Нийтлэлч
Нийтлэлч Д.Цэнд-Аюуш

Муу өдөр ба сайн өдөр

10 жилийн өмнө
Өнөөдөр “золгодоггүй өдөр” хэмээн зарим хүмүүс золгохгүй юм. Далын талыг насалтлаа өнөөдөр л ийм юм дуулж байна. Гайхахдаа зурхай авч үзлээ. Өнөөдөр 17 дугаар жарны Ялгуусан хэмээх Модон Морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-ны Гоё хүүхэн одтой шар бичин өдөр байх юм. Бархасвадь гариг агаад эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах номын авшиг авах, шинэ гэр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, бүтээл туурвил эхлэхэд сайн гэнэ. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу гэжээ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зохимгүй аж.
 Түүнээс бус золгоход цэртэй өдөр гэж зурхайн ёсонд бичсэн юм ер алга.
Миний мэдэхэд эхнэр нөхөр хоёр хоорондоо золгодоггүй, сар шинийн өмнөхөн хэн нэг нь амар болооч болсон бол тэр айл хоног хураатал золгуут хийдэггүй ёсон бий. Харин ямар нутгийн, хэн гэгчийн айлдсанаар Монгол ахан дүүс золгож болохоо байчихсан юм бүү мэд.
Социализмын үед Чойбалсанг нас барахад л Монголчууд сар шинээ тэмдэглэж чадаагүй юмдаг. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэндээ бус ёолкноор шинэлдэг байсан нь одоо түүх болжээ.
Чухам яагаад хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд золгож болдоггүйн учрыг лавлахад өнөөх “золгодоггүй хүмүүс” маань өөрсдөө ч учрыг нь мэдэхгүй юм. “Мэдэхгүй ш дээ. Хүмүүс л золгодоггүй өдөр гээд байна ш дээ” гээд мөрөө хавчина. Өдөр бүхэн л адилхан өдөр байдаг. Өглөө бүхэн нар манддагаараа манддаг, хүн бүхнийг сайн муу хэмээн ялгалгүй гийгүүлдэг болохоор “нар их зангүй” гэдэг. Харин хүмүүс бид л хорвоогийн энгийн нэгэн өдрийг “муу” хэмээн нэрийдэж, гүжирдэж яваа юм болов уу хэмээн бодно.
Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Аливаа улс орны ард түмэнд өвөг дээдсээсээ өвлөсөн өөрийн гэсэн заншил ёс байлгүй л яав гэж. Гэхдээ орчин цагт бид өөрсдөө ёсыг зохиож, зохиосноо мухар, сохроор дагаж байна уу гэх хэтийдсэн бодол төрж сууна.
 Монгол ахан дүүс өдөр өдрөөс онцолж нэгийг нь “муу” хэмээн алагчилж, амар мэнд асуусан нэгэндээ “Золгодоггүй өдөр, өнөөдөр чамтай золгохгүй шүү хөө. Дуртай бол маргааш ирээд золгоорой чи” хэмээн сэтгэлийн сэв шидэж сууна.
Золгодоггүй өдөр хэний нутгаас, хэн гэгч нь, ямар учраас гаргасныг мэдэх хүн байвал хэлээд өгөөч. “Дэлбэрдэг ус хийх санаа ямар шидлийнх нь толгойд орсон юм бүү мэд” гэдэг шиг л юм болж байна шүү. Маргааш муу өдөр тул нар мандахгүй гэдэггүй л байх. Өдөр бүхэн адилхан...
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна