Нийтлэлч
Нийтлэлч Д.Цэнд-Аюуш

Хэзээ болтол төлсөөр байх вэ?

10 жилийн өмнө
Та гэрийнхээ нэг өрөөнөөс нөгөөд нь орохдоо мөнгө төлдөг үү? Эсхүл хөршийндөө орохдоо хүртэл хураамж төлөөд эхэлвэл яах вэ? Орой ажлаа тараад гартээ ирэхэд тань орцны тань үүдэнд мөнгө хурааж гэрт тань оруулдаг болчихвол ямар вэ гэж бодож үзсэн үү? Тэгвэл Эрдэнэтээс зүүн тийш явах гурван замын уулзварт улсын чанартай авто зам ашигласны хураамж авдаг нэг цэг байдаг. Үүгээр өдөртөө хэдэн зуун хүн машин нэвтэрч ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж өнгөрдөг газар. Үүгээр нэвтрэх бүрт автомашины багтаамж, даац, суудлын тооноос хамаарч авах хураамжийн хэмжээ харьцангуй байдаг. Энэ ч яахав улсаас тогтоосон хэмжээ дамжаатай. Хамгийн гол нь Орхон аймгийн иргэд аймаг дотроо зорчих, хөдөөгийн ганц сумдаа очих, ирэх бүрт тэнд хураамж төлсөөр байх уу? Аймаг дотроо зорчиж, чулуу шидэм газарт байх ганц сумандаа алба амины ажлаар, ахан дүүстээ очихоор өдөр бүр байтугай өдөртөө хэд хэдэн удаа явах ч энүүхэнд. Хүнсний ногоо тариалж амьжиргаагаа залгуулдаг, сүү саалиа хотод ирж борлуулдаг малчид, тариаланчид, Жаргалант суманд салбартай, өдөр бүр Жаргалант сумруу явж ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бишгүйдээ л нэг бий. Тийш өдөр бүр явдаг хүн доод тал нь 500 төгрөгийн хураамж төлнө гэж бодвол жилд 500 мянга гаруй төгрөг төлж таарах нь. Шуудхан хэлэхэд аймаг дотроо зорчиж, ажил хөдөлмөр эрхлэн, аж амьдралаа дээшлүүлэхээр зорьж буй иргэдэд ноогдуулсан “торгууль” гэж хэлж болохоор. Гэхдээ түүний тодотгол нь Орхон аймгийн иргэд аймаг дотроо зорчихдоо ийнхүү төлбөр төлж байгаа нь “шог”. Тэр хураамж нь манай аймгийн төсөвт ордог бол өөр хэрэг. Улсын чанартай авто замын санд ордог. Уг нь одоогоос хоёр, гурван жилийн өмнө өмнөх ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд энэхүү автозамын постыг Жаргалант сумын цаана нүүлгэх шийдвэр зоригтойгоор яригдаж байсан ч юунаас болсныг бүү мэд тэгэсхийгээд намжсан. Манай аймгийн төр захиргаа нэг постыг нүүлгэж дийлэхгүй сул дорой байна гээд хэлчихэж болмоор. “Михайлд нэг бодол бий” гэгчээр уг нь аймаг өөрөө бас нэг бодлоготой л баймаар. Юм бүхнийг Улаанбаатраас удирддаг, Улаанбаатраас ирсэн даргын үгээр явдаг. Улаанбаатарт байх яаман дээр Эрдэнэтийг хөгжүүлэх томоохон тендерийг шалгаруулдаг. Улаанбаатараас утасаар ярьж Орхон аймгийг удирддаг. Улаанбаатраас ирсэн нөхдүүд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, аймгийн бизнесийн орчин, зах зээлийг эзэлдэг, Улаанбаатарын машинууд тендерт шалгарч Эрдэнэтчүүдийг зөөдөг, Улаанбаатарлуу мөнгөний урсгал чиглэдэг гээд яриад байвал дуусахгүй. Бодлогогүй болсон улс мөхдөг. Харин бодлогогүй болсон аймгийн хөгжил ухарсаар байдаг. Орхон аймаг өөрийн гэсэн бодлоготой, зангаргатай, эдийн засаг, бизнесийн орчноо хамгаалдаг болсон цагт л аймаг аймаг шиг хөгжинө. Гэтэл төр нь төр дотрох аахар шаахар ийм зүйлсээ зохицуулж дийлэхгүй сул дорой байхад иргэд нь ийнхүү хохирсон хэвээр л байна. Удахгүй нэг орцноос нөгөө орцруу ороход хураамж аваад эхэлвэл, манай аймгийн удирдлагууд түүнийг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг сууцгаагаад байвал би л лав гайхахгүй. Харин хөрш зэргэлдээ Булган аймгийнхан “Бид өөрсдийн Хангал, Хялганат явахад танай аймагт байдаг пост дээр мөнгө хураалгадаг нь ариун явдал уу” хэмээн хэл ам хийснээр тийш явах автомашинуудаас хураамж авах нь зогссон. “Варшиловын мэргэн бууч” кинон дээр “Танд өнөөдөр хэрэгтэй юу” гэхэд “Үгүй ээ. Өчигдөр” хэмээн хариулдаг. Тэгвэл энэ асуудлыг хэдэн жилийн өмнө шийдвэрлэж болох байсан ч өнөөг хүртэл манай аймгийн ард иргэд хохирсоор л. Иргэд, жолооч нар улсын чанартай авто зам ашигласны хураамж төлөхгүй гээгүй юм. Аймаг дотроо зорчиж, хөдөөгийн ганц сумандаа ирж, очиход яагаад мөнгө төлсөөд байдаг юм гэдгийг л гайхаад суугаа юм шүү ээ.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна