Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Орхон аймагт “ЗЭС” ХӨТӨЛБӨР хэрэгжүүлье

9 жилийн өмнө
Монгол бол зэсээр баялаг орон. Монгол улс 1.2 тэрбум тонн цэвэр зэсийн нөөцтэй ажээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2014 оны эхний улиралд 214.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 349 сая долларын орлого олж. Бид зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д экспортлодог. Монголчууд эрт дээр үеэс эхлэн зэс бугуйвч, аяга, домбо хэрэглэж байсан уламжлалтай бөгөөд зэсийг есөн эрдэний нэг хэмээн дээдлэж, зэсээр хийсэн сав, суулга, аяга тавга нь ходоод, гэдэг, элэг, цөсний өвчнийг ангаахаас гадна хордлого тайлах, бие цэвэршүүлэх увьдастай гэж үзэж байжээ. Зэс нь зарим элементүүдээс ялгаатай нь арьсаар дамжин биед нэвчдэг. Цусан дахь улаан эсийн хэмоглобиний төмөр шингээх чадварыг нэмэгдүүлдэг гэж анагаах ухаанд үздэг аж. Зэс багадваас цусны дутагдалд ордог. Хүний биед зэс 0.005 гр байж нэг өдрийн хэрэгцээг хангах учиртай гэнэ. Өнгөрсөн зууны эхээр Шотландын эрдэмтэн Д.Р.Вильямс зэсгvй бол хvн амьдрах боломжгvй гэдгийг нотолжээ. Зэс нь зөөлөн металл бөгөөд маш сайн цахилгаан дамжуулах чадвартай тул, цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал, мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэдэг бөгөөд зэсээр бэлэг дурсгал болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. “Рио Тинто” компанийн хүний нөөц хариуцсан дэд захирал Р.Макгоуэн-Жексон, “Цахилгаанаар ажилладаг автомашин юм уу, салхин турбины тухай ярихад “зэс” гэсэн үг заавал орно. Жишээ нь би “Тоёта Приус” машинтай гэж бодьё. Зэсгүй эд анги гэж бараг байхгүй дээ. Яахав хөнгөн цагаан арай хямд учир л цахилгаан дамжуулах шугамд ашиглагддаг. Өөрөөр бол эрчим хүч гэдэг тэр чигээрээ зэс” гэжээ. Орхон аймаг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах хоёр ч үйлдвэртэй боллоо. “Эрдмин” ХХК нь жилдээ 2500 тн зэс боловсруулах хүчин чадалтай бөгөөд зэс уртасгагч залгуур, уян зэс кабель, зэс утас, цахилгаан монтажны зэс утас үйлдвэрлэж байна. Харин “Ачит-Ихт” компаний жилдээ 10.000 тонн катодын зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хэрэв энэ хоёр үйлдвэр төслийн хүчин чадлаар ажиллах юм болж жилдээ 12500 тонн катодын зэс экспортлох боломж бий. Мөн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводын дэргэд уран дарханы хэсэг ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэнд цэвэр зэсээр 12 жилтэй ханын цаг, домбо үйлдвэрлэдэг ажээ. Саяхан аймгийн ИТХурлаас “Орхон аймагт жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогын хүрээнд “...аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон дэмжих” гэсэн заалт орсон байна. Орхон аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлохын тулд Бидэнд ашиглаж болох ямар давуу тал, боломжууд байна вэ? Бидэнд арилгаж болох ямар сул тал, эрсдэл байна вэ? гэсэн асуултанд хариулах ёстой. Манай аймаг инженер техникийн ажилчидын тоогоор бусад аймгуудаас дээгүүрт ордог. Дэд бүтэц сайн хөгжсөн, уул уурхайн томоохон үйлдвэрийг түшиглэсэн мөн катодын зэс боловсруулах хоёр ч үйлдвэртэй. Дээр нь хоёр ч томоохон их сургууль бий. Энэхүү давуу талууддаа ашиглан зэсээр нэмүүн өртөг шингэсэн, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортын бүтээгдэхүүн бий болгох, өндөр технологийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатай юм. Орхон аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэх, “ЗЭС хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Инноваци, Технологи дамжуулах мэдээллийн төв байгуулах боломж бий. Инновацийн тогтолцоог бий болгох, мэдлэгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор байгуулах энэхүү төв нь эрдэмтэн судлаачдын мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулж, улмаар Орхон аймагт мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. “Инноваци, Технологи дамжуулах төв” нь эрдэмтдийн судалгааны үр дүнг зах зээлд нэвтрүүлэхээс гадна тэдний оюуны өмчийг хуулиар баталгаажуулж, үйлдвэрлэлд шууд нэвтрүүлэх үүрэгтэй. Тус төвд зөвхөн эрдэмтэн судлаачид ажиллах бус оюутнууд болон инженер техникийн ажилтануудыг ч гэсэн татан оролцуулж болох юм. “Инноваци,Технологи дамжуулах төв” -ийн үйл ажиллагааны үр дүн олон нийтэд танигдсанаар эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн компаниудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд өндөр ач холбогдолтой. Тус төв нь зэсээр импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл боловсруулах баг бүрдүүлэх ба техник-технологийн шийдлийг олж тогтоох, судалгаа шинжилгээний ажлыг тухайн аж ахуй нэгжийн захиалгаар боловсруулах бүрэн чадавхтай байх юм. Ингэснээр орон нутагт экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна. Орхон аймагт жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд зөвхөн ЖДҮ-ийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээс гадна бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд МЭДЭЭЛЭЛ-СУРГАЛТ-ЗӨВЛӨХ үйлчилгээг тогтмол хүргэх нь “Инноваци,Технологи дамжуулах төв” –ийн үндсэн үүрэг юм. Энэхүү төв нь дотоодын эрдэмтэн, судлаачдыг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс гадна гадаад орнуудын өндөр технологийг орон нутагт нутагшуулах, патент, лицензийн гэрээ хэлцэл хийхэд бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэх юм.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна