Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Ц.Ариунаа: Хүүхэд нас Бол дэлбээгээ нээж буй цэцэг

9 жилийн өмнө
Орхон аймгийн ууган сургууль- 1 дүгээр сургуулийн 40 жилийн ой энэ өдрүүдэд болж байна.Тус сургуулийн анхны 10 дугаар анги төгсөгчдийн нэг багш,сэтгүүлч Ц.Ариунаагийн ирүүлсэн дурсамж, ярилцлагыг нийтэлж байна Сонирхуулахад одоогоос 10 жилийн өмнө сурагч Р.Ханджав,М.Ганцацрал нарын энэхүү ярилцлагыг хийж,”Хайрлах нас” сонинд нийтлүүлж байжээ. Залуу сэтгүүлчид өнөөдөр төрөлх хотдоо ажиллаж амьдарч байна.

- Та ямархуу сурагч байсан бэ?

- Бусдын адил л хүүхэд байсан. Юм юманд оролцдог., дуулж бүжиглэж, цанаар гулгаж, сагс тоглодог, бас гитар сонирхдог. 1970-аад оны хүүхдүүд хүрэн өнгийн дүрэмт хувцсаараа гоёсон, их авьяастай, хүмүүжил сайтай байсан. Миний хувьд урт гэзэгтэй, өндөр нарийхан, яриа хөөрөөтэй хүүхэд байсан даа.

- Өнөөгийн сурагчдыг тэр үеийнхтэй харьцуулбал?

- Хүүхдүүд чөлөөтэй сэтгэж, бие дааж өөрийгөө хөгжүүлэх,мэргэжил сонгох сайхан боломжтой болсон. Дэлхийд болж буй үйл явдал, олон талын мэдээллийг “Интернэт”-ээс авч байна. Орчин үеийн хүүхдүүд их азтай санагддаг.

-Та ямар охин байсан бэ? Жаахан дүрсгүй ч юмуу, эсвэл даруухан?

- Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэд байсан. 1966 онд Булган хотын үлгэр жишээ бага сургуульд орсон. Балжинням гэж сайхан зантай багш анги дааж, анхны хичээл дээр танилцсан. Уг нь намайг Ариунтуяа гэдэг байсан, багшийн нэр асуухаар нь Ариунаа гэж хэлээд, тэр нэрээр явдаг болсон. Ангийн журнал дээр нэгдүгээрт бичигдээд, багш нар орж ирээд журналын эхний хүүхдийг дуудаад зарим үед хэцүү, хичээл уншсан үед амар байсан. “А” үсэг мэддэг хүүхэд байна уу гэхэд, гараа өргөж самбарт дармалаар бичиж байснаа тод санадаг. 1-р ангиас эхлэн ангийн дарга, бүлгийн дарга хийж сургуулийн бүлгэмийн зөвлөлийн гишүүн явлаа.

- Та сурч байсан тухайгаа ярихгүй юу?

-1970-аад оны дундаас Эрдэнэтийн овоо хүмүүсийн сэтгэлийг даллан дуудаж байсан цаг. Манай гэр 1975 оны хавар энд нүүж ирсэн. Би дотуур байранд үлдсэн юм. Намар 10-р ангид орох гэж байтал С.Цэндсүрэн багш манайх шинэ байранд орох гэж байна. 10-р анги нээнэ, эндээ суралц гэж зөвлөсөн. Тэгээд ч ээж илгээлт, элсэлтээр хүмүүс авчрахаар Увс аймаг, аав нийслэлд сарын курст явж би дүү нартайгаа үлдсэн учир Эрдэнэтдээ үлдсэн юм. Анхны 10-р ангид Архангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл гээд газар бүрээс ирсэн 10 гаруйхан хүүхэд элсэж, төгсөхдөө 21-үүл төгссөн. Одоогийн 8-р сургуулийн 2-р давхарт жижигхэн ангид хэдүүл хичээллэдэг, завсарлагаанаар ангидаа теннис их тоглодог байсан. Манай ангийнхан бүгд сайн яваа. “Анхны 10-р ангийхан” гэж бид сургуулийнхаа түүхэнд орсон. Бидний дундаас багш, эдийн засагч, ня-бо, төрийн албан хаагч, инженерүүд төрсөн. Нэг сонин хэлэхэд, радио телевизийн ажилтан дөрөв байдаг. Энэ нь бидний хүсэл мөрөөдөлтэй холбоотой байж ч магадгүй. Бид “цонхтой цаг” гарахаар янз бүрийн сэдвээр жүжигчилсэн тоглолт их хийнэ. 20 төгрөгний орос үзэгний толгойг хошуун дээр нь тогтоож микрофон болгочихоод би сэтгүүлч болж бусад маань дүрд тоглоно. Энэ мөрөөдөл биелж С.Жаргалсайхан бид хоёр сэтгүүлч, Ч.Нансалмаа, Х.Рина нар радио телевизийн инженер болсон. Хүүхдийн зохиолч Г.Сэсмээ бидэнд монгол хэл, уран зохиолын хичээл заана, зохиолчид уран бүтээлийн талаар сонин их ярьдаг байсан.

- Хичээлийн дараа ангиараа цуглаад юу ярьдаг байв?

- Ирээдүйгээ мөрөөднө. 2000 онд хэдэн настай болсон байх, хэн ямар мэргэжил эзэмшсэн байх гэх зэрэг. Бүр Эрдэнэтийн овоог эзэмшиж дуусаад тэр газар дээр нь том цэнгэлдэх хүрээлэн байгуулчихсан, олимп анх Монголд явагдаад гээд гоё зүйл ярина. Бас магнитофон тавьчихаад бүжиглэдэг байв.

- Олон жилийн дараа хүүхэд насаа дурсаад нэг өгүүлбэр хэлбэл?

-Хаврын дөнгөж дэлбээлж буй цэцэг.

- Тэр үеийн багш нараа дурсаач?

-Анхны захирал С.Цэндсүрэн, хичээлийн эрхлэгч Д.Жамбал, анги удирдсан багш Ганбаатар байсан. Моника Викторовна Петушинова гэж орос багш орос хэл заадаг, би тэр багштайгаа Пулькины орос хэлний сурах бичгээр нэмэлт хичээл заалгадаг байв. Тэгээд МУИС-ийн орос хэлний ангид элсэж, ямар ч байсан хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийг бодоход ойр зуурын зүйл ярьчихдаг, тийн ялгалаар үг хувиргаж, зохион бичлэг бичих зэрэгтэйгээ болсон.

-Өнөөгийн охидод хандаж хэлмээр юу байна вэ?

-Ирээдүйд гэрийн эзэгтэй, ээж хүний хань гэдгийг мартаж болохгүй. Мэргэжил боловсролоос гадна амьдралд багаасаа бэлтгэх хэрэгтэй. Та нарын эрхлэн гаргаж буй “Хайрлах нас” сонин олон зүйлийг хүүхдүүдэд хэлж өгч байгаа, нэрийг нь хүртэл ухаарч бодоход илүүдэхгүй.

-Хүүхэд насны дурсамжтай мөчөөс дурсаач?

-8-р ангид байхдаа аймгийн шинэ жилийн баярт манай анги Н.Носовын “Үл мэдэх ба түүний нөхөд” зохиолоор тоглолт бэлтгэсэн. Үзэгч хүүхдүүд намайг таниагүй. Учир нь том хөвөнтэй цамцны гадуур хямд материалаар хийсэн өмд, цамц өмсөж олон халаасандаа идэх юм хийж, “Ховдог Бялууханы дэрэн дор, гоёхон боов байна гэнэ” гээд уншсан юм. Хүүхдүүд хэн бэ? гээд байсан /инээв/ намхан, бүдүүн хүүхэд харагдсан юм байлгүй.

-Багш нарынхаа тухайд?

-Математикийг Б.Жүгдэр багш, физик Д.Жамбал, хими Хуягаа, астраноми Д.Дашдондов, хэл уран зохиол Г.Сэсмээ, биологи С.Цэндсүрэн, биеийн тамир Балжинням багш заадаг байсан. С.Цэндсүрэн багшаас их зүйл сурсан, одоо бид байнга холбоотой ажилладаг. Д.Дашдондов багш дөнгөж МУИС төгсөж ирээд бидэнд багшилсан. МЗЭ, МСХ-ны гишүүн нэртэй яруу найрагч багшаараа би бахархдаг. “Чиг зүг” гэдэг номынхоо дээжийг дурсгахдаа, “Шавь нарын минь ууган нь чи шүү” гэж бичсэн нь чамайг олон хүн харж байна, сайн ажиллаж амьдар гэж захиж даалгасан үг гэж би ойлгосон.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-XX зууны манлай бүтээн байгуулалтын талбар болсон Эрдэнэтийн түүхийг бүтээж яваа хэн боловч Эрдэнэтээрээ бахархаж явах нь зөв болов уу. Бидний уриа “Цэвэр хот-Нийгмийн хөгжил”. Иймд бид “Би Эрдэнэтийн иргэн” гэдгээр бахархаж, эзэн нь болж явахын төлөө хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг хэлье.

-Бид хоёртой хүүхэд насаа дурсаж ярилцсанд танд баярлалаа.

“Цэцэгс” дугуйлангийн сурвалжлагч Р.Ханджав, Ц.Ганцацрал
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна