Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Эзэнтэй ноходын эзэрхийлэл

9 жилийн өмнө
Сүүлийн 45 хоногт 83 хүн нохойд хазуулжээ. Тэдний 37 нь 13-аас доош насны бяцхан хүүхдүүд байна. Хамгийн хачирхалтай нь золбин ноход биш эзэнтэй ноход хүн рүү дайрч, хүний цусаар “хооллосон” байна. Тав, зургаахан настай хүүхдүүд чихэр авах гэж дэлгүүр яваад л хөршийнхөө нохойд уруулж толгой, мөрнөөсөө хазуулсан байх жишээтэй. Гартаа дайралдсан чулуу аваад шидэх зуур л нөгөө “үнэнч анд“ чинь дүүлэн ирж зэрлэг соёогоо хүүхдийн толгойд зоож, татаж угзарч араатан авираа гаргадаг байна. Орхон аймагт өдөрт дунджаар хоёр хүн нохойд хазуулдаг гэнэ. Галзуугийн тарилга тариулсан иргэдийн судалгаанаас харахад жилд 800-900 орчим байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, эзэнтэй ноходын эзэрхийлэл хэрээс хэтэрч байгаагийн жишээ энэ юм. Ёстой гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг шиг дээр дурдсан 83 тохиолдлын 66 нь эзэнтэй ноход байна. Гэтэл зарим иргэн хүн хазсан нохойг байгалийн жам ёсны үүргээ сайн биелүүлж байна хэмээн магтана. Тэр ч бүү хэл, нохой угаасаа хазах ёстой хэмээн өмөөрнө. Араатанаа сул, чөлөөтэй тавьсан эзэнд ноогдуулах хариуцлагыг өндөржүүлэх тухай бус харин нохойн мөн чанарыг ойлгох хэрэгтэй хэмээн ярих хүнтэй ч таарлаа. Тэгэхээр ноходын эзэрхийлэл уу эсвэл эздийн эзэрхийлэлийн дунд бид амьдарч байна уу гэдгийг ойлгоход бэрх болжээ. Хот тохижуулах газар нь жилд 3500 орчим нохой устгадаг бөгөөд үүнд 14 сая төгрөг зарцуулдаг байна. Гэвч тэдний устгасан нохойн дийлэнх нь золбин ажээ. Баян-Өндөр сумын ХАА тасаг 2013 онд нохой, муурны судалгааг гаргахад, эзэнтэй 10 мянга, эзэнгүй мөн тооны нохой байгааг тогтоосон байна. Тэгэхээр орхончууд нохойн сүргийн дунд амьдардаг гэсэн үг. 2013 онд орчиндоо аюул учруулж болох амьтаныг зохих хамгаалалтгүй байлгасан гэх үндэслэлээр 14 хэрэг Прокурорын газарт хянагджээ. Жилд 800-900 орчим хүн нохойд хазуулдаг хэрнээ тэдний дөнгөж 14 нь л хуулийн байгууллагад хандаж нохойн эзэнд хариуцлага тооцуулахаар өргөдөл гаргасан байна. Гэвч энэ нь гэмт хэргийн хөнгөн төрөлд багтдаг тул эцэст нь хэргэсгэхгүй болдог ажээ. Тодруулбал, хоёр тал эвлэрсэний үндсэн дээр уг хэрэг хаагддаг гэсэн үг юм. Монгол улсын Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлд заахдаа, “Орчиндоо аюул учруулж болох амьтаныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие, махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэл баривчлах, хэрэв энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 3-6 сар хүртэл баривчлах, эсвэл 5 жил хүртэлх хугацаагаар хорих заалт бий Мөн Баян-Өндөр сум 2007 онд “Нохой, муур тэжээх, эзэмших талаар мөрдөх журам” баталсан байдаг. Үүнд гэрийн тэжээвэр нохойгоо өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл уяж түүнээс хойш зөвхөн хашаандаа сул тавина гэсэн боловч харамсалтай нь үүнийг мөрддөг өрх, айл алга. Хэрэв нохой нь эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтанд хамрагдаагүйгээс хүн, малд халдвар тараасан бол Ариун цэврийн тухай хуулийн 20.2-д зааснаар иргэн, албан тушаалтныг 10 мянгаас 50 мянга, аж ахуйн нэгжийг 150 мянгаас 200 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий. Гэвч иргэд хамар хашааныхаа Доржийн хар банхарт хазуулсан болохоор нэг их хэл ам гаргалгүй өнгөрөөчихдөг байна. Танилын нүүр халуун ч нохойн хазалт түүнээс халуун гэдгийг мартдаг бололтой юм. Зарим нэг нь хөрш айлынхаа хаздаг, дайрдаг нохойноос хүүхдээ хамгаалах арга хайхдаа Хот тохижуулах газрынхныг дуудаж буудуулдаг гэнэ. Гэтэл нөгөө хөрш нь нохойгоо тэдэн төгрөгөөр худалдаж авсан эсвэл бидний дотны анд байсан юм хэмээн аашилж шүүхэд гомдол гаргадаг ажээ. Тэжээвэр нохой нь хүн хазчихаад байхад юман чинээ тоодогүй хэрнээ нохойн амь нэхдэг увайгүй иргэд ч олширчээ. Иймд нохой тэжээгчдэд ногдуулах үүрэг хариуцлагыг улам өндөржүүлж нохойн нэг шүдийг олон сая төгрөгөөр үнэлж хүний бид гэмтэл учруулсаны тоогоор нь торгууль оноох хэрэгтэй юм. Хэрэв удаа дараа хүн рүү дайрч хазсан бол буудаж устгахыг ч зөвшөөрөх учиртай. Эс тэгвээс эзэнтэй ноход оодорч эзэн ноён нь хаагисаар л байх болно. Эсвэл сул чөлөөтэй яваа араатнаас биеэ хамгаалах зэвсэг авч явахыг хуулийн хүрээнд зөвшөөрөх хэрэгтэй юм. Гэрийнхээ гадаа, гудамж талбай, дэлгүүрийн өмнө гээд хаа л бол хаана араа соёогоо арзайлгасан араатан та бидний бяцхан хүүхэд, найз нөхөд, хань нөхрийг отоод сууж байна. Бурууг банхар луу чихчихээд жишим ч үгүй алхдаг нохойн эздийг “ноолох” цаг хэдийн ирсэн гэдгийг дээрх тоо баримт харуулсаар байна.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна