Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Хадны завсар хавчуулагдсан Татварын алба хөөрхий

9 жилийн өмнө
Төр буй дор Татвар буй гэдэг. Өөрөөр хэлбэл татваргүйгээр төр оршин тогтнохгүйн адил татвар төлөгчгүйгээр төр ч оршин тогтнохгүй. Татвар төлөгч гэдэг нь бизнес эрхлэгчид. Олон бизнес эрхлэгчид ашигтай ажиллаж байж татвараа төлнө гэсэн үг. Тэгэхлээр хамгийн анхдагч нь Бизнес эрхлэгчид. Орхон аймгийн татварын алба нь босоо удирдлагтай бөгөөд Татварын Ерөнхий газарт харьяалагддаг. Гэвч татвар төлөгчид нь Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, орон нутагтаа татвар төвлөрүүлдэг учраас Орхон аймагт ч бас харьяалагддаг гэсэн үг. Сангийн яамнаас хувиарлагддаг төсвийн мөнгө хүрэлцдэггүй учир жил бүр Татварын Ерөнхий Газраас аймгийн татварын хэлтсийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонихролгүй. Тэгээд ч улсын төсөв алдагдалтай байдаг учир шаардлагатай хөрөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлэх нь нэн хомс. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас төсөв хувиарлахдаа мөн л өргөмөл хүү адил хандаж үйл ажиллагааны зардал төдий өгдөг. Ингэж л хоёр газарт шоовдорлогдсон өргөмөл хүү Татварын төлөвлөгөөг биелүүлэх гэж үзэж тарж, үсэрч наалдаж эцэс сүүлд нь муу нэртэй, луу данстай болж хоцордог нь үнэн. Орхон аймгийн төсвийн орлогын дийлэнхи хувийг орон нутгийн татварын алба бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 30 гаруй тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлдэг гэсэн үг. Орон нутгийн татварын бодлогыг Татварын ерөнхий газраас тодорхойлдог боловч Орхон аймаг нь орон нутгийнхаа татварын бодлогыг нарийвчлан тодорхойлох учиртай. Гэвч энэ талаар доривтой хийсэн ажил байхгүй учраас ерөнхийдөө бүх л үйл ажиллагаа урсгалаар явагддаг гэхэд нэг их хэлсдэхгүй. Аймгийн татварын бодлогыг Хөгжлийн цогц бодлого, ЖДҮ-ийн бодлогуудтай уялдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлах нь Засаг даргын үүрэг. Мөн түүнчлэн Засаг даргын гол зорилго бол жил бүр бодит салбарт хичнээн ажлын байр шинээр бий болгосон, хичнээн шинэ бизнес эрхлэгчдийг дэмжсэн, бизнес эрхлэх эрх зүйн орчин хэр зэрэг буй болгосон гэх мэт гол үзүүлэлтүүдээр хэмжигдэх ёстой. Татварын албаны зорилго бол татварын хуулийг хэрэгжүүлэхээс гадна татварыг төсөвт төвлөрүүлэх, хууль хэрэгжих үйл явцын талаар төрийн байгууллагад санал хүргүүлэх гэх мэт үүрэгтэй. Харин орон нутгийн захиргаа татварын бодлого, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар шаталсан судалгаа, шинжилгээ явуулж, хэтийн стратеги төлөвлөлт боловсруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх боломж бий. Мэдээж орон нутгийн захиргаа төсөвт төвлөрүүлэх орлогыг байнга нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. Гэвч үүнийг судалгаа шинжилгээгүйгээр, сэтгэлийн хөөрлөөр, хүчээр тийм ч амархан шийдвэрлэх боломжгүй. Орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд нэг талаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөгөө талаар нийт татвар төлөгчдөд татварын талаархи анхан шатны мэдлэгийг эзэмшүүлэх, мөн татварын өр зээлд орохоос урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ авах нь маш чухал. Орхон аймагийн төсвийн орлогын дийлэнхи хэсгийг нөгөө л хувийн хэвшил бүрдүүлдэг. Монголын саалийн үнээ гэж нэрлэгддэг Эрдэнэт үйлдвэр нь Орхон аймгийн татварын орлогын зонхилох хэсгийг бүрдүүлдэг нь нууц биш. Хэрэв Эрдэнэт үйлдвэр байхгүй гэж үзвэл Орон нутгийн татварын орлогыг бид яаж бүрдүүлэх юм бүү мэд. Одоохондоо уул уурхай дагасан хот учир түр зуур өөрсдийгөө хуурч, мэхэлж л сууна. Орхон аймаг татварын орлогыг нэмэгдүүлэх нэг талын ашиг сонирхол байдаг бол нөгөө талд нь нийт татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл Орхон аймаг нь 20 гаруй мянган татвар төлөгч иргэд, 3000 гаруй аж ахуй нэгжүүдээс бүрддэг. Энэхүү 3000 гаруй аж ахуй нэгжүүдийн тал хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй үхмэл аж ахуй нэгж юм. Аймгийн аж үйлдвэр, ЖДҮ, хөгжлийн цогц бодлого нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг хөлд дээр нь босгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орон нутагт нэмүүн өртөг буй болгох, бодит салбар дахь ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай. Энд л бид улс төрийн өнцөгөөс бус эрүүл, саруул чөлөөт эдийн засгийн өнцөгөөс нь харж төлөвлөх учиртай.

 Иймэрхүү бизнес ухаанаар Орхон аймгийн эдийн засгийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх юм бол татвар төлөгчдөөс авах татварын орлого ч нэмэгдэж орон нутгийн иргэдийн амьдралын чанар дээшлэх юм. Гэвч төр нэг талыг хэт барьсан, туульширсан бодлого явуулсанаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг улам сөхрүүлж байгаагийн бодит жишээ нь орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудал, компьютер тоглоом, хоолны газруудад хатуурхсан явдал юм. Нэг талаас төрийн эрх ашиг байдаг боловч нөгөө талаас бизнес эрхлэгчдийн эрх ашиг байдаг гэдгийг санууштай. Орон сууцны нэг давхарын байр ЗАРНА гэсэн хаяг газар сайгүй олширч байгааг ард иргэд хараад гайхширч байна.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна