Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Бидний хөгжлийн гарц буруу

9 жилийн өмнө
Бид хөгжлийн гарцыг буруу газраас хайгаад байна. Энэхүү буруу шийдвэр нь буруу хөрөнгө оруулалт, буруу санхүүгийн шийдвэр, буруу эдийн засгийн нөхцөл байдал, буруу чиглэлрүү хөтлөх боллоо. Яагаад энэ чиглэл буруу гэж. Бид хөгжлийн гарцыг уул уурхай, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Энэ хүсэл мөрөөдөл нь биднийг олон янзын өвчтэй болгоход хүргэсэн. Мөнгө, санхүүгийн олон алдаатай бодлого гаргахад хүргэж байна. Бусдын гар харах, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон.

Ийм бодлого баримталсанаас бид юу хожив. Алдсан нь их.Бид дотоод гадаадын нөхцөл байдал, даяарчлал, шинжлэх ухаан, техникийн хөгжлийн нөлөөлөл, хүний нөөцийн үнэ цэнийг дэндүү хожуу ухаарах гэж байна. Энэ л бидний алдаа. Хэрэв бид 10 жилийн өмнө монгол хүн, монгол өрх чухал гэдэг стратеги бодлого баримталсан бол Хүнийхээ уураг тархины дэд бүтцийг хөгжүүлж, шавхагдашгүй нөөц баялагыг эзэмших ёстой байсан. Сингапурын жишээ үүнийг харуулж байна шүү дээ. Тэдэнд хүний нөөцөөс өөр юу ч байгаагүй. Өөрөөр хэлбэл тэд далайн эрэг дээр ирээд бүх завиа шатаасан улс.

Тэдний хэнд ч гэсэн ухрах зам байгаагүй учир тэд бизнесийн таатай орчин бүрдүүлэх талаар дэлхийд тэргүүлж байна. Хэрэв бид ядаж 10 жилийн өмнөөс л бүх нийтийн мөнгө, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрт томоохон хөрөнгө оруулалт хийсэн бол
  • • Өрх бүр хуримтлалын сантай
  • • Банкууд бэлэн мөнгөний урсгалтай
  • • Мөнгөний ханш тогтвортой
  • • Иргэд худалдан авах чадвартай
  • • Төр бондын тодорхой хувийг ард иргэдээсээ босгох
  • • Иргэдийн амьдралын чанар сайжирах гэх мэт маш олон чухал үр дагаварыг авчирах байсан. Гэтэл энэ санааг дэндүү жижиг гээд хэн нь ч анзаарч, тоож харахгүй өнгөрөөсөн. Бид гэнэт нэг л өдөр тэрбумтан болчих юм шиг сэтгэж эхэлсэн.

Яагаад гэвэл Оюутолгой, Таван толгой, стратегийн орд газруудаа зараад ард иргэддээ бөөн бөөн мөнгө өгчихөөд л бүгд баян чинээлэг амьдарна гэж дэндүү тэнэг, итгэмээргүй зүүд зүүдэлсэн. Гэтэл бодит байдалд юу болов. Асар их баялаг харсан улс төрчид гадаадын томоохон хөрөнгөтнүүдийн уран заль ухаанд хууртаж эхэлсэн. Тэд өөрсдөө ч гэсэн хэдэн жилийн дараа хоосорхоо мэдэхгүй тэнэгтэж байна. Одоо болохоор насанд хүрсэн хүн хүүхэдтэй худалдааны гэрээ хийсэн ш дээ гэж уйлан дуугарч байна. “Мөнгө яаж орж ирсэн тэгж л гардаг “ гэсэн агуу гайхамшигтай онч мэргэн үг байдаг. Хөлсөө урсгаагүй нэг л өдөр баян болсон хүмүүс цаг хугацааны явцад аажим аажим мөнгөө алдаж байгаагаа ойлгохгүй.

Тийм учраас бид хөлсөө дуслуулж, ухаанаа уралдуулж хөдөлмөрлөж байж л хүсээд байгаа баялагтаа хүрнэ.Баялагт хүрэх олон арга зам байдаг. Хамгийн амархан арга бол газраа ухах эсвэл газраа зарах. Энд ямар ч уран бэрийн нүүдэл шаардлагагүй? Улс төрч байхад л хангалттай. Харин оргүй хоосоноор өөрсдийн оюун ухаанаа уралдуулан баялаг бүтээх нь юутай ч харьцуулашгүй баялаг бүтээх гайхамшиг санаа юм. Бидний оюун ухааныг хэн хулгаалах юм бэ? Бид хөдөлмөрлөснөөрөө юу алдахын. Харин ч баялаг бүтээх арга, туршлага, мэдлэг, дадал л суух байх.

Дэндүү жижиг гэмээр санаанаас аугаа санаа урган гардаг. Төр нь өрхүүдийг урамшуулах, өрхийн тэргүүн хүүхдүүдээ урамшуулах замаар л бид хуримтлалыг богино хугацаанд буй болгоно. Өөрөөр хэлбэл бид маш богино хугацаанд ард иргэдийн мөнгө санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн хамт урамшуулах замаар тэдэнд байнгын дадал суулгах юм. Тэгээд ч иргэн баян бол улс баян гэдэг биз дээ.

Иргэд баяжих хүсэл эрмэлзэл байгаад төрийн дэмжлэг байхгүй бол тэд яаж богино хугацаанд санхүүгийн амжилтанд хүрэх юм бэ? Өрх гэрүүд төсвийн орлогоо мэдэхгүй бол улс яаж хөгжих юм бэ? Хуримтлал бий болгохгүйгээр, зардлаа хянахгүйгээр маш их баялаг буй болгосон хөгжилтэй орнуудын сонгодог жишээ байна уу?
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна