаа хаяж, аарцтай холиод идэхэд хичнээн амттай билээ. Хүүхэд хөгшдийн идэх дуртай хоол байсан. Дээхэн үед цус багадалт гэдэг өвчин бараг сонсддоггүй байсан. Энэ нь байгалийн болон амьтны гаралтай жинхэнэ ориг бүтээгдэхүүнийг хүнс, хоолондоо өргөн хэрэглэдэг байсных байж магадгүй.. Нохойд хаяж өгч байгаа судас шөрмөстэй хатуу гэсэн яс болон дотор махыг хэрэглээндээ өргөн ашигламаар бодогдлоо.

Хонины толгойг амталж чанаад зах дээр олон жил борлуулж байгаа өөрийн гэсэн худалдан авагчтай хэд хэдэн эмэгтэй бий. Цайны цагаар өндөр үнэтэй хоолны газарт оролгүй зах дээрээс чанасан толгой авчраад мөлжихөд хамаагүй хоолшдог гэж ярьж байгаа нэгэнтэй ч таарлаа. Битүүний идээ шүүсэнд ордог хонины толгойноос эхлээд хүнсэндээ хэрэглэх зүйл уг нь багагүй байх юм. Амьдралын туршлагатай нэгэн хөгшинтэй “Нохойн хоол” –ны тухай яриа өрнүүлэхэд,-Монголчууд бид чинь өлсөж үзээгүй ард түмэн.Дэндүү үрэлгэн, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон.

Залуучуудад хэлж зааж өгдөг хүн ч алга.Хот газрын суурьшмал амьдрал хүнийг их өөрчилж,ажилгүй залхуу болгож байна. Чи санаж байгаа байлгүй,”Түмний нэг” кинон дээр герман эр,-Чимэд ээ! Хярамцаг гэж юу вэ? гэж асуудаг даа. Хүүхэд байхад тэр хярамцаг,хонины шийр ч салахын аргагүй сайхан хоол байсан.

Хэрэгтэй хэрэггүй химийн хортой гадаадын хүнснээс татгалзаж эх орныхоо хөрсөнд ургуулсан төмс ногоо, малынхаа махыг гурил будаатайгаа хэрэглээд байхад өвдөхгүй байж чадна хэмээсэн юм. Төр засаг хямралыг давахын тулд дээрээсээ эхлээд бүсээ чангалахаа мэдэгдлээ. Бид өөрсдөө амьдралдаа арчаатай байж,залхуурлаас салж, “Нохойн хоол” гэж нэршиж байгаа дайвар бүтээгдэхүүнээ хүнсэндээ хэрэглээд сурчихвал болохгүй нь юу байхав дээ. 
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна