Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Өглөөний цайгаа өөртөө

9 жилийн өмнө
Саяхны нэг өдөр манай хотод албан ажлаар ирсэн хоёр хатагтайтай уулзахаар цаг товлож, буудалласан газарт нь явж очлоо. Гадна дотны зочид гийчдийн өмнө хотынхоо нүүрийг царайг тодорхойлдог зочид буудлын нэгэнд тэд байрлажээ. Ажил алба хэдийнэ жигдэрч, өглөөний 9 цаг дөхөж байсан тул цай ундаа уучихсан хүлээж байгаа, ярилцах боломжтой цаг гэж бодсоор зочид буудлын хаалга татлаа. Ээлжнээс буугаагүй бололтой хоёр бүсгүй ажлын ширээнийхээ ард бэлэн гоймон идэж угтлаа. Үүдний өрөөгөөр нэг бэлэн гоймонгийн халуун ногооны хачир үнэртэнэ. Уулзах зочдоо асууж, өрөөний хаалгыг татвал,-Ахмад багш маань намайг хүлээж суулаа.Шууд л яриа өрнүүлж,-Цайгаа уусан эсэхийг лавлавал,-Энэ буудал өглөөний цай өгдөггүй,захиалга өгөх гэсэн чинь тогооч нар нь ирэх болоогүй юм байна гэсэн урамгүйхэн мэдээ дуулгав. Сурагчдын шалгалтын материал зассаар оройхон нэгэн зоогийн газарт ороход ядаж халуун хоолны үйлчилгээ байхгүй, зууш төдийгүйхэн идээд амарсан гэнэ. Түүнтэй хамт ажлаар яваа ОХУ-ын нэгэн их сургуулийн доктор эмэгтэй маань,-Өглөөний цай хаана ууж болохыг надаас асууж,хэд хэдэн зоогийн газар руу утасдаж,хүн явуулсны эцэст “Трактирь” зоогийн газар онгойсон байж таарч биднийг баярлуулав.Хаа очиж олон хүнд үйлчилж сурсан тус зоогийн газрын тогооч,зохион байгуулагч тэр дор нь орос маягаар борщ,зууш, талх цай кофегоор ширээг чимж, дээр нь бас шинэхэн монгол бяслаг,өрөм авчирч дайлав. Манай аймагт зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 шахам аж ахуйн нэгж байдгийн ихэнх нь өглөөний цайны үйлчилгээгүй юм байна. Миний бие зочид буудлын үйлчилгээний стандарттай танилцахыг хүссэн боловч,харамсалтай нь төлбөр төлж байж интернэтээс үзэх тул бүтсэнгүй. Өглөөний цай өгдөггүй юмаа гэхэд өрөөнд нь ус буцалгагч, цайны хэрэгсэл тавьж,хөнгөн зуушаар үйлчлээд гарсан зардлаа буудлын үнэндээ шингээж болохгүй нь юу байхав гэж санагдлаа. Гэрээсээ хол албан ажлаар яваа хүмүүс буудалдаа өглөөний цайгаа уугаад гарахгүй бол өдрийн хоол хүртэл бас ч гэж зайтай. Тэгээд ч зочид буудлын үйлчилгээний салшгүй нэг хэсэг нь өглөөний цай байдаг болов уу ? Өглөөний цайтай,олон төрлийн үйлчилгээтэй зочид буудлын тухай мэдээллийг хүмүүс мэдэхгүй байж болно. Аялал жуулчлал хөгжихөд гол хөтөч нь тухайн хот, орны газрын зураг, танилцуулга. Түүнд дотор хамгийн эхэнд буудаллах зочид буудал,зоогийн газар,түүх дурсгалын газар багтдаг. Бичиг баримтыг нь хураан авч өрөөний түлхүүр өгч, тооцоо хийж мөнгөө хурааж авснаар үйлчилгээ дуусаад байвал үйлчлүүлсэн хүн дахин тэр буудалд буух нь юу л бол ? Энэ удаагийн өглөөний цайны тухай яриа бол ганц удаагийн тохиолдол бус манайд байгаа үйлчилгээний бодит төрх. “Өглөөний цайгаа өөртөө” гэдэг дэмий хоосон үг биш ээ.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна