Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Та бизнес эрхлэгч

9 жилийн өмнө
Бизнес эрхлэгч бол өөр хүн. Тэс өөр хүн. Шөнө орой болтол ажиллана гэдэг бол өөр хүний шинж. Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өөдрөг бодолтой, өөртөө итгэлтэй, хүнд итгэл үнэмшил төрүүлдэг, ажил хэрэгч бусдын анхаарлыг татаж чаддаг хүн арай өөр. Байнга шинэ боломж эрж хайж, ямар ч юманд сэтгэл ханадаггүй хүн гэдэг өөр хүн. Хүмүүсийн итгэлийг олж, зорилгынхоо төлөө шантралгүй тэмцдэг хүн бол өөр хүн. Бие дааж бизнес эрхлэж, эрсдэлээс үл айн, бүх хариуцлагаа өөртөө үүрч явъя гэсэн хэн ч гэлээ заавал өөр хүн. Бие дааж бизнес эрхлэх нь ажлын байрууд шинээр бий болгодог. Иймээс шинээр бие дааж бизнес эрхлэх болон одоогоор үйл ажиллагаа нь жигдэрсэн боловч сүйрлийн ирмэг дээр байгаа, дампуурлаасаа гарах чин хүсэл эрмэлзлэлтэй бизнесменүүдийг сургалтад хамруулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь маш чухал. Бидний тавьж байгаа энэхүү санал нь иргэдээ сайн сайхан, ухаалгаар амьдрах боломжоор хангахын төлөө хамтран ажиллах санал гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Ялангуяа одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд ажлын байрны нөхцөл нь таалагдахгүй, эсвэл цалин хөлс нь бага хүмүүс , хувиараа алдаг оног хөдөлмөр эрхэлсэн болж гэртээ сууж байгаа хүмүүс, оюутнууд, бизнесийн буюу эдийн засгийн суурь онолын мэдлэг дутсанаас мөн санхүүжилт дутуу хийгдснээс болон дампуурсан олон мянган бизнес эрхлэгч нар энэ сэдвийн хүрээнд яригдах ёстой гол хүмүүс нь юм. Бие дааж бизнес эрхлэхэд боломж болон эрсдэл нь яг хамтдаа явж байдаг. Итгэл төгс олон мянган хүмүүс өөрийн мэргэжлээрээ бие дааж бизнес эрхлэх боловч эдгээрээс зарим нь эрт орой хэзээ нэгэн цагт тулааны талбараа орхих болдог. Үүний хамгийн гол шалтгаанууд нь мэдээллийн хомсдол буюу бизнесийн мэдлэг, санхүүжилтийн дутагдал мөн зөвлөх үйлчилгээ юм. Туршлагаас харахад сайн бизнес санаа ганцаараа амжилтад хүргэх баталгаа биш. Өөрөөр хэлбэл сайн санааг нэгийг ч юм уу эсвэл маш олноор нь тариалаад хаях бус харин түүнийг өсгөх бойжуулах мөн хөгжлийн бүх л хүчин зүйлүүдээр нь хангах шаардлагатай гэсэн үг. Иймээс ч бизнес санааг эхлээд заавал бизнес төсөл болгон буулгаж, энэ санаа нь зах зээлд амьдрах эсэхийг судалдаг учиртай. Харин манай бизнесменүүдийн ихэнхи нь үүнийг мэддэггүй учраас дампуурал, эрсдэлд орох нь элбэг байдаг. Хэн нэгэн хүн бие дааж бизнес эрхлэхээр бодож байгаа бол юуны өмнө амьдралаа орвонгоор нь өөрчлөх шийдвэр гэж ухамсарласан байх ёстой. Тэс хүйтэн ус руу шууд шумбаад орох нь хэр эрсдэлтэйг бүгд мэднэ. Эхлээд толгойгоо норгох хэрэгтэй. Ийм учраас чиглэл тогтоох үе нь бие дааж бизнес эрхлэхийн хамгийн анхдагч бөгөөд хамийн чухал шат нь болдог. Энэ үед тухайн хүн өөрөө бизнесмен хүн мөн үү гэдгээ олж мэдэх шаардлагатай. Ихэнхи хүмүүс өөрийн гэсэн бизнестэй байхыг мөрөөддөг. Гэхдээ цөөнх нь бие дааж бизнес эрхлэхээр зориг шулууддаг. Ийм хүмүүсийн дийлэнхи нь мэргэжлээрээ олон жил ажилласан хүмүүс мөн их дээд сургууль төгсөж байгаа залуучууд байдаг. Харин төрийн алба хашдаг хүмүүст ийм сонирхол маш бага. Гэвч ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт л мэргэжлээрээ албан тушаал ахих боломж бий. Даанч бүгдээрээ дарга байж болдоггүй учраас азтай цөөн хүмүүс л энэ боломжийг ашигладаг. Үүний тулд зөв салбарт, зөв компанидаа, зөв даргын удирдлагад олон жил тасралтгүй, амжилттай ажиллах шаардлагатай. Өнөөдөр зөвхөн мэргэжлийн ур чадвар, сахилга бат, ажлын хэнээтэй байх нь ажлын байрыг бэхжүүлэх баталгаа болж чадахаа нэгэнт больсон. Социализмаас өвлөж үлдсэн энэ сэтгэлгээ одоо ч байсаар байгаа бөгөөд орчин үеийн менежментийн арга барилд суралцаагүйн харгайгаар ажилчиддаа санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхдээ цааргалдаг, стратегиа буруу сонгосноос хэт хуучирсан тоног төхөөрөмж ашигладаг, судалгаа шинжилгээний ажил огт хийдэггүй, ажилчдынхаа нийгмийн асуудад муу анхаардаг, насны хязгаарлалтыг хэт доогуур тавьдаг гэх мэт алдаанууд нь дампуурлын гол шалтгаануудын нэг хэсэг нь болоод байгааг олж харж байгаа хүмүүс бараг алга. Мэргэжлийн ур чадвар, сахилга бат, ажлын хэнээтэй байх нь ажлын байрны баталгаа болж чадахгүй хэдий ч харин өөрөө бие дааж бизнес эрхлэх маш сайн хөрс нь болно. Бие дааж бизнес эрхлэх нь бусдаас хараат бус, өөрөө даргалах, цаг заваа уян хатнаар зохицуулах, өндөр цалин авах гэх мэт олон давуу талууд авчрах боловч тулгарах олон эрсдэлүүдийг урьдчилан мэдсэн байх шаардлагатай. Ялангуяа гарааны эхэн үед урт богино хугацаагаар ажиллах олон сарууд ирнэ гэдгийг мэддэг байх төдийгүй үүнд бэлтгэлтэй байх ёстой. Хүний ажилчин байхад сар бүр цалингаа тогтмол авдаг, ээлжийн амралт авдаг, ажлын цаг нь тогтмол байсан бол одоо байдал огт өөр болно. Ажилчид, үйлчлүүлэгчид, нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллага, албан байгууллагуудтай төдийгүй гэр бүлийн амьдралд ч гэсэн маргаан үүсэх бөгөөд үүнээс бүрэн зайлсхийх боломж бараг үгүй байдаг. Хүн бүх зүйлийг мэддэг, чаддаг байх боломжгүй. Тэгээд ч нас, цаг зав нь хүрэхгүй. Одоо ямар замаар явахыг хэн ч түүнд хэлж өгөхгүй бөгөөд бизнес эрхлэгч өөрөө л дандаа зөв шийдвэр гаргах ёстой. Иймээс түүнд мэдээлэл буюу зөвлөх үйлчилгээ, мэдлэг буюу маркетинг, менежментийн сургалтуудад хамрагдах шаардлага гарч ирж байгаа юм. Гэхдээ тухайн хүн бусдаас гуйх бус, бусдаас горьдох бус, зөвхөн өөрөө л энэ бүхнийг хүсэж, өөрөө зорилгоо тодорхойлох ёстой. Хүсэл зорилго хоёр нь нэгдээд ирсэн хүмүүст харин ажлын байр бий болгосных нь төлөө буюу төрийн ажилд тус нэмэр болсон, татвар төлөгч болсонд нь талархаж төрөөс сургалт, зөвлөх үйлчилгээнийх нь төлбөрийн нилээд хэсгийг даах ч ёстой юм. Монголын компаниудын дампуурлын гол шалтгаануудыг дурьдвал • Мэргэжлийн боловсрол дутуу • Бизнесийн боловсрол дутуу (сургалтууд ховор) • Төсөл боловсруулалт муу (зээлийг төсөлд нь бус, баталгаанд нь өгдөг) • Мэдээллийн хомсдол • Төлөвлөлт дутуу • Үйлчлүүлэгчдийн төлбөрийн соёл муу • Зах зээлээ буруу үнэлэх • Өрсөлдөөн ихсэж, эрэлт буурах (бие биенээ дуурайх үзэгдэл) • Хэрэглэгчдийн гомдол тасрахгүй байх • Санхүүжилтийг буруу хуваарилах (төлөвлөснөөс өөр зардал гаргах) • Санхүүжилт дутагдах (өөрийн оролцоо маш бага, зээлээр бүхнийг шийдэх) • Хувийн хэрэгцээндээ хэт их зарцуулах (гэр бүлдээ ихэнхи орлогоо хуваарилах) • Ажилчдын мэргэжийн чадвар муу • Буруу тооцоо • Төлөвлөөгүй зардал маш их гаргах • Дээд зэрэглэлийн эд зүйлсэд хэт их зарлага гаргах • Ажын байрны нөөц боломжуудыг дутуу ашиглах Эдгээрийг ерөнхийд нь зангидаад аваад үзвэл энэ нь ердөө л 3 шалтгаан буюу • Мэдээллийн хомсдол • Санхүүжилтийн алдаа • Зөвлөх үйлчилгээний дутагдал эдгээрүүд байгаа юм.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна