Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Орхон аймгийн хөгжлийн бодлогыг хэзээ шинэчлэх вэ?

9 жилийн өмнө
Олон хүмүүсийн толгой эргүүлж байсан хамгийн алдартай таавар бол “Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ?” гэдэг асуулт юм. Өндөг бий болохын тулд эхлээд тэр өндөглөж, дараа нь тахиа дарах ёстой. Мөн тахиа өөрөө өндөгнөөс гарсан байх ёстой. Өдийг хүртэл энэ асуултын хариулт тодорхойгүй, аль аль нь зөв хариулт ч юм шиг байсаар ирсэн. Үүний нэгэн адил “Нам, хөгжлийн бодлого хоёрын аль нь анхдагч вэ?” гэсэн асуулт тулгарч байна.4 жилийн настай нам урт удаан хугацааны хөгжлийн бодлого боловсруулж, түүнийг нь өөр нам хэрэгжүүлж чадах уу? Эсвэл урт удаан хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогыг 4 жил тутам өөрчлөөд байх уу? Ямар нэгэн нам сонгуульд ялаад маш сайн хөгжлийн бодлого боловсруулаад ард иргэдээ сайхан амьдруулж байна уу? Тэгвэл өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд намууд өрсөлдөж засгийн эрхийг ээлж дараалан барьж байсан боловч улс орон маань хөгжсөн үү, бид сайхан амьдарч байна уу. Эндээс үзвэл нам анхдагч нь эргэлзээтэйболж байна. Хэрэв нам анхдагч биш юм бол улс төрөөс ангид байх урт удаан хугацааны хөгжлийн бодлого нь анхдагч болох уу? гэсэн асуулт гарч ирнэ. Ямар нам урт удаан хугацаатай хөгжлийн бодлого боловсруулах юм бэ? гэсэн асуулт ч бас тавигдах байх. Иймэрхүү толгой эргүүлсэн ээдрээтэй асуудал бид бүхнийг зовоож байгаа юм. Аль нь анхдагч юм бэ гэдэг нь бас л ээдрээтэй асуудал. Гэвч Орхон аймаг хөгжлийн урт удаан хугацааны, тогтвортой бодлогогүйгээр хөгжихгүй нь ойлгомжтой. Орхон аймагт 20 гаруй бодлого, хөтөлбөрүүд байдаг боловч хоорондоо уялдаа холбоогүй, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой бус, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ямар ч боломжгүй байна. Мөн Аймгийн ЖДҮ-ийн тэргүүлэх чиглэлийг тогтоож чадаагүй аж. Хөгжлийн бодлого шинэчлэхгүйгээс болж хоёр нам дамжсан, хэзээ хэрэгжих нь тодорхой бус, олон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй, хариуцлага тооцох эзэнгүй “Үйлдвэр технологийн парк” төсөл шиг олон бодлого, хөтөлбөрүүд Орхон аймагт байна. Бид одоо хүртэл Орхон аймгийн “Хөгжлийн загвар”-ыг тодорхойлж чадаагүй л байна. Бидний боловсруулсан бодлого, хөтөлбөрүүд нь зөвхөн тунхаглалын шинж чанартай, зорилго зорилт маягаар илэрхийлэгдэж байгаа бөгөөд хэрэгжүүлэх, хянах, үнэлэх, тайлагнах үйл ажиллагааг орхигдуулжээ.Орхон аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо эдийн засгийн өсөлт орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлөв гэдгээр нь дүгнэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засаг даргын үйл ажиллагааг тодорхой цөөн үзүүлэл¬түү¬дээр хэмждэг,үүнийг хуульчилж өгөх шаардлагатай бөгөөд мөн хариуцлага хүлээдэг байх ёстой. Аливаа улс орон хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлохын тулд эдийн засгийн хэмжигдэхүүн,үндсэн үзүүлэлтүүд, хүний хөгжлийн индекс болон өрсөлдөх чадварын индексүүдээр тодорхойлдог. Бид Орхон аймгийн урт хугацааны хөгжлийн төсөөллийн зураглалыг шинэчлэн тогтоосоноор: • Орхон аймгийн хөгжлийн цогц бодлого, дунд, урт хугацаанд орон нутгийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, • Орон нутгийг хөгжүүлэх нэгдмэл зорилтуудыг тодорхойлох, • Урьд нь батлагдсан бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, • Орон нутгийг хөгжлийн баримт бичгүүдийн залгамж халааг бататган, улс төрийн нөлөөллөөс хамааралгүй болгох • Аймгийн хөгжлийн Загварыг тодорхойлохгэх мэт ач холбогдолтой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын хэсэг гишүүдийн санаачлан боловсруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл”-ийн 24.2-д Хөгжлийн төсөөлөл нь дараах тоон болон чанарын үзүүлэлтийг агуулсан байна. • Хүн ам зүйн ачаалал болон бусад хүчин зүйлс • Хүн амын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үзүүлэлтүүд • Хөдөлмөр эрхлэлт, амжиргааны түвшин, чанар • Эдийн засгийн салбарын өсөлт, бүтцийн өөрчлөлт • Хөрөнгө оруулалт, түүнийг шингээх чадавхи • Байгаль орчины үзүүлэлт • Газрын ашиглалтын үзүүлэлт • Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний баланс гэх мэт үзүүлэлтүүд болно. Мөн хуулийн төслийн 24.4-д “Энэхүү хөгжлийн төсөөллийг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болох бөгөөд түүнд шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргуулах, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно” гэжээ.Орхон аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021)-ыг шинэчлэх ажлын хэсгийг Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга, мөн Орхон аймгаас УИХ-д нэр дэвшсэн гишүүд болон төрийн бус байгууллагууд санаачилж болно. Хөгжлийн бодлого нь орон нутгийн хөрөнгө оруулалтын бодлоготой ч гэсэн уялдаа холбоотой байх ёстой. Хөгжлийн төсөөлөл, орон нутгийн хөгжлийн загвартай холбож өгсөн хөрөнгө оруулалтын бодлого нь орон нутгийн төсвийн орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх уг сурвалж болно. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амын амжиргааны чанарыг дээшлүүлэх гэх мэт олон чухал асуудлуудыг тогтвортой урт удаан хугцааны хөгжлийн төсөөлөлд тулгуурласан хөгжлийн бодлогоор л шийдвэрлэх боломжтой. Хөгжлийн бодлогын бас нэг онцлого нь хэнч ойлгох байдлаар томёолох ба хүрэх боломжтой, хөрөнгийн эх үүсвэртэй тодорхой асуудлыг л төлөвлөх нь зүйтэй юм. Жишээлбэл урт удаан хугацаанд хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь бол ЗЭС ХӨТӨЛБӨР юм. 1О жилийн дараа гэхэд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, орон нутагт нэмүүн өртөг шингэсэн 5 томоохон үйлдвэрийг бий болгоход санхүүгийн туслалцаа үзүүлэх ба ингэснээр орон нутгийн татварын орлогыг 10-20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх юм. Жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 10 жилийн хугацаанд тасралтгүй нэмэгдүүлэх болно гэх мэтээр илэрхийлэх ба хөтөлбөрийн үр дүнг жил бүр дүгнэдэг байх хэрэгтэй. Мөн Орхон аймгийн гэр хороолын иргэдийн амьдрах орчиныг сайжруулах урт удаан хугацааны төсөлд гэр хороолын гудамжуудыг сайжруулсан замуудаар холбоно. Энэ төслийг 15 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлнэ гэх мэтээр хэн ч ойлгох байдлаар төлөвлөнө. The Asia Foundation ашгийн бус төрийн бус байгууллагын мэргэжилтэн Тирза Тхеуниссен “Монгол улс эдийн засгаа төрөлжүүлэн сайжруулж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгоход урт удаан хугацааны төлөвлөгөө хэрэгтэй” гэж зөвлөсөн байна. Гал унтраасан богино хугацааны бодлого нь ард түмний амьралын чанарыг дээшлүүлэн, эдийн засгийн үр ашигийг тогтвортой нэмэгдүүлэх боломжгүй юм. Ийм учраас Орхон аймгийн урт удаан хугацааны тогтвортой бодлогыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлагатай.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна