Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Ахлах ангийн сурагчдад яагаад санхүүгийн боловсрол чухал вэ?

9 жилийн өмнө
Ахлах ангийн сурагчид хэдхэн жилийн дараа ерөнхий боловсролын сургуулиа төгсч бие даасан амьдралаа эхлүүлэх чухал, хариуцлагатай үе эхэлнэ. Тэдний өмнө шинэ шинэ үүрэг хариуцлага тулгарч, нийгмийн янз бүрийн харилцаанд орох мөн санхүүгийн бие даасан байдал тулгарах явдал зайлшгүй тохиолдоно. Сурагчдыг багаас нь санхүүгийн сахилга батад сургаж, мөнгөтэй зөв харилцах, хуримтлал бий болгох, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд санхүүгийн боловсрол маш чухал юм. Сурагчид эцэг эх, хамаатан садныхаа санхүүгийн хамааралтай байдлаас аажмаар салж санхүүгийн бие даасан байдалд шилжих мөн өөрийн тогтмол орлоготой болох, санхүүгийн шийдвэр бие даан гаргахад санхүүгийн шаталсан боловсрол зайлшгүй шаардлагатай. Санхүүгийн боловсрол нь төлөвлөгөө ба ирээдүйн зорилгоо хэрэгжүүлэхэд өөртөө итгэлтэй байх, ажил эрхлэх, орлого олох, хөрөнгийн хуримтлал бий болгох, хадгаламж зэргийн ач холбогдлыг ойлгох бололцоог нээж өгдөг. Сурагчдад санхүүгийн харилцаанд орох мэдлэг, чадварын суурийг тавих нь зөв шийдвэр гаргахад нь туслах явдал билээ. Мөнгөний удирдлага, санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн хэлцэл хийх, орлого хэрхэн олох, хадгаламжийн дадал төлөвшүүлэх, ухаалаг хэрэглээ ба зээл авах тооцоог зөв хийх гэсэн сэдвүүд нь хүүхэд, залуучуудын хувьд ихээхэн чухал болохыг зах зээлийн судалгаа ба туршилтын үр дүн харуулж байна. Сурагчид багаасаа өрхийн төсөв, хадгаламж, өрийн удирдлага, банкны үйлчилгээ, санхүүгийн гэрээ хэлцэл, эрсдэлийн удирлага, даатгал гэх мэт ирээдүйд тэдний амьдралд зайлшгүй шаардлагатай санхүүгийн ухагдахуунуудыг ойлгох, өдөр тутмын хэрэглээ болгосноор санхүүгийн сахилга бат дээшлэх юм. Хэрэв өрх бүр орлого зарлагаа байнга тооцож, өрхийн төсвөө зөв хөтөлж сурах юм бол мөнгөн хуримтлалтай болж санхүүгийн сахилга бат төлөвшин тогтох юм. Үүний үр дүнд мөнгөнийхөө урсгалыг тодорхойлж хянах боломж бүрдэнэ. Иргэн бүхэн хуримтлалтай болбол банканд мөнгө хадаглуулна. Энэ нь эцсийн эцэст улс орны эдийн засагт хэрэгтэй зүйл билээ. Яагаад монголчууд хуримтлал үүсгэж чадахгүй байна гэхээр санхүүгийн боловсрол дутмаг байгаа юм. “Монголчууд хуримтлал болон хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөжтөй шийдвэр гаргахад шаардлагатай үндсэн санхүүгийн ойлголтын талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байна” гэж 2013 онд дэлхийн Банкнаас гаргасан “Монголд санхүүгийн шийдвэр гаргалтыг сайжруулах замыг нээх нь” судалгааны тайланг бичсэн багийн ахлагч, Дэлхийн Банкны эдийн засагч Сиегфийд Зоттэл онцоллоо. Тэрээр “Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь хүүгийн талаар хангалттай ойлголтгүй, 60 гаруй хувь нь инфляц тэдний хадгаламжинд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мэдэхгүй байна” гэжээ. “Улс орны санхүүгийн тогтвортой байдал олон хүчин зүйлээс хамаардаг ба үүнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэдэг хэрэглэгчдийн санхүүгийн суурь боловсрол маш чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Монгол дахь Дэлхийн Банкны Суурин төлөөлөгчийн газарт санхүүгийн салбарын хөтөлбөр хариуцсан зохицуулагч Мариус Висмантас хэлжээ. Иргэн бүрт, ялангуяа ирээдүй хойч үе болсон хүүхэд залууст эдийн засаг, санхүүгийн зах зээлийн талаар зөв мэдлэг, өндөр агууламжтай мэдээлэл хүргэх, сурагчид энэхүү мэдээллийг ашиглаж сурах, санхүүгийн шийдэл гаргах дадал чадварыг бий болгох нь туйлын чухал. Мөн сурагчдад зориулсан санхүүгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэл олгох хөтөлбөр боловсруулах, ном, товхимол, сурах бичгүүд зохиох, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэслэлээр хүргэх, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн боловсрол олгох хичээлийг оруулах, хичээлийн хөтөлбөр, заах арга зүйг боловсруулах шаардлагтай байна.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна