Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

“Саарал ус” хэрэглэх боломжтой

9 жилийн өмнө
Дэлхий дээр тэрбум гаруй хүн ундны усаар гачигдаж, секундэд нэг хүүхэд шингэний дутагдлаас болж амиа алдаж байна. Энэ бол аймшигт мэдээ. Бусад улс оронд тохиолдож байгаа баримт бидэнд хамаагүй гэж бид бодвол том эндүүрэл болох юм. Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хот 2020 оноос буюу ердөө зургаан жилийн дараа цэвэр усны гачигдалд орох судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улс ундны усаа гадаадаас валютаар авдаг болох юм бол?... гэж бодохоор айдас төрнө. Сүүлийн жилүүдэд төр,засгийн зүгээс анхаарч Улсын Их Хурал “Хот,суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийг шинэчилж, 2012 оны эхнээс мөрдөж эхэлсэн.Уг хуулинд, уул уурхай,шатахуун түгээх газар, аялал жуулчны баазууд дэргэдээ заавал чанарын шаардлага хангасан өөрийгээ цэвэршүүлэх,ариутгах татуургатай байх” заалт оруулсан нь цагаа олсон зөв алхам болсон байна. Монгол улсын Засгийн газар 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр баталж, усны бодлогын хэрэгжилтэд анхаарч,гартаа авсан нь сайшаалтай. Уул уурхай эрчимтэй хөгжиж түүнийг дагаад усны хэрэглээ огцом нэмэгдэж байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалтын цогцолборт орсон том шийдэл нь баяжуулах фабрикийн технологид тохирсон усыг хотоос 64 км-ийн зайтай Сэлэнгэ мөрнөөс татсан явдал юм. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн хувьд жилээс жилд хүн ам өсч,үйлдвэр,аж ахуй,соёл боловсрол, үйлчилгээний салбар нэмэгдэхийн хирээр усны хэрэглээ ч өссөөр байна. Эрдэнэт хот хоногт 55-60.0 мянган шоо метр ус хэрэглэдгийн гуравны нэгийг Баяжуулах фабрик,мөн тийм хэмжээний усыг хот, үлдсэн хувийг хотын Дулааны станц,бусад үйлдвэр аж ахуйн газрууд хэрэглэдэг. Хол газраас ган хоолойгоор дамжуулан авчирсан усны зардалд үйлдвэр 2013 онд 10 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ бол бага мөнгө биш гэдэг нь ойлгомжтой. Усны зардлыг багасгах арга замыг хайж,зарим нэг нааштай үр дүн ч гарч байна. 1980,90-ээд онд Эрдэнэт хотод шугамын алдагдал их,хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөөгүй, үнэгүй зүйлд хүний сэтгэлээр хандаж байсан. Харин арваад жилийн өмнөөс айл өрхөд усны тоолуур тавьснаар сул урсаж байсан “цэнхэр алт” мөнгөөр хэмжигдэж бага ч болтугай үнэлэгдэж,алдагдал буурч эхэлсэн. “ Ус- Чандмань эрдэнэ” гэж монголчууд билэгшээн ярьж шүтэж ирсэн.Тэгвэл дэлхий даяараа цэвэр усны хомсдолд орохоос болгоомжилж, янз бүрийн судалгаа хийж, шинэ технологи гаргаж нэвтрүүлж байна. 

 Wikipedia.com  сайтад ХБНГУ-д нэвтрүүлсэн туршлага,танилцуулга бичсэнээс үзэхэд, “Саарал ус” ашиглах технологийг үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээнд сайн хэрэглэдэг юм байна. “Саарал ус” гэж чухам юуг хэлээд байна вэ? Хуулийн үгээр бол “ Саарал ус гэж ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг” хэлдэг аж. Чихэнд дасч хэвшээгүй,шинэхэн үг, “Саарал ус”-ны талаар Монгол улсын зөвлөх инженер Т.Батсүхтэй уулзаж учрыг тодруулсны дараа миний ойлголт өөр болсон юм. Үйлдвэр,аж ахуйн газар нэмэгдэж,хүн ам өсч байгаа манай хотод усыг дахин ашиглах шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй хэрэгтэй санагдлаа. Шинээр барьж байгаа барилга байгууламжид ус дахин ашиглах технологийн шугам нэмж оруулан угаалтуур,шүршүүрээр дамжин бохирын шугаманд ордог тэрхүү их хэмжээний усыг цэвэрлэж ариутган буцаагаад олон зүйлд хэрэглэж болох юм. Орон сууцны айлын зөвхөн нэг суултуурт 10 литр ус дүүргэж хэрэглэнэ. Тэгвэл суултуураа хоёр даралттай болгож, усыг их бага хэмжээгээр хэрэглээгээрээ ашиглах боломжтой. “Саарал ус”-ыг барилгын ажил, мод зүлэг,цэцэрлэгжүүлэлт, машин угаалгын газар,гал командын машин,бие засах газартаа хэрэглэж болно. Жишээ дурьдахад хоёр жилийн өмнө Сингапур улс цэвэр усны нөөцгүйгээс иргэдээ усанд орох тоогоо багасгахыг уриалж байв.Бас нэгэн сайтад, суултуурынхаа ус хураах хэсэгт тоосго хийж, савны эзлэхүүнийг багасгаснаар ус хэмнэж болох тухай дурьдсан байсан. ХБНГУ-ын “ Green Life” компани “ Gmbh” ультра шүүлтүүртэй технологи ашигласнаар “Саарал усыг” бүрэн цэвэршүүлж,дахин ашиглах боломж бүрдүүлжээ. 4-5 ам бүлтэй герман өрх усыг дахин ашигласнаар жилд 90 шоометр ус хэмнэж чаддаг байна. Хот суурин газрууд ийнхүү “Саарал ус” ашиглахгүй бол цэвэр усны хомсдол ойрхон ирчихээд хаалга тогшиж,сануулга өгч байна. Иймд,Орхон аймаг санаачлага гарган улсдаа хамгийн түрүүнд “Саарал ус” хэрэглэдэг аймаг болох боломжтой санагдана. Яагаад гэвэл,”Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай түншилж, инженерийн шугам сүлжээндээ шинэчлэл хийж чадвал улсын төсөвт ч,иргэний амьжиргаанд ч тустай, бас үйлдвэрт ч ашигтай. Тэгээд ч эрдэнэтчүүд бид өндөр өртөгтэй ус хэрэглэдэг.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна