Нийтлэлч
Нийтлэлч Д.Цэнд-Аюуш

Бэлгэвчтэй үйлдвэр

10 жилийн өмнө
Албаны хэрэгцээнд бэлгэвч худалдан авах явдал энэ цагийн том онигоо болон үлдлээ. Капитал банк эмэгтэй ажилтнуудаа жирэмслэхийг хориглож, бие тулгар болчихвол авсан цалингийнх нь 50 хувийг буцаан суутгах хөдөлмөрийн гэрээтэйгээ цуг Хүний эрхийн үндэсний комиссоор шалгуулсан.
Тус банкинд ажилд орвол бэлгэвч, спираль онц хэрэгцээтэй бөгөөд Монголчууд олуулаа биш цөөхүүлээ байхын илүүд үзэж, хүний эрхийг боомилсон явдал болов. Эмэгтэй хүний ээж болох эрхийг хассан атлаа “Капитал банк энхрий үрстээ бэлэг барилаа” аян өрнүүлэв. Жирэмслэлд дургүй боловч хуримтлалын өдрөөр дөнгөж төрсөн, амаржих газарт байгаа хүүхдүүдэд “Унагалдай” хадгаламжийн дэвтэр гардуулж тэнэгтсэн. Хорвоод мэндлээд нэр ус, төрсөний гэрчилгээтэй ч болж амжаагүй нярайд хэрхэн яаж хадгаламж нээсэн нь тодорхойгүй үлдэв. Капитал банкийг тойрсон энэхүү онигоо намжиж байтал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн шахааны бизнесийн асуудал мөн л араасаа олон асуудал дагуулсаар өндөлзөж эхэллээ.
Өнөөдөр тус үйлдвэрийн агуулахад багаар бодоход л 141 тэрбум төгрөгийн шахааны бараа хог мэт хэвтэж байдаг гэсэн. Хамгийн наад зах нь 25 жилийн турш тасралтгүй хэрэглэх принтерийн хор овоолоостой байгаа юм байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах үйлдвэрийг социализмын үед оросууд байгуулж өгсөн. Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн модны нөөцийг уусгахаа шахсан энэ үйлдвэр 150 жилийн турш ажилаж байж дөнгөж нэг өөрийн өртгөө нөхөх тооцоотой байсан юм гэнэ лээ. Орос ах нар мөн агуу тооцоо хийж байсан байгаа юм шүү. Харин яг түүн шиг “Эрдэнэт үйлдвэр” 25 жилийн турш тасралтгүй хэрэглэх принтерийн хор нөөцөлсөн гэхээр мөн л агуу байгаа биз. Даахгүй нохой булуу хураахын үлгэрээр Уул уурхайн баяжуулах үйлдвэрт ямар ч хэрэгцээгүй өч төчнөөн зүйлс агуулахад нь бий гэнэ.
Тухайлбал, таван сая ширхэг бэлгэвч, эмэгтэй хүний үсний хавчаар, “Говь” компанийн элдэв янзын ноолууран хувцас, тэмээний ноосон хөнжил, Хятад улсад үйлдвэрлэсэн тосон бал хүртэл хэдэн мянган хайрцгаараа хэвтэж байгаа аж. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны гол зорилго нь зэсийн баяжмал үйлдвэрлэх. Эрдэс үйлдвэрлэх зорилттой, уул уурхайн хүнд үйлдвэрт гондом, эмэгтэй хүний үсний хавчаар ямар хамаатайг чөтгөр ч мэдэхгүй. Эсхүл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтан ажиллагсад нөхөн үржихүйн асуудлаа тэгтлээ зохицуулж чадахгүйдээ тулчихсан хэрэг үү. Энэ байдлыг эртхэн мэдээгүй цааш явсан бол уул уурхайн үйлдвэрт бэлгэвч шахсан нөхдүүд араас нь үрийн шингэнийг нь ч шахаж чадахаар байж гэвэл дэгсдүүлсэн болох уу. Ийм л онигооны юм болдог байна шүү дээ. Танил талаараа хөөцөлдүүлэн ямар ч хамаагүй, хэрэгцээгүй орон тоо бий болгож ажилд орсон 280 орчим хүн 800 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн цалин аваад паразит адил үйлдвэрийг шимэгчилж суугаа гэж үйлдвэрийн ажиллагсад өөр хоорондоо ярьж л байдаг.

Шахааны бизнес бэлгэвчнээс эхлээд бүхэл бүтэн хүнийг хүртэл шахсан байх юм. Сар шинийн өмнөхөн өнөөх барагдашгүй их бэлгэвчнээсээ зарим цех хэсгүүдээр тараасан байна лээ. Зөв л дөө “Барж идэхээс, мэрж идэхгүй” гэж үгтэй. Булавч бултайна, даравч дардайна гэгчээр олон жилийн турш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д юу болж байсан нь одоо л тодорч байх шиг. Хүнд үйлдвэрт хэрэгцээгүй иймэрхүү бараа материалуудаа одоогийн удирдлагууд нь ичиж зоволгүйгээр Эрдэнэт хотынхоо хэрэгцээнд нийлүүлсэн нь бараг зөв биз дээ. Харамсалтай нь өнөөг хүртэл тус үйлдвэрийн агуулахад төдийлөн хэрэгцээ шаардлагагүй ямар бараа материал хэд хичнээн байгаа, тэдгээрийг ямар хүмүүс худалдан авч үйлдвэрээ “Бэлгэвчтэй үйлдвэр” гэгдэхэд хүргэсэн тэр нөхдүүддээ ямар хариуцлага тооцсон гэдэг нь ард иргэдэд нээлттэй бус хэвээр байна. “Уг нь ам нээвэл уушиг нээ” л гэдэг юм.
Таалагдаж байна 1
0 Таалагдахгүй байна