Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Хүүхдийн эмнэлгийн “царцсан” хөрөнгө хэзээ гэсэх бол?

10 жилийн өмнө
Эрдэнэт хотын хүн ам 30 гаруйхан мянга байхад баригдсан Нэгдсэн эмнэлгийн барилга ачааллаа даахгүй болжээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Орхон аймгийг Хангайн бүсийн тулгуур төв гэж нэрлэсэн. Тулгуур төв болсноор зарим нэгэн төрийн байгууллагын бүтэц, нэр хаяг өөрчлөгдсөн.Аймгийн Нэгдсэн эмнэлгийг БОЭТ буюу Бүсийн оношилгоо,эмчилгээний төв болгох шийдвэр гаргахдаа орон тоо, төсөв, оношилгооны техник,тоног төхөөрөмж зэрэг асуудлыг бүрэн шийдэж өгсөнгүй. “Манай эмнэлэг томорч, шатлал ахиж байна” гэж баярласан эмнэлгийн удирдлагууд хамгийн түрүүнд том улаан өнгийн гэрлэн хаяг хийлгэж ажилдаа урамтайхан орсон. БОЭТ болсноор эмч нарын ажлын ачаалал ихсэж,эмнэлгийн ор,эм тарианы хангамж хүрэлцээ багасаж, зэргэлдээ сумдын иргэдэд үйлчлэх хүрээ нэмэгдсэн.

Харин эсрэгээрээ хотын уугуул иргэд хэвтэн эмчлүүлэх ор хүлээж, бухимдах болсон. Хүн ам цөөн байх үед нэгдсэн эмнэлгийн барилгын багтаамж болж байсан. Өнөөдрийн албан бус мэдээгээр 120-130 мянган оршин суугчтай,дээр нь бүсийн хэмжээнд үйлчлэх БОЭТөвийн хувьд Хүүхдийн эмнэлгийн барилгыг аль болох түргэвчлүүлэх шаардлагатай байна.
Уг нь эмнэлгийн удирдлага олон удаа яам тамгаар явж хөөцөлдсөний дүнд 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын зураг,төсөв хийлгүүлж, улсын төсөвт хоёр жил дараалан суулгасан ч барилгын ажлын сураг тасарчээ. Энэ талаар чих тавьбал, Засгийн газраас зарласан “царцсан” объектын жагсаалтад нэр нь орж, ирэх оноос нааш яригдахааргүй болсон байна.
Эрүүл мэндийн Яам өнгөрсөн онд хэвлэлээр мөн ч их шүүмжлүүлсэн дээ.Шүүмжлэл хүлээн авсан юмуу, ямар ч байсан 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” хэмээн зарлаж, орон нутаг дамжин зөвлөгөөн зохион байгуулж, хэвлэл мэдээллээр сурталчлах болж. Засгийн газрын гишүүн,Эрүүл мэндийн сайд Н.Удвал хөдөөгүүр явахдаа Эрдэнэтэд олон удаа үдлээд мордсон. Хөндлөнгөөс ажиглахад Н.Удвал сайд Орхон аймгийн хүүхдийн эрүүл мэндэд төдийлөн санаа зовохгүй,мэргэжил нэгтнүүдийнхээ үгийг тухтай сууж сонсох завгүй,улс төрийн ажилдаа илүү анхаараад байх шиг санагддаг.

Хүүхдийн тасгаар орж ажилтай нь танилцан, хүндрэлтэй байдлыг газар дээр нь нэг удаа боловч үзэх болов уу? гэсэн эмч,ажиллагсдын хүлээлт талаар өнгөрсөөр.Цаг хугацаа явсаар л.

Саяхан БОЭТөвийн Хүүхдийн тасгаар очиход, эмчид үзүүлж зөвлөгөө авахаар өлгийтэй хүүхдээ тэвэрсэн, хөхүүлж ханиасан хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд олон таарсан. Өвөл,хаврын улиралд амьсгалын замын томуу,томуу төст ханиад нэмэгдэж, өвчин нь хүндэрсэн бага насны хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өөр замгүй болдог. Хүүхдийн тасаг 30 ортой ч, хүчин чадлаа хэтрүүлж өвчлөл ихтэй үед 70 хүүхэд хүлээн авч,хэвтүүлэн эмчилж байна.

Гэвч хоёр дахин их ачаалалтай ажилласан ч орон тоо нэмээгүй, цалин хуучнаараа. Хаа очиж Эрдэнэтийн эмч нар мэргэжилдээ сайн,туршлагатай,сэтгэлээсээ ажилладаг ,сүүлийн жилүүдэд хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй. Статистик мэдээг авч үзвэл, манай аймагт 2005 оноос хойш төрөлт нэмэгдэж,өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоог 2000 онтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн байх юм. Эрдэнэтэд 2013 онд 2576 хүүхэд мэндэлсэн нь баярлууштай сайхан мэдээ.

Гэвч өдрөөс өдөрт өсөн торниж байгаа шинэ иргэдэд цэцэрлэг,сургууль, нийгэм соёл зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн үү? гэдэг асуултыг шийдвэр гаргагчид үлдээе. Хүүхдийн эмнэлгийн барилгыг яаралтай эхлүүлж ашиглахын тулд эрдэнэтчүүдийн төлөөлөл болсон төрийн түшээд идэвх чармайлт гаргахыг эрүүл мэндийн салбарын ажиллагсад төдийгүй эцэг эхчүүд хүлээж сууна.

ХБНГУ-ын Лейпцигийн их сургуулийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөө


Шалан дээрхи дүрс эмчийн үзлэгийн өрөө рүү хөтөлнө.

Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ. Удахгүй Орхон аймагт дөрвөн давхар Хүүхдийн эмнэлэг сүндэрлэж,тэнд үзлэг оношилгоо,эмчилгээ,сургалт, сурталчилгааны цогцолбор үйл ажиллагаа явуулж, иргэдийн магнайг тэнийлгэнэ.Эмчид үзүүлэхээр хүлээх зуур хүүхдүүд маань тоглож,ном уншиж,зураг зурж,хүүхэлдэйн кино үзэж,хөгжим сонсох болно. Эмчийн ажлыг хөнгөвчилсөн орчин үеийн хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулна.Хүүхдийн тоо,ачаалалд нь тохирсон орон тоог баталж өгч,хүүхдийн эмч нарыг мэргэжилдээ өсч хөгжих таатай боломж бүрдэнэ.

Харин “царцсан” хөрөнгө гэсэхгүй бол цаг хугацаа юуг ч хүлээхгүй.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна