Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Эрдэмтдийг Эрдэнэтэд дуудъя

9 жилийн өмнө
Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас өөр юу байгаа, байхгүйг эхлээд ярилцья. Булган аймаг шиг том газар нутаг, ойн сангийн нөөц, нүүрсний орд, усны эх ундарга бидэнд даанч алга. Байгаа зүйл нь 100 мянган хүн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг түшиглэсэн болохоор инженер, техникийн мэргэжилтэн ихтэй. Инженерийнхээ тоогоор Улаанбаатарын дараа орно. Энэ бидний давуу тал. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн боловсон хүчин хангалттай гэсэн үг. Гэхдээ мэдлэг, туршлагатай сайн мэргэжилтэнтэй ч тэднийг ашиглахгүй байгаа нь бидний сул тал. Монголоос анх удаа тэр тусмаа Орхон аймгаас Майкрософт компанид ажилласан монгол программист төрж байсан. Соёл, урлаг, спорт, мэдээлэл гээд аль ч салбарт эрдэнэтийн боловсон хүчин аймгийнхаа нэрийг дэлхийд дуурсгаж чадаж байна. Ингээд бодоход бидэнд чадвартай хүний нөөц байсан, байдаг, байх ч болно гэсэн үг. Харин тэднийг яаж ашиглах вэ? Оюуны хөгжлийг нь орон нутгийн хөгжилд ашиглахын тулд ямар зохион байгуулалт, бодлого хэрэгтэй вэ? Юуны өмнө эрчим хүч, шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эрдэнэтийн уугуул, суугуул, эрдэнэтэд хайртай, эрдэнэтэд сэтгэлтэй Эрдэмтдийг дуудъя. Тэдний цалин, урамшуулал, ажлын байр, амьдрах гэр бүгдийг нь хангаж өгье. Дараа нь тэдэнд “Орхон аймгийн барилга бүр эрчим хүч үйлдвэрлэх ёстой” гэсэн даалгавар өгье. Яагаад гэвэл Орхон аймагт тулгамдаж буй хөгжлийнх нь тушаа болж буй, хамгийн их өртөг, зардал гаргаж буй салбар бол барилга. Дуртай газраа барилга барьчихаж болдоггүй энэ бэрхшээлийг арилгахын тулд Эрдэмтдийн мэдлэгийг ашиглая. Шинээр барих бүх орон сууц, барилга нь эрчим хүч, дулаанаа өөрөө үйлдвэрлэж зөвхөн өөрөө ашиглах тийм технологи нэвтрүүлэх хэрэгтэй юм. Мэдээж дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдээгүй цоо шинэ нээлт хийхгүй ч монголдоо анхдагч болох технологи, шинэ санаачилга, бүтээл хийхийг тэднээс хүсье. Ийм технологи нэвтрүүлдэг ХБНГУ, БНХАУ руу явуулж, туршлага судлуулъя. Дараа нь Орхон аймгийн онцлогт тохирсон технологи зохион бүтээж тэр нь Эрдэнэтийн брэнд болж манайх шиг бэрхшээлтэй аймаг, хот бүрт түүнийгээ борлуулж буцаад ашиг олох хэрэгтэйг ойлгуулъя. Энэ цаг үед дэвшилтэт технологигүйгээр хөдөлмөр хөнгөвчлөх, амьдрах нөхцөл сайжруулчих зүйл алга байна. Эрдэнэт хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нэмж 6 хороолол барина. Үүний ихэнх нь сууриа тавьж эхэлсэн. Иймд нэн түргэн эрчим хүч, дулааны асуудлыг шийдэх хэрэгтэй. Аймгийн Дулааны цахилгаан станцаас шугам татаж инженерийн дэд бүтцээ шийдэхэд дэндүү өртөг өндөртэй байгааг хүн бүр мэдэж байгаа. Эсвэл зөвхөн шугам явах боломжтой газар барилга барьж байгаа нь хотын үзэмж, төлөвлөлтөд ч нөлөөлж байна. 21 дүгээр зуунд галыг дулаацах зориулалтаар ашиглаж байгаа Монголын гэр хорооллынхон ч байр мөрөөдсөөр үгүй бол зээлд дарагдсаар насыг барж байгаа нь харамсалтай байна. Иймд эрдэмтдийн баг бүрдүүлж тэдэнд тулгамдаж буй асуудлаа хэлж үүнийг шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хэрхэн шийдэж болохыг нь асуу бас нэх, шаард. ХБНГУ-ын Берлин хотод “Байшин бүр эрчим хүч үйлдвэрлэгч” гэсэн төсөлтэй танилцаж билээ. Төслийг арван жил туршсаны эцэст амьдралд нэвтүүлэхээр болж туршилтын байшинг үзмэр болгосон байв. Энэ төслийг хэрэгжүүлсэнээр Германд эдийн засгийн хувьд асар их хэмнэлт хийгдсэн гэдгийг орчуулагч Т.Болдгэрэл хэлж байсан юм. Тэгэхээр манайхан бэлэн төслийг монголын нөхцөлд яаж ашиглах болох вэ гэдгийг нь судалж, хаана ямар байдлаар үйлдвэрлэх, үйлдвэрлүүлэх вэ гэсэн тооцоо, эдийн засгийн үндэслэлээ ч гаргана гэсэн үг юм. Саяхан манай аймагт ХБНГУ-ын “ROSCH” компанийн удирдлагууд ирж орон сууцны зоорийн давхарт эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж суурилуулах технологи танилцуулсан билээ. Тэдний ярьж байгаагаар уг төхөөрөмж нь 12 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд жилд 42 сая к.Ватт цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэнэ. Тэгэхээр яг энэ санаачилган дээр тулгуурлан эрдэмтдийн багийг Эрдэнэтэд төвлөрүүлж энэ эсвэл энэнээс өөр ямар боломж, гарц байгааг судлуулах хэрэгтэй юм. Өнгөрсөн жил Физик, технологийн хүрээлэнгээр зочлоход эрдэнэтийн иргэн Э.Пүрэвдалай сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар судалгаа хийж байхтай таарсан юм. Түүнтэй цөөн хором хөөрөлдөхөд, тэрээр, “Орхон аймагт нарны болон салхины нөөц ихтэй тул сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой” гэж байлаа. Тэгэхээр дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа энэ цаг үетэй бид ч гэсэн хөл нийлүүлэн алхах ёстой. Хамгийн гол нь мэргэжлийн багийг зөв ашиглах шаардлага л бидэнд дутагдаж байна. Үнэндээ хамгийн зөв шийдвэрийг мэргэжлийн хүн, байгууллага л гаргаж чадна. Иймд Эрдэнэтэд эрдэмтдийг дуудаж тэдэнд цаг үетэй холбоотой даалгавар өгч хөгжлөө хурдасгая. Бид ямар газар доорх баялгаа дуусгачихаад яваад өгөлтэй нь биш. Юуны тулд үйлдвэр дагасан хот билээ. Баялаг дуусдаг юм гэхэд мэдлэгтэй мэргэжилтнүүдээ алдаж болохгүй. Иймд шинжлэх ухаан, технологийн хамтарсан баг бүрдүүлж тэдний санаачилсан, зохион бүтээсэн, зөвлөсөн технологийг ашиглах хэрэгтэй юм. Эхлээд эрчим хүч, дулаанаас эхлээд дараа нь хот төлөвлөлт, зохион байгуулалт, дэд бүтэц, ногоон байгууламж гээд салбар бүрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлье. Хэдийгээр төрийн байгууллагад мэргэжилтэн байдаг ч тэд ганцаарддаг бас шантардаг. Тэгэхээр зөвхөн Эрдэнэтийн нөөцөд тулгуурласан чадварлаг баг бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүйтэй болов уу.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна