Нийтлэлч
Нийтлэлч Д.Цэнд-Аюуш

Хотын хөгжил

10 жилийн өмнө
Хөгжил бол бодлого, хэрэгжүүлэлт хоёрын үр дүн байдаг. Гэхдээ төлөвлөлт байх нь гарцаагүй. Ерөнхийдөө ямар ч ажил хийхэд эхлээд нэг “хар зураг” гаргадаг даа. Монгол хүн гэрээ барихын өмнө буух газрынхаа өвс ургамал, ус бэлчээрээ судлаж, гэр барих бууриа шинждэг шиг. Дараа нь энд гэрээ барина, эднийхийг тэнд буулгана, харин малаа энд хотлуулна гээд л. Энэ бол хөгжлийн төлөвлөлтийн уламжлалт дүр зураг. Бичил жишээ. Харин орчин үеийн хот төлөвлөлт бол хөгжлийн чиг хандлагад тулгуурласан шинжлэх ухаан болон төлөвшжээ. Мянга мянган жилийн турш эрх дураараа нүүдэллэсээр ирсэн Монголчуудын хувьд хотын соёл бол хожуу үеийн түүх. Эрт урьдын цагт гэгчээр Эрдэнэт хотыг Орхон гэдэг аймаг болгосноос хойш нэлээд олон жилийг ардаа орхижээ. Харсаар байхад хотын төлөвлөлттэй, хотын статустай, хотын соёл, хэв шинжтэй Эрдэнэтийг “аймаг” бүр Баян-Өндөр гэдэг сум болгож орхив. Алс баруун хязгаарын Говь-Алтай аймаг, Эрдэнэт хот хоёр адилхан юм байх. 70 жилийн турш ноёрхсон адилтган сэтгүүлэх, тэгшитгэх зарчимын үр хөврөлийн горыг өнөө хэр бид амссаар байна уу хэмээн бодох. Хар ухаанаар бол еэвэн, ааруул хоёрыг зэрэгцүүлж тавьчихаад “наадах чинь яг адилхан” хэмээн хэлээд зогсож буйтай агаар нэгэн хэрэг. Яахав төр нь юмаа мэддэг л юм байгаа биз. Гэхдээ ард түмэн бас мэдэх юмаа мэднэ шүү. Хаа холын Ховд аймгийн Дарви сум Эрдэнэт хот хоёр яахаараа яг адилхан сумын статустай явдаг юм бэ? Эрүүл хүний ухаан санаанд багтамгүй ийм шийдвэрийг бас гаргаж л явсан байгаа юм. Бөх хүнд хорин хэдхэн размерийн хүүхдийн гутал өмсүүлсэнтэй яг ижил. Хүмүүс Баян-Өндөр сум л гэцгээж байдгийн. Яахав би сумын төвийн хүүхэд ээ. Харин сэтгэлдээ бол би Зууны манлай хотын иргэн шүү. Эрдэнэтийнхээ хөгжлийг сумын төвийн хэмжээнд бус, хотын дайтайгаар сэтгэж явдаг. Энэ хотын иргэн бүр ингэж сэтгэж байгаасай ч гэж боддог. Ер нь хөгжлийг том сэтгэж, алс харж байж тавьсан зорилгодоо дөхөж унадаг юм биш үү? Улс бол улс л биз. Улсын бодлого явдагаараа явж, жингийн тэмээд алхадгаараа алхана л биз. Төрийн хар хайрцагны бодлого тэндээ байж л байг. Чухамхүү манай аймаг өөрөө ямархан бодлоготой билээ гэхээр даанч нэг ой тойнд буух юм алга. Тэгэхээр аймаг орон нутаг өөрийн гэсэн бодлоготой, тэрхүү бодлогоо иргэн нэг бүр нь мэдсэн, зорилго чиглэл, хэрэгжүүлэх ажил нь тодорхой баймаар байгаа юм. Эрдэнэт хот бол Эрдэнэт үйлдвэрийг дагаж боссон нь түүхийн үнэн. Эрдэнэт хотгүйгээр энэ хотыг төсөөлөхөд ч бэрх. Гэхдээ одооноос эхлэн үйлдвэртэй үйлдвэргүй хот өөрийнхөө эдийн засаг, нийгэмийг даагаад явах хэмжээний сэтгэлзүйн бэлтгэл, бодлого байна уу? Эдийн засгийн гол ухагдахуун бол “Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр” хангах тухай юм. Үйлдвэр нэг л өдөр зогсоход энэ хот өнчирч үлдсэн хүүхэд шиг болох вий. Тийм болохгүйн тулд мөнөөх л бодлого хэрэгтэй. Ямар бодлого гээч. Яг л Эрдэнэтийн гэх бодлого. Орхон аймгийн өөрийнх нь бодлого. Тийм бодлого бий л байх. Гэхдээ байхгүй бодлого бас байна. Олон байна. Адгийн наад зах нь аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэлийг гадны эдийн засгаас хамгаалах бодлого алга. Нэг нөхөр арьс ширэн эдлэлийн жижиг цех байгуулаад бүх тооцоо судалгааг нь хийн, банкнаас зээл аваад, дөнгөж ажлаа эхэлтэл Хятад улсын Эрээн хотын хог ээр байдаг баахан гялгар цүнхийг оруулж ирээд Улаанбаатарын нэг компани хэдэн өдрийн турш рекламдаж, үзэсгэлэн худалдаа гэгчийг зохион байгуулаад орхиход л өнөөх арьс ширэн эдлэлийнх нь жижиг зах зээлийг баллуурдаж өгөөд явах жишээтэй. “Цагаан сар” гэдэг үзэсгэлэн худалдаа сар шинийн өмнө зохиогдож энд тэндээс ирсэн баахан хүмүүс Эрдэнэтийн жаахан зах зээлийг эзлээд буцдаг. Мөнгөтэй л бол хаанахын ч хамаагүй компаниуд барилга барьж дотор нь үйлдвэр үйлчилгээгээ явуулж Эрдэнэтчүүдийн мөнгөний урсгал тэднийг дагаад урсдаг. Эрдэнэтчүүд бид уг нь баялаг бүтээж чадаж байгаа ч түүнийгээ өөрсөддөө бус бусад аймаг, орон нутаг, нийслэл, гадаадын иргэдэд урсгаж байгаа нь нууц биш. Эрдэнэтээс гараад хөдөөгийн ганц сумандаа очиход хүртэл Улсын авто замын сан мөнгө нэхэж “дарамтална”. Аймаг дотроо хүртэл мөнгө төлөлгүйгээр зорчиж болдоггүй яачихсан хорвоо вэ.

Улаанбаатар явдаг зорчигч тээврийн үйлчилгээг нь яахаараа Эрдэнэтийн жолооч нар өөрсдөө хийж болохоо байчихсан юм бэ. Эрдэнэтийн жолоочид Эрдэнэтчүүдээ өөрсдийнхөө тээвэрлэж байвал хэдэн айлын ч гэсэн амьдрал дээшлээд хэдэн айлын хүүхэд мөр бүтэн гэдэс цатгалан явах бус уу? Михайлд нэг бодол бий гэгчээр аймаг өөрсдийн гэсэн “хар хайрцагны бодлого”-той байж яагаад болохгүй гэж. Яагаад өөрийн аймгийн эдийн засгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого хүчтэй явуулж болохгүй гэж. Саяхан Говь-Алтай аймгийн Засаг дарга энэ зун ойн баяр наадмаараа гадны морьдийг уралдуулахгүй, гадны бөхийг барилдуулахгүй гэсэн захирамж гаргалаа гээд л нүдтэй нь бүлтэлзэж, чихтэй нь сортолзож, хэлтэй нь билүүдэж байсан. Ямар арга ядсандаа тийм шийдвэр гаргах вэ дээ. Одоо цагт наадамд хэний морь түрүүлэх, ямар бөх очиж түрүүлэх нь бараг тодорхой байдаг болсон шүү дээ. Улсын цолтой хэдэн бөхчүүд том том жип хөлөглөн давхиж очоод л үзүүр түрүүг нь авчихна, хүнээс илүү эм тариа хэрэглэдэг адгуус хүртэл нисдэг тэрэг хөлөглөхөөс наахнуур очоод л айргийн тавыг нь түүчихнэ. Ийм байхад нутгийн боргилхон залуус, хангай дэлхийн эр өвс идэж жамаараа яваа энгийн адгуус жигүүртэй л биш бол уралдаад түрүүлнэ гэж саналтгүй. Жаахан бүдүүлэгдүү л болохоос биш нутгийн наадмаа хамгаалах гэсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын буруу гэж хэлэхэд бас л хэцүү. Аймаг орон нутаг өөр өөрийн гэсэн “антивирустэй” байх хэрэгтэй гэсэн санаа л даа. Хамгаалах бодлого байхаас гадна хөгжлийн бодлого гэж нэг гол зүйл бас байна. Адгийн наад зах нь аймаг бүр хүн яваад очиход үзүүлж харуулах, нүд хужирлах юмтай болцгоожээ. Дархан-Уул аймаг гэхэд Морин хуур цогцолбор, дүүжин гүүр, Өвөрхангай гэхэд Морины их шүтээн цогцолбор, Сэлэнгэ аймаг гэхэд Хулан хатны хөшөөт цогцолбор гээд тоочоод байвал аймаг бүхэн өөр өөрийн “брендтэй”. Харин бид бүхэн гадна дотноос ирсэн зочид төлөөлөгчиддөө “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхай гэх ухсан шороог хэдэн жил үзүүлэх юм бэ? Өнөө цагт технологи хөгжсөн үед БЕЛАЗ үзээгүй хүүхэд ч байхгүй. Ийм юм үзүүлчихээд буцаах нь зарим улс орны иргэдэд бол доромжлол шиг санагддаг байх. “Бурхан багшийг баньд байхад, буурал эмээг өлгийд байхад” гэгчийн үлгэрээр олоон жилийн өмнө манай хотод “Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор барина” хэмээн сүржинхэн эхэлсэн ажил буурах графикаар явсаар байгаад даржинхан дууссан. Хүний нүд хужирлах ганц гайгүй юмтай болох нь гэсэн бодол талаар болж, мөнөөх “Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор”-ын санхүүд 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгийн будлиан илэрч “идсэн уусан, шахсан шахуулсан” болоод замхарсан. Олон ч өтгөс өвгөд хандив өргөсөн дөө. Харамсалтай нь баригдаж дуусахыг нь хүлээж, адис жанлавыг нь авч чадалгүй бурханы орондоо одоцгоосон. Эрдэнэтийн иргэд одоо нэг л том бүтээн байгуулалтыг хүлээж байна даа. “Найрамдал” талбайг олон машины хөлөөс чөлөөлсөн. Харин түүнийг дагаж гарч ирсэн нэг сөрөг тал нь авто машины зогсоолын хомсдол. Авто зогсоолын асуудал хурцаар тулгарч байгаа энэ үед тус талбайн доор далд зогсоол байгуулаасай хэмээн хүлээх иргэд олон байна шүү. Монгол улсад анх удаа орчин үеийн хөгжлийн алхаанд нийцсэн үлгэр жишээ далд зогсоол байгуулчихаад зогсож байвал мөн ч сайхансан. Өөр аймаг хотоос ирсэн жолооч нарт бид бас л нэг үзүүлж харуулах юмтай болох биш үү? Ирсэн хүн бүртээ ухсан шороо үзүүлж байхаар орон зайг ийнхүү ашиглаж болдог юм гэдгийг үзүүлсэн ганц данагар бүтээн байгуулалт хийчихэд яагаад болохгүй гэж. Бурхан бурхан л гэдэг, будагтай баримал хийгээд энэ хот суга хөгжинө гэдэг юу л бол. Харин хөрөнгө мөнгийг хүнд хэрэгтэй зүйлд зарцуулвал илүү сайнсан. Далд зогсоол барина гэдэг бүхэл бүтэн барилгын ажил хийнэ гэдгийг Эрдэнэтийн иргэд сайн ойлгож байгаа. Далд зогсоол байгуулна гэдэг тарвага, зурамны нүх ухахтай адилгүй. Төсөвөөсөө бага сага юм гаргаад, тэр орчмын байгууллага, аж ахуйн нэгжүүдийг удирдаж манлайлаад, жолооч нарын дунд хандив, тусламжийн аян өрнүүлээд ирвэл хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ оролцолгүй л яахав. Уг нь бол бурхан барьж болсон юм, өөрсөддөө хэрэгтэй зогсоол барьж чадалгүй яав гэж. Эрдэнэт хотын хүн ам улам бүр өссөөр байна. Байгалийн гамшиг, осол, аюулт үзэгдэлийн давтамж дэлхий дахинаа нэмэгдсээр байгаа энэ үед манай Эрдэнэт хотод хорогдох байр байгаа бил үү? Уг нь үйлчилгээний төвийн хамгийн доод хонгилд дайн тулаан, элдэв гамшиг, ослын үед ашиглах хорогдох байр байсан. Цагийн эрхээр барилга обьектууд хувьчлагдаж хорогдох байр байтугай бие засах газар ч үгүй болсон нь үнэн. Тиймээс “Найрамдал” талбайн доор далд зогсоол байгуулан түүнийгээ хорогдох байр хэлбэрээр ашиглаж ч болно. Хийе гэсэн сэтгэл байгаад зориглоод эхэлсэн ажил бүхэн биелэх жамтай юм. Эрдэнэт бидний гэр орон, Эрдэнэт хот бидний ажиллаж амьдарч яваа гэгээн өлгий, биднээс хойш үр хүүхэд минь үлдэх гэрэлт хот. Барилгачин ахын минь нурууг дагаж бөмбөрсөн сувдан хөлс шингэж үлдсэн шороо, улс Монголоо ядрах цагт тулж явсан багана хот оо.

                    Эрдэнэт Инфо вэб сайтын нийтлэлч
              Дамбийнямын ЦЭНД-АЮУШ
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна