Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Эрхбиш бантангаа хийж чаддаг байлтай

9 жилийн өмнө
Хэзээ,хаана болсон уралдаан тэмцээнд оролцож “Алтан медаль” хүртснийг би мэдэхгүй. Харин аль бага байхаасаа олон улсын уралдаанаас медаль авсан монгол хоол гэж хүмүүс хоорондоо сайрхан ярьж байхыг олонтоо сонссон. Зарим хүн бантанг тийм ч таатай хүлээж авдаггүй. “Заваан бантан хийхээс өөр хоол хийж чадахгүй юү ?” гэж эхнэрээ баална. “Бантан” гэдэг монгол үг сүүлийн үед улс төрчдийн амнаас гарах болж, “Бантан хутгах”, ”Холион бантан ” гэж ярьж бичих болжээ.За энэ ч яахав үгсийн сан баяжиж байна гэж бодъё. Харин хүүхэд бор хоолонд орохдоо анх иддэг,хамгийн хялбар хийж болох хоолны жагсаалтыг тэргүүлдэг,за тэгээд шар тайлдаг гээд бантангийн тухайд сайнаар ярьж болох жишээ их бий. Хүнсээ цуглуулахаар дэлгүүрт явж байгаад вакум савлагаатай “Монгол бантан”, жижиг уутанд савласан хүүхдийн зурагтай “Бантангийн багсарсан гурил”, “Хурган бантан” зэрэг бүтээгдэхүүнийг хараад сонирхож үзлээ. Айл гэрийн эзэгтэй, хүүхдийн ээж болж буй залуухан бүсгүйчүүд гурил бантагнахаас залхуураад байна уу? Эсвэл чадахгүй байна уу? гэж бодоод санал бодлоо хуваалцаж байгаа минь энэ. Монголын уламжлалт аж төрөх ёс нь ердөө гэрийн боловсрол,хүмүүжил дээр тулгуурладаг. Ээж,эгч, эмээгээ харж,хоол унд хийхэд нь тусалж,төмс ногоо арилгаж,гурил зуурч,буузны гурил элдэж байгаад хүүхэд хоол хийж сурдаг. Би ч гэсэн багадаа дүү нартаа бантан хийж өгөх бүрдээ гурилаа шинээр бэлддэг байсан.Хугацаа шаардаад байх зүйл байдаггүй.Гурилаа тааруулж түмпэндээ хийгээд ус бага багаар гоожуулж байгаад алгандаа үрээд хурган бантан хийж өгч сурсан.Хожим хүүхдүүдээ хоолонд оруулахдаа хэзээний туршлагатай ээж болчихсон ясны шөл гаргаж байгаад алгадаж багсарсан гурилаа бөөгнөрүүлэхгүйгээр болтол нь хутгаж бантан хийж өгдөгсөн. Охид маань ч намайг бантан хийж байхыг харж сурсан. Харин тэд өөрсдөө ээж болсон тул хөдөлмөр хөнгөвчилж,цаг хэмнэх үүднээс 3-5 хоног хэрэглэх бантангийн гурилаа багсраад хүнсний саванд хийж, хөргөгчинд хадгалдаг болж.

Аливаа ажлыг, тэр тусмаа хоол цайг сэтгэлээсээ хийвэл амт чанартай болж, идсэн хүнд хоол болно гэдэг үнэний ортойдог. Хэд хоног хадгалсан нь мэдэхгүй савлаж бэлтгэсэн бантангийн гурилыг худалдаж авч байхаар өөрөө хийвэл,эдийн засагт хэмнэлттэй, бас идсэн хүүхдэдээ ч тустай бус уу? гэж бодоод үүнийг бичлээ. Харин хэн нэгний эхлүүлсэн бизнесийн нэр хүндэд халдахыг миний бие хүсээгүй гэдгээ учирлая. Монгол эхчүүд хүүхдийнхээ бантанг эрт дээр үеэс өөрийн гараар хийж өгч,хооллож,хүн болгож ирсэн уламжлалтай.

Таалагдаж байна 1
0 Таалагдахгүй байна