Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

Техникийн фетишизм

9 жилийн өмнө
Хэрэв эмчтэй ярилцсны дараа өвчтөний бие хөнгөрөхгүй байвал тэр хүн эмч биш” В.М. Бехтеров. Жилээс жилд оношлогоо эмчилгээний зориулалттай техник тоног төхөөрөмж анагаах ухааны салбарт нэвтэрч байгаа явдал нь энэ салбарын томоохон дэвшилийн нэг билээ. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүний өвчин эмгэгийг оношлох болон эмчлэх явдалд хэрээс хэтэрсэн ач холбогдол өгч эмнэлгийн оношлогоо эмчилгээний багажийг сохроор шүтэн бишрэхийг техникийн фетишизм буюу тоног төхөөрөмж шүтэх үзэл гэдэг. Танин мэдэхүйн онолын үүднээс авч үзвэл эмч бол өвчтөнг оношилдог мэргэжилтэн, оношлогооны багаж техник бол өвчтөний бодит шинжүүдийг илрүүлэхэд тусалдаг хэрэгсэл юм. Эмнэлгийн практикт олон тооны багаж техник нэвтэрч, байгаа явдал нь эмч нар өвчтөнөө сэтгэл зүрхээрээ мэдэрч, хүлээн авахад болон өвчтөний дотоод шинжүүдийг оношлоход, өвчтөнөө сэтгэл заслаар эмчлэхэд “ механик саад тотгор учруулах боллоо. Эмч өвчтөн хоёрын эмнэлзүйн харилцаанд чагнуур, даралтны аппарат хоёроос өөр эмнэлгийн багажгүй байсан өнгөрсөн үед:  ЭМЧ-МЭДЭЭ-ӨВЧТӨН -ЭРГЭХ ХОЛБОО-ЭМЧ  гэсэн хоёр урсгалтай харилцааны эргэлтийн загвар ноёрхож байсан бол олон тооны багаж техниктэй болж буй орчин үед : ЭМЧ-ОНОШЛОГООНЫ БАГАЖ- ӨВЧТӨН гэсэн эргэх холбоогүй “механик харилцаа үүсэж байна. Эмч өвчтөнтэйгээ ярилцаж, асуумж авч, харилцан зөвшилцөхийн оронд цусны шинжилгээ, оношлогооны багаж тоног төхөөрөмжөөр оношоо тодруулахад чиглэгдсэн заавар бичиг үйлдэж, багажийн шинжилгээний хариу дээр дүгнэлт гаргах болов. Өвчтөний биеийн зовиур шаналагаа шинжилгээний хариуны зөрүүнээс залхахдаа дараагийн шатлал руу шилжүүлдэг болсон нь эмнэлгийн мэргэжилтний шалтгаант сэтгэцийн өвчтэй болсон иргэдийн тоог жилээс жилд нэмэгдүүлж байна. Өвчтөн оношоо тодруулах зорилгоор олон газар дамжин хэсүүчлэхийг “Агасферийн хам шинж” буюу өвчний учир тэнүүчлэх гэдэг. Эмчийн хайхрамжгүй үг, дутуу сонссон асуумж, мэргэжлийн үг хэллэг оролцуулан өвчний байдалд тайлбар хийх, олон нарийн мэргэжлийн эмч нарыг дамжуулан шаардлагагүй үзлэг оношлогоо хийлгэх зэрэг нь жирийн иргэдэд айдас, түгшүүр, эргэлзээ үүсгэдэг. Нарийн мэргэжлийн эмч бүр өөрийн чиглэлээр ямар нэг онош заавал тавьдаг нь үйлчлүүлэгч нарыг оношоос айх айдас хэмээх сэтгэл зүйн байдалд хүргэдэг. Манайхаас өөр оронд анхудаа үзэж буй эмч одоо байгаа байдлын онош буюу “өвчний олон улсын Х ангилал баримтлан” шинж тэмдгийн онош тавьдаг. Шинж тэмдгийн онош нь тухайн цаг үеийн биеийн байдлын зовиуртай тохирч байдаг тул өвчтөний сэтгэлд түгшүүр үүсдэггүй харин эмчлэгдэх нь гэсэн сэтгэгдэл төрдөг. Харин монгол эмчийн ихэвчлэн тавьдаг “даралт ихсэх өвчин”, “элэгний үрэвсэл”, “зүрхний цус хомсдох” өвчин зэрэг том том оношууд нь хэт өргөн хүрээг хамарсан байдаг тул сонсож байгаа хүнд “эрүүл эрхтэнгүй болчихсон юм байна” ,”насгүй болж байгаа юм байна “гэсэн түгшүүрт бодолд автан эрүүл мэндийн байдлаа хэт үнэлэн айдас, түгшүүр, уй гашууд, ордог байна. Энэ байдлыг “өвчирхөх хам шинж”, “оношоос айх эмгэг” / нозофобия / гэдэг . Магадгүй монгол хүний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж өвчнөө эрт оношлуулах дургүй эмчид хандаж тусламж авахаас айдаг үндсэн шалтгааны нэг нь эмчийн харилцааны асуудал байж болох юм. Нэгэнт тавьсан том оношоо батлахын тулд үгүйсгэх хийгээд батлахад чиглэсэн маш олон багажийн шинжилгээг цаг хугацаа, мөнгө төгрөг үрэн хийлгэж ирсний дараа хариуг нь унших ч үгүй тоох ч үгүй байх нь үйлчлүүлж байгаа хүний сэтгэлийг хүчтэй гонсойлгодог. Энэ байдал нь эмнэлгийн тусламж авахаас айж залхах дараагийн том шалтгаан байж болох юм. Иргэдийн дунд эмнэлэгт хэвтсэн л бол заавал ямар нэг антибиотик, витамин булчин, судсандаа тариулж, 2-3 удаа дусал шингэн хийлгэж байж эмчилгээ хийлгэсэн мэт сэтгэл ханадаг болсон нь бас л эмчийн буруу юм. Дээр үед олон эм хийсэн эмч “сайн” байсан сэтгэлгээний гажуудлыг одоо ч амжилтай үргэлжлүүлж чадсанаар иргэдийн халаасыг амархан хоослох нэг төрлийн бизнесс цэцэглэн хөгжиж байна. Шаардлагүй эм тариаг зааваргүй дур мэдэн хэрэглэдэг эмийн фетишизмыг эм зүйч нар дэгдээж байна. Үйлчлүүлэгчийг “өвчинд зовсон хүн” гэж харахаас илүү мөнгөний АТМ гэж харах нь хэрээс хэтрэв. Шаардлаггүй олон тооны шинжилгээ хийлгэх”, анагаахын хэлээр өвчнийг нь тайлбарлах, өвчний тавилангийн талаар яаравчлан шууд дүгнэлт өгөх, шаардлагагүй олон нарийн мэргэжлийн эмчээр үзүүлж онош тодруулахаар чирэгдүүлэх, эм тариаг өөрсдийн хүсэлтээр нь хийж өгөх, зэрэг нь бүгд анагаах ухааны ёс зүйг зөрчиж байгаа хэрэг юм .

 Эмнэлгийн ажилтнуудын харилцааны ур чадвар, эмнэлгийн ёс зүй, сэтгэлгээний хоцрогдол туйлдаа хүрсний нотолгоо нь иргэд “ид шидтнүүдээс” эрүүл мэндийн тусламж авах явдал юм. Өөрсдийгөө “ид шидтэн” хэмээн итгэсэн хүмүүсийн цуваа нь “ амин гүйдлээр эмчлэгчид”, “хувилгаан чадалтангууд”, “тэнгэр лустай харьцан аврагчид”, “мөнхийн хутгийг бүтээгч эмийг олсон гэж сүржигнэх биологийн нэмэлт бүтээгдэхүүний сүлжээчид” юм. Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд хүн хохироход хариуцлага хүлээж байсан тохиолдол огт байхгүй. Тэд бол ”хүний зовлонгоор жаргагчид” юм. Эмчийн ёс зүй, харилцаа хандлагын зөрчлийн улмаас үүссэн айдас, түгшүүр, далд сэтгэл гутрал нь өвчтөнд сэтгэлийн хамгаалах механизм “үгүйсгэлийг үүсгэх бөгөөд “хамгийн сайн эмч”, “хамгийн сайн шидтэнг” эрж хайхад хүргэдэг. Үүний тод илрэл нь шатлал алгасан үзүүлэх, сайн гэсэн бүх эмч нарт толгой дараалан үзүүлэх, зэрэг зан төрхийн илрэл юм. Энэхүү байдал нь эмнэлгийн байгууллагуудын ачаалалыг нэмэгдүүлж, тал тохой татах, ар өврийн хаалгыг бий болгодог. Бэл бэнчин, танил тал, чадал муутай иргэн эмнэлгийн тусламж оройтож авах, эсвэл огт авч чадалгүй хорвоог орхих, эмнэлгийн байгууллагын хүлээгдэл чирэгдлийг ихэсгэх, ачаалалыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, стандартыг баримтлахгүй байх зэрэг хүндрэл бэрхшээлийг үүсгэж байгаа гол шалтгааны буруутан нь техник шүтсэн, клиник сэтгэлгээ эзэмшээгүй, анагаах ухааны ёс зүй, сэтгэл судлалын талаар мэдлэгийн хомсдолд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мөн. Ийм мэргэжилтнүүд эрүүл мэндийн байгууллагын бүх шатанд амь бөхтэй оршдог. Тэд голцуу хагас дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж, илгээх бичиг цаас үйлдэнгээ цалинждаг. Сэтгэл биеийн анагаах ухаан /психосоматик медцина/, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд өндөр ач холбогдол өгч хүний эрүүл мэндэд анхаардаг болсон энэ цагт эм тариа, мэс ажилбар, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжинд бодлогоор дэмжлэг үзүүлдэг сэтгэлгээндээ төрийн эрх мэдэлтнүүд анхаарах цаг болжээ. Үүнийг бичигч миний бие хэдий эмч боловч эрүүл мэндийн байгууллагыг “хүн засвар, үйлчилгээний газар” гэж үздэгээ нуух юун. Машин техникийг цаг хугацаанд нь үйлчилгээг нь хийлгэж, нэг гараар гамтай унаж, эдлэх нь эдийн засгийн хэмнэл гардагыг сана. Эрүүл биеэ асран халамжилж урт нас, удаан жаргалыг бэлэглэх цорын ганц түлхүүр эрхэм хүний гарт байхад түүнийг үл ашиглах нь мунхагийн илрэл мэт. Өвчнөөс урьдчилан сэрэгийлэх, амьдралын чанарыг хадгалахад чиглэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь үндэстнээ эрүүлжүүлэх хамгийн том гарц билээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч улсын болон хувийн хэвшлийг байгууллагуудыг эрүүл даатгалын сангаас давхар санхүүжүүлэх хэрэгтэй. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаа тогтмолжих, өргөжихөөс гадна, иргэд даатгалуулсан үр шимээ хүртэх том боломж юм . Эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад сэтгэл биеийн анагаах ухаан, сэтгэл судал, анагаах ухааны ёс зүйн талаархи мэдлэгийг системтэй олгож, дээшлүүлж, хариуцлага тооцон ажиллах механизм бий болгоё. Эрхэм шийдвэр гаргагч нар ч юу хийвэл миний нэр төрд хэрэгтэй вэ гэхээс илүү юуг хийвэл монгол хүн бага зардалаар эрүүл мэндээ хамгаалж болох вэ гэдгийг илүү анхаарах цаг иржээ. Тос дотроосоо өтдөг. Монгол хүний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх мэргэжил нэгтнүүд минь бид өөрсдийн сэтгэлгээ, хандлага, үйлдэлээ эргэн харах хэрэгтэй болжээ. Энгийн юмнаас гайхамшигийг олж харахыг ухаан гэдэг дээ. “Эдгэршгүй өвчин гэж байхаас эмчилгээгүй өвчтөн” гэж үгүй . “Юуны түрүүнд хор бүү хүргэ” хэмээх эмчийн тангаргаа биелүүлэх цаг ирлээ.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна