Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Аминд халгаатай спорт заал

10 жилийн өмнө
Баян-Өндөр цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байр буюу 6 дугаар бага сургуулийн биеийн тамирын зааланд тоглож байсан иргэн И тогонд цохиулан бэртжээ. Тэрээр найзуудтайгаа өнгөрсөн 14-ний 18 цагийн үед волейбол тоглохоор тус сургуулийг зорьсон байна. Тоглоом арай эхлээгүй байсан тул бэлтгэлээ базаахаар бөмбөгөө шидтэл бөмбөг нь хананд өлгөөтэй байсан гэрэлтүүлгийн дээрх төмрөнд тээглэсэн байна. Тэрээр бөмбөгийг авах гэж хана руу авирахдаа цонхны хаалтын сараалжин төмөр болон ханан дахь гэрлийн гаднах төмөр бүрхүүлээс барьтал тог цохиж гараа салгаж чадахгүй байжээ. Тухайн үед тус сургуулийн биеийн тамирын багш А.Гантулга гэрлээ унтраатал И 3-4 метрийн өндрөөс унаж зүүн гараа хугалж эмнэлэгт хүргэгдэн яаралтай мэс засалд орсон байна. Байнга бөмбөг шидэж тоглодог газрын гэрэлтүүлэг яагаад хананд байсан, яагаад тогтой байгааг сургуулийн удирдлагуудаас тодруулахад, ийм тохиолдол анх удаа гарлаа. Тогтой байсныг үнэхээр мэдсэнгүй. Бид сурагчдыг энэ хана руу авируулдаггүй болохоор мэдэх зүйл алга гэлээ.

Мөн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний байцаагч М.Анхбаяртай уулзахад тэрээр, “Би эрчим хүч ашиглалтын явцын аюулгүй ажиллагааг хянах үүрэгтэй. Энэ удаа аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байна. Гэхдээ бүтээгдэхүүний чанарт хяналт тавьдаггүй болохоор энэ гэрэл ашиглалтын явцад чанар нь муудсаныг үгүйсгэхгүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, хариуцлагаас мултрах гэсэн хариулт өгсөн нь энэ юм. Мэргэжлийн хяналтын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч бус тохируулагч агентлаг учраас зөвхөн аливаа ажлыг хууль дүрмийн дагуу хийж үү үгүй юу гэдгийг хянадаг гэсэн юм. Хэрэв энэ барилгын цахилгааныг буруу холбоод ийм асуудал үүссэн бол яах вэ гэхэд тэрээр, “ Барилгын явцад бид хянасан, харин гэрлийн чанарт бид хяналт тавих боломжгүй учир ашиглалтын явцад гэмтсэн байж болно. Энэ гэрлийн хамгаалалт гэмтсэн учраас хүчдэл гүйсэн нь тодорхой байна” хэмээн хариулсан ч аюулгүй ажиллагааг нь хянах үүргээ бүрэн биелүүлээгүйн гайгаар хүн тогонд цохиулчихаад байгааг бас л сайн ойлгоогүй юм. 
                                      Стандартын бус спорт заалыг барьсаар л байх уу ?


Зургаадугаар сургуульд 1-5 дугаар ангийн сурагчид сурдаг. Тус сургуулийн биеийн тамирын заалыг 2008 онд барих санал гарч байсан ч хөрөнгө, санхүүгийн улмаас хойшлогдсоор 2013 оны 6 дугаар сард дуусч 10 дугаар сард ашиглалтад орсон. Барилгын зураг төсвийг 2008 онд Хотын захирагчийн алба гүйцэтгэсэн. Тухайн үед орон нутагт хийгдэх бүх барилгын зураг, төсвийг Хотын захирагчийн алба хийдэг байсан юм. Гэтэл тэд биеийн тамирын заалны гэрэлтүүлгийг хананд , барилгын бэхэлгээ төмрийг ил буюу хэрээс хэлбэрээр байршуулахаар зуржээ. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам тендер зарлаж Ховд аймгийн “Турлиахт” ХХК шалгарч 440 сая төгрөгөөр уг заалыг барьжээ. Анх баригдах явцад тус сургуулийн удирдлага болон биеийн тамирын багш нар гэрэлтүүлгийг нь таазанд тогтоож, ил гарсан хэрээс төмрүүдийг далдалж өгөхийг хүссэн боловч гүйцэтгэгч “Турлиахт” ХХК зураг, төсөвт ингэж туссан тул үүнийг өөрчлөх аргагүй хэмээсээр дуусгажээ.

Гэтэл үүний гайгаар хананд өлгөөтэй байсан гэрэл нь цахилгааны доголдолтой байсанд иргэн И тогонд цохиулсан юм. Түүнийг бэртсэний дараа хананд нь “Анхаар авирч болохгүй. Хүчдэлтэй 220 вт.” гэсэн бичиг өлгөсөн байлаа. Бага насны хүүхдэд үйлчилдэг уг заал ийм бичиг тавьчихаад яаж хүүхдийн аюулгүй байдлыг хангах гээд байгааг ойлгосонгүй. Байнгын гүйж, харайж байдаг хүүхэд сараалжин төмөр дамжаад хана руу авирахыг үгүйсгэхгүй. Тогтой хана, хайхрамжгүй багш, хэнэггүй удирдлага, хариуцлагагүй төрийн эрхэмүүдээс болж бяцхан үрс маань гэмтвэл яана. Эрүүл мэнд, амь насыг нь хэнээс нэхэх вэ?


Уг нь биеийн тамирын заалны гэрэлтүүлэг нь хананд бус таазандаа байх ёстой байдаг. Стандарт нь ч ийм. Хар ухаанаар бодсон ч хананд өлгөөтэй гэрэл рүү байнга бөмбөг шидэгдээд байвал цахилгааны доголдол үүсэх нь ойлгомжтой. Гэтэл манай монголчууд хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах бус хурдан бөгөөд хийсэн болж үзэгдэх гэсэн арчаагүй зангаасаа болж бүх зүйлийг эсэргээр нь хийдэг. Үүний тод жишээ энэ заал юм. Хамгийн гол нь ганцхан энэ сургуулийн биеийн тамирын заалны гэрэлтүүлэг ханандаа байгаа юм бус. Олон сургуулийнх ийм байгаад асуудал байна. Хүн хохирчихоод байгаа энэ нөхцөлд буруутай эзнийг нь заавал олох ёстой. Сургуулийн удирдлага болон Мэргэжлийн хяналтын газар, барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Турлиахт” ХХК –тай уулзахад бүгд л зураг төсөв нь ийм байсан гэлээ. Тэгвэл бяцхан хүүхдэд үйлчлэх танхимын тохижилтыг яагаад ингэж зурсаныг төрийн эрхэмүүдээс асуумаар байна. Энэ зургийг гүйцэтгэхэд тухайн үед 8 сая 418 мянган төгрөг зарцуулсан байдаг.

Дашрамд дурдахад, 6 дугаар сургуулийн цахилгаанчинд хүчдэл хэмжих багаж байсангүй. Хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалж сурах, сургах явцад нь хариуцаж байдаг сургуулийн орчин өнөөдөр ийм л байна. Хэрэв бидний хүүхдийн сурах сургуулийн барилгын зургийг эцэг эхээр нь хянуулдаг байсан бол, тэнд ажиллах багш нарын саналыг авдаг байсан бол биеийн тамирын заалны гэрлийг хананд бус таазанд өлгүүлж, ил гарсан хэрээсэн төмрийг далд хийлгүүлэх байлаа. Энэ зааланд Боловсролын яамны мэргэжилтэн, Хотын захирагчийн албаны архитектор, Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний байцаагч тоглохгүй учраас л ийм хэнэггүй ханджээ гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүйд хүрсэнгүй.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна